| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 102/2019/02447/и |
| Дугаар | 2113 |
| Огноо | 2019-12-16 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2113
“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/02826 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.
Нэхэмжлэгч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн шийдвэрээр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС-ийн Б хэсэг 5 дугаар байрны 2 тоот 100 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч уг байрыг үнэлсэн “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн шинжээчийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа. Өнөөдрийн байдлаар дээрх орон сууцны үнэ зах зээлд м.кв нь 2 300 000 төгрөг, үүн дээр байрлал, орчны байдлаас шалтгаалж үнэлгээ өндөр, гэтэл зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3100 дүгээр шийдвэрээр “У” ХХК-иас 155 803 150 төгрөгийг гаргуулж, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцааны гэрээг үндэслэн Ч.Долгорсүрэнгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205020093 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС-ны Б хэсэг 5 дугаар байрны 2 тоот орон сууцыг битүүмжлэн хураасан. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас үнийн санал авахад, харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг томилон үнэлүүлж, шинжээчийн үнэлсэн үнэ 160 141 200 төгрөгийн 70 хувь болох 112 098 840 төгрөгөөр тооцож, анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр талуудад мэдэгдсэн. Мөн дээрх байр 100 м.кв талбайтай орон сууц гэж байгаа боловч энэ нь ердийн хэрэглээний орон сууцны зориулалттай биш нийтийн байрны зориулалттай дотор нь хэд хэд хувааж түрээсэлдэг, ашигласан он удаан хугацааных бөгөөд харин ч үнэлгээ өндөр гарсан гэж дүгнэхээр байсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, үнэлгээ хийлгэх компанийг томилсон тогтоолыг танилцуулаагүй, үнэлгээний мэдэгдэл буюу дуудлага худалдаанд оруулах үнэлгээний мэдэгдлийг танилцуулсан гэх боловч анхны дуудлага худалдаанд үнэлгээний үнийн 70 хувиар оруулдаг болохыг танилцуулж ойлгуулдаггүй зэрэг нь төлбөр төлөгч нарын эрхийг зөрчиж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон гэх "Хөрөнгө эстимэйт" ХХК-нь Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, АОС-ийн Б хэсэг 5-р байрны 100 м.кв орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн. Тус байр нь 2004 онд ашиглалтад орсон гэх боловч үнэлгээний тэнцлүүр болон үнэлгээний харьцуулалт нь өнөөдрийн зах зээлд нийцэхгүй үнэлгээнд тулгуурлаж хийснийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд анхан шатны шүүхээс зах зээлийн үнэнээс хэт доогуур үнэлсэн гэдгээ нотлоогүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч “У” ХХК нь НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хүчин төгөлдөр шийдвэрээр “У” ХХК-аас 115 000 000 төгрөгийг гаргуулж “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 5 дугаар хороо, АОС-ын Б хэсэг 5 дугаар байрны 2 тоотод байршилтай, 100 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх25-28/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай 19250256/02 дугаар тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 19250256/03 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураасан үйл баримт тогтоогдсон байна.
Төлбөр төлөгч “У” ХХК болон үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч Ч.Долгорсүрэн нарт 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 4/11294, 4/11295 тоот албан тоотоор үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэж байсан талаар шүүх дүгнэсэн байна.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч өмчлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийн санал авсан байх бөгөөд өмчлөгч Ч.Долгорсүрэнд үнийн санал ирүүлэх талаар мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй байна.
“Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийн дагуу /хх34-36/ шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар барьцаа хөрөнгийг 160 141 200 төгрөгөөр үнэлсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дээрх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төлбөр төлөгч болон өмчлөгч Ч.Долгорсүрэн, “У” ХХК-ын захирал Д.Энхчимэг нарт дуудлага худалдаанд оруулах үнэлгээний мэдэгдлийг хүргүүлсэн гэх баримт /хх6-7/, албадан дуудлага худалдаа зохион байгуулах талаар мэдэгдлийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6 дахь хэсэгт зааснаар мэдэгдлийг хүргүүлсэн гэж үзнэ.
Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцааны хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч буюу “У” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/02826 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Ц.ИЧИНХОРЛОО