Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 101/2018/04921/и |
Дугаар | 1990 |
Огноо | 2019-11-25 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 1990
А.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/02514 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.Б-ийн хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гаргасан 5 344 340 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, А.Б-д холбогдох 28 170 647 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 12Б байр, 0 тоот 44 м.кв 3 өрөө орон сууцаар хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бу нар оролцов.
Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие “Б” ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ЗГ1207/0026 тоот зээлийн гэрээг (25 000 000 төгрөгийн үнэ бүхий) нэг жилийн хугацаатай, мөн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЗГ1207/0026 тоот зээлийн гэрээ (5 000 000) байгуулсан. Гэхдээ бодит байдал дээр эхлээд 20 000 000 төгрөг, дараа нь 10 000 000 төгрөг авсан. Ингээд 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Б” ХХК-д 10 000 000 төгрөгийг нь буцааж төлөөд 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тооцож 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл зээлийн гэрээгээ сунгасан. Энэ хугацаанд 20 000 000 төгрөгийн зээлийн хүүгээ тогтмол төлж байсан бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ЗГ1505/0122 тоот зээлийн гэрээг дараах нөхцөлөөр байгуулсан. Үүнд 20 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай 3.2 хувийн хүүтэй. Бодит байдал дээр ЗГ1505/0122 тоот гэрээний дагуу “Б” ХХК-аас А.Б би нэг ч төгрөг аваагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцогддог. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна.
2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл “Б” ХХК-д 25 344 340 төгрөг буюу 5 344 340 төгрөгийг илүү төлөлт хийсэн болно. Зээлийн гэрээг эрх бүхий этгээд байгуулаагүй учир хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд “Б” ХХК-ийг төлөөлж зээлийн менежер О.Э гарын үсэг зурсан. Гэтэл тухайн байгууллагын гүйцэтгэх захирал нь Э.А болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. “Б” ХХК-аас О.Э-д зээлийн гэрээ байгуулах итгэмжлэл олгогдоогүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 1.8 дэх хэсэгт зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ гэж үзэх үндэслэлтэй. Мөн энэ гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасан. Мөн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан гэтэл “Б” ХХК нь зээлийн данс нээсэн, зээлийн гүйлгээ хийгдсэн нь тогтоогддоггүй учир зээл олгосонд тооцох хуулийн шаардлага хангаагүй. А.Б нь гэрээнд дурдагдсан мөнгийг аваагүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дэх хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан. Уг гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. 10 000 000 төгрөгийн орлогын баримт, 20 000 000 төгрөгийн зарлагын баримтууд нь 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн огноотой байна. А.Б 10 000 000 төгрөг төлөөд 20 000 000 төгрөг авсан мэт эсвэл 20 000 000 аваад 10 000 000 төгрөгийг нь буцаан өгсөн мэт харагдана. Үүнийг зээлийг зээлээр нь хаасан гэж ойлгож болохоор байна. А.Б-ийн дансны хуулгыг авч ирсэн. А.Б д “Б” ХХК-д төлөх 10 000 000 төгрөг байгаагүй. Үнийн дүн илт зөрүүтэй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дэх хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Хариуцагчийн олгосон зээл нь зорилгоо зөрчин хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Зээлийн гэрээний 2.1.4-д эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон гэж харагдавч А.Б нь 2012 оны 8 дугаар сараас 2018 оны 8 дугаар сар хүртэл 39 258 840 төгрөг төлсөн. Үүнээс харахад хариуцагчийн хувьд нэхэмжлэгч А.Б д эргэлийн зориулалтаар мөнгө олгоогүй. Мөнгө хүүлэх зорилгоор зээл олгосон гэж үзэж байна. А.Б 20 000 000 төгрөг авчихаад 64 000 000 төгрөг төлөхөөр болж байна. “Б” ХХК нь мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль бус учир нэхэмжлэлийн шаардлага 5 344 340 төгрөгийг “Б” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Э.А шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч А.Б манай компаниас зээлийн гэрээний үүрэгт 5 344 340 төгрөг илүү төлсөн гэж шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч А.Б манай компанитай 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлж авсан. А.Б 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл зээлийн хүүнд 25 344 020 төгрөгийг төлж байсан. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс ямар нэг шалтгаангүйгээр, үндэслэлгүйгээр 2018 оны 9,10,11 дүгээр саруудын хүүг төлөхгүй байгаа. А.Б нь гэрээнд заасан 20 000 000 төгрөгөөс ямар нэг байдлаар төлөхгүй. Өнөөдрийн байдлаар 20 000 000 төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл 2 026 647 нийт 22 026 647 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
А.Б 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өөрийнхөө хүсэлтээр сунгасан бөгөөд гэрээний хугацаа 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд заасан 20 000 000 төгрөгийг надад өгөөгүй. Зээлийн гэрээний зүйл болох 20 000 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр бэлнээр гардаж буюу шилжүүлж авсан болно. “Б” ХХК нь үйл ажиллагааныхаа хүрээнд А.Б-ийн хүссэнээр зээлийг олгосон. Мөнгө хүүлж хүн хохироогоогүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал эхлээд 20 000 000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй учир хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргаж байсан бол өнөөдрийн хурал дээр зээлийн гэрээг байгуулах эрхгүй этгээд байгуулсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Уг зээлийн гэрээг “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.А баталсан. 20 000 000 төгрөг шилжүүлэн өгсөн нотлогдож байгаа учир хүчин төгөлдөр хэлцэл болохгүй юм. Бид зээлээ бэлнээр олгоод бэлнээр өгдөг байсан. 2012 оноос байгуулсан зээлийн гэрээ нь эргэлтийн хөрөнгийн мөнгө байсан. Солонгосоос машин худалдан авч ирээд лого худалдан авдаг. 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөгөө буцаан төлөөд 20 000 000 төгрөгийн дахин зээлсэн. Энэ нь өөрийнх нь хэрэгт авагдсан хүсэлтээр нотлогдоно. 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно гэжээ. А.Б нь манай компанитай холбогдуулж үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
А.Б манай байгууллагаас 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн үлдэгдэл 20 000 000 хүүгийн үлдэгдэл 5 247 980 төгрөг нийт 25 247 980 төгрөгийг төлөөгүй байна. А.Б ээс 2019 оны 5,6,7,8,9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 2 922 667 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчаас 20 000 000 төгрөг аваагүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч байгууллага мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулсан. Тиймээс талуудын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус учир хүү шаардах эрхгүй. А.Б 20 000 000 төгрөгийн зээл аваад 39 000 000 төгрөг төлсөн. Гэтэл дахин 28 000 000 төгрөг нэхэж байна. Нийтдээ 67 000 000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг мөнгө хүүлэх ажиллагаа гэж хэлэхээс өөр аргагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Б” ХХК-аас 5 344 340 төгрөг гаргуулах тухай А.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар А.Б ээс 20 000 000 төгрөг гаргуулж, “Б” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8 170 647 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Б ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 460 төгрөг, хариуцагч “Б” ХХК-аас төлсөн 345 903 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, А.Б ээс 257 950 төгрөг гаргуулж, “Б” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, өмгөөлөгч Ц.Г нар давж заалдах гомдолдоо:
… Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэх ЗГ1505/0122 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хэд хэдэн үндэслэл харагддаг.
1. Гэрээг эрх бүхий этгээд байгуулаагүй тул хэлцэл хүчин төгөлдөр бус. 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэх ЗГ1505/0122 дугаартай зээлийн гэрээнд "Б" ХХК-г төлөөлж зээлийн менежер О.З гэдэг хүн гарын үсэг зурсан. Хариуцагч буюу "Ба" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь гүйцэтгэх захирал Э.A болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харагддаг. Зээлийн менежер О.З-д нэхэмжлэгчтэй ЗГ1505/0122 дугаартай зээлийн гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэл байхгүй байгаа нь хэлцэл хүчин төгөлдөр бус гэх үндэслэлийг бий болгоно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дэх хэсэгт зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэсэн үг.
2. Зээл олгосонд тооцох хуулийн шаардлага хангаагүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дэх хэсэгт “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасан. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хариуцагч нарт зээлийн данс нээсэн, зээлийн дансанд гүйлгээ хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул зээл олгосонд тооцох хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.
3. ЗГ1505/0122 дугаартай зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээнд дурдагдсан мөнгө аваагүй. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд дурдагдсан 20 000 000 төгрөгийг аваагүй, харин 10 000 000 төгрөг авсан. Өөрөөр хэлбэл 2015 онд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд, орлогын болон зарлагын ордерийн тасалбарууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсэг бүхий зээл, хүүгийн тооцоо бодсон хүснэгтээр нотлогдоно.
Ер нь нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2012 оноос 2018 оны хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд, түүний сунгалт гэрээнүүдийн үндсэн нөхцөл, зээлийн зориулалт, төлөлт зэрэгт бодитой үнэлэлт дүгнэлт хийх шаардлагатай байгаа болно.
4. ЗГ1505/0122 дугаартай зээлийн гэрээ дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл. "Ба" ХХК-ийн санхүүгийн тамга тэмдэг бүхий 10 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий орлогын 1ш 20 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын 1 ш баримт хавтаст хэрэгт байгаа. Хоёулаа 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн огноотой, өөрөөр хэлбэл А.Б 10 000 000 төгрөг өгөөд 20 000 000 төгрөг буцаагаад авсан, эсхүл 20 000 000 төгрөг аваад 10 000 000 төгрөг буцаагаад өгсөн. Тухайн өдөр А.Б нь 20 000 000 төгрөг биш, харин 10 000 000 төгрөг зээлж авсан болох нь тогтоогдоно. Зээлийг зээлээр хаасан, мөн үнийн илт зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул 2015 оны ЗГ1505/0122 тоот зээлийн гэрээний дагуу 20 000 000 төгрөгийн зээл олгогдсон гэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм учраас ЗГ1505/0122 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болно.
5. ЗГ1710/0174 дугаартай зээлийн гэрээ бол зорилго нь зөрчигдсөн хэлцэл. Маргаж буй зээлийн гэрээний 2.1.4-т эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл олгосон гэж бичигдсэн байна. А.Б нь 2012 оны 8 дугаар сараас 2018 оны 8 дугаар сар хүртэл "Б'' ХХК-д зээлийн хүү гэж 39 258 840 төгрөг төлсөн. Гэтэл хариуцагч нь мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулж дахин үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 5 247 980 төгрөг нийт 25 247 980 төгрөг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. /бүгд нийлээд 64 506 820 төгрөг/ Нэхэмжлэгч А.Б нь 2012 онд авсан зээлийн үлдэгдэл 10 000 000 төгрөг, 2015 онд авсан 10 000 000 төгрөг буюу нийт 20 000 000 төгрөгийг "Б" ХХК-д төлөх ёстой үүнтэй маргахгүй.
Харин 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ1505/0122 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдож байгаа тул "Б" ХХК хүү шаардах эрхгүй гэж үзэж байна. Энэ тохиолдолд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл төлсөн мөнгийг 20 000 000 төгрөгөөс хасаж тооцох ёстой. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч А.Б хариуцагч “Б” ХХК-аас 5 344 340 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд заасан 20 000 000 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлгүй, хүү төлөх үүрэг үүсээгүй байсан гэж тайлбарлажээ.
Хариуцагч “Б” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч А.Б ээс үндсэн зээл 20 000 000 төгрөгийг хүү 8 170 647 төгрөгийн хамт гаргуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.
Нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр талуудын хооронд 20 000 000 төгрөгийн ЗГ1505/0122 дугаартай зээлийн гэрээ бичгээр байгуулагдсаныг үгүйсгээгүй, харин уг гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг дансаар шилжүүлээгүй гэж Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2, 4 дэх заалтыг үндэслэн тайлбарласан боловч хэрэгт А.Б д 20 000 000 төгрөгийг зээл гэсэн утгатайгаар 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн кассын баримт авагджээ. /хх1-40/
Дээрх ЗГ1505/0122 дугаартай зээлийн гэрээний 2.1.5-д зээл авах хэлбэрийг бэлэн мөнгөөр гэж талууд харилцан тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно” гэж заасныг зөрчөөгүй, хууль болон гэрээнд зааснаар мөнгийг бэлнээр олгосон нь баримтаар тогтоогдсон байна.
Улмаар талууд 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр дээрх гэрээний хугацааг 24 сараар сунгаж, гарын үсгээр баталгаажуулсан, зээлдэгч А.Б нь ЗГ1505/0122 зээлийн гэрээний хавсралт зээл, зээлийн хүүг төлөх хуваарьт заасан хэмжээгээр 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл сар бүрийн хүүг төлж нийт 25 344 020 төгрөг болсон, үндсэн зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөг болох талаарх зээлийн тооцоолол, кассын орлогын баримтууд хэрэгт авагдсан байна. /хх1-48-89/
Дээрхээс үзвэл зээлдэгч нь зээлдүүлэгчээс хүчин төгөлдөр гэрээний дагуу зээлийн хөрөнгийг бэлнээр хүлээн авч, үндсэн болон сунгасан хугацаанд хавсралтад заасан хэмжээгээр сар бүр хүү төлж байсан гэж үзэх үндэслэлтэй, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 5 344 340 төгрөг төлснөө буцаан авахаар шаардсаныг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч А.Б нь 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч “Б” ХХК-аас 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн кассын зарлагын баримт 20 000 000 төгрөг /хх1-50/, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн кассын зарлагын баримтаар 10 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан /хх1-51/, А.Б ээс 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээл 10 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үндсэн зээл 10 000 000 төгрөг тус тус бэлнээр төлсөн байх тул /хх1-52, 53/, 10 000 000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байжээ.
Зээлдэгч А.Б ээс 10 000 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зээл төлөлт гэж хариуцагч байгууллагын санхүүд тушаасныг өмнөх зээлийн үлдэгдлийг хаасан гэж үзэхээр байх бөгөөд зээлийн мөнгийг нэгэнт зээлдүүлэгчээс хүлээн авсны дараа захиран зарцуулах эрх өөрт нь үүснэ. Иймд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөг бэлнээр авсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Шүүх хэргийн дээрх нөхцөл байдлыг зөв тогтоосон, хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Хэргийн дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч А.Б нь 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний үүргээс зөвхөн хүү төлөх үүргээ биелүүлсэн, харин үндсэн зээл 20 000 000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу буцаан төлөөгүй болох нь тогтоогджээ.
Иймд шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн зээл 20 000 000 төгрөгийн хэмжээнд хангаж, хүүд нэхэмжилсэн 8 170 647 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Мөн зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв.
Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/02514 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Т.ТУЯА
А.ОТГОНЦЭЦЭГ