Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00448

 

 

 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/02197 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1964 дүгээр магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Төрийн банк ХХК

Хариуцагч: Максимускапитал ББСБ ХХК

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Жужу ХХК

 

Нэхэмжлэл: 1,273,594,830 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах

Бие даасан шаардлага: 2017.07.27-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг

Хяналтын журмаар 2019.12.25-ны өдөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Жужу ХХК-ийн төлөөлөгч Б.Цэцэгээгийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бадамжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Онон, өмгөөлөгч Б.Наранцэцэг, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Максимускапитал ББСБ ХХК-тай 2017.07.27-ны өдөр 215 дугаартай зээлийн гэрээ байгуулж, нэг тэрбум төгрөгийг сарын 2.20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Максимускапитал ББСБ ХХК-иас 215 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,000,000,000 төгрөг, 2017.07.27-ны өдрөөс 2019.06.03-ны өдөр хүртэлх үндсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү /сарын 2.20 хувь жилийн 26.4 хувийн/ 273,594,831.58 төгрөг, нийт 1,273,594,830 төгрөгийг гаргуулна. Барьцааны 215/01 дугаар гэрээний дагуу Төрийн банк ХХК-ийн барьцаанд байгаа Жужу ХХК-ийн өмчлөлийн СБД-н 3-р хороо 5-р хороолол /14252/, 41/ 1 тоот нийт 2,790 м.кв талбайтай барилгын 1,395 м.кв талбайтай зүүн талын хэсгийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү2203010580/, мөн хаягт байрлах 379 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. 215/01 дугаартай барьцааны гэрээ байгуулсан. Уг барьцааны гэрээнд зээлдэгч Максимускапитал ББСБ ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал М.Бат-Өлзий, Жужу ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал М.Адилбиш нар гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Барьцааны гэрээ байгуулахад Жужу ХХК-ийн 2017.06.09-ний өдрийн 04/17 дугаартай хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрээр СБД-н 3-р хороо 5-р хороолол нийт 2,790 м.кв талбайтай барилгын 1,395 м.кв талбайтай зүүн талын хэсгийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 379 м.кв талбайтай газрыг Максимускапитал ББСБ ХХК-ийн зээлийн барьцаанд тавих эрхийг М.Адилбишд олгосон хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг үндэслэн барьцааны гэрээг хуульд заасны дагуу хийсэн хүчин төгөлдөр гэрээ болно. Иймд Жужу ХХК-ийн бие даасан шаардлага гаргасан 2017.07.27-ны өдрийн 215/01 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: 2017.07.27-ны өдөр 1,000,000,000 төгрөгийг сарын 2.20 хувийн хүүтэй, жилийн 26.40 хувийн хүүтэй 24 сар буюу 2 жилийн хугацаатай зээлсэн нь үнэн болно. Ингэхдээ уг зээлийн гэрээний үүргийг Жужу ХХК-ийн өмчлөлийн нийт 2,790 м.кв талбайтай барилгын 1,395 м.кв талбайтай зүүн талын хэсгийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /Ү2203010580/, мөн хаягт байрлах 379 м.кв талбайтай газар эзэмших эрх /ГД: 000300271/-ийг барьцаалсан байдаг. Уг хөрөнгийг барьцаалах болсон үндэслэл нь Жужу ХХК болон Максимускапитал ББСБ ХХК нь хамтран ажиллахаар болж 2017.06.28-ны өдөр гэрээ байгуулсан. Мөн өдөр Жужу ХХК-ийн захирал М.Адилбишээс Максимускапитал ББСБ ХХК-ийн захирал Б.Баярмаад итгэмжлэл олгосноор уг хөрөнгийг барьцаалах эрх үүссэн болно. Төрийн банктай байгуулсан Зээлийн гэрээ-ний хугацаа дуусаагүй байхад банкны зүгээс үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг анх 2018.09.21-ний өдөр нэхэмжилсэн. Дээрх нэхэмжлэлийг банкнаас гаргаснаар талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-г цуцалсан эсхүл татгалзсан гэж үзэх хуулийн зүйн ойлголт гарч ирэх бөгөөд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болдог онцлогтой. Өөрөөр хэлбэл, банкнаас 2018.09.21-ний өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргаснаар үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх дуусгавар болсон гэж үзнэ. Гэрээний нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах аль агуулгаар шаардлага гаргасан, эрх зүйн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зөв тодорхойлоогүй ч шүүх залруулж зөвтгөж, тайлбарлах замаар хуулийг хэрэглэх шаардлагатай гэж үзэж байна. Төрийн банкнаас дээрх нэхэмжлэлийг гаргаснаар буюу 2018.09.21-с эхлэн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардах эрхээ алдах бөгөөд 2018.09.21-с 2019.01.14-ний өдөр хүртэл хугацааны хүү тооцон шаардах эрхгүй юм. Иймд Төрийн банкны зүгээс нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Жужу ХХК тайлбартаа: Компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Адилбиш нь хувьцаа эзэмшигч Б.Сонинчимэг, Б.Цэцэгээ нарт мэдэгдэлгүйгээр, тэдний зөвшөөрөл, хамтран гаргасан шийдвэргүйгээр дур мэдэн 2017.07.27-ны өдөр Төрийн банк ХХК-тай 215/01 тоот Барьцааны гэрээ байгуулж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 1,000,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан нь Компанийн тухай хуулийн 87.1.1, 88.1-г зөрчиж Төрийн банк ХХК болон Максимускапитал ББСБ ХХК нарын хооронд байгуулагдсан 2017.07.27-ны өдрийн 215 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр 215/01 тоот барьцааны гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Б.Сонинчимэг, Б.Цэцэгээ нар нь 2017.07.05-ны өдөр албан ёсоор Жужу ХХК-ийн хууль ёсны хувьцаа эзэмшигч болсон байхад эдгээр хувьцаа эзэмшигч нарын зөвшөөрлийг авалгүй, хамтран хэлэлцэн шийдвэрлэлгүй, уг гэрээг байгуулсан нь хувьцаа эзэмшигч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн үйлдэл мөн. Иймд Төрийн банк ХХК болон Жужу ХХК нарын хооронд байгуулсан 215/01 тоот Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь Жужу ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд юм. Жужу ХХК нь гурван хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд бөгөөд 2017.07.05-с хойш тус компанийн 100%-н хувьцааны 5 хувийг М.Адилбиш, 49 хувийг Б. Сонинчимэг, 46 хувийг Б. Цэцэгээ нар тус тус хууль ёсны дагуу өмчлөх болсон бөгөөд харин 5 хувийн хувьцаа эзэмшигч болох М.Адилбиш нь 2016 оноос хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2019 оны 01 сард албан тушаалаасаа чөлөөлөгдсөн болно. Компанийн тухай хуулийн 87.1.1-т хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалуулахтай холбогдсон хэлцлийг их хэмжээний хэлцэлд тооцно, гэж заасны дагуу Жужу ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 1,000,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан хэлцэл нь их хэмжээний хэлцэлд тооцогдно. Мөн хуулийн 88.1-д их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал санал нэгтэйгээр гаргана гэж заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалуулах тухай хэлцэл хийх бол нийт хувьцаа эзэмшигчид санал нэгтэйгээр шийдвэр гаргасан байх ёстой байсан. Гэтэл Жужу ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч, тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Адилбишийн хувьцаа эзэмшигчдийн санал нэгтэй гаргасан шийдвэргүйгээр бие даан шийдвэрлэж, дур мэдэн Төрийн банк ХХК-тай 2017.07.27-ны өдөр байгуулсан 215/01 тоот барьцааны гэрээ нь ИХ-н 56.1.8-т заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хуулийн үндэслэлтэй байх тул уг гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн Жужу ХХК нь 215 тоот Зээлийн гэрээний дагуу хариуцагчид олгогдсон зээлийн мөнгөн хөрөнгөөс нэг ч төгрөгийг өөртөө авч ашиглаагүй. Зээлдэгч нь 100 хувь өөрийн үйл ажиллагаандаа зарцуулсан байдаг. Иймд дээрх зээлийн гэрээний үүргийг зээлдэгч буюу Максимускапитал ББСБ ХХК биелүүлэх ёстой байтал уг зээлийн эргэн төлөлтийг Жужу ХХК-ийн хөрөнгөөр хангуулахаар шаардаж байгаа нь мөн үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 102/ШШ2019/02197 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Максимускапитал ББСБ ХХК-иас 1,095,147,756 төгрөг гаргуулж Төрийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 178,447,074 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Төрийн банк ХХК, Максимускапитал ББСБ ХХК-д холбогдох 2017.07.27-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Жужу ХХК-ийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Максимускапитал ББСБ ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байршилтай нэгж талбарын 148005/0069 дугаарт бүртгэлтэй, ГД-000300271 дугаар гэрчилгээтэй 379м2 талбай бүхий эзэмшил газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203010580 дугаарт бүртгэлтэй, 000172201 дугаар гэрчилгээтэй 2790м2 талбайтай барилгын 1395м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,227,940 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Максимускапитал ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5,703,889 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, Жужу ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,200,000 төгрөгөөс 5,157,950 төгрөгийг улсын орлогод үлдээж илүү төлсөн 42,050 төгрөгийг улсын орлогоос гаргуулан Жужу ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1964 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/02197 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Жужу ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээгээр Төрийн банк болон Максимускапитал ББСБ нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 1 тэрбум төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар тусгасан байсан. Жужу ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг 1 тэрбум төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хэлцэл нь манай компанийн 2017 оны 2-р улирлын санхүүгийн тайлангийн баланстай харьцуулахад 48 хувийг эзэлдэг юм. Компанийн тухай хуулийн 87.1.1-д хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансийн активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбоотой хэлцэл их хэмжээний хэлцэл байна гэж заасан ба мөн хуулийн 88.1-т заасны дагуу их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурал санал нэгтэйгээр гаргана гэж хуульчилсан байна. Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэхийн тулд Компанийн тухай хуулийн 61.1-д заасны дагуу гүйцэтгэх захирал ээлжит бус хурлыг зарласан байх, 65.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигч нартаа мэдэгдсэн байх ёстой ба 69.1-д заасны дагуу компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болдог. Гэтэл Жужу ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан М.Адилбиш нь 2017.06.09-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуульд заасан журмын дагуу албан ёсоор зарлан хуралдуулаагүй атлаа хуралдуулсан мэтээр баримт бичиг үйлдэж, дээрх шийдвэрт хувьцаа эзэмшигч Ц.Ядамцэцэг, О.Энхпүрэв нарын гарын үсгийг дуурайлган зурсан тул энэхүү хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй юм. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрт хувьцаа эзэмшигч нар гарын үсгээ зураагүй болох нь тус иргэний хэрэгт авагдсан хувьцаа эзэмшигч нарын хурлын шийдвэрийг болон компанийн дүрэмд зурагдсан гарын үсэгтэй харьцуулан харахад маш тодорхой харагддаг. Гэтэл хоёр шатны шүүхээс энэхүү үйл баримт, нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь огт үнэлээгүйд гомдолтой байна. Төрийн банк болон Жужу ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Адилбиш нарын хооронд 2017.07.27-ны өдөр 215/01 тоот барьцааны гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээг байгуулах үед Компанийн хувьцаа эзэмшигч нар нь Б.Сонинчимэг, Б. Цэцэгээ нар болсон байсан ба тэдэнд огт мэдэгдээгүй, Компанийн хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулаагүй, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг санал нэгтэйгээр огт гаргаагүй байдаг. Тиймээс уг гэрээ нь Компанийн тухай хуулийн 87.1.1, 88.1 болон ИХ-н 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байхад шүүх дээрх хуулийн заалтыг хэрэглэлгүйгээр гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнээд байгаад гомдолтой байна. Түүнчлэн,хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг Чингэлтэй дүүргийн иргэний анхан шатны шүүхийн 2019.09.10-ны өдрийн 182/ШШ2019/01500 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус болгож шийдвэрлэсэн тухай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо тодорхой дурдсан боловч шүүх хэрэгт ач холбогдолтой талаас нь авч үзээгүй. Хэрэв шүүх дээрх шүүхийн шийдвэрийг энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлсэн бол барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй болох нь тодорхой байна. Компанийн тухай хуулийн 87.1.1-д хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансийн активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбоотой хэлцэл их хэмжээний хэлцэл байна гэж заасан ба мөн хуулийн 88.1-д заасны дагуу их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурал санал нэгтэйгээр гаргана гэж цагаан дээр хараар маш тодорхой хуульчилсан байна. Дээрх хуулийн заалтаас үзвэл Компанийн хэлцэл хийхийн өмчлөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбоотой хэлцэл их хэмжээний хэлцэл байх ба энэ тохиолдолд хувьцаа эзэмшигч нар санал нэгтэй шийдвэр гаргасан байх тухай хуулийн шаардлага тавигдсан байна. Өөрөөр хэлбэл уг заалтаар компанийн эд хөрөнгийн захиран зарцуулах, барьцаалахад хувьцаа эзэмшигчийн эдлэх эрхийг тодорхой хуульчилсан гэж ойлгохоор байна. Анхан шатны шүүх Иргэний хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг хангаагүй, давж заалдах шатны шүүхээс дээрх хуулийг буруу тайлбарлан, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хязгаарласан дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Жужу ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох Б.Сонинчимэг нь тус компанийн 2017.06.09-ний өдрийн 04\17 тоот Хувьцаа эзэмшигч нарын ээлжит бус хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2019.03.27-ны өдрийн 182/ШЗ2019/025 73 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байдаг. /Захирамж иргэний хэрэгт хавсрагдсан/. Төрийн банк, Максимускапитал ББСБ болон Жужу ХХК-ийн хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр болохын тулд их хэмжээний хэлцэл байгуулахыг зөвшөөрсөн гэх Жужу ХХК-ийн 2017.06.09-ний өдрийн 04\17 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр нь хүчин төгөлдөр байх ёстой. Гэтэл энэ талаар шүүхэд маргаан үүссэн ба Б.Сонинчимэгийн нэхэмжлэлтэй Жужу ХХК, М.Адилбиш нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө Төрийн банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. ИХШХШТХ-н 80.1.4-т заасан үндэслэл бүрдсэн тул Төрийн банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж иргэний хэргийг шийдвэрлэж шүүхийн шийдвэр гарсан. Уг шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн. Гэтэл дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэж шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2019.09.10-ны өдөр Б.Сонинчимэгийн нэхэмжлэлтэй Жужу ХХК болон тус компанийн хувьцаа эзэмшигч байсан М.Адилбиш нарт холбогдох Жужу ХХК-ийн 2017.06.09-ний өдрийн хувьцаа эзэмшигч нарын ээлжит бус хурлын тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан болж, тус шүүхийн 182/ШШ2019/01500 дугаар шийдвэрээр дээрх хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлээд байна. Энэхүү шийдвэр гарснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.21-ний өдрийн 02197 дугаар шийдвэрийн үндэслэх нь хэсэгт дурдагдсан Жужу ХХК-ийн 2017.06.09-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд бүх хувьцаа эзэмшигч нар оролцож хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байх тул 2017.06.09-ний өдрийн 04\17 тоот шийдвэр Компанийн тухай хуулийн 63.5-т заасны дагуу хүчин төгөлдөр болсон байна гэх дүгнэлтийг үндэслэлгүй болохыг харуулж байна. Эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр ИХШХШТХ-д зохицуулсан. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын үндэслэл болох 2017.07.27-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээг Жужу ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2017.06.09-ны №04/17 тоот Тогтоолыг үндэслэн байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ гэж тайлбарладаг. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр гүйцэтгэлийг хангуулах шаардлага, үндэслэлтэй холбоотой нотлох баримтын хүчин төгөлдөр эсэхийг тогтоолгохоор өөр шүүхэд Иргэний хэргийн маргаан үүссэнийг анхаараагүй. Улмаар Жужу ХХК-ийн 2017.07.27-ны өдрийн 04\17 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдож, Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан ба уг шүүхийн шүүхийн шийдвэр нь хэргийн шийдэлд чухал ач холбогдолтой баримт юм. Үүнээс шалтгаалан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдэх боломжгүй болоод байгааг шүүх анхаарахыг хүсье. Хоёр. Шүүх хуулиар тогтоосон ХХША-ны журам зөрчсөн талаар. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт тухайн этгээдийг шүүх хуралдаанд оролцох боломжгүй болгосон бодит нөхцөл байдлыг хэлэх бөгөөд уг шалтгааныг хүндэтгэн үзэх эсэхийг шүүх тухай бүрт өөрөө шийдвэрлэх боловч энэ нь нотолгоо, баримтад үндэслэсэн эсэх, шүүхэд урьдчилан мэдэгдсэн эсэхээс шууд хамааралтай болохыг анхаарах нь зүйтэй гэж 2009.11.30- ны өдрийн 04 дугаар Монгол улсын Дээд шүүхийн зөвлөмжинд заасан. Өмгөөлөгч Б.Наранцэцэг нь Япон улсад зорчих болсон тул товлогдсон шүүх хуралдааны товыг өөрчлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд шүүх хуралдаан болохоос 8 хоногийн өмнө бичгээр гарган, өөрөө нотлох баримтын хамт хүргэж өгсөн байдаг. Өмгөөлөгч нь гадаад улс руу явах шаардлагатай, шалтгаантай болоод шүүхэд энэ тухайгаа мэдэгдэж хүсэлтээ гаргаад явсан. Монгол улсад байхгүй байсан нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон бодит нөхцөл байдал тул хүндэтгэн үзэх шалтгаан юм. Япон улсруу зорчих болсон тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай болсон талаарх, түүнчлэн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтдээ дурьдан, нотлох баримтаар онгоцны тийзээ хавсарган шүүхэд өөрөө хүргэж өгсөн байдаг. Монгол улсын Үндсэн хуулийн 16.14-д заасны дагуу өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах зэрэг эрхтэй ба ИХШХШТХ-н 25.1-д заасны дагуу өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах эрхтэй байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцох шаардлагатай байгаагаа тайлбарлан өмгөөлөгчтэй оролцох боломжоор хангахыг удаа дараа хүссээр байхад манай төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг цааш нь үргэлжлүүлж, биднийг өмгөөлөл хууль зүйн туслалцаа авах эрхийг маань зөрчсөн. Зориуд өмгөөлөгчийн гадаад улс руу явсныг далимдуулан түүнийг эзгүйд хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлан хууль зүйн туслалцаа үйлчилгээ авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан явдалд гомдолтой байна. 2. ИХШХШТХ-н 14.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин байгаа газрын шүүхэд гаргана гэж, 14.2-т Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргана гэж тус тус заасны дагуу Төрийн банк нь Максимускапитал ББСБ-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа түүний ажил хэргээ байнга явуулдаг, удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой байсан. Гэтэл Төрийн банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт авагдсан Максимускапитал ББСБ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон тус компанийн хуулийн этгээдийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, Төрийн банк болон Максимускапиталын хооронд байгуулагдсан 2017.07.27-ны өдрийн Зээлийн гэрээ, Баянгол дүүргийн 11-р хорооны Засаг даргын 2018.09.28-ны өдрийн тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019.02.18-ны өдрийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тус тус хариуцагчийн байнга үйл ажиллагаа явуулдаг газар нь Баянгол дүүрэгт биш Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Сөүлийи гудамж, Од плаза 303 тоотод оршин суух бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдсон бөгөөд ХХША-ны явцад хариуцагч нарын гаргасан тайлбар, хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлт зэргээр давхар нотлогдсоор байтал анхан шатны шүүх нь хэргийг харьяалал зөрчиж хянан шийдвэрлэсэн. ИХШХШТХ-н 20.1.1-д заасны дагуу талуудын тайлбар болон холбогдох баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяалал зөрчсөн нь илэрвэл шүүх хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад шүүхийн тогтоол, шүүгч захирамж гарган хэргийг харьяаллын дагуу шилжүүлнэ гэж заасны дагуу Жужу ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019.08.21-ний өдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө Шүүхийн харьяалал зөрчин Иргэний хэрэг үүсгэсэн болох нь олон баримтаар тогтоогдож байсан тул гуравдагч этгээдийн төлөөлөгч мөн хэргийг шилжүүлэх нь зүйтэй байна хэмээн хэргийг шилжүүлэх хүсэлт тавьсан боловч шүүх ямар ч үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзсан. .. хариуцагчийн албан ёсоор оршин суугаа газар нь Сүхбаатар дүүрэгт бүртгэлтэй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн зүгээс илэрхийлсээр байтал хэргийг харьяаллын дагуу шилжүүлэлгүйгээр ИХШХШТХ-н 14.1, 14.2-т заасан хэргийн харьяаллыг зөрчиж иргэний хэргийг шийдвэрлэсэн болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэргийн харьяалал зөрчиж, хэрэг маргааныг шийдвэрлэсэн асуудлыг хүлээн авч, үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр бидний гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. 3. ИХШХШТХ-н 92.2-т заасныг дагуу тус шүүхийн 91.1-д заасан шүүгчийг татгалзан гаргах үндэслэл шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй ба мөн хуулийн 92.6-д заасны дагуу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийн татгалзан гаргах тухай хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэдэг журамтай. 92.2-т заасны дагуу шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрч, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтэй байгаагаа удаа дараа тавьсан боловч шүүгч хүсэлтийг илт үндэслэлгүйгээр, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хүлээн авахаас татгалзсан нь шүүгч Иргэний хэргийг өөрөө шийдвэрлэх сонирхолтой байсны бас нэгэн нотолгоо юм. Анхан шатны шүүхийн шүүгч нь ийнхүү шүүх хуралдааны явцад гаргасан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг 92.6-д заасны дагуу тус шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрлэх байтал, уг хүсэлтийг өөрөө шийдвэрлэж, өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн болно. Дээрхээс үзэхэд шүүх хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс, бодитоор харьцуулан үнэлээгүй. Хариуцагч талыг үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг шүүхийн журмаар олгосон явдалд гомдолтой байна. Иймд ИХШХШТХ-н 106.2-т заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн, нотлох баримтыг буруу үнэлсэн, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянах шаардлагатай тул шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Төрийн банк ХХК 2018.09.21-ний өдөр шүүхэд хандаж Максимускапитал ББСБ ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,273,594,830 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Жужу ХХК-ийн өмчлөлийн барьцааны хөрөнгөөс хангуулахыг шаардсан байна.

Хариуцагч Максимускапитал ББСБ ХХК ...2018.09.21-ний өдрөөс 2019.01.14-ний өдөр хүртэл хугацааны хүү шаардах эрхгүй .. гэж маргасан байна.

Гуравдагч этгээд Жужу ХХК нь ...үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээ зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн тул үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох бие даасан шаардлага гаргаж байна.. гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Татгалзан гаргах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй бол хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэнтэй адилтгаж үзнэ.

Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, гуравдагч этгээдээс хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлэсэн 2019.07.05-ны өдрийн 102/ЕШ2019/01859 дугаартай захирамжийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч /хх 3-н 158/ шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй /хх3-н 159 ар тал/ байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсгийг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4 дэх хэсэгт нийцээгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан тул гуравдагч этгээдийн гомдлын талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, зээл олгох-авах хэлбэрээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж буй нь холбогдох хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/02197 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1964 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд Жужу ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 5,157,950 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД, Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ