Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/00416

 

2021           04            29                                          001/ХТ2021/00416

 

................ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/01761 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1903 дугаар магадлалтай,

 

................ы нэхэмжлэлтэй

................ид холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргалын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ................ нь 2014.02.26-ны өдрийн бараа, бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний дагуу 20 ширхэг иж бүрэн Дуалкор маркийн компьютерийг ширээ сандал, маус, кэйбоардын хамт нэг бүрийг нь 300,000 төгрөгөөр үнэлж, нийт 6,000,000 төгрөгөөр ................ид худалдсан. ................ гэрээний зүйлийг хүлээн аваад, ашигласан бөгөөд энэ хугацаанд түүний ажлын байр нь байнга өөрчлөгдөж, төлбөр хийхээс ямар нэгэн байдлаар зайлсхийж, сүүлдээ холбогдохоор утсаар заналхийлэх маягтай харьцах болсон. Нэг ч төгрөг төлөөгүй. Цагдаагийн байгууллагад хандахад гэрээтэй тул иргэний шүүхээр яв гэсэн. Нэхэмжлэгч нь маргааныг эвээр буюу худалдан авагчийн боломж бололцоог харж шийдвэрлэхийг хүсдэг байсан. ................ийг эрэн сурвалжилснаар одоогийн оршин сууж байгаа хаягийг нь олж тогтоосон. Иймд үүргээ биелүүлэхгүй байгаа хариуцагчаас гэрээний үнэ 6,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ................тай 2014.02.26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 20 ширхэг компьютерийг 6,000,000 төгрөгөөр худалдан авсан, үнийг 2014.03.15-ны өдрийг хүртэл хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Ингээд худалдан авсан компьютеруудаа ажиллуулж үзэхэд доголдолтой, эвдэрхий байсан тул гэрээг цуцалж, компьютеруудыг буцаан авахыг удаа дараа шаардсан ч аваагүй өнөөдрийг хүрч байна. Гэрээ байгуулсан хугацаа нь 2017.03.15-ны өдөр дуусаж байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/01761 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ................оос нийт 6 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ................д олгож, үлдэх 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ................оос улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ................д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1903 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/01761 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч ................ давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 110 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал хяналтын гомдолдоо: Шийдвэрийн зарим хэсэг болон магадлалыг хүчингүй болгуулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай. Гомдлын үндэслэл: ................ нь ................ид холбогдуулан “Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тус шүүх 2019.09.06-ны өдрийн 01761 дугаартай шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шийдвэрийн зарим хэсэг буюу 6,000,000 төгрөгийг гаргуулах хэсгийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч тус шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Дээрх магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгуулахаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал миний бие энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: Магадлалын үндэслэх хэсэгт “Анхан шатны шүүх, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаарх үйл баримтыг тодруулаагүй, талуудыг мэтгэлцүүлээгүй буюу хэрэг ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь ИХШХШТХ-ийн 6-р зүйлийн 6.4-т “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасны дагуу хариуцагчийн төлөөлөгч миний бие шүүх хуралдаан дээр тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул төлбөр төлөхөөс татгалзаж тайлбараа гаргасан бөгөөд тус тайлбартай холбогдуулан нэхэмжлэгчээс мөн тайлбараа гаргаж талууд мэтгэлцсэн. Түүнчлэн хэрэг хэлэлцэж байх явцад хурал даргалагч нь нэхэмжлэгчээс хөөн хэлэлцэх хугацааны талаарх үйл баримт болон хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байсан эсэхийг тодруулж асуусан байдаг. Энэ талаар 2019.09.06-ны өдрийн шүүх хуралдааны 01761 дугаартай тэмдэглэлд тусгагдсан. Мөн тус магадлалын үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч нь худалдан авагч талыг гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй улмаас цагдаагийн байгууллагад гомдол гаргсан, шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж, тухайн шийдвэрийн дагуу хаягийг олж тогтоосноор уг нэхэмжлэлийг гаргасан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна” гэж дүгнэснээс үзэхэд ИХШХШТХ-ийн 6-р зүйлийн 6.5-т “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч ................ зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэлээ 2019.05.15-ны өдөр шүүхэд гаргаснаар худалдах, худалдан авах гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2 жил хэтрүүлсэн нь харагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэж байгаа бол холбогдох нотлох баримтаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн гаргах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч хэрэгт ач холбогдолтой гэж үзэж байгаа холбогдох нотлох баримтаа гаргах үүргээ биелүүлээгүй байхад давж заалдах шатны шүүхээс “...энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна” гэж үзэж анхан шатны шүүх рүү хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. ИХШХШТХ-ийн 6.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, мөн хуулийн 6.4-т нотлох гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” мөн ИХШХШТХ-ийн 161-р зүйлийн 161.4-т “Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж заасныг тус тус зөрчсөн. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад дурдсан ажиллагааг гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 82-р зүйлийн 82.1-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч ................ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөөгүй, хөөн хэлэлцэх өнгөрсөн тул худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 9,000,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж эрхээ хэрэгжүүлсэн нь үндэслэлтэй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, шийдвэрийн зарим хэсэг болон магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ................, хариуцагч ................ид холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээний зүйл доголдолтой байхад нэхэмжлэгч буцааж аваагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэл заажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

 

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, маргаантай асуудлаар зохигч бүрэн мэтгэлцэж чадаагүй нөхцөл байдалд дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

................ нь 2014.02.26-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 20 ширхэг компьютер, иж бүрдлийн үнэ 6,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөгийг шаардаж, 2019.05.15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасанд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг шүүх тодруулаагүй, зохигч мэтгэлцээгүй тул Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байдал тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь ерөнхий болон тусгай гэж ангилагддаг.

Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ.

Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг шүүх шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаа зогсох, эсхүл тасалдах үндэслэл байсан эсэх, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээх эсэх асуудлаар зайлшгүй эрх зүйн дүгнэлт хийх ёстой ба ийнхүү дүгнэлт хийхийн тулд талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар мэтгэлцсэн байх учиртай. Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хөөн хэлэлцэх хугацааны талаар эцэслэн дүгнэх боломжгүй байна.

 

Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1903 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 113,081 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.УНДРАХ

                               ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД