Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 202/МА2019/00026

 

Э.У, Г.Г нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019  оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 136/ШШ2019/00273 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, Э.У,  

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, Г.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоотод оршин суух, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, Б.С-д холбогдох,

  Дансанд шилжүүлсэн 22476804 төгрөг, сүлжээнд элсэхэд төлсөн 400000 төгрөг, 2900000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, зээлийн төлөлтөд өөрийн зүгээс төлсөн 5610000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

           Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У-ын өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Э.У, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У-ын өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч М.Чулуун, гуравдагч этгээд ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.У миний бие нөхөр Г.Гантулгын хамт Турк улсад 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажил хийж олсон орлогоо өөрийн Хаан банкны 5376087068 тоот дансанд шилжүүлж байсан. Гэтэл дансыг хамтран эзэмшигч иргэн Б.С миний өөрийн дансанд Турк улсаас шилжүүлсэн орлогыг миний бизнесийн зээлийг төлсөн гэх ор үндэсгүй шалтгаанаар өгөхгүй байгаа болно. Б.С нь миний Хаан банкнаас авсан бизнесийн зээлийг төлж хаана гэж намайг Турк улс явахаас өмнө миний өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай 73 м.кв талбай бүхий Сайншанд сумын 4 дүгээр баг, 43 дугаар байрны 01 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийг 45000000 төгрөгөөр үнэлэн худалдах, худалдан авах гэрээ хийж, гэрээний нэмэлт нөхцөлд 33500000 төгрөгийг урьдчилж төлсөн гэж, мөн миний өөрийн өмчлөлийн Сайншанд сумын 4 дүгээр баг, 43 дугаар байрны 02 тоотод байрлалтай 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 25000000 төгрөгөөр үнэлэн худалдах, худалдан авах гэрээ хийж, гэрээний нэмэлт нөхцөлд 7500000 төгрөгийг урьдчилж төлсөн гэж тусган тус тус өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Мөн миний эзэмшилд байсан худалдаа үйлчилгээний зориулалттай, Сайншанд сумын 4 дүгээр баг, 43 дугаар байрны баруун талд байрлалтай 73 м.кв талбай бүхий газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Б.Стэй хийсэн худалдах, худалдан авах гэрээний нөхцлөөр бол миний бие 2 үл хөдлөх хөрөнгөө түүнд 70000000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, гэрээнүүдийн нэмэлт нөхцөлд заасан нийлбэр дүн бүхий 41000000 төгрөгөөр миний бизнесийн зээлийн үлдэгдлийг төлж хаахаар тохиролцсон бөгөөд миний бизнесийн зээл 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 39398229 /2 зээлийн нийлбэр/ хаагдсан. Гэтэл миний Турк улсаас өөрийн дансанд оруулсан орлогыг зээл төлсөн нэрийдлээр, мөн дэлгүүр болон орон сууц худалдсан үнийн дүнгийн зөрүү 25300000 төгрөгийг ч өнөөг хүртэл өгөлгүй намайг гэрээний нөхцлийг хуулийн дагуу зөв, бүрэн гүйцэд ойлгоогүй, бичиг үсэг мэдэхгүй байдлыг далимдуулан хүний мөсгүй зан гаргаж, ер нь манай гэр бүлээс худалдаж авсан 2 үл хөдлөх эд хөрөнгийн үнэ гэж нэг ч төгрөг төлөөгүй, дээр нь нөхрийнхөө хамт харь улсад ажиллаж олсон орлогыг хүртэл ямар ч шалтгаангүйгээр хувьдаа ашиглан хохироож байна. Иймд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5376087068 тоот дансанд Турк улсад ажиллах хугацаанд шилжүүлж байсан 20516729 төгрөгийг хариуцагч Б.Сээс гаргуулахаар танай шүүхэд хандаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.У нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: 2016 оны 10 дугаар сард хариуцагч Б.С “One Coin” гэдэг сүлжээнд намайг элсүүлнэ хэмээн хэлж итгүүлснээр би түүнд 400000 төгрөг өгсөн. Дээрх сүлжээнд оруулахад болзол нь 400000 төгрөгөөс дээш төгрөгийн хураамжаас гадна мөн данс хамтран эзэмших ёстой гэсэн хариуцагчийн шаардлагаар би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5376087068 тоот дансанд Б.Сийг хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн. “One Coin” сүлжээнд элссэн гишүүнд цахим хуудсанд нэвтрэх нууц код өгдөг гэсэн ба энэ талаар Улаанбаатар хот дахь төв офиссоос нь утсаар ярьж асуухаар Б.Стэйгээ ярьж кодоо ав, тэр хүнд байгаа гэсэн хариуг өгдөг. Б.Сийг өөрийн дансны хамтран эзэмшигчээс хасуулъя гэхээр банкин дээр ирдэггүй, нууц кодыг өгөхгүй байгаа нь миний банкны данс, нууц кодыг ашиглан миний нэрээр дээрх сүлжээнээс өөртөө ашиг орлого олж байгаа нь илэрхий бөгөөд өнөөдрийг хүртэл сүлжээний ашиг орлого гэж Б.С надад нэг ч төгрөг өгөөгүй.

Мөн Турк улс руу явахаас өмнө хариуцагч Б.С манай гэр бүлийн өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай 73 м.кв талбай бүхий Сайншанд сумын 4-р баг 43-р байрны 1 тоотод байрлалтай дэлгүүр, мөн сумын 4-р баг, 43-р байрны 2 тоотод байрлалтай 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус хууль, гэрээний дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Ийнхүү үл хөдлөх хөрөнгүүдээ худалдах, худалдан авах гэрээгээр өгөхдөө Турк улсаас ирээд авахаар тохирч дэлгүүрт хоёр хаалгатай хөргөгч-1300000 төгрөг, зайрмагны хөлдөөгч-450000 төгрөг, махны хөлдөөгч-250000 төгрөг, 10 ширхэг шилэн лангуу-500000 төгрөг, 10 ширхэг төмөр тавиур-250000 төгрөг, хяналтын камер- 150000 төгрөг, нийт 2900000 төгрөгийн эд хөрөнгийг үлдээгээд явсан. Турк улсаас ирээд Б.Стэй дээрх эд хөрөнгүүдийг авах тухай 2 удаа утсаар ярьж, 3 удаа биеэр очиж уулзсан боловч иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл өгөхгүй гэж ямар ч үндэслэлгүй шалтаг заан элдэв үг хэлээр доромжилж, дээрэнгүй аашлан, хуульгүй мэт загнаж миний өмчлөх эрхэнд халдаж хохироож байна. Иймд сүлжээнд элсүүлэх нэрээр авсан 400000 төгрөгийг гаргуулах, өөрийн өмчлөлийн дээрх эд хөрөнгүүдийг албадан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.   

 

Нэхэмжлэгч Э.У нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: Э.У би Турк улсад ажил хийж байхдаа 2017 оны 05 сарын 26-ны өдөр өөрийн дансандаа 1960075 төгрөг шилжүүлэхээр хариуцагч Б.Сийн найз тухайн үед Турк улсад амьдарч байсан Чимэдчулуунд өгснийг Чимэдчулуун нь Б.Сийн 5376075891 дугаарын Хаан банкны дансанд шилжүүлсэн. Иймд дээрх 1960075 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлага 20516729 төгрөг дээр нэмж нийт 22476804 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн үед Э.У нь найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг, нөхөр, гурван хүүхдийн хамт тэр байрандаа амьдарч байсан. Тэгээд тэдний банкны зээл хоцрогдолтой дэлгүүртээ бараа ч байхгүй байхад нь өөрийн боломжоор бараа зээлж авч өгч байсан. Тухайн үед өөрсдөө байраа зарна гэж байнга зар тавьдаг байсан боловч зарагдаагүй, банкны зээлээ төлж чадахгүй олон сараар хоцрогдолтой байсан. Зээлээ төлж чадахгүй банканд хураалгах гээд байна, өөрсдөө энэ асуудлаа шийдэж чадахгүй байна, та туслаач гэж гуйж байсан. Надад анх Э.У та өөрийн нэр дээр шилжүүлээд бид хоёрт туслаач гэж гуйхад нь би нөхрөөсөө асууя гээд хариу хэлээгүй байсан. Тэгээд нөхөр Г.Гтайгаа ирж манай нөхөр бид хоёртой уулзаад бид хоёр ямарч асуудал гаргахгүй зээлээ цаг хугацаанд нь хийж байгаад  буцаагаад нэр дээрээ шилжүүлж авна гэж тохиролцож зээлийн нэр дээрээ шилжүүлж худалдан авах гэрээ хийсэн. Тэгээд хоёулаа Солонгос улс руу явах материалаа бүрдүүлэх болоод байршуулах 5000000 төгрөг хэрэг болсон. Өөрсдөд нь бэлэн мөнгө байгаагүй. Тухайн үед зээл хаах мөнгөн дээр зардлын мөнгийг гаргаж зээлийн асуудлыг шийдсэн. Нөхөр нь компанийхаа нэрээр бичиг баримтаа бүрдүүлж, Э.У 5000000 төгрөг байршуулж виз мэдүүлсэн боловч Солонгос улс руу явах виз нь татгалзсан. Ингээд би Туркэд байдаг найз Чимэдчулуунтай холбогдож шууд очоод байрлах байртай, бэлэн ажил олж өгөөд явуулах болсон. Явахад нь өөрийн Хаан банкны дансанд хамтран эзэмшигч болгож өөрийн банкны картаа үлдээсэн. Туркэд байхдаа явуулсан мөнгөний зарцуулалтын баримт нь бүгд байгаа. Мөн надтай холбогдож байсан яриа бүгд баримтаар байна. Э.Уээс би нэг ч төгрөг хувьдаа аваагүй. Энэ бүгдийг миний эгч Б.Сонинбаяр, Б.Одгэрэл нар гэрчлэнэ. Мөн тухайн үед зээл хариуцаж байсан мэргэжилтэн хүртэл баталж өгнө. Надад Э.Уийг ашиглах ямарч ашиг сонирхол байхгүй. Харин Э.У миний зээлэнд нь төлсөн мөнгийг өгч байраа буцааж авахад надад ямарч асуудал байхгүй.

Түүнчлэн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Э.У нь “One Coin” сүлжээнд элсэн орсон. Би Э.Уийг ятгаагүй, ийм боломж байгааг хэлсэн. Э.У нь өөрөө шийдвэрээ гаргаж элсэн орсон. Би ямар нэгэн хүчээр тулган элсэн оруулаагүй болно. Уг сүлжээнд ороход данс хамтран эзэмшигчтэй байхыг  шаарддаггүй ба 3 жилийн өмнө Хаан банкны 5376087068 тоот дансыг хамтран эзэмшигч болсон гэсэн байна, гэтэл зээл нь гараад Турк явахаас нь өмнө 3 сард дансны хамтран эзэмшигч болсон. Мөн энэхүү One Coin хэмээх цахим мөнгө нь бирж дээр гараагүй бойжилтын шатандаа явж байгаа ба одоо ямарч ашиглах боломжгүй мөнгө юм гэжээ.  

 

 Хариуцагч Б.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Э.У, Г.Г нар нь 2017 оны 02 сарын сүүлээр ирж Б.С надтай уулзан “Манай байр банкны барьцаанд хураагдах гээд байна. Та нэр дээрээ байр, дэлгүүрийг шилжүүлж аваач, бид хоёр одоо Солонгос улсад ажиллахаар болж байгаа, Солонгос улсаас ажилласан мөнгөөрөө энэ зээлээ төлөөд байраа буцаагаад авна” гэж удаа дараа гуйсан. Би энэ хоёрыг өрөвдөөд туслахаар болсон. Нөхрийгөө олон гуйсны эцэст зөвшөөрүүлсэн. Ингээд тэр хоёрын нэр дээр байсан №000379024 дугаартай 73 м.кв талбай бүхий дэлгүүр, мөн №0151942 дугаартай 32 м.кв бүхий орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж, банкнаас зээл гаргуулж өгсөн байдаг.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.С миний бие болон Э.У, Г.Г нарын хооронд байгуулагдсан 2017 оны 02-р сарын 08-ны өдрийн 32 м.кв талбай бүхий Сайншанд сумын 4-р баг, 43-2 тоотод байрлах орон сууцыг худалдан авах гэрээг, мөн өдрийн Б.С болон Э.У бидний хооронд байгуулагдсан 73 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай байр Сайншанд сумын 4-р баг, 43-1 тоотод байрлах дэлгүүрийг, худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй 73 м.кв бүхий газрыг худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хаан банкны эдийн засагч Н.Ганбат, Н.Батнаран нар нь удаа дараа ирж “Э.У болон түүний нөхөр Г.Г нарын байр, дэлгүүрийн зээл хоцрогдол ихтэй байгаа, та хоёр дэлгүүрийг нь авчихаач” гэсэн саналыг удаа дараа тавьж байсан. Үүний үндсэн дээр миний бие Хаан банкнаас бизнесийн зориулалтаар 49000000 төгрөгийн зээл гаргуулсан. Энэ бүх мөнгө Э.У-ын данс руу орсон. Банкны ажилтнууд зээлийнхээ эрсдлийг бууруулах зорилгоор биднийг ашиглаж зээл авахуулсан болохыг мэдлээ. Иймд энэ зээлийг бидний өөрийн санаачилгаар хийгдээгүй, банкны эрсдэлгүй ажиллах явцуу эрх ашгийн үүднээс төөрөгдүүлж, хууль зөрчиж, хүчин төгөлдөр бус хийгдсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Сийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Бидний хувьд Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р баг 877 км гудамж 2-4 тоотод байрлах 32 м.кв талбайтай орон сууц, 73 м.кв талбайтай дэлгүүрийн байруудыг эзэмших эрхийн 2 төрлийн гэрчилгээтэй газрын хамтаар худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр  шилжүүлж өгсөн. Б.Сийн нэр дээр эд хөрөнгүүд шилжсэн. Бидний хооронд байгуулагдсан гэрээ ч хүчин төгөлдөр байгуулагдсан. Гэрээгээр тохиролцсон 70000000 төгрөг миний дансанд орсон. Үүнээс 39398229 төгрөг миний зээлийн данс руу орсноор миний нэр дээр байсан зээл хаагдаж үлдэгдэл мөнгийг Б.С, Г.Г бид хоёрыг гадагшаа явахад чинь өгнө гэж хэлээд гүйцээж өгөөгүй. Бид өөрсдийн Турк улсад ажиллаж олсон цалин мөнгөө Б.Сийг мөнгө явуулаарай гэж хэлэхээр нь өгдөг байсан. Б.С биднийг гадагшаа яваад ирэхэд чинь бүх зүйлийг чинь сайхан болгоно гэж хэлдэг байсан болохоор бид ч Б.Сд итгэж найдаж явснаар эцэстээ хохирч үлдэж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар хариуцагч Б.Сээс 709110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.У, Г.Г нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22167694 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Э.У хариуцагч Б.С нарын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны 02 тоот орон сууц, тус байрын баруун талд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус дэлгүүрийн 73 м.кв талбай бүхий газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Э.У, Г.Г нараас 4280000 төгрөгийг гаргуулан Б.Сд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1330000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,   

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхбаатар нэхэмжлэгч нарын өмчлөлийн 2 хаалгатай босоо хөргөгч, зайрмагны хөргөгч, хөлдөөгч, шилэн лангуу-10 ширхэг, төмөр тавиур-10 ширхэг, хяналтын камер-2 ширхэг нийт 2900000 төгрөгийн эд зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөд татгалзахгүй гэснийг дурдаж,

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260600 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагчаас 21568 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, хариуцагчаас илүү төлсөн 437750 төгрөгийг хариуцагчид буцаан олгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 153630 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

  Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У-ын өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч 22476804 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх “...хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч нар 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 49000000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн үүргийг гүйцэтгэж, үл хөдлөх хөрөнгүүдээ буцааж авахаар тохирсон гэх хариуцагчийн тайлбар илүү үндэслэлтэй байна...”, “Э.У, Б.С нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р баг 43-р байрны 02 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн тус байрны баруун талд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, тус дэлгүүрийн 73 м.кв талбай бүхий газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Талуудад дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй зөвхөн барьцаанд тавихын тулд гэрээ байгуулсан нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийн шинжийг агуулж байна” гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас бодитой үнэлж, хуулийн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэлтэй гэж үзээд Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 136/ШШ2019/00273 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна...” гэв.  

 

 Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу гарсан гэж үзэж байгаа. Учир нь хэт нэг талыг барьж гарсан. Би энэ хүмүүсийн мууг нь үзэх гээд ингээд яваад байгаа юм биш. Миний 3 хүүхдийн амьдрал энэ дотор явж байна. Тэгэхээр би ямар ч байсан энэ хүмүүсээс авах ёстой мөнгө төгрөгөө авъя. Өөрийн гэсэн орох оронтой болмоор байна. Би энэ хүмүүсээс мөнгө төгрөгөө авмаар байна гэдэг байдлаар зөндөө очсон. Одоо хүртэл манайх цонх ханаар нь хүйтэн сийгсэн хүйтэн байранд байгаа. 3 сараас хойш 2 удаа анхан шатны шүүх хуралдаан болсон. Хоёр шүүхийн шийдвэр хоёулаа нэг талыг барьж гарсан. Үүнийг би буруу шийдвэр гарсан гэж бодож байгаа. Намайг Турк улсад байхад байнга дарга руу яриад мөнгөө явуул, би чамд ирэхээр чинь түлхүүрийг чинь өгнө гэдэг байсан. Би нөхөртэйгөө хүртэл муудаад ямар ч байсан очоод авах юм чинь мөнгөө явуулъя гээд явуулдаг байсан. Тэгээд би энд виза картаа орхиод явсан. Тэгээд ирсэн чинь мөнгө ч байхгүй данс улайчихсан байсан. Одоо бүгдийг нь хүүтэй нь төлж байгаа. Турк улсад нэг доллар 7000 төгрөг. Тэр мөнгийг би аваад л дансандаа хийдэг байсан. Энэ хүмүүсийн мөнгийг ингээд өгөөрэй, энэ хүн ингээд мөнгөө нэхээд байна гээд хийдэг байсан. 2 ээжийнхээ алтан бөгжийг тавиад явсан. 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эхний цалингаа явуулсан. Тэгсэн түүнийг өгөөгүй сунгуулж явж байгаад 2019 оны 09 дүгээр сард өгсөн байгаа юм. Тэгээд тэндээс мөнгө нэхээд байна, эндээс мөнгө нэхээд байна, үүнийг чинь өгөх гээд байна гэж мөнгө аваад өгөөгүй. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Иймд би өнөөдөр шүүхэд хандаад явж байна. Би мөнгөө авмаар байна. Би олон удаа очиж уулзсан. Надад үнэхээр хэлэх үг байхгүй байна. Би энэ хэргийг үнэн зөв шийдэгдээсэй гэж хүсэж байна. Бүр болохгүй бол эрүүгийн шүүхээр явна. Би үнэхээр гомдолтой байна...” гэв.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсгийг харахад шинэ өмчлөгчтэйгөө хамт зээлийн гэрээ нь шилжинэ гэсэн зүйл байсан. Энэ зүйлтэй зөрчилдсөн болохоор гайхаж асуусан юм. Хэрвээ тэгж үл хөдлөх хөрөнгөтэйгөө зээлийн гэрээ нь шилжсэн бол надад гаргах зүйл байхгүй байна. Тэгээд анхан шатны шүүхээс гарсан 5610000 төгрөг нэхэмжилсэн мөнгө маань 1330000 төгрөг нь нотлох баримтгүй гээд хасагдсан үүнийг би тайлбарламаар байна. 1330000 төгрөг нь юугаар нотлогдох вэ гэхээр хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд хоёр мөнгөн дүнгийн нийлбэр нийлээд 1400000 төгрөг байгаа сарынх нь төлөлт гэсэн үг. Мөн энэ хуудсанд 04 дүгээр сарын 02-ны өдөр, 06 дугаар сарын 02-ны өдөр 1400000 төгрөг төлсөн байгаа. Гэтэл Э.У-ын шилжүүлсэн мөнгө нь 03 дугаар сарын 17-ны өдөр 7010000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга нь хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд байдаг. Би энэ мөнгөн дээр 690000 төгрөг нэмж хийгээд банканд 1400000 төгрөг төлсөн нь харагдаж байгаа. Үүнийг анхан шатны шүүх сайн олж хараагүй юм шиг байна лээ. Тэгээд 05 дугаар сарын 31-ний өдөр 1 210 000 төгрөг шилжиж орж ирсэн байдаг. Үүнийг 1400000 төгрөг болгож хийсэн. 190000 төгрөг нэмж хийсэн. Ингээд 190000 төгрөг нэмж хийгээд 690000 төгрөг гэхээр 880000 төгрөг болж байгаа. Энэ 880000 төгрөгийг төлөлтөд нь хийгээгүй, нотлогдсонгүй гэж анхан шатны шүүх үзсэн. Энэ бол баримтаар нотлогдож байгаа. Дараа нь хавтаст хэргийн 113 дугаар хуудсанд байгаа Б.С үл хөдлөх татварын мөнгө гээд байртай хамааралтай татварт 450000 төгрөг төлсөн байгаа. Үүнийг нотлогдохгүй гээд үүнийг бас хараагүй юм шиг байна лээ. Тэгээд 880000 төгрөг дээр 450000 төгрөгийг нэмэхээр 1330000 төгрөг нотлогдож байгаа юм. Энэ нь өөрийнхөө үнэлсэн үнэлгээний 1 хувийг татварт төлдөг төлбөр байгаа. Энэ нь яагаад вэ гэхээр бичиг баримт нь бид хоёрын нэр дээр байсан учраас татварт 450000 төгрөг нь Б.Сийн нэр дээрээс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шилжигдсэн байгаа. Ингэж нотлогдож байгаа юм. Ломбардны 138150 төгрөгийг бас нотлогдохгүй гэж үзсэн байгаа. Гэтэл 03 дугаар сарын 29-ний өдөр 66500 төгрөгийг хүүнд нь төлсөн, 04 дүгээр сарын 11-ний өдөр 33800 төгрөг, 06 дугаар сарын 05-ны өдөр 23400 төгрөгийг 2 удаа гээд нийт 4 удаагийн төлөлтөөр 138150 төгрөгийг төлсөн. Энэ нь хавтаст хэргийн 28, 29 дүгээр хуудсанд авагдсан падаанаар тодорхойлогдож байгаа. Энэ хүн намайг нэг бөөн мөнгө шилжүүлээд түүнийг нь төлөхгүй явж, явж энэ мөнгийг эргэлдүүлсэн гэсэн утгатай зүйл хэлдэг. Гэтэл өөрийнх нь бичсэн мессенжерүүдээр эдгээр нь нотлогддог. Юу гэдэг вэ гэхээр хавтаст хэргийн 32 дугаар хуудсанд энэ талаар авагдсан байгаа. Мөн явахаасаа өмнө бараа зээлж авсан байсан 545 960 төгрөгийг анхан шатны шүүх нотлох баримтгүй гэж үзсэн байгаа. Үүнийг би хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд өөрсдийнх нь авч байсан зүйлс, үнийг нь жагсаагаад нийлбэрийг нь бичээд, батлаад өгчихсөн байгаа. Мөн өөрөө үүнийгээ баталж байгаа зүйл нь хавтаст хэргийн 32 дугаар хуудсанд авагдсан мессенжер дээр бичсэн таны мөнгө 525000 төгрөг, ээжийн бөгж 440000 төгрөг гэсэн агуулга байгаа. Ийм зүйлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэ бурууг давтахгүй байх гэж найдаж байна...” гэв.

 

 Хариуцагчийн өмгөөлөгч М.Чулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.У-ын хувьд анх Б.Стэй харилцан тохиролцоогоор аман хэлэлцээр хийсэн нь анхан шатны шүүхээр тогтоогдсон шүүх ч ингэж үзсэн. Мөн Э.У нь захиран зарцуулах эрхийг Б.Сд өгсөн. Энэ хоорондын аман хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдсон. Тэр мөнгөнүүдийн хувьд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой тайлбарлалаа. Г.Гантулгын хувьд Ч.Энхбаатар эд нар тусдаа уулзаад энэ асуудал дээр гол нь Э.У өөрөө гэрээ хэлцэл хийх асуудлаа голчилж шийдсэн юм байна лээ. Өмгөөлөгчийн хэлээд байгаа Г.Гас зөвшөөрөл аваагүй гэдэг нь энэ өөрөө эрх эдэлж үүрэг хүлээх чадвартай хүн, Э.У нь голчлоод асуудлыг шийдсэн юм байна лээ. Ингээд анхан шатны шүүх хурлын шийдвэр хуулийн ноён нуруутай зөв шийдвэрлэсэн учраас сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байгаа. 3 000 000 төгрөгийн төлөө 20 000 000 төгрөг хүртэл дансанд хийсэн юм уу гэдэг асуудал гарч ирнэ. Үүнийг эд нар аль аль нь сайн мэдэж байгаа. Нотлох баримтаа сайн бүрдүүлээгүй. Гол төлөв амаар яриад байгаа. Ингээд фэйсбүүкээр харилцсан зүйл шиг асуудлыг авч үзвэл өөрөөр яригдах байх. Банк яагаад 28 000 000 төгрөгийн зээл өгсөн гэдэг асуудал нь гуравдагч этгээд зээлийг нь төлөх хугацааг тооцоод л ингээд өгсөн байх гэж би ойлгож байгаа...” гэв.   

 

Гуравдагч этгээд “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн хоорондын маргаантай асуудал нь анхнаасаа зохион байгуулалттай. Банкийг хууран мэхэлж зээл өгсөн гэж бараг үзээд байгаа. Банкны барьцааны зээл, барьцааны хөрөнгөн дээр нэлээд сөрөг өөрчлөлтүүд орчих шиг боллоо л гэж хараад байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Э.У, Г.Г нар нь хариуцагч Б.Сд холбогдуулан ХААН банкны 5376087068 дугаартай дансанд шилжүүлсэн нийт 20516729 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа 1960075 төгрөгөөр нэмэгдүүлж дансанд шилжүүлсэн нийт 22476804 төгрөг, мөн нэмж сүлжээнд элсэх зорилгоор өгсөн 400000 төгрөг, 2900000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулахаар тус тус нэхэмжилжээ.

 

            Хариуцагч Б.С нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дансанд шилжүүлсэн мөнгийг зээл болон нэхэмжлэгч Э.У-ын даалгасан зардлуудад төлсөн, өөрөө шийдвэрээ гаргаж сүлжээнд элсэн орсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй гэж маргаж, харин 2900000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг өгөхийг татгалзаагүй байна.

 

            Мөн хариуцагч Б.С нь нэхэмжлэгч Э.У, Г.Г нарт холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны 02 тоот хаягт байрлах, 32 м2  талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны 1 тоотын баруун талд байрлалтай 73 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны А/238 тоот шийдвэрээр эзэмших эрх үүссэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны баруун талд байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалттай 73 м2  газрыг эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч Э.У-ын зээлэнд хувиасаа төлсөн 5610000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У эс зөвшөөрч хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, гэрээний үнэ 70000000 төгрөг дансанд орсон гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг хэрэглэж үндсэн болон сөрөг  нэхэмжлэлүүдийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У-ын өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар эс зөвшөөрч “... нотлох баримтуудыг ... бодитой үнэлж, хуулийн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

            Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Г.Г нь нэхэмжлэгч Э.Ут итгэмжлэл олгосноор нэхэмжлэгч Г.Гантулгыг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, улмаар тэдэнд холбогдуулан хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувийг Э.У гардан авсан, хариуцагч Б.С нь Ч.Энхбаатарт итгэмжлэл олгож, тэрээр хариуцагчийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч Г.Г, Э.У нарт холбогдуулан өөрчлөн гаргасан зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2-т заасныг зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

  1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Э.У, Г.Г нар нь 2017 оны 04 дүгээр сараас 2018 оны 9 дүгээр сар хүртэл БНТУ-д ажиллаж амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд тус улсад ажиллаж олсон орлогоо өөрсдийн эзэмшлийн ХААН банкны 5376087068 дугаартай дансанд төвлөрүүлсэн /хх-5, 6/, уг мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 22476804 төгрөг болсон, нэхэмжлэгч нар нь өөрсдийн бусдад төлөх зарим өглөгийг төлүүлэх зорилгоор хариуцагч Б.Сийг уг дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

Харин зохигчид уг дансанд шилжүүлсэн мөнгийг захиран зарцуулах хэмжээ, хязгаарын талаар маргасан байх ба зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нар нь өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлж хариуцагч Б.Сийг өөрсдийн эзэмшлийн дансанд хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн болох нь тогтоогджээ.

 

Ийнхүү хариуцагч Б.С нь уг дансны хамтран эзэмшигч болсноор дансан дахь мөнгөн хөрөнгийн хувьд тэрээр ямар үүрэг хүлээж, эрх эдлэх, улмаар хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон ХААН банкин дахь хариуцагчийн нэр дээрх зээлийг төлөх эрх олгогдсон эсэх зэрэг маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

 

Зохигчдын тайлбар болон хариуцагч Б.Сээс ирүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-26, 27/ ломбард барьцаат зээлийн гэрээ /1-р хх-28, 29/ зэрэг нотлох баримтаар цахилгааны үнэд 53230 төгрөг, татварт 90000 төгрөг, ломбарданд зээлийн хүүд нийт 138150 /100350+37800/ төгрөг, нэхэмжлэгчийн хүү Тэлмүүнд 20000 төгрөг, дэлгүүрийн барааны үнэд 545960 төгрөг, хадам ээж Дариймаад нийт 600000 /450000+150000/ төгрөг, компанийн тайлан гаргуулсан ажлын хөлсөнд 100000 төгрөг, газрын татвар хураамжид 25000 төгрөг, утсанд нэгж хийсэн 20000 төгрөг, нийт 1592340 төгрөгийн хувьд нэхэмжлэгч нар нь хариуцагчид дээрх төлбөрийг зохих этгээдүүдэд төлүүлэхээр даалгавар өгч үүрэг хүлээлгэсэн буюу талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан хүчин төгөлдөр даалгаврын гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Б.С нь нэхэмжлэгч нарын эзэмшлийн дансны хамтран эзэмшигч болох болсон тохиролцоо нь нэхэмжлэгч нарын нэрийн өмнөөс тэдний хүлээлгэсэн үүргийг биелүүлэх буюу зөвхөн дээрх үйл баримтуудын хувьд мөнгөн хөрөнгийг данснаас зарлага гарган авах даалгавар хүлээж, улмаар дээрх төлбөр тооцоог хийлгүүлэх зорилгоор түүнийг өөрсдийн эзэмшлийн дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байх ба Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.1-д зааснаар хариуцагч Б.С нь даалгаврыг даалгавар өгөгч буюу нэхэмжлэгч нарын зааврын дагуу гүйцэтгэх үүрэгтэй болно.

 

Гэтэл хариуцагч нь өөрийн бусдын өмнө хүлээсэн үүргийг буюу ХААН банкны Дорноговь салбартай байгуулсан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхдээ нэхэмжлэгч нарын зөвшөөрөлгүй, тэдний хөрөнгөөр гүйцэтгэж, нийт шилжүүлсэн 22476804 төгрөгөөс 20884464 төгрөгийг /22476804-1592340/ дур мэдэн хууль бусаар буюу ямар нэгэн гэрээ, хэлцэл, тохиролцоогүйгээр захиран зарцуулж, 20884464 төгрөгийн хувьд түүнийг Иргэний 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Хариуцагч Б.С нь түүний ХААН банкны Дорноговь салбартай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч нар хамааралтай, тэдний зөвшөөрснөөр дээрх мөнгөн хөрөнгийг зээлэнд төлсөн гэж маргаж, энэхүү татгалзлаа нотлохоор нэхэмжлэгч нартай харилцсан цахим захидлыг шүүхэд нотлох баримтаар ирүүлж, уг баримтанд шүүх үзлэг хийж, тэмдэглэл /хх-72-73, 101-104/ үйлдсэн байна.

 

Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсгийн 1-д зааснаар захидал харилцаа нь хувь хүний нууцад хамаарах бөгөөд хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу хувь хүний нууцтай танилцах эрхтэй тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарын зөвшөөрөлгүй тэдний захидал харилцааг ил болгож нотлох баримтаар гаргаж өгсөн нь энэхүү хуульд нийцээгүйн гадна энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д зааснаар нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулсан гэж үзэх буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиргүй юм.

 

Мөн Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1, 422.2, 43 дугаар зүйлийн 43.2.4-т зааснаар цахим хэлбэрээр хэлцэл хийх талаар зохицуулсан хэдий ч хэргийн зохигчдыг цахим хэлбэрээр хүсэл зоригоо илэрхийлсэн, улмаар Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсэг зурсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд хариуцагч Б.Сийн нэхэмжлэгч нарын нэрийн өмнөөс зээл төлсөн гэх татгалзал нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй, түүний ХААН банктай байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байхад анхан шатны шүүх маргаан бүхий мөнгөн хөрөнгийг “...зээлэнд төлсөн...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хассан нь нотлох  баримтанд тулгуурлаагүй, үндэслэлгүй дүгнэлт болжээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын нэг болох 2900000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, татгалзаагүйгээс энэ тухай нэхэмжлэл хангагдах байтал шийдвэрлэлгүй дурдаж орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй.

 

Харин анхан шатны шүүх сүлжээний бизнест элссэн гэх 400000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.4-т зааснаар олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж  ашиг хонжоо олох үйл ажиллагаа явуулахыг хориглосны гадна хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Э.Уийг энэхүү үйл ажиллагаанд татан оролцуулсан, хариуцагчийг ийм үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

 

  1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар

 

Хариуцагч Б.С нь нэхэмжлэгч нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ энэхүү хэлцлийг нэхэмжлэгч нарын ХААН банкин дахь хугацаа хэтэрсэн зээлийг хаах зорилгоор дүр үзүүлэн хийсэн гэж тайлбарлажээ.

 

Зохигчдын тайлбар болон зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-7, 8/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх- 247/ зэрэг нотлох баримтаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгосон дээрх үйл баримт буюу зохигчид маргаан бүхий орон сууцны хувьд өмчлөх эрхийг шилжүүлэхдээ тэдний хүсэл зоригийн илэрхийлэл нь худалдах, худалдан авах буюу эд хөрөнгийг бодитоор өмчлөлдөө шилжүүлэх зорилгыг агуулаагүй ба банкнаас тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авч нэхэмжлэгч нарын өр зээлийг хаах зорилгоор хэлцэл байгуулагдсан болох нь тогтоогдсон тул зохигчдын хооронд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны 02 тоот хаягт байрлах, 32 м2  талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны 1 тоотын баруун талд байрлалтай 73 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны А/238 тоот шийдвэрээр эзэмших эрх үүссэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны баруун талд байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалттай 73 м2  газрыг эзэмших эрх шилжүүлэх гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т нийцсэн.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нь уг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж маргаж байх боловч түүний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “ ... Б.С манай гэрт нөхөр Ч.Энхбаатарын хамт ирээд бид хоёр та хоёрт туслъя ... ямар нэгэн асуудал гаргахгүй шүү гэж хэлсэн. ... Дэлгүүр зарсан, үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл мөнгөний талаар нэхэмжлээгүй....” гэсэн тайлбараас үзэхэд тэрээр хариуцагч Б.Сийн сөрөг нэхэмжлэл, тайлбарт дурдсан гэрээ байгуулах үндэслэл болсон үйл баримтыг үгүйсгээгүй байна.

 

Харин анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн атлаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар хэлцлийн үр дагаврыг шийдвэрлээгүй орхигдуулсан.

 

Тодруулбал хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зохигчид дээрх нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нийт 70000000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, нэхэмжлэгч нарын дансанд 70000000 төгрөгийн орлого орсон байх боловч хариуцагч Б.С нь уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зориулалтаар авсан зээл 49000000 төгрөгөөс нэхэмжлэгч Э.У-ын зээл хаахад нийт 39398229,68 төгрөг /зээл 35158368,13+хүү 4239861,55/, БНТУ-д зорчиход зориулж онгоцны тийзний үнэ 2491600 төгрөг, 200$ худалдан авахад 482000 төгрөг, хувийн хэрэгцээнд 1000000 төгрөг, нийт 43371829,68 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгсөн, орон сууцны урьдчилгаа төлбөр 21000000 төгрөгийг хүнээс зээлж дансанд байршуулж буцааж өгсөн нь тогтоогдсон, эдгээрийн зөрүү нийт 5628170,32 төгрөгийн  /70000000-43371829,68-21000000/ хувьд хэрэгт цугларсан нотлох баримтаар хэрхэн зарцуулсан тогтоогдоогүй боловч хариуцагч нь уг үлдэгдэл мөнгийг зээлэнд төлсөн болохоо үгүйсгээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нараас 43371829,68 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Сд олгож, хариуцагчаас орон сууц болон худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг газрын хамт гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

 

Гэхдээ хэрэгт цугларсан  2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Барьцааны гэрээгээр /1-р хх-155/ болон 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр /2-р хх-36/ хариуцагч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, уг гэрээнүүд хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д “Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаас үзэхэд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь гуравдагч этгээд ХААН банкинд зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан нь түүний өмчлөгчийг өөрчлөхгүй байх үндэслэл болохгүй гэж ойлгогдож байх тул шүүхээс зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үр дагаврыг шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн барьцааны эрхийг зөрчсөн гэж үзэхгүй юм.

 

Гэхдээ Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.4-т зааснаар ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасан салгаж үл болох эрх буюу энэ нь барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн ч тухайн эд хөрөнгөнд ногдуулсан үүрэг хэвээр үлдэх төдийгүй барьцаагаар үүргийг хангуулахгүй байх үндэслэл болохгүй.

 

Энэ нь нэг талаас хариуцагч Б.Сийн гуравдагч этгээд ХААН банкны өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр байгаа нөхцөлд тэрээр уг гэрээний үүргийг биелүүлэх, эрсдэл үүссэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үүрэгтэй бөгөөд энэхүү зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон нөхцөлд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд нэхэмжлэгч нарын өмчлөлд бодитой шилжих боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

 

Нөгөө талаас дээрх хуулиудад заасан “... ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь өөр этгээдэд нэгэн зэрэг хамтдаа шилжиж болно.”, “... ипотек болон шаардлага нь өмнөх үүрэг гүйцэтгүүлэгчид байсан хэмжээгээр шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжинэ.” гэсэн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нарын хувьд  барьцааны зүйлийг бодитоор өмчлөлдөө шилжүүлэх үндэслэл нь барьцаагаар хангагдах үүрэг биелэгдсэн нөхцөлд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох боломжтой гэж ойлгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан аль ч тохиолдолд зохигчид өөрт хохирол учирсан гэж үзвэл тэрхүү эрхийг энэхүү шийдвэрээр хязгаарлах үндэслэлгүй болно.

 

Сөрөг нэхэмжлэлийн нэг шаардлага болох зээлэнд өөрийн зүгээс төлсөн 5610000 төгрөгийн хувьд энэ нь хариуцагч Б.Сийн гуравдагч этгээд ХААН банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэг буюу ХААН банкинд өөрийн зүгээс төлсөн мөнгө гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байх бөгөөд хариуцагчийн бусдын өмнө хүлээсэн үүргийг нэхэмжлэгч нар төлж барагдуулах, гүйцэтгэх үүрэггүй ба тийм үндэслэл, нөхцөл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

3. Дээр дурдсан бүгдийг дүгнэж үзвэл хариуцагч Б.С нь нэхэмжлэгч нарт нийт 20884464 тө грөгийг төлөх, нэхэмжлэгч нар нь хариуцагчид 43371829,68 төгрөгийг төлөх үндэслэлтэй болж байх бөгөөд Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болговол нэхэмжлэгч нар нь хариуцагчид 22487365.68 төгрөг төлөх, хариуцагч Б.С нь үл хөдлөх эд хөрөнгийг буцааж өгөх үндэслэлтэй болно.

 

Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үнийн дүн нийт 25776804 төгрөг бөгөөд үүний 5260075 төгрөг /2900000+400000+1960075/ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байх ба 20516729 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 260600 төгрөг төлсөн ба тэдний нэхэмжлэлээс нийт 22876804 /25776804-2900000/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т нийцнэ.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн нийт үнийн дүн 75610000 төгрөг /хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцоход нэхэмжлэлийн үнийн дүнг хэлцлийн үнийн дүнгээр тооцно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4/ болж байх ба үүний улсын тэмдэгтийн хураамж 536000 төгрөг болох ба хариуцагч нийт 612660 төгрөг төлсөн тул илүү 76660 төгрөгийг улсын орлогоос гаргуулах, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцож нэхэмжлэгч нараас 22487365.68 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн тул үүний улсын тэмдэгтийн хураамж 270386 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж хариуцагчид олгох, хариуцагчаас 2900000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамж 61350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 136/ШШ2019/00273 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 238 дугаар зүйлийн 238.1, 399 дүгээр зүйлийн 399.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Б.Сээс 2900000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г, Э.У нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 22876804 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.Г, Э.У, хариуцагч Б.С нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны 02 тоот хаягт байрлах, 32 м2 талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгч Э.У, хариуцагч Б.С нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны 1 тоотын баруун талд байрлалтай 73 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны А/238 тоот шийдвэрээр эзэмших эрх үүссэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны баруун талд байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалттай 73 м2 газрыг эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны 02 тоот хаягт байрлах, 32 м2  талбай бүхий орон сууц, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны 1 тоотын баруун талд байрлалтай 73 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны баруун талд байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалттай 73 м2 газрыг хариуцагч Б.Сээс гаргуулан нэхэмжлэгч Г.Г, Э.У нарын өмчлөлд шилжүүлж олгох, нэхэмжлэгч нараас нийт 22487365.68 төгрөг гаргуулж хариуцагч Б.Сд олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5610000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

3 дугаар заалтыг 2 гэж дугаарлан заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 270386 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Сд олгож, хариуцагч Б.Сээс улсын тэмдэгтийн хураамжинд 61350 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б.Сийн илүү төлсөн нийт 76660 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Б.Сд олгосугай.” гэж тус тус өөрчилж, 2 дугаар заалтыг хүчингүй болгож, 4, 5 дугаар заалтыг 3, 4 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.У нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шлийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

   

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                           ШҮҮГЧИД                                     Х.БАЙГАЛМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ