| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Туяа |
| Хэргийн индекс | 102/2019/02127/и |
| Дугаар | 1877 |
| Огноо | 2019-11-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 1877
“ЧХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02308 дугаар шийдвэртэй, “ЧХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ГӨП” ХХК, “ЦХ” ХХК, П.Т, Т.Б нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 594 364 991 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Т.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдарсүрэн, Ж.Цэцэгсүрэн, хариуцагч “ГӨП” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Байгалмаа, хариуцагч Т.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, хариуцагч П.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: “ГӨП” ХХК, Т.Б нар нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “ЧХБ” ХХК-тай, ББГ-2017/ЗГ/45 дугаар зээлийн гэрээ байгуулж, 157 000 ам.долларыг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, гэрээний үүргийг хангуулахаар 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч “ЦХ ХХК”, П.Т нартай ББГ-2017/БГ/45/01 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг, хариуцагч “Грийтөүшн пикчерс ХХК”, Т.Батзул, Б.Тэнгэс нартай ББГ-2017/БГ/45/02 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 48-р байрны 58 тоот, улсын бүртгэлийн Ү-2205002743 дугаарт бүртгэгдсэн орон сууц, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, ГД-00013299 гэрчилгээтэй, үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх, ГД-00033383, ГД-000313382, ГД-000313381 гэрчилгээтэй, үр тарианы зориулалттай газар эзэмших эрх, дээрх гэрчилгээ бүхий 4 газар дээр баригдаж байгаа агуулах, гүний худаг, цахилгааны шугам, дэд станц зэрэг хөрөнгөнүүд, Монгол улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/185 тоот тушаалаар олгогдсон Зохиогчийн эрхийн 8449 дугаар гэрчилгээ, Чингис хаан киноны дотоод болон гадаадаас орж ирэх борлуулалтын орлого, зээлдэгч Т.Б-ын цалин, түүнтэй адилтгах орлого, бусад аж ахуйн нэгж, байгууллагад Б.Тэнгэс, Т.Б нарын эзэмшиж байгаа хувьцаа, бизнесийн орлого зэргийг тус тус барьцаалсан.
Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дуусах ёстой байсан боловч зээлдэгчийн хүсэлтээр 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1 гэрээг байгуулж, зээлийн ББГ-2017-ЗГ/45/01 тоот гэрээний хугацааг 8 сараар сунгасан. Зээл нь зээлдэгч нарын хийж, гүйцэтгэж байгаа Чингис хаан нэртэй бүрэн хэмжээний, анимейшн кинонд олон улсын стандарт шаардлага хангасан англи дуу оруулга оруулах зориулалттай болно. Зээлдэгч нар гэрээний үүргээ зөрчиж, уг зөрчлийг арилгахыг удаа дараа мэдэгдсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Т.Бболон “ЦХ” ХХК, П.Т нар зээлийн болон барьцааны гэрээний дагуу үүрэг хүлээхээр харилцан тохирч, гэрээ байгуулсан туп хариуцагчаар татсан.
Зээлдэгч нь зээл авснаас хойш зээл болон зээлийн хүүд ямар ч эргэн төлөлт хийгээгүй тул 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 157 000 ам.доллар, зээлийн хүү 63 735.98 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 5 146.66 ам.доллар, нийт 225 882.64 ам.доллар төлөх үүрэгтэй болсон. Иймд зээлдэгч “ГӨП” ХХК, Т.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 225 882.64 ам.доллар буюу 1 ам.долларыг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханш болох 2 631.58 төгрөгөөр тооцож, нийт 594 364 991 төгрөг гаргуулах, шийдвэрийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлдэгч, барьцаалуулагч нар болох “ЦХ” ХХК, П.Т нарын барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “ГӨП” ХХК нь Чингис хаан нэртэй бүрэн хэмжээний анимейшн төрлийн кинонд олон улсын стандарт шаардлага хангасан англи дуу оруулга хийх зориулалтаар “ЧХБ” ХХК-иас 157 000 ам.долларын зээлийг хүссэн бөгөөд “ЧХБ” ХХК-ийн зээлийн хорооны 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр иргэн Т.Б-ыг зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурах шаардлагатай гэж үзсэн учраас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зээлийн ББГ-2017/ЗГ/45 тоот гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны ББГ-2017/БГ/45/02 тоот гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Гэвч нэхэмжлэгчийн олгосон зээл хариуцагч “ГӨП” ХХК-д олгогдож байгаа, түүнийг Т.Б авч ашиглах гэсэн хүсэл зориг байгаагүй буюу иргэн Т.Б өөрөө хүсч гэрээнд оролцоогүй, хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг байхгүйг мэдсээр байж, гэрээнд оролцуулж гарын үсэг зуруулсан нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзнэ.
Иймд Т.Б дээрх зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцах үндэслэл байхгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй тул Т.Б дээрх зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцах үндэслэл байхгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцохоор зохицуулсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүрэг хүлээдэг. Гэтэл зээл авах хүсэлтийг “ГӨП” ХХК нь “Чингис хаан” банкинд гаргаж, авсан зээлээ өөрийн үйл ажиллагаанд зарцуулсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа ба зээлийг буцаан төлөх үүргийг зээлдэгч хүлээж байгаа болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа “ГӨП” ХХК, иргэн Т.Б, “ЦХ” ХХК, П.Т нарт холбогдуулан гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь “ГӨП” ХХК, Т.Бнараас зээлийн гэрээний үүрэгт 225 882.64 ам.доллар буюу 1 ам.долларыг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Монгол банкны ханш 2 631.58 төгрөгөөр тооцож, нийт 594 364 991 төгрөг гаргуулах, шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлдэгч болон барьцаалуулагч “ЦХ” ХХК, П.Т нарын барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох үүрэгтэй боловч дээрх шаардлага нь ойлгомжгүй, хариуцагч нарын хэнээс хэдэн ам.долларыг шаардаж байгаа нь тодорхой бус байх тул Т.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
Хариуцагч “ГӨП” ХХК-ийн төлөөлөгч Б.Тэнгэс тайлбартаа: “ЧХБ” ХХК-иас зээлсэн 157 000 ам.долларыг манай компани хариуцан төлөх үүрэгтэй. Учир нь, уг зээлийг “Чингис хаан” анимейшн хүүхэлдэйн киноны англи дуу оруулалтад зарцуулсан бөгөөд энэ киноны гадаад зах зээлийн борлуулалт саатсан учир зээлээ төлөх боломжгүй байдалд орсон. Манай компанитай хамт хариуцагчаар татагдсан компани, хувь хүмүүс зээлийг аваагүй учраас бусад хариуцагч нар зээл хариуцан төлөх ёсгүй. Киноны гадаад зах зээл дэх борлуулалт яриа хэлэлцээрийн шатанд явагдаж байгаа тул 2019 оны 12 дугаар сард борлуулалтын мөнгө орж, зээлээ төлөх боломжтой болно.
Нэхэмжлэлд зээлийн хүүг илүү тооцсон гэж үзэж байна. Манай компанийн авсан зээлийн жилийн хүү 21.6 хувь бөгөөд үүнийг 12 сард хуваахад сарын 1.8 хувь буюу 157 000 ам.долларын сарын хүү 2 826 ам.доллар байхад банк сарын хүүг дунджаар 2 880 ам.доллараар тооцсон байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ГӨП” ХХК, Т.Бнараас нийт 594 364 991 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЧХБ ХХК”-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл “ГӨП ХХК”-ийн өмчлөлд буй Чингис хаан нэртэй, анимейшн төрлийн бүтээлийн 8449 дугаар гэрчилгээгээр баталгаажсан зохиогчийн эрх, бусад аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшиж байгаа Б.Тэнгэс, Т.Б нарын хувьцаа, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 48-р байрны 58 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205002743 дугаарт бүртгэгдсэн, П.Тийн өмчлөлийн 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, хариуцагч “ЦХ” ХХК-ийн эзэмшиж буй, Сэлэнгэ аймаг, Шаамар суманд байрлалтай, ГД-00013299 гэрчилгээтэй, нэгж талбарын 171705289 дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай 17,4 га газар, ГД-000313383, ГД-000313381, ГД-000313382 гэрчилгээтэй, үр тарианы зориулалттай, газруудыг эзэмших эрх, эдгээр газруудад баригдаж буй агуулах, гүний худаг, цахилгааны шугам, дэд станцын хамт албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 102/Ш32019/06305 захирамж, шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШТ2019/00196 тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Т.Б-ын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авсан болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60, 63 дугаар зүйлийн 60.1, 63.1.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3 200 290 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “ГӨП” ХХК, Т.Б нараас 3 200 290 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Т.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсний улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно.
Шүүх шийдвэртээ зээлдүүлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн 157 000 ам.долларыг зээлдэгч "ГӨП" ХХК-ийн дансанд шилжүүлж үүргээ 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр биелүүлсэн, хариуцагч Т.Б банкны зээлийн хорооны 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны шийдвэр гарахаас өмнө зээлдэгчийн анкетийг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр бөглөж, зээл авах хүсэл зоригоо илэрхийлсэн гар бичмэл үйлдэгдсэн нь зээлдэгчийн анкетээр тогтоогдсон, Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулах саналыг хариуцагч Т.Б нэхэмжлэгчид гаргасан, зохигчид харилцан тохирч "ГӨП" ХХК-ийн бүтээсэн кинонд англи хэлээр дуу оруулахад хэрэглэхээр авсан, хамтран зээлдэгч хариуцагч Т.Б-аас нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэжээ.
Шүүх, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дугээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцох, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатай, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлэээхээр заасан. Дээрх хуулийн зохицуулалтад шүүх ямар нэг тайлбар, дүгнэлт өгөөгүй, хариуцагч Т.Б-аас нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэсэнд гомдолтой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэснийг хангаагүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч “ЧХБ” ХХК нь хариуцагч “ГӨП” ХХК, иргэн Т.Б болон “ЦХ” ХХК, П.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 594 364 991 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг сайн дараар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Т.Б бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч “ГӨП” ХХК нь зээлээр авсан мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргийг хариуцах боловч зээлийн хүүг илүү тооцсон гэх тайлбар гаргаж, хариуцагч “ЦХ” ХХК болон П.Т нар нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаагүй байна.
Хэрэгт авагдсан 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ББГ-2017/ЗГ/45 дугаартай зээлийн гэрээг зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч “ЧХБ” ХХК нь зээлдэгч “ГӨП” ХХК, Т.Б нартай байгуулжээ. /хх32-34/ Талууд уг гэрээгээр “ЧХ” бүрэн хэмжээний анимейшн кинонд олон улсын стандарт шаардлагыг хангах Англи хэл дээр дуу оруулга хийх зориулалтаар, 157 000 ам.долларыг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, зээлийн дүнгийн 1 хувиар тооцон нэг удаа шимтгэл авах, зээлдэгч нь зээлийн гэрээний ерөнхий болон хэсэгчилсэн хугацаанд заасан хуваарийн дагуу зээлээ төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн өдрөөс эхлэн гэрээний 3.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэгдүүлсэн хүүг төлөх нөхцлийг харилцан тохиролцжээ.
Зээлдүүлэгч “ЧХБ” ХХК нь мөн өдөр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, “ГӨП” ХХК, иргэн Т.Б, Б.Тэнгис нартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны ББГ-2017/БГ/45/02 дугаар гэрээ байгуулж, тус компанийн өмчлөлийн Зохиогчийн эрхийн 8449 дугаар гэрчилгээ, “Чингис хаан” нэртэй бүрэн хэмжээний анимейшн киноны борлуулалтын орлого, зээлдэгч Т.Б-ын цалин, түүнтэй адилтгах орлого, Б.Тэнгэс, Т.Б нарын бусад аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшиж буй хувьцаа, бизнесийн орлого зэргийг барьцаалсан байна. /хх40-42/
Түүнчлэн, хариуцагч “ЦХ” ХХК, иргэн П.Т нартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны ББГ-2017/БГ/45/01 дугаар гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 48-р байр 58 тоот, улсын бүртгэлийн Ү-2205002743 дугаарт бүртгэгдсэн, П.Т-ийн өмчлөлийн, 18 м.кв 1 өрөө орон сууц, ЦХ ХХК-ийн Сэлэнгэ аймаг, Шаамар суманд байрлах, ГД-00013299 гэрчилгээтэй, үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх, ГД-00033383, ГД-000313382, ГД-000313381 гэрчилгээтэй, үр тарианы зориулалттай газар эзэмших эрх, дээрх 4 газарт баригдаж буй агуулах, гүний худаг, цахилгааны шугам, дэд станц зэргийг тус тус барьцаалжээ. /хх12-15/
Зээлдэгч “ГӨП” ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр зээлдүүлэгч “ЧХБ” ХХК-тай харилцан тохиролцож, ББГ-2017/ЗГ/45 дугаартай дээрх зээлийн гэрээний хугацааг 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сунгасан байна. /хх44/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, улмаар зээл болон барьцааны гэрээ тус бүр нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1, 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасан шаардлагуудыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ болохыг зөв дүгнэжээ.
Хэрэгт авагдсан “ЧХБ” ХХК-ийн мемориалын баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээнд заасан 157 000 ам.долларыг зээлдэгч “ГӨП” ХХК-д шилжүүлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байна. /хх39/ Тус хуулийн этгээдийн хувьд дээрх үйл баримт болон гэрээний үүрэг биелүүлээгүй, зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцан төлөх талаар маргаагүй.
Харин хариуцагч Т.Б-ын хувьд нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, давж заалдах гомдлын үндэслэлээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тоооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх зээлийн гэрээг өөрийн хүсэл зоригоор байгуулаагүй, өөрийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй, олгосон зээлийг захиран зарцуулаагүй, компанийн үйл ажиллагаанд зарцуулсан зээлийн үүргийг хариуцахгүй, хамтран үүрэг гүйцэтгэгч биш гэж тайлбарлажээ. /хх91,92,129,130/
Хариуцагч Т.Б 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “ЧХБ” ХХК-д зээлдэгчийн хувиар өөрийн мэдээллээ ирүүлснээр зээлдүүлэгч тал 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зээлийн хорооны шийдвэр гаргаж, хамтран зээлдэгчээр оролцуулах, гэрээнд гарын үсэг зуруулах болсон байна. /хх29/ Энэхүү үйл баримтаас дүгнэвэл, хариуцагч Т.Б зээл авах хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн нь түүний гар бичмэл бүхий зээлдэгчийн анкетаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Тодруулбал, Т.Б нь нэхэмжлэгч талд гэрээ байгуулах санал илгээсэн, уг саналыг зээлдүүлэгч хүлээн авч, зээл олгохыг зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар 196.1.3, 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасантай нийцнэ.
Мөн хариуцагч “ГӨП” ХХК-ийн үйл ажиллагаанд Т.Б нь тухайн зээлийн мөнгөн хөрөнгийг зарцуулах хүсэл сонирхол нэг байснаар зээлдэгчийн хувиар гэрээнд гарын үсэг зурсан гэж үзэх бөгөөд зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдсонгүй.
Зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх, зээлдэгч нар гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү тооцох нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцэх тул нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэлтэй гэж дүгнэж, хариуцагч “ГӨП” ХХК, Т.Б нараас нийт 594 364 991 төгрөгийг гаргуулах, дээрх үүргийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Уг хэрэгт хариуцагчаар тодорхойлогдсон буюу барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч “ЦХ” ХХК, П.Т нар шүүхэд нэхэмжлэлийн талаар тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүйд хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагч Т.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Б давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1 643 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Т.ТУЯА