| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 101/2019/00323/и |
| Дугаар | 1965 |
| Огноо | 2019-11-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 1965
“МДС”-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02478 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “МДС”-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “О” ХХК-д холбогдох,
“МДС”-ийн гадна цахилгаан дамжуулах кабель шугамыг бүхэлд нь солиулах ажлыг хариуцагч “О” ХХК-д даалгаж, 3 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Дашзэвэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 8 дугаар сарын сүүлээр “О” ХХК-ийн экскаваторын жолооч экскаваторын шанагаараа Монгол дээд сургуулийн гадна цахилгааны кабель шугамыг татсанаар шугам дундуураа тасарсан. Хариуцагч нь энэхүү буруутай үйлдлээ хүлээж манай цахилгааны утсыг янзалж, холбосон. Тухайн үед нэхэмжлэгчийн зүгээс “...дахиад ийм асуудал гаргавал цахилгааны шугамын утсыг бүтнээр нь сольж өгөөрэй, учир нь буудсан утас бүх газраараа нялцайдаг учраас бага зүйлд тасрана” гэхэд хариуцагчийн захирал Б.Дэлгэрсайхан нь “манайд 200 метр утас байгаа, бүгдийг сольж өгнө” гэсэн. Үүнээс хойш 1 сарын дараа дахиад сургуулийн цахилгааны утас тасарсан. Энэ үед хариуцагч нь “хаана тасарсныг олуулчих, бид солиод өгнө, хайлгасан зардлыг төлнө” гэж хэлсэн. Үүнээс хойш цахилгааны шугам дахин 2 удаа тасарсан бөгөөд тухай бүрт нь хэлэхэд удахгүй бүтнээр нь сольж өгнө гээд өгөөгүй байна. Хариуцагч тал өөрсдийн бурууг хүлээн зөвшөөрч манай сургуулийн цахилгааны шугамыг 3 удаа холбож өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийг зам тавьж байх явцад шугам тасарсан болохыг тогтоосон. Сургууль цахилгаангүй олон хоносон бөгөөд бид кабелийн утас худалдан авч сургуулийнхаа нөгөө байрнаас шугам түр татаж аргацаасан байдалтай байгаа ба хүүхдүүдийн амь насанд эрсдэл үүсч болзошгүй байна. Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох хариуцагчийн манай хашаанд үлдээсэн хогийг зайлуулахад гарсан зардал 810 000 төгрөг, бидний зөвшөөрөлгүй хашаа руу орж эвдэлсэн 3 ширхэг төмөр хайсын үнэ 210 000 төгрөг, манай автозогсоолын цементэн талбай дээр том оврын автомашинууд бидний зөвшөөрөлгүй дур мэдэн оруулж талбайг гэмтээсэн хохирол 300 000 төгрөг, кабелийн утас шинээр солих зардал 3 540 000 төгрөг, нийт 4 350 000 төгрөгийн үнийн дүн дээр хариуцагчийн тасалсан утсыг “УБЦТС” ХХК-иар солиулах зураг хийлгэхэд гарсан зардал 350 000 төгрөг, тасарсан кабель хайлгах ажлын хөлс 462 000 төгрөг, кабель салгаж, залгах зардалд 108 350 төгрөг, сургуулийн нөгөө байрнаас цахилгаан татах кабель 224 400 төгрөг, кабель үзүүрлэх материалд 12 700 төгрөг, 3 ширхэг уртасгагч утас авсан 150 000 төгрөг, нийт 2 050 000 төгрөг, мөн цахилгаан тасарч ажилгүй байсан 14 хоногийг 1 хоногийн 100 000 төгрөгөөр тооцож 1 400 000 төгрөг, эдгээрийг нэгтгээд нийт 7 800 000 төгрөгийг нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн шаардлагаа “МДС”-ийн гадна цахилгаан дамжуулах кабель шугамыг бүхэлд нь солиулах ажлыг хариуцагч “О” ХХК-д даалгаж, 3 450 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж өөрчилсөн. 3 450 000 төгрөгт тасарсан кабель утсыг хайлгах, салгах 2 удаагийн зардалд 462 000 төгрөг, 108 350 төгрөг, сургууль дотор цахилгааны утас татсан 224 400 төгрөг, сургуулийн гадна цахилгаан хангамжийн 0.4 кв-ын цахилгаан дамжуулах кабель шугамын зураг хийлгэхэд 350 000 төгрөг, дэлгүүрээс худалдан авсан 100 метр цахилгааны утасны үнэ 740 000 төгрөг, 3 ширхэг уртасгагчийн үнэ 150 000 төгрөг, кабель үзүүрлэх материалын үнэ 12 700 төгрөг, 3 ширхэг төмөр торон хайс 150 000 төгрөг, цахилгаан тасарч ажилгүй байсан 14 хоногийг 1 хоногийн 100 000 төгрөгөөр тооцож 1 400 000 төгрөг гэсэн хохирлууд хамаарна.
Иймд Монгол дээд сургуулийн гадна цахилгааны кабель шугамыг бүхэлд нь солиулах ажлыг хариуцагч “О” ХХК-д даалгаж, 3 450 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батлхагва, А.Зоригтбаатар нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О” ХХК Нийслэлийн авто замын хөгжлийн газартай 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Хан-Уул дүүрэг, 2017/НТ-420-1 тоот Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, дүүргийн цогцолборын замаас хойш Чингисийн өргөн чөлөө рүү холбогдох нэг эгнээ шинэ замын ажлын гэрээ”-г байгуулж ажилласан. Нийслэлийн авто замын хөгжлийн газартай байгуулсан гэрээнд заасан авто замын ажил нь нэхэмжлэгч байгууллагын хажуугийн авто замын ажил байсан юм. Хариуцагчийн зүгээс дээрх авто замын ажлыг хийж гүйцэтгэхдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл хийгээгүй болно. Тухайн 0.4 кв-ын шугам нэхэмжлэгчийн өмч эсэх нь тогтоогдохгүй байна. Учир нь, тухайн кабель нь 1975 онд ашиглагдаж эхэлсэн бөгөөд 1997 онд Монгол гутал компаниас тус “МДС” худалдан авсан учраас өөрсдөө хийсэн шугам биш гэж үзэж байна. Тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын стандартын дагуу “УБЦТС” ТӨХК-ийн татсан шугам болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч тал өөрсдөө цахилгааны шугам татсан баримтаа шүүхэд өгсөн бол нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд эсэх талаар маргахгүй. Хариуцагч компани нь авто замын барилгын ажил гүйцэтгэхдээ “МДС”-ийн захирал Н.Дашзэвэгтэй харилцан ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр тус сургуулийн авто зогсоолд автомашинуудаа байршуулж зохих төлбөрийг нь төлсөн. Өөрөөр хэлбэл, авто замын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тээврийн хэрэгслүүдийг байрлуулахаар нэхэмжлэгчийн авто зогсоолыг 700 000 төгрөгөөр түрээслэж, төлбөрийг нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Н.Дашзэвэгийн “Хас банк” ХХК дах 5001014732 тоот дансанд шилжүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөлгүй, дур мэдэн оруулж, авто зогсоолд гэмтэл учруулсан хэмээн нэхэмжилж буй нь худал болно. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “О” ХХК-ийг хог үлдээж явсан, хашааны 3 ширхэг төмөр хайс эвдэлсэн хэмээн дурдсан байх боловч эдгээр нь огт үндэслэлгүй юм. Учир нь, сургуулийн хашааны хайсыг буулгах, зайлуулах арга хэмжээг авахыг хариуцагчийн зүгээс удаа дараа мэдэгдэж, сануулсан боловч нэхэмжлэгч нь уг арга хэмжээг аваагүй ба нэхэмжлэгч нь тус хайсыг барихдаа нийтийн эзэмшлийн талбайд барьсан байсан тул авто замын ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхийн тулд хайсыг буулгаж, нэхэмжлэгч тус төмөр хайсуудыг бүрэн бүтэн хүлээн авсан юм. Кабель шинээр солих зардал 3 540 000 төгрөг нэхэмжилсэн байсан ба дээрх кабель нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлийн кабель биш бөгөөд тус кабелийг хууль бусаар дур мэдэн газар доогуур татсан байсан. Өөрөөр хэлбэл дээрх кабель нь авто замын зураг төсөлд тусгагдаагүй, эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авч, албан ёсоор татсан кабель биш гэж үзэж байна. Мөн дээрх кабелийг 30 сантиметрээс доош суулгах стандарт тавигддаг байтал тус кабель нь дээрх стандартыг хангаагүй байсан. Авто замын барилгын ажлыг гүйцэтгэх явцад нэхэмжлэгч Монгол дээд сургуулийн гэх кабель тасдагдсан байсан ба хариуцагч “О” ХХК-ийн зүгээс 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дээрх кабелийг шинээр сольж ашиглалтанд оруулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Монгол дээд сургуулийн захирал Н.Дашзэвэгийг байлцуулан тус тасарсан кабелийг нь шинээр сольж ашиглалтанд оруулж энэ талаар талууд акт үйлдэн баталгаажуулсан. Гэвч нэхэмжлэгч нь мөн л дээрх байдлыг үгүйсгэн кабель, түүнтэй холбогдон гарах зардлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Дээр дурьдсанчлан хариуцагч “О” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн кабелийг тасдаагүй ба авто замын ажлыг гүйцэтгэх явцад тасарсан кабелийг шинээр сольж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгч акт үйлдсэн тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тус кабелийг татаж, цахилгаан эрчим хүчийг ашиглах эрхтэй болохоо нотлох үүрэгтэй бөгөөд тасарсан кабелийг нь шинээр нь сольж хүлээлгэн өгсөн тул цаашид үүсэх үр дагаврыг “О” ХХК хариуцахгүй. Тус “О” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өөрсдийн гэмтээсэн кабелийг солиод нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн ба 4 дэх удаагаа цахилгааны шугам тасарсан нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш тасарсан учраас “О” ХХК ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаасаа хэдийг хасаад 3 450 000 төгрөг болгосон нь тодорхойгүй ба санхүүгийн баримтуудад “МДС” гэсэн санхүүгийн тэмдэг байхгүй байгаа тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. “О” ХХК-ийг цахилгааны утсыг соль гэсэн шийдвэр гаргалаа гэж бодоход тус компани нь зам барилгын үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд “УБЦТС” ТӨХК-ийн хийж гүйцэтгэх ажлыг бидэнд хий гэж даалгаж болохгүй юм. Цахилгааны шугамыг солих, засах ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гүйцэтгэдэг болохоос ямар нэгэн хуулийн этгээд дураараа сольдог зүйл биш. Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороонд байрлаж буй “МДС”-ийн гадна цахилгаан хангамжийн 0.4 кв-ын цахилгаан дамжуулах кабель шугамыг солиулахыг хариуцагч “О” ХХК-д даалгаж, хариуцагч “О” ХХК-иас 1 317 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МДС”-д олгож, нэхэмжлэгч “МДС”-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 132 550 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 139 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “О” ХХК-иас 106 229 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МДС”-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч О” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Дээрх шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр. алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлага хангагдахын тулд уг заалтын хариуцагчийн хууль бус үйлдэл байх, гэм буруутай нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол хооронд шалтгаант холбоотой байх урьдчилан нөхцөл бүрдсэн байх ёстой.
Гэтэл хариуцагчийн ямар хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч байгууллагын гадна байрлах цахилгаан хангамжийн 0.4 кв кабель шугамд гэмтэл учирсан, хэвийн үйл ажиллагаанд оруулж хүлээлгэн өгсөн хугацаанаас хойш ямар гэм буруутай үйлдэл эс үйлдэхгүйгээр гэм хор учруулсан зэрэг нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. 2019 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийн Зв-д “...Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажшлагааны дүрмийн 4.14 дүгээр бүлгийн 499-д заасныг зөрчсөний улмаас ХТП дугаартай трансформаторын дэд өртөөний 0.4 кв-ын хувааришах байгууламжаас холбогдсон Монгол дээд сургуулийн эзэмшлийн 0.4 кв-ын цахшгаан дамжуулах кабель шугамыг таслаж гэмтээсэн байна” гэжээ. Өөрөөр хэлбэл ажлын удирдагч томилох, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл бичгээр авах, план зураг хавсаргах гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас кабел шугамыг тасалж гэмтээсэн гэх үйлдэл болон гэм буруугийн хамааралгүй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Шүүх уг шинжээчийн дүгнэлтийг үнэлж нэхэмжлэгчид учирсан хохирлыг тус байгууллага хариуцан арилгах үүрэгтэй гэж үзсэн нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч байгууллага нь хэзээ ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгчийн гэх кабель шугамд гэм хор учруулсан талаарх баримт хэргийн материалд байдаггүй ба нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн гэм бурууг нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гэх кабель шугам хэзээ, хэдэн удаа тасарсан талаарх баримт байдаггүй ба хариуцагч уг кабель шугамд ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хохирол учруулаагүй. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж ямар нэгэн нотлох баримтгүйгээр хариуцагчийг гэм буруутгаж, Иргэний хуулийн 497 дугаар зуйлийн 497.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн гэх кабель шугам хэзээ, хэдэн удаа тасарсан, ийнхүү тасрах болсон шалтгаан үндэслэлийг тодруулахгүйгээр хариуцагч байгууллагыг ямар ч үйлдэл, эс үйлдэхүй гаргалгүйгээр гэм хор учруулсан гэж буруутгаж буйд гомдолтой байна. Авто замын барилгын ажлын гүйцэтгэх явцад нэхэмжлэгч Монгол дээл сургуулийн гэх кабель тасдагдсан байсан ба хариуцагч “О” ХХК-ийн зүгээс 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дээрх кабелийг шинээр сольж ашиглалтад оруулсан. “Газар доорх шугам сүлжээг ашиглалтад оруулсан тухай акт” үйлдэн баталгаажуулж “МДС”-ийн захирал Н.Дашзэвэгт хүлээлгэж өгсөн. Тухайн үедээ шинээр ашиглалтад оруулсан кабелийг шалгаж хүлээн авсан тул үүнээс хойш үүссэн аливаа эрсдэлийг “О” ХХК хариуцах үндэсгүй юм. Өөрөөр хэлбэл 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дээрх кабелийг шинээр сольж хүлээлгэн өгсөн атал тус хугацаанаас хойш цахилгааны кабель нийт 4 удаа тасарсанд хариуцагч байгууллага буруутай талаар шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт, “...хариуцагч “О” ХХК нь 2017 оны 09 сард ...авто замыг холбох ажлыг хийж гүйцэтгэхдээ “УБЦТС” ТӨХК болон бусад инженерийн шугам сулжээг ашиглагч байгууллагуудаар тодруулга хийлгэн хяналт тавиулаагүйн улмаас ...кабель шугамыг тасалж гэмтээсэн болох нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо...” гэж дүгнэжээ. Гэтэл 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “МДС”-ийн гаднах цахилгаан хангамжийн 0.4 кв кабель шугамын эвдрэлийн шалтгаан нөхцөл болон түүний хугацааг тогтоохдоо 2017 оны 9 сард гэж тодорхойлсон. Энэ нь “Газар доорх шугам сүлжээг ашиглалтад оруулсан тухай акт” үйлдэн баталгаажуулжсанаас хойших эсхүл өмнөх ямар хугацаанд хамаарч байгаа талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байтал нэхэмжлэгчийн гадна байрлах цахилгаан хангамжийн кабель шугамд 4 удаа гэмтэл гарсанд хариуцагч байгууллага гэм буруутай, гэм хор учруулсан гэж шууд дүгнэх үндэслэл байхгүй. Цаг хугацааны хувьд 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дээрх кабелийг шинээр сольж ашиглалтад оруулж акт үйлдэн хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч уг хугацаанаас хойш 2 жилийн дараа шүүхэд хандан 4 удаа кабель шугам тасарсанд гэм буруутай гэж үзэж буй нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй. Хариуцагчийн зүгээс 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тасарсан кабель шугамыг сольж, хүлээлгэн өгсөнөөр учруулсан гэм хорыг өмнөх байдалд сэргээсэн. Хэрэв хариуцагчийн сольсон кабель тэр хэсэгтээ дахин тасарвал хариуцагч хариуцах нь зүйн хэрэг. Гэвч нэхэмжлэгчийн тайлбар болон шинжээчийн дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгч байгууллагын цахилгаан авч буй шугамын ашиглалтын хугацаа аль хэдийн дууссан талаар дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл кабель шугам 4 удаа тасарсан гэж үзвэл (нэхэмжлэгч ийнхүү тайлбарладаг боловч ямар ч баримт байдаггүй) ийнхүү тасрах болсон шалтгаан нь хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйгээс бус ашиглалтын хугацаа дууссан кабель шугам хүчдэл дамжуулах чанараа алдаж тасарсан байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтад огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан. 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтийн Зг-д “Хан-Уул дүүргийн 3 дугаар хораонд байрлаж буй Монгол дээд сургуулийн А байрны гадна цахилгаан хангамжийн 0.4 кв-ын шугам нъ 1975 онд хүчдэлд залгагдсан, ...44 орчим жил ашиглагдсан байна”, "...үйлдвэрлэгч байгууллагуудын заавраар 25 жил хүртэлх хугацаагаар ашигладаг”, “Тухайн кабелийн ашиглалтын явцад тосон дүүргэлтийн битүүмжлэл алдагдсан, олон жилийн турш ашиглагдсан кабелийн гүйдэл дамжуулагчийн цаасан тусгаарлагч хуурайшиж, хөндийрүүлгийн чадвар муудсан байгаа тул цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэжээ. Ийнхүү ашиглалтын хугацаанаас хэтэрсэн кабелийн шугамыг хариуцагч байгууллагыг гэмтээсэн, гэм буруутай гэх үйл баримт нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй, урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 0.4 кв-ын шугам нь манай өмч хэмээн үзэж өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд. ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн 0.4 кв-ын кабель шугамын өмчлөгч, эзэмшигч болохыг тогтоосон баримт байдаггүй ба нэхэмжлэгч нь тус кабель шугамын эзэмшигч, өмчлөгч этгээд биш юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тус кабель шугамыг өөрийн хөрөнгөөр тавьсан эсхүл тус кабель шугамыг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэх замаар өмчлөгч болж гэмээн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй талаарх баримт болон тайлбарыг гаргаж чадаагүй ба зөвхөн эрчим хүчээр хангах гэрээний хуулбарыг үндэслэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс гаргасан эрчим хүчээр хангах гэрээ нь тус кабель шугамыг ашиглаж эрчим хүчээр хангагдах ашиглагчийн эрхийг тодорхойлох болохоос биш эзэмших, өмчлөх эрхийг нотлохгүй. Мөн тус гэрээний огноо засвартай байх ба нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэрээ байдаг. Нөгөөтэйгүүр тус кабелийн өмчлөгч, эзэмшигч этгээд нь “УБЦТС” ТӨХК-тэй эрчим хүчээр хангах гэрээг байгуулах боломжгүй юм. Тухайлбал тус кабель нь 44 жилийн өмнө тавигдсан кабель шугам бөгөөд уг шугам нь “УБЦТС” ТӨХК-ийн эзэмшил, өмчлөлд хамаардаг ба засвар үйлилгээг өмчлөгчийн хувьд “УБЦТС” ТӨХК хариуцдаг. Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийгээгүй бөгөөд бусдын хөрөнгийн нэрийг барьж хууль бусаар нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаснаар “МДС”-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Магадгүй “УБЦТС” ТӨХК-ийн зүгээс тус кабельтай холбоотой нэхэмжлэл гаргавал энэхүү шүүхийн шийдвэрийг хэрхэх нь ойлгомжгүй байна. Нэгэнт хариуцагч нь тус кабель шугамд гэм хор учруулаагүй, нэхэмжлэгч нь тус кабель шугамын өмчлөгч этгээд биш, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул хариуцагч нь 1 317 450 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Гэм хор учруулсан нь нотлогдсон тохиолдолд төлбөрийн асуудал яригдана. Нөгөөтэйгүүр кабель шугамыг бүхэлд нь солихыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь гэм хор учруулсан этгээд нь өөрийн учруулсан гэм хорын хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой атал шүүх хэдэн метр кабель шугам гэмтсэн, нийт хэдэн метр кабель шугам байдаг, тус кабель шугамыг бүхэлд нь солихоос өөр аргагүй болсон нөхцөл байдлыг тодруулалгүйгээр бүхэлд нь солиулахаар даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хийгээд шүүх хуралдаанаар шинжлэгдсэн судлагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулснаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч МДС нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан Монгол дээд сургуулийн гадна цахилгаан дамжуулах кабель шугамыг бүхэлд нь солиулах ажлыг хариуцагч “О” ХХК-д даалгаж, эд хөрөнгийн хохиролд 3.450.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч “О” ХХК нь Нийслэлийн авто замын хөгжлийн газартай 2017 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, тус дүүргийн тамгын газрын баруун хойд хэсгийн авто замыг Чингисийн өргөн чөлөөтэй холбохоор “Ихэр мөнх” ХХК-д боловсруулсан 22/17 шифр бүхий авто замын техникийн зургаар ажил гүйцэтгэх явцдаа нэхэмжлэгч “МДС”-ийн А байрны 0.4 кв-ын цахилгааны шугамыг тасалж гэмтээсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр үйлдэгдсэн Газар доорхи шугам сүлжээг ашиглалтанд оруулсан тухай акт \хх-ийн 42\, “УБЦТС” ТӨХК-ийн хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн техник хяналтын инженер Г.Магсаржаламын гаргасан 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт \хх-ийн 73\, хариуцагчийн “...автозамын барилгын ажлыг гүйцэтгэх явцад нэхэмжлэгчийн гэх кабель тасдагдсан...” гэх тайлбар \хх-ийн 46\ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч нь “...дээрх кабель нь нэхэмжлэгчийн эзэмшлийн кабель биш, хууль бусаар дур мэдэн газар доогуур татсан байсан... нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Дашзэвэгийг байлцуулан тус тасарсан кабелийг сольж энэ талаар акт үйлдэн баталгаажуулсан....” гэж тайлбар гаргасан \хх-ийн 46\ боловч шинжээч Г.Магсаржаламын “...0.4 кв-ын цахилгаан дамжуулах кабель шугам Монгол дээд сургуулийг цахилгаан эрчим хүчээр хангаж байсан шугам мөн бөгөөд уг шугам тус сургуулийн эзэмшлийн цахилгааны шугам мөн... цаашид уг цахилгааны шугамыг ашиглах боломжгүй...” гэсэн дүгнэлтээр \хх-ийн 72-74\ хариуцагчийн уг тайлбар үгүйсгэгдсэн байх бөгөөд хариуцагч талд дээрх дүгнэлтийг 2019 оны 7 дугаар сарын 26-нд танилцуулснаас хойш шүүх хуралдаан болох хүртэл ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй байна.
Мөн дээрх шинжээчийн дүгнэлтээр хариуцагч “О” ХХК нь автозамын ажил гүйцэтгэхдээ шинэ замын трассын дагуу “УБЦТС” ТӨХК болон бусад инженерийн шугам сүлжээг ашиглагч байгууллагуудаар тодруулга хийлгэн хяналт тавиулаагүй, Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрмийн 5.8.19, 5.8.20, Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 4.14-р бүлгийн 499 дэх заалтуудыг тус тус зөрчиж кабель шугамын ашиглалтын байгууллагаас болон шугам сүлжээг хариуцсан байгууллагаас бичгээр зөвшөөрөл аваагүй, ажил эхлэхийн өмнө эрчим хүчний байгууллагын төлөөлөгчийг байлцуулан хяналтын малталт хийгээгүйн улмаас ХТП-003 дугаартай трансформаторын дэд өртөөний 0.4 кв-ын хуваарилах байгууламжаас холбогдсон Монгол дээд сургуулийн эзэмшлийн 0.4 кв-ын цахилгаан дамжуулах кабель шугамыг тасалж гэмтээсэн болохыг тогтоосон байна. \хх-ийн 72-74\
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.12-т тус тус заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв хэрэглэсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх талаар заасан ба шүүх гэм буруугүйгээ нотлоогүй, гэм хорын хохирол хариуцагчийн буруутай ажиллагаа хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тул хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн зарим хэсгийг нотлогдсон хэмжээгээр хангасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хариуцагчийн тасалж гэмтээсэн 0.4 кв-ын цахилгаан дамжуулах кабель шугам нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дах хэсэгт зааснаар “МДС”-ийн эзэмшлийн газрын бүрдэл хэсэг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэгч нь тус кабель шугамын өмчлөгч этгээд биш, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэсэн хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан шинжээч томилох хүсэлтийг шийдвэрлэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батлхагва оролцсон байдаг \хх-ийн 60\ бөгөөд тэрээр шинжээчид тавих асуултын талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхаас гадна шинжээчийн дүгнэлтийг 2019 оны 07 дугаар сарын 26-нд хариуцагч талд танилцуулснаас хойш шүүх хуралдаан болох хүртэл 2 сар орчим хугацаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатарын зүгээс ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд шүүх хуралдаан дээр дахин шинжээч томилуулах, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасанд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул шүүх уг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дах хэсэгт нийцсэн байна.
Хариуцагч өөрөө буруугүй болохыг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул “...нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гэм бурууг нотолж чадаагүй..., кабель шугам хэзээ, хэдэн удаа тасарсан, ийнхүү тасрах болсон шалтгаан үндэслэлийг тодруулаагүй, ашиглалтын хугацаанаас хэтэрсэн кабелийн шугамыг хариуцагч байгууллагыг гэмтээсэн, гэм буруутай гэх үйл баримт нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй... кабель шугамыг бүхэлд нь солихыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй...” гэсэн хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02478 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 106 230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Н.БАТЗОРИГ