Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1903

 

Г.Э-ны нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/01761 дугаар шийдвэртэй, Г.Э-ны нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Г.Э нь 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн бараа, бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний дагуу 20 ширхэг иж бүрэн Дуалкор маркийн компьютерийг ширээ сандал, маус, кэйбоардын хамт нэг бүрийг нь 300 000 төгрөгөөр үнэлж, нийт 6 000 000 төгрөгөөр С.Б-д худалдсан. С.Б гэрээний зүйлийг хүлээн аваад, ашигласан бөгөөд энэ хугацаанд түүний ажлын байр нь байнга өөрчлөгдөж, төлбөр хийхээс ямар нэгэн байдлаар зайлсхийж, сүүлдээ холбогдохоор утсаар заналхийлэх маягтай харьцах болсон. Нэг ч төгрөг төлөөгүй. Цагдаагийн байгууллагад хандахад “гэрээтэй тул иргэний шүүхээр яв” гэсэн.

Нэхэмжлэгч нь маргааныг эвээр буюу худалдан авагчийн боломж бололцоог харж шийдвэрлэхийг хүсдэг байсан. С.Б-ийг эрэн сурвалжилснаар одоогийн оршин сууж байгаа хаягийг нь олж тогтоосон. Иймд үүргээ биелүүлэхгүй байгаа хариуцагчаас гэрээний үнэ 6 000 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг, нийт 9 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Э-тай 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 20 ширхэг компьютерийг 6 000 000 төгрөгөөр худалдан авсан, үнийг 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Ингээд худалдан авсан компьютеруудаа ажиллуулж үзэхэд доголдолтой, эвдэрхий байсан тул гэрээг цуцалж, компьютеруудыг буцаан авахыг удаа дараа шаардсан ч аваагүй өнөөдрийг хүрч байна. Гэрээ байгуулсан хугацаа нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дуусаж байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Б-оос нийт 6 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Э-д олгож, үлдэх 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Э-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Талууд 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 20 ширхэг компьютерийг 1 бүрийн үнэ 300 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, үнийг 17 хоногийн хугацаанд буюу 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 хоногийн хугацаанд төлбөрийг төлж барагдуулахаар гэрээний хугацааг сунгасан. Ингээд худалдах, худалдан авах гэрээний хугацаа 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дуусч, уг гэрээний талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэсний дагуу 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дууссан байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дууссан, уг өдрөөс хойш нэхэмжлэгч Г.Э-ны эрх зөрчигдсөн тул шаардах эрх энэ үеэс үүссэн. Хэргийн материалаас үзэхэд, нэхэмжлэгч Г.Э зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэлээ 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргаснаар худалдах, худалдан авах гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2 жил хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим болох 6 000 000 төгрөгийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсний дагуу хариуцагч талаас шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж гэрээний үүрэг болох 9 000 000 төгрөг төлөхөөс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн.

Гэтэл шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу шаардах эрхтэй гэж дүгнэсэн атлаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар хариуцагчийн гаргасан хуульд заасан татгалзлыг харгалзан үзээгүй, шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбар гаргаж байх боловч компьютерууд доголдолтой байсан гэж маргах тул тус тайлбар үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй. Хариуцагчаас компьютерууд доголдолтой байсан талаар бичгээр хариу тайлбар гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч С.Б-д холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 9 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл, талууд 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр 20 ширхэг компьютерийг иж бүрдлийн хамт, нэг бүрийн үнийг 300 000 төгрөг буюу нийт 6 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь гэрээний үнийг 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх5/ Нэхэмжлэгч нь худалдан авагчид гэрээний зүйл болох эд хөрөнгийг шилжүүлсэн, улмаар төлбөр төлөх хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 хоногоор сунгасан үйл баримт болон дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Худалдан авагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн эд хөрөнгийн үнийг гэрээнд заасан алданги тооцож 3 000 000 төгрөгийн хамт гаргуулна гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж, хариуцагч нь гэрээний дагуу хүлээн авсан эд хөрөнгө доголдолтой байсан, гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэх үндэслэлээр үүрэг гүйцэтгэхээс татгалзсан байна.  

Анхан шатны шүүх, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаарх үйл баримтыг тодруулаагүй, талуудыг мэтгэлцүүлээгүй буюу хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь худалдан авагч талыг гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж, тухайн шийдвэрийн дагуу хаягийг олж тогтоосноор уг нэхэмжлэлийг гаргасан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх, дурдсан ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/01761 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч С.Б давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 110 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                        ШҮҮГЧИД                                Н.БАТЗОРИГ

                                                                                         Т.ТУЯА