Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00616

 

Д.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/01950 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2033 дугаар магадлалтай,

Д.Эын нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 2 тоотод байрлах 97,17 м2 талбайтай орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Байгальмаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван, С.Бямбацэцэг, гуравдагч этгээд Д.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 06726 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 00566 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу НШШГГт явагдаж буй төлбөр авагч Капитрон банк ХХК, төлбөр төлөгч Н.Хонгорзул нарт холбогдуулан 78 000 000 төгрөг, тэмдэгтийн хураамжид 310 985 төгрөг, нийт 78 310 985 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүхэлдээ хууль бусаар явагдаж байгаад гомдолтой байна. Дээрхи шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа бөгөөд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт "... Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулъд заасан нийтлэг журмын дагуу гаргана ... гэж заасны дагуу тус шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно ... гэж, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт "... Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй ... гэж, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт "... Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш. энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно ... гэж тус тус зааснаар гомдлоо шууд шүүхэд гаргаж байгаа болно. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж буй Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 2 тоот хаягт байрлах 97,17 м кв талбайтай орон сууцыг 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б.Даваадорж гэх хүнээс худалдан авсан. Анх худалдан авахдаа би завгүй ажилтай байсан тул миний эхнэр болох Н.Хонгорзулын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулан авсан. Миний эхнэр Н.Хонгорзул бид хоёр 1987 онд гэр бүл болж 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн 896 дугаарт бүртгүүлсэн. Эхнэр бид хоёр олон жилийн амьдралын үр шимээр уйгагүй хөдөлмөрөөрөө мөнгөө цуглуулан энэхүү орон сууцыг худалдан авч өнөөдрийг болтол амар тайван амьдарч байна. Хэдийгээр миний эхнэр Н.Хонгорзулын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байдаг боловч энэ орон сууцны 50 хувь цэвэр миний өмч гэж үзэж байна. Үүнийг ч миний эхнэр хүлээн зөвшөөрнө. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт "... Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөө бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн ... гэж зааснаар энэхүү хөрөнгө нь биднийг гэр бүл болсноос хойш бий болсон бөгөөд бид хоёрын хамтран өмчлөх дундын өмч буюу 50 хувь нь миний өмчлөлийн эд хөрөнгө болно. Гэтэл Капитрон банк нь миний зөвшөөрөлгүйгээр буюу гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр дээрхи орон сууцыг барьцаанд авч улмаар шүүхийн шийдвэр гаргуулан албадан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж улмаар 2 дахь удаагийн дуудлага худалдаа зарлагдан үнийн дүнгийн 50 хувиар зарахаар болсонд маш их гомдолтой байна. Мөн Капитрон банкнаас шүүхээр шийдвэрлүүлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн боловч тэрхүү хөрөнгийнхөө мэдээллийг огт оруулаагүй байдаг. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжинд үүргийн гүйцэтгэл хангуулсан хөрөнгийн талаар ямар ч мэдээлэл байхгүй, тодорхойгүй байна. Ийм байтал НШШГГ шийдвэрт заагдаагүй хөрөнгөнд ажиллагаа хийж дуудлага худалдаанд оруулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зөвхөн Н.Хонгорзулд оногдох хэсэгт л явагдах ёстой гэж үзэж байна.Хонгорзулаас төлбөр гаргуулсан шүүхийн шийдвэр дээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай зааснаас яг хаана байршилтай ямар хөрөнгөөр хангуулах тухай заагаагүй. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь бүхэлдээ миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 06726 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, Шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 00566 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу НШШГГт явагдаж буй төлбөр авагч Капитрон Банк ХХК, төлбөр төлөгч Н.Хонгорзул нарт холбогдуулан 78 000 000 төгрөг, тэмдэгтийн хураамжид 310 985 төгрөг, нийт 78 310 985 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох болон эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 2 тоот хаягт байрлах 97,17 м2 талбайтай орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01287 дугаартай захирамжаар Н.Хонгорзулаас 78 310 985 төгрөгийг гаргуулж Капитрон банк ХХК-д олгох, нэхэмжлэлийн дүнг төлөөгүй тохиолдолд зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17281156 тоот үүсгэх тогтоолоор эхлүүлэн явуулж, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 3000-2015/51 тоот зээлийн барьцааны гэрээнд заасан төлбөр төлөгч Н.Хонгорзулын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 29 дүгээр байрны 2 тоот орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 156/01 тогтоолоор битүүмжилж, 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 156/02 тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч Н.Хонгорзул өөрийн өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг 500 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Капитрон банк ХХК үл зөвшөөрч, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгон албадан дуудлага худалдаанд оруулах талаар хүсэлт ирүүлсэн тул 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 47 тоот шинжээч томилох тогтоолоор Итгэлт эстимэйт ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгоход 191 019 883 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Төлбөр төлөгч Н.Хонгорзул нь шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 01065 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1561 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1861 дүгээр тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч иргэний гаргасан гомдол шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул Н.Хонгорзулын өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээ болох 191 019 883 төгрөгийн 70 хувь болох 133 713 918 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож оруулахад 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр оруулахад худалдан борлогдоогүй, 2 дахь албадан дуудлага худалдаанд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр үнэлэгдсэн үнийн 50 хувь болох 95 509 941 төгрөгөөр албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоож оруулахад 98 300 000 төгрөгөөр худалдан борлогдсон бөгөөд худалдан авагчийн өмчлөлд орон сууцыг шилжүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүгчийн захирамжаар түдгэлзээд байна. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууц нь дундын өмч болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдоогүй, гүйцэтгэх баримт бичигт барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тодорхой зааж өгсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлд дурдсан орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлөх болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитрон банк ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Хонгорзул нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Капитрон банк ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 60 000 000 төгрөгийн зээл авч зээлийн барьцааны гэрээ байгуулан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 29 дүгээр байрны 2 тоот 97.17м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалсан байдаг. Барьцаанд байрлуулсан тухайн эд хөрөнгө бол зөвхөн Н.Хонгорзулынх буюу 1 хүний өмч юм. Үүнийг Улсын бүртгэлийн гэрчилгээ нотолдог. Н.Хонгорзул банкнаас авсан зээлээ төлөхгүй байсаар манай банк шүүхэд хандаж 2016 он 11 дүгээр сарын 18-ны өдөр 01287 тоот шүүхийн шийдвэр гарсан байгаа. Шүүхийн шийдвэр гарсан боловч тухайн хугацаанд хариуцагч төлбөрөө төлөөгүй. Улмаар шүүгчийн захирамж гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байгаа. Улмаар дуудлага худалдаа болсон. Дуудлага худалдааны үнийн санал авахад харилцан тохиролцоогүй учраас хөрөнгийн үнэлгээг тогтоосон. Гэвч хөрөнгийн үнэлгээн дээр 3 шатны шүүхэд гомдол гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан. Н.Хонгорзул нь Д.Эод мэдэгдэлгүй  Капитрон банк ХХК-аас зээл авсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад дуудлага худалдаа болсонд Д.Э гомдолтой байна гээд байгаа нь үндэслэлгүй. Шүүхэд талууд үнэн зөв тайлбар, мэдүүлэг өгөх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгө хураах болон битүүмжлэх ажиллагаанд төлөөлж Д.Э нь оролцсон материалуудаа  ирүүлсэн  энэ тухай мэдэж байсан байдаг. Дуудлага худалдаа хуулийн дагуу шударгаар явж гуравдагч этгээдэд зарагдсан. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд  Д.Мөнхзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НШШГГаас 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт гаргасан дуудлага худалдааны 2 дахь худалдааны 11 дүгээрт бичигдсэн Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7 хороолол ногоон нуурын гудамж, 29 дүгээр байрны 2 тоот 97.17м квадрат 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар зарлагдсан. Дуудлага худалдааны анхны үнэ нь 95 509 941 төгрөг байсан. Иргэн Д.Мөнхзул нь 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр тус хөрөнгөд анхны үнэ 95 509 941 төгрөгийн дэнчин болох 9 550 995 төгрөгийг төлсөн. Улмаар дуудлага худалдаанд оролцож 98 300 000 төгрөгөөр дуудаж ялагч болсон. Тус хөрөнгийн үнийн зөрүү, дэнчингийн үнийн зөрүү 2019 оны 05 дугаар сарын 23-нд 88 749 005 төгрөгийг төлсөн байдаг. Иргэн Д.Мөнхзул нь тус дуудлага худалдаанд хуулийн дагуу төлбөрөө төлж дуудлага худалдаанд оролцсон боловч одоо хүртэл тус хөрөнгийн өмчлөгчөөр гэрчилгээ олгож шилжиж гараагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Хонгорзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Хонгорзул нь нэхэмжлэгч Д.Этой 1987 онд гэр бүл болсон байгаа. Гэр бүл болсноос хойш 2014 оны 3 дугаар сарын 14-нд энэ маргаан бүхий Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7 хороолол ногоон нуурын гудамж, 29 дүгээр байрны 2 тоот 97.17м квадрат 3 өрөө орон сууцыг худалдаж авсан. Тухайн үед нэхэмжлэгч нь завгүй байсан болохоор Н.Хонгорзулын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Н.Хонгорзул нь 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Капитрон банк-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Капитрон банк нэхэмжлэл гаргаад Н.Хонгорзултай эвлэрлийн гэрээ байгуулах хүртэл Д.Э барьцааны болон дундын өмчлөлийн талаар ямар нэг зүйлийг мэдээгүй байсан. 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Энэ үеэс мэдсэн гэсэн асуудал яригддаг. Н.Хонгорзулын хувьд Капитрон банк-наас зээл авахдаа өөрийн дүүд авч өгсөн учраас барьцаанд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө барьцаалсан гэдэгээ Д.Эоос тухайн үед нуусан байгаа юм. Иймээс Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан эд хөрөнгө гэр бүлийн хуваарьт эд хөрөнгөөс бусад хөрөнгө дундын хөрөнгөд хамаарна гэж үзэж байна. Н.Хонгорзул нь өөрийнхөө оногдох хэсгийнхээ талаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар ямар нэгэн татгалзал байхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/01950 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5. дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01287 дугаартай /шүүгчийн захирамжийн/ шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 2 тоотод байрлах 97,17 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2033 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/01950 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2, 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг хянаад маргаан бүхий орон сууцыг Н.Хонгорзул ганцаараа өмчилдөг ... тэмдэглэл нь буруу ташаа болох талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бусад этгээд маргаж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй тул дээрх бүртгэлийг үнэн зөвд тооцож, төлбөр барагдуулах ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй байна...” гэж дүгнэн шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах, орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх агуулгаар нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж буй Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 2 тоот хаягт байрлах 97,17 м2 талбайтай орон сууцыг 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б.Даваадорж гэх хүнээс худалдан авсан. Анх худалдан авахдаа эхнэр Н.Хонгорзулын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулан авсан. Эхнэр Н.Хонгорзултай 1987 онд гэр бүл болж 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн 896 дугаарт бүртгүүлсэн. Гэр бүлийн гишүүдийн олон жилийн амьдралын үр шимээр уйгагүй хөдөлмөрөөрөө мөнгөө цуглуулан энэхүү орон сууцыг худалдан авч өнөөдрийг болтол амар тайван амьдарч байна. Хэдийгээр эхнэр Н.Хонгорзулын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байдаг боловч энэ орон сууцны 50 хувь цэвэр нэхэмжлэгчийн өмч гэж үзэж байгаа бөгөөд гуравдагч этгээдээр оролцсон Н.Хонгорзул бүрэн хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “...Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн...” гэж зааснаар энэхүү хөрөнгө нь гэр бүл болсноос хойш бий болсон бөгөөд Д.Э, Н.Хонгорзул нарын хамтран өмчлөх дундын өмч буюу 50 хувь нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө гэж үзнэ. Гэтэл Капитрон банк нь гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр дээрхи орон сууцыг барьцаанд авч улмаар шүүхийн шийдвэр гаргуулан албадан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж улмаар 2 дахь удаагийн дуудлага худалдаа зарлагдан үнийн дүнгийн 50 хувиар зарахаар болсонд гомдолтой байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 126.1 дэх хэсэгт заасан зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж улсын бүртгэлд гэр бүлийн гишүүд бүгд бүртгүүлсэн байх ёстой мэтээр тайлбарлан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн Капитрон банкнаас шүүхээр шийдвэрлүүлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн боловч тэрхүү хөрөнгийнхөө мэдээллийг огт оруулаагүй байдаг. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжинд үүргийн гүйцэтгэл хангуулсан хөрөнгийн талаар ямар ч мэдээлэл байхгүй, тодорхойгүй байдаг. Ийм байтал НШШГГ шийдвэрт заагдаагүй хөрөнгөнд ажиллагаа хийж дуудлага худалдаанд оруулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны нэхэмжлэлийн шаардлагад заасан дээрхи 2 үндэслэл болон шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн үндэслэлүүдэд ямар ч дүгнэлт хийгээгүй, тэр талаар ямар ч тайлбар бичээгүй байгаагаас шийдвэр, магадлал үндэслэлтэй, хууль ёсны гараагүй гэж үзэж байна. Давж заалдах гомдолд энэ тухай тодорхой дурьдсан байтал давж заалдах шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохтой холбоотой баримтууд хэрэгт хангалттай авагдсан байх бөгөөд тухайн баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар ямар ч дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Тухайлбал гэр бүлийн гишүүн болох гэрлэлтийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, захирамж, шийдвэрүүд бүгд хэргийн материалд авагдсан байхад нотлоогүй байна. эрх нь зөрчигдөөгүй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг ямар баримтаар хэрхэн татгалзаж байгаа бөгөөд яагаад нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй талаар огт дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Нэхэмжлэгч Д.Э нь НШШГГт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 2 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүссэн  нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. /хэргийн 1-3, 36-37 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр төлбөр авагч Капитрон банкны эрх хүлээн авагч, төлбөр төлөгч Н.Хонгорзул, дуудлага худалдаагаар орон сууцыг худалдан авсан Д.Мөнхзул нар тус тус оролцжээ.

2.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хэмжээнд, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/01287 дугаар шүүгчийн захирамжаар Н.Хонгорзул нь 78 000 000 төгрөгийг хэсэгчлэн, 5 сарын хугацаанд Капитрон банк ХХК-д төлж барагдуулах, төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Н.Хонгорзул төлбөрийг төлөөгүй тул 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Н.Хонгорзулын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 29 дүгээр байрны 2 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулж, талуудаас үнийн санал авахад тохиролцоогүй тул шинжээч томилсон, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаагаар уг орон сууц 98 300 000 төгрөгөөр худалдан борлогджээ.

Төлбөр төлөгч Н.Хонгорзул нь орон сууцыг 191 019 883 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/01065 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, уг шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн байна. /хэргийн 82-89 дүгээр тал/

4. Нэхэмжлэгч Д.Э төлбөрт хураагдсан орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж, “...гэр бүлийн гишүүний зөвшөөрөлгүйгээр барьцааны гэрээг байгуулсан, ...шүүгчийн захирамжид ямар хөрөнгөөс үүргийг хангуулахыг заагаагүй байхад ажиллагаа хийсэн, ...олон жилийн хөдөлмөрөөр худалдан авсан орон сууцыг дуудлага худалдаанд оруулсан нь өмчлөх эрхийг зөрчсөн ...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Нэхэмжлэгч нь хяналтын гомдолд энэ үндэслэлийг зааснаас гадна хоёр шатны шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтуудыг үнэлээгүй, эрх зөрчигдөөгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн талаар дурджээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар тохирсон...” зохигчийн эвлэрлийг батлахдаа барьцаа хөрөнгийг тодорхой нэрлэн заагаагүй боловч зээл авахдаа барьцааны гэрээ байгуулсан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн үүргийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 2 тоотод байрлах 97,17 м2 талбайтай орон сууцыг барьцаалсан үйл баримтыг гэрээний талууд маргаагүй, үүнээс өөр барьцааны хөрөнгө байхгүй тул уг орон сууцыг шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгө гэж үзэх ба дуудлага худалдааг явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Д.Э, Н.Хонгорзул нар гэрлэлтээ батлуулсан, маргаж буй орон сууц гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах боловч иргэний эрх зүйн харилцаанд өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий этгээдийг өмчлөгч гэж үзэхийг Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан тул өмчлөгч Н.Хонгорзултай барьцааны гэрээ байгуулсан Капитрон банк ХХК нь шударга барьцаалагч юм. Д.Э нь хамтран өмчлөгч мөн боловч Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4, 171 дүгээр зүйлийн 171.1, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар орон сууцанд ногдуулсан барьцааны үүрэг хэвээр байдаг тул түүний ногдох хэсэг буюу орон сууцны 50 хувь нь барьцаанаас чөлөөлөгдөхгүй болно.

Шүүхийн шийдвэр 2016 онд гарсан байхад төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулагдах хүртэл төлбөр төлөх боломжтой байхад төлөлт хийгээгүй байх ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна.

6. Шүүх Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 62, 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгзүйлийн 64.5, 65 дугаар зүйлийн 65.1, 66, 68, 69, 72 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/01950 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2033 дугаар магадлалыг тус тус хэвээр  үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

                    ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА