Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 368

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

           Улсын яллагч: П.Бямбасүрэн,

Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,

            Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Х.Б-д холбогдох эрүүгийн 1709006520091 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Х.Б нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зусланд байх түрээсийн байрандаа 2017 оны 08 дугаар сарын 07-ноос 08 дугаар сарын 08-нд шилжих шөнийн 01 цагийн үед хамтран амьдрагч Г.С-г уурлалаа хэмээн зодож эрүүл мэндэд нь цээж, зүүн бугалга, эрүүнд цус хуралт, зүүн бугалганд зөөлөн эдийн няцрал бүхийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлыг барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Г.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…зуслангийн түрээсийн байшиндаа байж байтал хамтран амьдрагч Б нь согтуу орж ирээд гэр бүл, хувийн амьдралын талаар маргалдаж эхлээд тэгээд намайг зүүн гарын мөр, булчингийн хэсэгт гараараа 3-4 удаа цохисон, тэгээд эрүү хэсэг рүү 1 удаа гараараа цохисон. Бид хоёр 2016 оны 03 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн, нэг хүүхэдтэй болоод хамт амьдарч байгаа. Архи нилээн уудаг. Сая л намайг цохиж зодсон асуудал гарч байна. Цохиулсан газар болгон хөхөрсөн хөндүүртэй байна…” гэх мэдүүлэг /хх-9-11, 12/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 10236 дугаартай дүгнэлт:

  1. Г.С-н биед цээж, зүүн бугалга, эрүүнд цус хуралт, зүүн бугалганд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-18/,

Хохирогч Г.С-н Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан “…өөрт учирсан хохирлыг Х.Батбүрэн барагдуулсан. Энэ хэргийг хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд суухгүй…” гэсэн хүсэлт /хх-40/,

Шүүгдэгч Х.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны тодорхойлолт “/хх-26-29/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээсэн, хохирогч, гэрч нар дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

Дээрх байдлаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогч Г.С-д учруулсан хохирлыг төлсөн болох нь хохирогч Г.С-н Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан “…хохирлыг Х.Б барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн хүсэлтээр нотлогдож байх ба шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов.

Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Прокуророос яллаглагч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорын саналаар ирүүлсэн бөгөөд яллагдагч Х.Б нь дээрх зүлйй ангид заасан 450 нэгжээр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн яллагдагч Х.Б-д 450 нэгжээр торгох ялыг 3 сарын дотор төлөхийг сануулж, хэрэв шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Х.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Б нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор төлөхийг тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Б нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

           

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР