Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 01761

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г. Э/РД: /-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Б/РД: /-д холбогдох,

 

9 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Э нь 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Бараа, Бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний дагуу 20 ширхэг иж бүрэн Дуалкор маркийн компьютерийг ширээ сандал, маус, кэйбоардын хамт нэг бүрийг нь 300 000 төгрөгөөр үнэлэн нийт 6 000 000 төгрөгөөр харилцан тохирч С.Бид худалдсан. С.Б уг эд хөрөнгийг хүлээн авч яваад, ашгилсан бөгөөд энэ хугацаанд түүний ажлын байр нь байнга өөрчлөгдөж, төлбөр хийхээс ямар нэгэн байдлаар зайрсхийж, сүүлдээ холбогдохоор утсаар заналхийлэх маягтай харьцах болсон. Нэг төгрөгийг ч төлөөгүй өнөөдрийг хүрсэн байна.

Цагдаагийн байгууллагад хандахад та нар гэрээтэй тул иргэний шүүхээр яв гэсэн бөгөөд Г.Э нь энэ асуудлыг аль болох эв зүйгээр худалдан авагчийн боломж бололцоог харан шийдэхийг эрмэлзэж байв. С.Бийг сүүлдээ бүр эрэн сурвалжилж одоогийн энэ хаяг дээр байхыг нь олж тогтоосон байдаг.

Иймд гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа энэ хүнээс нийт 9 сая төгрөгийг гаргуулан өгч туслалцаа үзүүлнэ үү.” гэв.

 

Хариуцагч С.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Г.Эы нэхэмжлэлтэй С.Бид холбогдох “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг гаргуулах тухай” иргэний нэхэмжлэлтэй танилцаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал миний бие дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Хариуцагч С.Б нь нэхэмжлэгч Г.Этай 2014 оны 02-р сарын 26-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулан 20 ширхэг компьютерийг 6 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд үнийг 2014 оны 03-р сарын 15-ны өдрийг хүртэл хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

Ингээд худалдан авсан компьютеруудаа ажиллуулж үзэхэд доголдолтой, эвдэрхий байсан тул С.Б нь Г.Этай байгуулсан гэрээгээ цуцалж буцааж компьютеруудаа авахыг удаа дараа шаардсан боловч Г.Э компьютеруудаа буцааж аваагүй өнөөдрийг хүрч байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Э хариуцагч С.Бид холбогдуулан барааны үнэ 6 000 000/зургаан сая/ төгрөгийг, алдангид 3 000 000/гурван сая/ төгрөгийг, нийт 9 000 000/есөн сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч С.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал нь компьютерууд доголдолтой, эвдэрхий байсан гэж маргасан.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Гэрээний 1-т зааснаар нэхэмжлэгч нь компьютер, ширээ, сандлаас бүрдэх 20/хорь/ ширхэг иж бүрдлийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан

 

Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Гэрээний 1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нийт 6 000 000/20x300000=6000000/ /зургаан сая/ төгрөгийн үнэ бүхий компьютер, ширээ, сандлаас бүрдэх 20/хорь/ ширхэг иж бүрдлийг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Гэрээгээр тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар мараагүй болно.

 

Хариуцагч нь компьютерууд доголдолтой байсан гэх үндэслэлээр 20/хорь/ ширхэг иж бүрдлийн нийт үнэ 6 000 000/зургаан сая/ төгрөгийг төлөөгүй гэх тайлбар гаргаж байх боловч тус тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбар гаргаж байх боловч хариуцагч нь компьютерууд доголдолтой байсан гэж маргаж байсан байх тул тус тайлбар үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас компьютер, ширээ, сандлаас бүрдэх 20/хорь/ ширхэг иж бүрдлийн үнэ 6 000 000/зургаан сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

          Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 3 000 000/гурван сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

          Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “... анзын гэрээг бичгээр хийнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хүү тооцохоор харилцан тохиролцсон байх боловч алданги тооцохоор тохиролцоогүй болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алданги гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас нийт 6 000 000/9000000-3000000=6000000/ /зургаан сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 3 000 000/9000000-6000000=3000000/ /гурван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Боос нийт 6 000 000/зургаан сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Эд олгож, үлдсэн 3 000 000/гурван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Боос нийт 6 000 000/зургаан сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Эд олгож, үлдсэн 3 000 000/гурван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Эы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Боос улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Эд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ