| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 185/2018/0625/Э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 46
Ж.Н-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан, Т.Сайнбаяр, Р.Булгамаа нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 640 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1015 дугаар магадлалтай, Ж.Н-т холбогдох 1702002130075 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргалын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 58 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт Ж-ын Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Н-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргалын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 58 дугаартай эсэргүүцэлд “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 640 дугаартай шийтгэх тогтоолоор Ж.Н-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэсэн.
Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д “Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ноцтой зөрчил” гэж үзэхээр хуульчилсан гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Ж.Н-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.
Прокуророос давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж магадлалыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд: давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Ж.Н-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцохоор хуульчилсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” бол анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгохоос гадна бас өөрчилж болохоор хуульчилсан.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар гарсан зөрчлийг шийдвэрлэхээр тусгасан ба шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй үйлдэл нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан хэлсэн саналдаа “Шүүгдэгч Ж.Н-т холбогдох хэргийг шалгахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 1.6, 18 дугаар зүйлүүдийг зөрчиж шалгасан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Яагаад гэвэл уншиж сонсгосон тогтоол, тэмдэглэл хоёрын алийг нь зөвтгөх гээд байгаа нь тодорхой бус. Шүүгчийн буруутай үйл ажиллагааны хувьд сахилгын хэрэг үүсгээд явж байгаа. Нотлох баримтуудаа хангалттай тогтоогдсон гэж үзээд байна. Давж заалдах шатны шүүхэд гэм буруугийн талаар маргалдаагүй. 1 дүгээр хавтаст хэргийн 16, 18 хуудсанд Ж.Н даргын цохолттой албан бичгүүдийг нотлох баримтаар авахдаа тэр цохолттой хэсгүүдийг дараад өөрчлөөд авсан. Давж заалдах шатны магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Мөн хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Нийтийн албан тушаалтны хувьд гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлээгүйгээс албан тушаалын байдлаа урвуулж бусдад буюу “Ноён шаг” ХХК-д давуу байдал бий болгосон. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн хэлэлцүүлгийн тэмдэглэл болон уншиж сонсгохдоо мөн бичлэгт шүүгдэгчид нийтийн албанд үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хассан тухай уншиж сонгосон. Шийтгэх тогтоолд алдаатай бичсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой байсан. Давж заалдах шатны шүүх нь өөрчлөлт оруулахгүйгээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргалын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 58 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ж.Н-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Н-т холбогдох хэргийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд Ж.Н-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн гэж уншиж сонсгон, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж...” гэж зөрүүтэй бичиж хэргийн оролцогч нарт гардуулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж давж заалдах шатны шүүх мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар салаа утга, сонгох хувилбаргүйгээр нэг мөр ойлгомжтой заажээ.
Прокурор эсэргүүцэлдээ давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа баримталж болох байсан гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5 дугаар хэсэгт заасан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зохицуулалт нь анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад шийдвэрт хамаарах тул уг зохицуулалтыг хэрэглэн шийтгэх тогтоолыг зөвтгөн шийдвэрлүүлэх тухай прокурорын бичсэн эсэргүүцлийг хангах боломжгүй гэж дүгнэлээ.
Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчил нь техникийн шинжтэй байж болох боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн шийдвэрт нөлөөлөх хэмжээний ноцтой зөрчилд хамааруулан шийдвэрийг хүчингүй болгохоор заасан тул энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж магадлалыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1015 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргалын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 58 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН