Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2033

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/01950 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020870 дугаартай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 2 тоотод байрлах 97,17 м2 талбайтай орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэргийг, нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээд “К-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 06726 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 00566 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу НШШГГ-т явагдаж буй төлбөр авагч “К-” ХХК, төлбөр төлөгч Н.Х- нарт холбогдуулан 78 000 000 төгрөг, тэмдэгтийн хураамжид 310 985 төгрөг, нийт 78 310 985 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүхэлдээ хууль бусаар явагдаж байгаад гомдолтой байна. Дээрхи шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа бөгөөд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт "... Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулъд заасан нийтлэг журмын дагуу гаргана ... гэж заасны дагуу тус шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно ... гэж, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт "... Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй ... гэж, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт "... Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш. энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно ... гэж тус тус зааснаар гомдлоо шууд шүүхэд гаргаж байгаа болно. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж буй Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020870 дугаартай, Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 2 тоот хаягт байрлах 97,17 м кв талбайтай орон сууцыг 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б.Даваадорж гэх хүнээс худалдан авсан. Анх худалдан авахдаа би завгүй ажилтай байсан тул миний эхнэр болох Н.Х-ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулан авсан. Миний эхнэр Н.Х- бид хоёр 1987 онд гэр бүл болж 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн 896 дугаарт бүртгүүлсэн. Эхнэр бид хоёр олон жилийн амьдралын үр шимээр уйгагүй хөдөлмөрөөрөө мөнгөө цуглуулан энэхүү орон сууцыг худалдан авч өнөөдрийг болтол амар тайван амьдарч байна. Хэдийгээр миний эхнэр Н.Х-ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байдаг боловч энэ орон сууцны 50 хувь цэвэр миний өмч гэж үзэж байна. Үүнийг ч миний эхнэр хүлээн зөвшөөрнө. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт "... Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөө бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн ... гэж зааснаар энэхүү хөрөнгө нь биднийг гэр бүл болсоноос хойш бий болсон бөгөөд бид хоёрын хамтран өмчлөх дундын өмч буюу 50 хувь нь миний өмчлөлийн эд хөрөнгө болно. Гэтэл “К-” нь миний зөвшөөрөлгүйгээр буюу гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр дээрхи орон сууцыг барьцаанд авч улмаар шүүхийн шийдвэр гаргуулан албадан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж улмаар 2 дахь удаагийн дуудлага худалдаа зарлагдан үнийн дүнгийн 50 хувиар зарахаар болсонд маш их гомдолтой байна. Мөн К-наас шүүхээр шийдвэрлүүлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн боловч тэрхүү хөрөнгийнхөө мэдээллийг огт оруулаагүй байдаг. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжинд үүргийн гүйцэтгэл хангуулсан хөрөнгийн талаар ямар ч мэдээлэл байхгүй, тодорхойгүй байна. Ийм байтал НШШГГ- шийдвэрт заагдаагүй хөрөнгөнд ажиллагаа хийж дуудлага худалдаанд оруулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөвхөн Н.Х-д оногдох хэсэгт л явагдах ёстой гэж үзэж байна.Хонгорзулаас төлбөр гаргуулсан шүүхийн шийдвэр дээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай зааснаас яг хаана байршилтай ямар хөрөнгөөр хангуулах тухай заагаагүй. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь бүхэлдээ миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 06726 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, Шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 00566 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу НШШГГ-т явагдаж буй төлбөр авагч “К-” ХХК, төлбөр төлөгч Н.Х- нарт холбогдуулан 78 000 000 төгрөг, тэмдэгтийн хураамжид 310 985 төгрөг, нийт 78 310 985 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох болон эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020870 дугаартай, Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 2 тоот хаягт байрлах 97,17 м2 талбайтай орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01287 дугаартай захирамжаар Н.Х-аас 78 310 985 төгрөгийг гаргуулж “К-” ХХК-д олгох, нэхэмжпэлийн дүнг төлөөгүй тохиолдолд зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17281156 тоот үүсгэх тогтоолоор эхлүүлэн явуулж, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3000-2015/51 тоот зээлийн барьцааны гэрээнд заасан төлбөр төлөгч Н.Х-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 29 дүгээр байрны 2 тоот орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 156/01 тогтоолоор битүүмжилж, 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 156/02 тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч Н.Х- өөрийн өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг 500 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “К-” ХХК үл зөвшөөрч, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгон албадан дуудлага худалдаанд оруулах талаар хүсэлт ирүүлсэн тул 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 47 тоот шинжээч томилох тогтоолоор “Итгэлт эстимэйт” ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгоход 191 019 883 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Төлбөр төлөгч Н.Х- нь шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 01065 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1561 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1861 дүгээр тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч иргэний гаргасан гомдол шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул Н.Х-ын өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээ болох 191 019 883 төгрөгийн 70 хувь болох 133 713 918 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож оруулахад 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр оруулахад худалдан борлогдоогүй, 2 дахь албадан дуудлага худалдаанд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр үнэлэгдсэн үнийн 50 хувь болох 95 509 941 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоож оруулахад 98 300 000 төгрөгөөр худалдан борлогдсон бөгөөд худалдан авагчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүгчийн захирамжаар түдгэлзээд байна. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууц нь дундын өмч болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдоогүй, гүйцэтгэх баримт бичигт барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тодорхой зааж өгсөний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлд дурдсан орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлөх болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К-” ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Х- нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “К-” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 60 000 000 төгрөгийн зээл авч зээлийн барьцааны гэрээ байгуулан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 29 дүгээр байрны 2 тоот 97.17м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалсан байдаг. Барьцаанд байрлуулсан тухайн эд хөрөнгө бол зөвхөн Н.Х-ынх буюу 1 хүний өмч юм. Үүнийг Улсын бүртгэлийн гэрчилгээ нотолдог. Н.Х- банкнаас авсан зээлээ төлөхгүй байсаар манай банк шүүхэд хандаж 2016 он 11 дүгээр сарын 18-ны өдөр 01287 тоот шүүхийн шийдвэр гарсан байгаа. Шүүхийн шийдвэр гарсан боловч тухайн хугацаанд хариуцагч төлбөрөө төлөөгүй. Улмаар шүүгчийн захирамж гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байгаа. Улмаар дуудлага худалдаа болсон. Дуудлага худалдааны үнийн санал авахад харилцан тохиролцоогүй учраас хөрөнгийн үнэлгээг тогтоосон. Гэвч хөрөнгийн үнэлгээн дээр 3 шатны шүүхэд гомдол гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан. Н.Х- нь Энхболдод мэдэгдэлгүй  “К-” ХХК-аас зээл авсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад дуудлага худалдаа болсонд Д.Э- гомдолтой байна гээд байгаа нь үндэслэлгүй. Шүүхэд талууд үнэн зөв тайлбар, мэдүүлэг өгөх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгө хураах болон битүүмжлэх ажиллагаанд төлөөлж Д.Э- нь оролцсон материалуудаа  ирүүлсэн  энэ тухай мэдэж байсан байдаг. Дуудлага худалдаа хуулийн дагуу шударгаар явж гуравдагч этгээдэд зарагдсан. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд  Д.М-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт гаргасан дуудлага худалдааны 2 дахь худалдааны 11 дүгээрт бичигдсэн Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7 хороолол ногоон нуурын гудамж, 29 дүгээр байрны 2 тоот 97.17м квадрат 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар зарлагдсан. Дуудлага худалдааны анхны үнэ нь 95 509 941 төгрөг байсан. Иргэн Д.М- нь 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр тус хөрөнгөд анхны үнэ 95 509 941 төгрөгийн дэнчин болох 9 550 995 төгрөгийг төлсөн. Улмаар дуудлага худалдаанд оролцож 98 300 000 төгрөгөөр дуудаж ялагч болсон. Тус хөрөнгийн үнийн зөрүү, дэнчингийн үнийн зөрүү 2019 оны 05 дугаар сарын 23-нд 88 749 005 төгрөгийг төлсөн байдаг. Иргэн Д.М- нь тус дуудлага худалдаанд хуулийн дагуу төлбөрөө төлж дуудлага худалдаанд оролцсон боловч одоо хүртэл тус хөрөнгийн өмчлөгчөөр гэрчилгээ олгож шилжиж гараагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.      

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Х- нь нэхэмжлэгч Д.Э-той 1987 онд гэр бүл болсон байгаа. Гэр бүл болсноос хойш 2014 оны 3 дугаар сарын 14-нд энэ маргаан бүхий Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7 хороолол ногоон нуурын гудамж, 29 дүгээр байрны 2 тоот 97.17м квадрат 3 өрөө орон сууцыг худалдаж авсан. Тухайн үед нэхэмжлэгч нь завгүй байсан болохоор Н.Х-ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Н.Х- нь 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр “К-”-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд К- нэхэмжлэл гаргаад Н.Х-тай эвлэрлийн гэрээ байгуулах хүртэл Энхболд барьцааны болон дундын өмчлөлийн талаар ямар нэг зүйлийг мэдээгүй байсан. 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Энэ үеэс мэдсэн гэсэн асуудал яригддаг. Н.Х-ын хувьд “К-”-наас зээл авахдаа өөрийн дүүд авч өгсөн учраас барьцаанд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө барьцаалсан гэдэгээ Д.Э-оос тухайн үед нуусан байгаа юм. Иймээс Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан эд хөрөнгө гэр бүлийн хуваарьт эд хөрөнгөөс бусад хөрөнгө дундын хөрөнгөд хамаарна гэж үзэж байна. Н.Х- нь өөрийнхөө оногдох хэсгийнхээ талаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар ямар нэгэн татгалзал байхгүй гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5. дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01287 дугаартай /шүүгчийн захирамжийн/ шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020870 дугаартай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 2 тоотод байрлах 97,17 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Н.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И миний бие иргэн Д.Э-ын нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн П8/ШШ2019/01950 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгтээ: "...нэхэмжлэгч Д.Э- нь шийдвэр гүйцэтгэх ажшлагааг хүчингүй болгуулах, барьцааны орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх гэж маргаж байгаа боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1, 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлийг баримтаар нотлоогүй гэж үзнэ " гэжээ. Гэтэл Н.Х- нь нэхэмжлэгч Д.Э-той 1998 онд гэр бүл болж гэр бүл болсноос хойш 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр уг Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 29 дүгээр байрны 2 тоот, 97.17 метр квадрат 3 өрөө орон сууцыг худалдаж авсан байдаг. Н.Х- нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр К-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар К- Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж талууд эвлэрлийн гэрээ байгуулж, уг эвлэрлийн гэрээг үндэслэн НШШГГ-т ажиллагаа эхлэх үед Д.Э- нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг барьцаанд тавьсныг мэдсэн. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар "гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн гишүүдиин хуваарьт хөронгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч " гэж тодорхойлсон байна. Иймд уг орон сууцны тал хувь нь манай нөхрийн эд хөрөнгөд хамаарна гэж үзэж байна. Н.Х-ын хувьд өөрийн оногдох хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татаглзах зүйлгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн П8/ШШ2019/01950 дугаартай шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргиин анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 01950 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бухэлд нь хангуулахаар дараахи үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ "... өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, зохигчийн тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна ... " гэж дүгнэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах, орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх агуулгаар нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж буй Эрхийн улсын бүртгэлийн Ү-220302( Ц) гаартай. Нийслэлийн Сүхбаатар дүүрэг. 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр. 2 твдш хаягт байрлах  97,17  м2  талбайтай  орон  сууцыг 2014  оны  3  дугаар  сарын   18-ны  өдөр иргэн Б.Даваадорж гэх хүнээс худалдан авсан. Анх худалдан авахдаа эхнэр Н.Х-ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулан авсан. Эхнэр Н.Х- бид хоёр 1987 онд гэр бүл болж 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн 896 дугаарт бүртгүүлсэн. Эхнэр бид хоёр олон жилийн амьдралын үр шимээр уйгагуй хөдөлмөрөөрөө мөнгөө цуглуулан энэхүү орон сууцыг худалдан авч өнөөдрийг болтол амар тайван амьдарч байна. Хэдийгээр эхнэр Н.Х-ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байдаг боловч энэ орон сууцны 50 хувь цэвэр нэхэмжлэгчийн өмч гэж үзэж байгаа бөгөөд гуравдагч этгээдээр оролцсон Н.Х- бүрэн хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 126 дугаар зуйлийн 126.1 дэх хэсэгт "... Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн ... " гэж зааснаар энэхүү хөрөнгө нь гэр бул болсоноос хойш бий болсон бөгөөд Д.Э-, Н.Х- нарын хамтран өмчлөх дундын өмч буюу 50 хувь нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө гэж үзнэ. Гэтэл “К-” нь гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр дээрхи орон сууцыг барьцаанд авч улмаар шүүхийн шийдвэр гаргуулан албадан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж улмаар 2 дахь удаагийн дуудлага худалдаа зарлагдан үнийн дүнгийн 50 хувиар зарахаар болсонд гомдолтой байдаг. Мөн “К-”-наас шүүхээр шийдвэрлүүлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр уургийн гуйцэтгэлийг хангуулах гэсэн боловч тэрхүү хөрөнгийнхөө мэдээллийг огт оруулаагүй байдаг. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжинд үүргийн гүйцэтгэл хангуулсан хөрөнгийн талаар ямар ч мэдээлэл байхгүй, тодорхойгүй байдаг. Ийм байдал НШШГГ- шийдвэрт заагдаагүй хөрөнгөнд ажиллагаа хийж дуудлага худалдаанд оруулж байгаа нь хууль зуйн үндэслэлгүй гэж үзсэн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад заасан дээрхи 2 үндэслэл болон шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн үндэслэлүүдэд ямар ч дүгнэлт хийгээгүй, тэр талаар ямар ч тайлбар бичээгүй байгаагаас шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны гараагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохтой холбоотой баримтууд хэрэгт хангалттай авагдсан байх бөгөөд тухайн баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар ямар ч дүгнэлт хмйгээгүйд гомдолтой байна. Тухайлбал гэр бүлийн гишүүн болох гэрлэлтийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, захирамж, шийдвэрүүд бүгд хэргийн материалд авагдсан байхад нотлоогүй байна, эрх нь зөрчигдөөгүй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг ямар баримтаар хэрхэн татгалзаж байгаа бөгөөд яагаад нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй талаар огт дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01950 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ. Иргэний хэрэг шүухэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт "... Зохигч, гуравдагч этгээд, тэдгээриин төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй ... " гэж зааснаар давж заалдах гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би өөрийн биеэр биечлэн оролцох хүсэлтэй байх тул шүүх хүралдааны товыг боломжит хугацаанд урьдчилан мэдэгдэхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч Д.Э- нь НШШГГ-т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020870 дугаартай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 2 тоотод байрлах 97,17 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ./хэргийн 1-3, 36-37 дугаар тал/

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/01287 дугаартай шүүгчийн захирамжаар Н.Х- нь 78 000 000 төгрөгийг 5 сарын хугацаанд “К-” ХХК-д төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ./хэргийн 41 дүгээр тал/

            Дээрх шүүгчийн захирамжийг төлбөр төлөгч сайн дураар биелүүлээгүй тул 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч Н.Х-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 29 дүгээр байрны 2 тоот орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 156/01 тогтоолоор битүүмжилж, 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 156/02 тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

            Төлбөр төлөгч Н.Х- нь орон сууцыг битүүмжлэх ажиллагааны талаар гомдол гаргаагүй байна.

            Мөн хариуцагч байгууллагаас төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн саналыг талуудаас авахад тохиролцоогүй байх тул шинжээчээр эд хөрөнгө үнэлүүлэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцжээ.

            Хэдийгээр төлбөр төлөгч Н.Х- нь дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 2 тоотод байрлах 97,17 м.кв талбайтай орон сууцыг 191 019 883 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байх боловч тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01065 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Н.Х-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1561 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01861 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. /хэргийн 82-89 дүгээр тал/

            Улмаар Н.Х-ын өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээ болох 191 019 883 төгрөгийн 70 хувь болох 133 713 918 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр оруулахад худалдан борлогдоогүй, 2 дахь албадан дуудлага худалдаанд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр үнэлэгдсэн үнийн 50 хувь болох 95 509 941 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоож оруулахад 98 300 000 төгрөгөөр худалдан борлогдсон үйл баримт тогтоогдож байна./хэргийн 90-92, 98-107 дугаар тал/

            Анхны болон хоёр дах дуудлага худалдаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62, 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.5, 65 дугаар зүйлийн 65.1, 66, 68, 69, 72 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Маргаан бүхий орон сууцыг Н.Х- дангаараа өмчилдөг болох нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа болон Ү-2203020870 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна./хэргийн 14, 48 дугаар тал/ Уг бүртгэлийн лавлагаанд бигчигдсэн тэмдэглэл нь буруу ташаа болох талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бусад этгээд маргаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул дээрх улсын бүртгэлийг үнэн зөвд тооцож, төлбөр барагдуулах ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл одоог хүртэл төлбөр төлөгчийн нэр дээр бүртгэлтэй байх ба хариуцагч уг эд хөрөнгийг битүүлжилснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.  

            Иймээс Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020870 дугаартай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 2 тоотод байрлах 97,17 м2 талбайтай орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх үндэслэл болохгүй юм.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/01950 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ

 

                                             ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                   С.ЭНХТӨР