Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1964

 

“ТБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо          даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/02197 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “МКБ” ХХК-д холбогдох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр “Ж” ХХК оролцсон

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 273 594 830 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлтэй,

2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд    нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогоондулам, өмгөөлөгч Б.Бадамжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ичинхорлоо, өмгөөлөгч Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга    Б.Сумъяа   нар оролцов.

 

Нэхэмжлэгч ТБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Жамъяндагва шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч “МКБ” ХХК нь “ТБ” ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 215 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1 000 000 000 төгрөгийг сарын 2.20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлдүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчиж, компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулсаар байна. Иймд “МКБ” ХХК-иас зээлийн 215 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1 000 000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх үндсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү /сарын 2.20 хувь жилийн 26.4 хувийн/ 273 594 831.58 төгрөг, нийт 1 273 594 830 төгрөгийг гаргуулах, мөн барьцааны 215/01 дугаартай гэрээний дагуу “ТБ” ХХК-ийн барьцаанд байгаа “Ж” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол /14252/, 41/ 1 тоот нийт 2 790 м.кв талбайтай барилгын 1 395 м.кв талбайтай зүүн талын хэсгийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү0000000000/, мөн хаягт байрлах 379 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “МКБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “МКБ” ХХК нь “ТБ” ХХК-ийн Чингэлтэй дүүрэг дэх Төв салбартай 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 215 тоот зээлийн гэрээний дагуу 1 000 000 000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, эргэн төлөлт нь сар бүр зээлийн хүү төлөх, үндсэн зээлийг хугацааны эцэст буюу 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төлөх нөхцөлтэй байсан. Дээрх зээлийн хүүгээ 2018 оны 7 дугаар сараас хойш төлөөгүй байгаа хэдий ч манай байгууллагыг хариуцсан “ТБ” ХХК-ийн ажилтнуудтай уулзаж, зээлээ төлж барагдуулах талаар ярилцаж, гэрээ хэлцэл хийх талаар санал солилцон ажиллаж байна. Бид зээлийн хүүгээ 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө төлж, үүнээс хойш аливаа зөрчилгүйгээр хугацаандаа зээлээ төлж барагдуулна гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуул шүүхэд гаргасан тайлбартаа: ТБнаас 2018 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр "...зээлиин гэрээний дагуу үндсэн зээл 1.000.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 9 дугээр сарын 21-ний одөр хүртэлх үндсэн зээлийн хүү болон нэмэгдуулсэн хүү 100.147.756 төгрөг, нийт 1.100.147.756 төгрөгийг гаргуулах..." гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байдаг. "МКБ" ХХК нь анх 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000.000 төгрөгийг сарын 2.20 хувийн хүүтэй, жилийн 26.40 хувийн хүүтэй 24 сар буюу 2 жилийн хугацаатай зээлсэн нь үнэн болно. Ингэхдээ уг зээлийн гэрээний үүргийг "Ж" ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, /14252, 41/ 1 тоот нийт 2790 м.кв талбайтай барилгын 1395 м.кв талбайтай зүүн талын хэсгийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү0000000000/, мөн хаягт байрлах 379 м.кв талбайтай газар эзэмших эрх /ГД: 00000000/-ийг барьцаалсан байдаг. Уг хөрөнгийг барьцаалах болсон үндэслэл нь "Ж" ХХК болон "МКБ" ХХК нь хамтран ажиллахаар болж 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд мөн өдөр "Ж" ХХК-ний захирал А.Д-ээс "МКБ" ХХК-ийн захирал Б.Баярмаад итгэмжлэл олгосноор уг хөрөнгийг барьцаалах эрх үүссэн болно. ТБтай байгуулсан "Зээлийн гэрээ"-ний хугацаа дуусаагүй байхад банкны зүгээс үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг анх 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжилсэн.

Дээрх нэхэмжлэлийг банкнаас гаргаснаар талуудын хооронд байгуулсан "Зээлийн гэрээ"-г цуцалсан эсхүл татгалзсан гэж үзэх хуулийн зүйн ойлголт гарч ирэх бөгөөд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болдог онцлогтой. Өөрөөр хэлбэл, банкнаас 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргаснаар үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх дуусгавар болсон гэж үзнэ. Гэрээний нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах аль агуулгаар шаардлага гаргасан, эрх зүйн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зөв тодорхойлоогүй ч шүүх залруулж зөвтгөж, тайлбарлах замаар хуулийг хэрэглэх шаардлагатай гэж үзэж байна. ТБнаас дээрх нэхэмжлэлийг гаргаснаар буюу 2018 оны 9 дүтээр сарын 21-ний өдрөөс эхлэн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардах эрхээ алдах бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацааны хүү тооцон шаардах эрхгүй юм. Нэхэмжлэгч ТБны зүгээс зээлиин гэрээний зөрчил болох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх боломжтой гэсэн тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй болно. Иймд ТБны зүгээс нэмэгдүүлсэн нэхэжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Гуравдагч этгээд “Ж” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “ТБ” ХХК-тай 215 тоот зээлийн гэрээ байгуулж, 1 000 000 000 төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. Мөн уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор “Ж” ХХК-ийн захирал А.Д- нь компанийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 41/1 тоот хаягт байрлах 1 395 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг, мөн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байршилтай 379 м.кв талбайтай газрыг тус тус 1 000 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалж, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 215/01 тоот “Барьцааны гэрээ”-г байгуулсан байна. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаандаа зээлийг эргэн төлөөгүй байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд мөнгөн хөрөнгө гаргуулах, барьцааны 215/01 тоот гэрээний дагуу “ТБ” ХХК-ийн  барьцаанд байгаа “Ж” ХХК-ийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь “Ж” ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд юм. “Ж” ХХК нь гурван хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс хойш тус компанийн 100 хувийн хувьцааны 5 хувийг А.Д-, 49 хувийг Б. Сонинчимэг, 46 хувийг Б. Цэцэгээ нар тус тус хууль ёсны дагуу өмчлөх болсон бөгөөд харин 5 хувийн хувьцаа эзэмшигч болох А.Д- нь 2016 оноос хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2019 оны 1 сард албан тушаалаасаа чөлөөлөгдсөн болно. Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-т хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалуулахтай холбогдсон хэлцлийг их хэмжээний хэлцэлд тооцно, гэж заасны дагуу “Ж” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 1 000 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан хэлцэл нь их хэмжээний хэлцэлд тооцогдно. Мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал санал нэгтэйгээр гаргана гэж заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалуулах тухай хэлцэл хийх бол нийт хувьцаа эзэмшигчид санал нэгтэйгээр шийдвэр гаргасан байх ёстой байсан. Гэтэл “Ж” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч, тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Д-ийн хувьцаа эзэмшигчдийн санал нэгтэй гаргасан шийдвэргүйгээр бие даан шийдвэрлэж, дур мэдэн “ТБ” ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 215/01 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т  заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хуулийн үндэслэлтэй байх тул уг гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн “Ж” ХХК нь 215 тоот Зээлийн гэрээний дагуу хариуцагчид олгогдсон зээлийн мөнгөн хөрөнгөөс нэг ч төгрөгийг өөртөө авч ашиглаагүй. Зээлдэгч нь 100 хувь өөрийн үйл ажиллагаандаа зарцуулсан байдаг. Иймд дээрх зээлийн гэрээний үүргийг зээлдэгч буюу “МКБ” ХХК биелүүлэх ёстой байтал уг зээлийн эргэн төлөлтийг “Ж” ХХК-ийн хөрөнгөөр хангуулахаар шаардаж байгаа нь мөн үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд “Ж” ХХК шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Д- нь хувьцаа эзэмшигч С.О, Ц.Э нарт мэдэгдэлгүйгээр, тэдний зөвшөөрөл, хамтран гаргасан шийдвэргүйгээр дур мэдэн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “ТБ” ХХК-тай 215/01 тоот “Барьцааны гэрээ” байгуулж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 1 000 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасныг зөрчиж “ТБ” ХХК болон “МКБ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 215 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр 215/01 тоот барьцааны гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасныг зөрчиж “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Д-ийн “ТБ” ХХК-тай байгуулсан Барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. С.О, Ц.Э нар нь 2017 оны 7 сарын 05-ны өдөр албан ёсоор “Ж” ХХК-ийн хууль ёсны хувьцаа эзэмшигч болсон байхад эдгээр хувьцаа эзэмшигч нарын зөвшөөрлийг авалгүй, хамтран хэлэлцэн шийдвэрлэлгүй, уг гэрээг байгуулсан нь хувьцаа эзэмшигч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн үйлдэл мөн. Иймд “ТБ” ХХК болон “Ж” ХХК нарын хооронд 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 215/01 тоот Барьцааны гэрээг Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Зээлдэгч “МКБ” ХХК нь зээл авахдаа “Ж” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, 41/1 тоот нийт 2790 м.кв  талбайтай барилгын 1395 м.кв  талбайтай зүүн талын хэсгийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 379 м.кв  талбайтай газрыг барьцаалж, 215/01 дугаартай барьцааны гэрээ байгуулсан. Уг барьцааны гэрээнд зээлдэгч “МКБ” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал М.Бат-Өлзий, “Ж” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал А.Д- нар гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Барьцааны гэрээ байгуулахад “Ж” ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 04/17 дугаартай хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол нийт 2790 м.кв  талбайтай барилгын 1 395 м.кв  талбайтай зүүн талын хэсгийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 379 м.кв  талбайтай газрыг “МКБ” ХХК-ийн зээлийн барьцаанд тавих эрхийг А.Д-д олгосон хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг үндэслэн барьцааны гэрээг хуульд заасны дагуу хийсэн хүчин төгөлдөр гэрээ болно. Иймд “Ж” ХХК-ийн бие даасан шаардлага гаргасан 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 215/01 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МКБ” ХХК-иас 1 095 147 756 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 178 447 074 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан үндэслэлгүй тул “ТБ” ХХК, “МКБ” ХХК-д холбогдох 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МКБ” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байршилтай нэгж талбарын 148005/0000 дугаарт бүртгэлтэй, ГД-00000000 дугаар гэрчилгээтэй 379 м.кв талбай бүхий эзэмшил газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 000172201 дугаар гэрчилгээтэй 2 790 м.кв талбайтай барилгын 1 395 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 227 940 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “МКБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5 703 889 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгож, “Ж” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 200 000 төгрөгөөс 5 157 950 төгрөгийг улсын орлогод үлдээж илүү төлсөн 42 050 төгрөгийг улсын орлогоос гаргуулан “Ж” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяандагва давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс субьектив санаа зорилготойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж, шүүхээс товлогдсон шүүх хуралдаануудыг удаа дараагийн үйлдлүүдээр хойшлуулж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироож байсан. Нэхэмжпэгч талаас хуулиар олгогдсон эрх, хэмжээний хүрээнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 78 901 370 төгрөгөөр, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 36 164 383 төгрөгөөр, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 13 742 470 төгрөгөөр, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 44 638 851 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж хариуцагчаас нийт 1 273 594 831.59 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Гэтэл анхан шатгы шүүх нь ИХ-ийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг үндэслэж, дүгнэлт гаргасан боловч хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагаас 178 447 074 төгрөгийг хуулийн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироож байгаад гомдолтой байна байна. шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтын 178 447 074 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Ж” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан А.Д- нь хувьцаа эзэмшигч Б.Цэцэгээ, Б.Сонинчимэг нарт мэдэгдэлгүйгээр, тэдний зөвшөөрлийг авалгүйгээр 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зохигчдын хамт барьцааны гэрээг байгуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 1 000 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хэлцэл нь манай компанийн 2017 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлангийн баланстай харьцуулахад 48 хувийг эзэлж байна. Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт хуульчилсан байна. Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэхийн тулд Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 65 дугаар зүйлийн 65.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасан. А.Д- нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуульд заасан журмын дагуу албан ёсоор зарлан хуралдуулаагүй атлаа хуралдуулсан мэтээр хуурамч баримт бичиг үйлдэж, дээрх шийдвэрт хувьцаа эзэмшигч Ц.Ядамцэцэг, О.Энхпүрэв нарын гарын үсгийг хуурамчаар дурайлган зурсан тул энэхүү хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын тогтоолыг хүчин төгөлдөр гэх үндэслэлгүй юм. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрт хувьцаа эзэмшигч нар гарын үсгээ зураагүй болох нь тус иргэний хэрэгт авагдсан хувьцаа эзэмшигч нарын хурлын шийдвэрийг болон компанийн дүрэмд зурагдсан гарын үсэгтэй харьцуулан харахад маш тодорхой харагддаг. Гэтэл анхан шатны шүүх нь дээрх баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй, иргэний хэргийг гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтээр түдгэлзүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тодруулбал, “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох Б.Сонинчимэг нь тус компанийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 04\17 тоот Хувьцаа эзэмшигч нарын ээлжит бус хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 182/Ш32019/02573 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Дээр дурдсанчлан “ТБ” ХХК, “МКБ” ХХК болон “Ж” ХХК-ийн хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр болохын тулд их хэмжээний хэлцэл байгуулахыг зөвшөөрсөн гэх “Ж” ХХК-ийн 2017 оны 6 дугаар  сарын 09-ний өдрийн 04\17 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр нь хүчин төгөлдөр байх ёстой. Гэтэл энэ талаар шүүхэд маргаан үүссэн ба Б.Сонинчимэгийн нэхэмжлэлтэй “Ж” ХХК, А.Д- нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэл бүрдсэн тул уг иргэний хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн. Гэтэл дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэж шүүхийн шийдвэр гарсны дараа шүүх хуралдаан болж, тус шүүхийн 182/ШШ2019/01500 дугаар шийдвэрээр дээрх хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлээд байна. Энэхүү шийдвэр гарснаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 02197 дугаар шийдвэрийн үндэслэх нь хэсэгт дурдагдсан Ж” ХХК-ийн 2017 оны 6 сарын 9-ний өдрийн хувъцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд бүх хувьцаа эзэмшигч нар оролцож хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байх тул 2017 оны 6 сарын 9-ний өдрийн 04\17 тоот шийдвэр Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5 дах хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр болсон байна  гэх дүгнэлтийг үндэслэлгүй болохыг харуулж байна. Эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын үндэслэлээ “барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээг “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн №04/17 тоот Тогтоолыг үндэслэн байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ гэж тайлбарладаг. Иймд “ТБ” ХХК, “МКБ” ХХК, “Ж” ХХК нарын байгуулсан Барьцааны гэрээ нь Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дах хэсэгт тус тус заасны дагуу “ТБ” ХХК нь “МКБ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа түүний ажил хэргээ байнга явуулдаг, удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой байсан. Гэтэл “ТБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт авагдсан “МКБ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон тус компанийн хуулийн этгээдийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Зээлийн гэрээ, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2018  оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тус тус хариуцагчийн байнга үйл ажиллагаа явуулдаг газар нь Баянгол дүүрэгт биш Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Сөүлийн гудамж, Од плаза 000 тоотод оршин суух бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын гаргасан тайлбар, хэргийг харьяаллын дагуу шижлүүлэх хүсэлт зэргээр тогтоогдсон байтал анхан шатны шүүх нь хэргийг харьяалал зөрчиж хянан шийдвэрлэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасны заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нар хэргийг шилжүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх ямар ч үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийг харьяалалын дагуу шилжүүлэлгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дах хэсэгт заасан хэргийн харьяаллыг зөрчиж иргэний хэргийг шийдвэрлэсэн болно. “Ж” ХХК нь өмгөөлөгч Б.Наранцэцэгийг сонгон авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байдаг. Шүүх хуралдаан 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр товлогдсон ба 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр өмгөөлөгч Б.Наранцэцэг нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Япон Улс руу зорчих болсон тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай болсон талаархи хүсэлтээ, онгоцны тийзний хамт тус шүүхэд өөрөө хүргэж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх нь манай өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг цааш нь үргэлжлүүлж, биднийг өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах эрхийг маань зөрчсөн. Зориуд өмгөөлөгчийн гадаад улс руу явсныг далимдуулан түүнийг эзгүйд хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлан хууль зүйн туслалцаа үйлчилгээ авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан явдалд гомдолтой байна. Хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар 2 өөр агуулгыг илэрхийлсэн байсан тул 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны өмнө хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар байр суурьтай оролцож буй талаар тодруулах шаардлагатай бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас асууж тодруулах шаарлагатай зүйлүүд байх тул биечлэн оролцуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгч хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь процессийн алдаа гаргасан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасны дагуу хүсэлт гарган нотлох баримтаа шүүхээр бүрдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүх нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 102/Ш32019/03681 дугаар захирамжаар Санхүү төрийн сангийн хэлтсээс өөрийн санаачлагаар нотлох баримт гаргуулахаар захирамжилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2, 91 дүгээр зүйлийн 91.1, 92.6 дах хэсэгт заасны дагуу хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэдэг журамтай. 2019 оны 8 сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд манай компанийн өмгөөлөгч Б.Наранцэцэгийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг илтэд үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан, мөн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт цуглуулах талаар гаргасан хүсэлтийг мөн илтэд үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж шийдвэрлэн нэхэмжлэгч буюу зөвхөн нэг талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хамгаалсан шийдвэр гаргаж, нэхэмжлэгч талтай ашиг сонирхлын зөрчилтэй болох нь илт байсан тул шүүгчийг шударгаар хэргийг шийдвэрлэж чадах эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрсөн тул итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг удаа дараа гаргасан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч “ТБ” ХХК нь хариуцагч “МКБ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.273.594.831,59 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох “Ж” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, 00000000 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар зэргээр  хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, гуравдагч этгээд “Ж” ХХК нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох бие даасан шаардлага гаргажээ.

 

Зохигчдын хооронд 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 215 тоот  зээлийн  гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 1.000.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.20 хувийн хүүтэй, үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн байна.

 

Мөн зээлийн эргэн төлөлтийн байдал болон  эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн зээлдэгчийн үүргийн зөрчлийн  талаар  дүгнэлт хийж, зээлдэгчийг үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй үндэслэлээр зээлдүүлэгч гэрээг цуцлах эрхтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбоотойгоор 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг хугацааны өмнө цуцлаж  дуусгавар болгож байгаа тул  үүнээс  хойшхи  нэмэгдүүлсэн шаардлагыг хангахгүй орхиж, 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зээлдэгчийн төлсөн 5.000.000 төгрөгийг хасаж хариуцагчаас 1.095.147.756 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 178.447.075,59 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

 Өөрөөр хэлбэл, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх хугацаанд хүү тооцох нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх зарчимд нийцэхгүй юм.

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. Анхан шатны шүүхээс хийсэн хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаар буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Ж ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байршилтай нэгж талбарын 148005/0000 дугаарт бүртгэлтэй 379м2 талбай бүхий 00000000 дугаартай  эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 2790м2 талбайтай барилгын 1395м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 215/01 тоот барьцааны гэрээг бичгээр байгуулж, гэрээг улсын бүртгэлд болон Нийслэлийн газрын албанд бүртгүүлснээр барьцааны гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрх зэрэг барьцаалагдсан хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргасан бол гуравдагч этгээд “Ж” ХХК нь дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн    56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага гаргасан нь  маргааны зүйл болжээ.

 

 “Ж” ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрээр тус компанийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны 5 дугаар хороолол, /14252/ 41/1 тоот  хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай, 2790 м.кв талбайтай барилгын 1395 м.кв талбай бүхий зүүн талын үл хөдлөх эд хөрөнгийг, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байршилтай нэгж талбарын 148005/0000 дугаартай, 00000000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус “МКБ” ХХК-ийн ТБнаас авч буй 1 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг гүйцэтгэх захирал А.Д-д олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрт 5 хувийн хувьцаа эзэмшигч А.Д-, 49 хувийн хувьцаа эзэмшигч О.Энхпүрэв, 46 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Ядамцэцэг нарын гарын үсэг, компанийн тамга тэмдгээр баталгаажуулсан баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 138-141/

 

Улмаар хариуцагч “МКБ” ХХК нь “ТБ” ХХК-иас 1 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гаргасан /хх-ийн 183/, “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Д- 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Ж” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг  тус тус “МКБ” ХХК-ийн ТБнаас хүсч буй 1 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавих бүрэн эрхийг “МКБ” ХХК-д итгэмжлэлээр олгосон байна. /хх-ийн 137/

 

Эдгээр баримтад үндэслэн “ТБ” ХХК, “МКБ” ХХК, “Ж” ХХК-ийн хооронд 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 50 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан  шаардлагыг хангасан хүчин төгөлдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байх тул нэхэмжлэгчийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хангаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Барьцааны гэрээ  2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдахаас өмнө  “Ж” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч О.Энхпүрэв, 46 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Ядамцэцэг нар 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээгээр өөрсдийн хувьцаа эзэмших эрх болон хувьцаагаа С.О, Ц.Э нарт шилжүүлж, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн байгууллага бүртгэсэн үйл баримт тогтоогдож байгаа боловч ийнхүү “Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн явдал барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх үндэслэлгүй ба барьцааны гэрээ нь хувьцаа эзэмшигч О.Энхпүрэв, Ц.Ядамцэцэг нарын бусадтай  байгуулсан гэрээнээс хамаарахгүй юм.

 

Түүнчлэн, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээний үр дүнд  хувьцаа эзэмшигч нар шууд буюу шууд бусаар үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг худалдах болон худалдан авч байгаа гэх үндэслэл байхгүй ба  хувьцааны хэмжээгээр ноогдол ашиг авах хувьцаа эзэмшигчийн эрхийг компанийн эд хөрөнгийг өмчлөх эрх гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

“Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.О, Ц.Э нар О.Энхпүрэв, Ц.Ядамцэцэг нартай 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээний талаар болон нөгөө хувьцаа эзэмшигч буюу гүйцэтгэх захирал А.Д-тэй холбоотой шаардлага гаргах эрхийг энэ хэргийн шийдвэр хязгаарлах үндэслэл болохгүй ба Б.Сонинчимэгийн нэхэмжлэлтэй “Ж” ХХК, А.Д- нарт холбогдох иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар оролцоогүй, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг шаардах нэхэмжлэгчийн  эрхийг  хязгаарлах үндэслэл болохгүй тул гуравдагч этгээдийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Мөн  хувьцаа эзэмшигч Ц.Ядамцэцэг, О.Энхпүрэв нарын гарын үсгийг хуурамчаар дурайлган зурсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, А.Д- нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуульд заасан журмын дагуу зарлан хуралдуулаагүй, хуурамч баримт бичиг үйлдсэн эсэх нь энэ хэргийн маргааны зүйл биш болно. 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан өмгөөлөгч авах, итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч солигдсонтой холбоотойгоор хэргийн материалтай танилцах, шүүгчийг татгалзах, шүүгчийн захирамжид гомдол гаргах, нотлох баримт бүрдүүлэх, хэргийг түдгэлзүүлэх, гадаадад явах болон эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаан хойшлуулах зэрэг хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор анхан шатны шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож, /хх-ийн 53, 59, 62, 68, 79, 90, 121-123, 171-172, 210-211, 3хх-ийн 30/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэг жил орчим хугацаагаар үргэлжилсэн байх бөгөөд  тэдгээрт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцжээ.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Наранцэцэг Япон улсад зорчих болсон шалтгаанаар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан боловч энэ нь ямар хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хэрэг шилжүүлэх тухай хариуцагчийн болон гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх шүүгчийн захирамжаар шийдвэрлэхэдээ хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба уг захирамжийн хуульд нийцсэн эсэхийг  давж заалдах шатны шүүх хянах бүрэн эрх байхгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн  2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 102/Ш32019/03681 дугаар захирамжийг тухайн шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШТ2019/00138 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байх ба шүүгчийн нотлох баримт бүрдүүлсэн ажиллагаа шүүхийн шийдвэрийн үндэслэлд нөлөөлөхгүй болно.

 

Мөн шүүгчийг татгалзан гаргах талаар хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 92.6 дах хэсэгт заасан зохицуулалтад хамааралтай тул “...шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй...” гэх гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн давж заалдах гомдол үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/02197 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.          

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО        

                                                           ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ     

                                                                                                      Н.БАТЗОРИГ