Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 106

 

Н.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00291/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  10 дугаар сарын 21-ний өдрийн 976 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Н.Л-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Ш.А-,
                               Б.Б-,
                              “Б-” ХХК-д холбогдох

"Тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорын хохирол 7.434.700 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч “Б-” ХХК-ийн төлөөлөгч С.Батжаргал, түүний өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба, хариуцагч “Б-” ХХК-ийн төлөөлөгч С.Батжаргал, түүний өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Л- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2018 оны 01-р сарын 11-ний өдөр Архангай аймгийн төв Цэцэрлэг хот руу орж яваад өглөөний 8 цагийн орчим замын хажууд зогсож байтал 91-96 ДАР улсын дугаартай Коунти маркийн автобус ирж баруун урдаас мөргөж машинд их хэмжээний хохирол учруулсан. Учирсан хохирлыг Мастер үнэлгээ ХХК-иар үнэлүүлсэн бөгөөд баруун урдаас мөргөж машинд их хэмжээний хохирол учруулсан. Учирсан хохирлыг Мастер үнэлгээ ХХК-иар үнэлүүлсэн бөгөөд баруун урд, хойд хаалга, копут, салхины шил, урд гупер, хойд гупер, баруун урд, хойд явах эд ангиуд болон үндсэн кузов далийсан зэрэг эвдрэлийг 2018 оны 02-р сарын 02-ны өдрийн 11719 тоот үнэлгээний тайлангаар 7.999.700 төгрөгийн бодит хохирол учруулсныг тогтоосон. Хариуцагч нар Архангай аймгийн Замын Цагдаагийн газарт байхдаа тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг бүгдийг төлнө гэж байсан боловч өнөөдрийн байдлаар төлөөгүйгээс гадна утсаа авахгүй байна. Иймд Тоёота Клугер маркийн 26-22 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 7.999.700 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

...Нийт 465.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нийт 7.434.700 төгрөгийн хэмжээнд нэхэмжилнэ. Нэхэмжлэгч 9196 ДАР дугаартай тээврийн хэрэгслийн ашиглалтаас 2622 БНА дугаартай тээврийн хэрэгсэл гэмтэж эд хөрөнгөд учирсан гэм хорыг нөхөн төлүүлж, арилгуулахаар энэ хэрэгт анх Ш.А-, Б.Б- нарыг хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Авто тээврийн Үндэсний төвөөс шүүхийн журмаар гаргуулан авсан нотлох баримтыг үндэслэн өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа Б- ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан. Үндэслэл нь 9196 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь осол гарах үед буюу 2018 оны 01 сарын 11-ний өдрийн байдлаар Б- ХХК, эзэмшигч нь Ш.А- байсан. Энэ хугацаанаас өмнө болон хойно Ш.А- өмчлөгчөөр бүртгэлтэй байсан, хэрэг хянан шийдвэрлэх явцад мөн Б- ХХК-ийн нэр дээр дахин бүртгэгдсэн, осол гарах үед эзэмшигч Ш.А-, өмчлөгч Б- ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох захирал С.Батжаргал нар жолооч Б.Б-д өөрсдөө уг тээврийн хэрэгслийг шилжүүлж жолоодуулсан болох нь хариуцагч нарын тайлбараар тогтоогддог. 2018 оны 01 сарын 11-ний өдөр буюу осол гарах өдөр 9196 ДАР дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч В ангиллын жолоодох эрхтэй Б.Б- жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөнөөс осол гарч Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгож шийдвэрлэсэн байдаг. Иймд хариуцагч нараас гэм буруугийн хэмжээ, оролцоогоос нь шалтгаалж Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийг үндэслэн Б.Б-гээс 2,500,000 төгрөг, Ш.А-, Б- ХХК-иас тус бүр 2,467,350 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Н.Л- учирсан хохирол 7.434.700 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлоо Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т зааснаар нэхэмжилж байна. Хариуцагч Б.Б-гээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хохирлоо нэхэмжлээд, нэхэмжлэлээ багасгаж, тохиролцоод 2.000.000 төгрөг дээр эвлэрсэн. Хариуцагч нар өөрсдийн зөвшөөрлөөр Б.Б-д тээврийн хэрэгслийг шилжүүлэн бариулсан байдаг. Тэгэхээр ганц Б.Б- хариуцах ёсгүй. Ш.А-, “Б-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч адилхан хариуцах ёстой. Учир нь хариуцагч Ш.А- болон “Б-” ХХК-ийн захирал С.Батжаргал нар тухайн осол гарах үед тээврийн хэрэгсэл дотор байсан, тээврийн хэрэгслийг шилжүүлэхэд хамт байсан, ямар нэг хориг тавиагүй, шилжүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Ийм учраас хохирлоо 50, 50 хувиар хуваан нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Б.Б-гээс нэхэмжилж байгаа хохирлоос 500,000 төгрөгөөс нь татгалзаж 2.000.000 төгрөгт нь эвлэрсэн гэв.

Хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хариуцагч н.Б- оюутан хүн. Тэгээд Архангай аймгийн Сайхан суманд явж байтал Ш.А-, “Б-” ХХК-ийн захирал С.Батжаргал нар гуйгаад машин бариулсан байдаг. Тухайн үед нэхэмжлэгч нь зам дээр зогссон, ослын тэмдэг тавиагүй байсан. Түүнийг нь харалгүй машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйлдэл байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 2.000.000 төгрөг дээр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Тухайн үед Б.Б- жолоо барьж, гэхдээ түүнд уг тээврийн хэрэгслийг жолоодох ангилал байгаагүй. “Б-” ХХК-ийн захирал, автобусны жолооч автобус дотор явж байсан, хориглох үүрэг тэдэнд бий, гэтэл ангилалгүй хүнд өөрсдөө зөвшөөрөл олгож бариулсан. Ийм учраас учирсан хохирлоо хуваах ёстой. Хариуцагч Б.Б- эвлэрлийн гэрээнд дурдсан 45 хоногийн дотор хохирлоо төлж барагдуулна. Одоо хичээл сургуульдаа явахгүй хөдөө ажил хийгээд явж байгаа. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү  гэв

Хариуцагч Ш.А- шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би өөрийнхөө машиныг бариагүй, өөр хүн барьж яваад осол гаргасан болохоор хэцүү байна. Б.Б- намайг бие засчхаад ирэхэд автобусыг гуйгаад барьсан. Даваан дээр гараад ах нь өөрөө барья гэхэд за яахав яахав, би бариад явъя гэсэн. Тухайн үед Увс аймагт тендер нээх гээд туршилтын шугамаар явсан. Жолооч хийх оюутнаа би өөрөө олсон. Архангайн цаад Цахир сумын тэнд осол болсон. Би үндсэн машины эзэн, жолооч мөн. Тэр үед зам муу, мөстсөн байсан. Гэтэл зам дээр нэхэмжлэгч өөрөө эсрэг урсгал буюу миний талын урсгалд хөндлөн зогссон байснаас гадна ослын тэмдэггүй байсан. Даваа уруудаж яваад гулгаад тоормос дээр гишгэсэн боловч гулгасаар байгаад зам дээр зогсож байсан машины урд талын хаалганы хэсэгт мөргөсөн. Нэхэмжлэгчийн машины эвдэрсэн хохирол бол ихэнх нь буюу 50 хувь нь өөрийнх нь учруулсан хохирол байсан. Хот ороод янзлаад өгье гэхэд нэхэмжлэгч үгүй би шинэ машин авна гэсэн. Хохирлоо багасгаад 1 сая төгрөг болвол төлнө, 2,467,350 төгрөг бол төлөхгүй. Нэхэмжлэгчийн өөрөө эвдэлсэн зүйл ихэнх нь байсан гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар нотлох баримтаар тогтоогдсон. Б- ХХК хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэдгийг зөв гэж үзэж байна. Дарханаас гарахдаа машиныг шилжүүлсэн. Машин муу байсан бол анхнаасаа Дарханаас гарахад жолоо шилжүүлэхэд хяналт тавиад зохицуулаад явах ёстой байсан. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн санамсар, болгоомжгүй үйлдэл байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.Л- анхнаасаа эсрэг урсгалд, хөдлөх боломжгүй, эвдрээд, ослын тэмдэггүй зогсож байсан. Үүн дээр нэхэмжлэгч өөртөө бага хариуцлага аваад ихэнхийг бусдад нялзааж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч Ш.А-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага 2.467.350 төгрөгөөс 1 сая төгрөгт л эвлэрэх боломжтой гэжээ.

Хариуцагч Б- ХХК-ийн төлөөлөгч С.Батжаргал шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Ш.А-ийн барьж байгаа Каунти маркийн 91-96 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ш.А-ийн хүсэлтээр манай компанийн нэр дээр шилжүүлсэн нь Ш.А- хувиараа аж ахуй нэгж болон иргэдийн захиалгаар ОХУ-ын Улаан-Үд, Байгал далайн аялалаар явдаг учир явах зөвшөөрлийн бичиг авахын тулд байсан юм. Иймээс уг тээврийн хэрэгслийг худалдаж авахад манай компаниас нэг ч төгрөгийн хөрөнгө гараагүй Ш.А- өөрийн хөрөнгөөр авсан бөгөөд эзэмшигч нь Ш.А- мөн болно. Манай байгууллага 2.467.350 төгрөгийг төлөхгүй. Ослоос өмнө би Б.Б- жолоочийг тээврийн хэрэгсэл барих ур чадвар муу байна, Ш.А-ийг бариад яв гэж хэлж байсан. Каунти маркийн автобус бол манай компанийн өмч биш, хариуцагч Ш.А- тээврийн хэрэгслийн эзэмшигч, бид түүнтэй гэрээгээр хамтарч ажилладаг. Орлого багатай байна, надаас тээврийн хэрэгслийг компанийн нэр дээр шилжүүлээд өгөөд Улаан-Үд явах гэсэн юм гэж гуйж байсан. Энэ талаар нотлох баримтыг бид гаргаж өгсөн   гэжээ.

Хариуцагч Б- ХХК-ийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Үнэлгээ болон хохирол учирсан талаар маргахгүй. Харин “Б-” ХХК ямар үйлдлээр татагдаад байна вэ гэхээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ тухайн компанийн нэр дээр байсан. Шилжих болсон шалтгаан Увс, Завхан чиглэлийн тендерээс болоод тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлсэн. Тухайн тендерт явахын тулд компани өөрийн нэр дээр тээврийн хэрэгсэлтэй байх ёстой байдаг. Ш.А- хувьдаа тээврийн хэрэгсэлтэй байсан учраас хамтдаа тендерт яваад 4 хувийн шимтгэл авах нийтлэг байдлаар тохиролцож шилжүүлсэн. Түүнээс тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Б-” ХХК биш юм. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар нэхэмжлээд Б.Б- зөвшөөрөөд эвлэрсэн юм байна. Тэгэхээр осол аваар гарахад өөрийн буруутай үйлдэл байсан гэж хүлээн зөвшөөрөөд байгаа юм байна. Өөрийнхөө гэм бурууг тодорхой хэмжээгээр Ш.А- бас сая хүлээн зөвшөөрлөө. Тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн гэж Ш.А- зөвшөөрсөн. Тэгэхээр манай “Б-” ХХК хариуцахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  10 дугаар сарын 21-ний өдрийн 976 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т зааснаар 2.973.880 төгрөгийг хариуцагч Б.Б-гээс, 2.230.410 төгрөгийг хариуцагч “Б-” ХХК -иас, 2.230.410 төгрөгийг хариуцагч Ш.А-аас тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Л-д олгосугай.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ХААН банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд төлсөн 143.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд ногдох тэмдэгтийн хураамжид 50.637 төгрөгийг хариуцагч “Б-” ХХК -иас, 50.637 төгрөгийг хариуцагч Ш.А-аас, 62.532 төгрөгийг хариуцагч Б.Б-гээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Л-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Б-” ХХК ХХК-ийн төлөөлөгч С.Батжаргал, түүний өмгөөлөгч Б.Содболд нарын давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.21-ний өдрийн 976 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч ИХШХШтХ-ын 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг баримтлан дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр ИХШХШтХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч “Б-” ХХК-аас 2.230.410 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь анхан шатны шүүх ИХ-ийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх заалтыг зэрэгцүүлэн хэргэлж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг хувь тэнцүүлэн гаргаж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь хуулийн дээрх зохицуулалт нь тус бүрдээ тодорхой тохиолдлыг шийдвэрлэхэд хэрэглэгдэх заалт бөгөөд эдгээр заалтыг нэг шаардлагатай хэд хэдэн хариуцагчтай гэм хорын маргаанд хариуцагч тус бүр дээр авч хэрэглэх боломжгүй юм. Иймд шүүх давж заалдах гомдлыг минь хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч “Б-” ХХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  И.Атарбямба давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн 2.973.880 төгрөг гаргуулснаас 973.880 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

  1. Жолоочоо хэсэг амраая гэхээр нь барьсан.  Тэрнээс зөвшөөрөлгүй эзэн, жолоочгүй барьсан зүйлгүй.
  2. Шүүх өмнө нь Б.Б-гээс 1.002.500 төгрөгийг Н.Л-д өгсөнг анхаарсангүй.
  3. Хохирогч Н.Л-гийн буруутай үйлдлийг анхаарч хохирлоос хассангүй.
  4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг багасган 2.000.000 төгрөг дээр эвлэрлийн гэрээрээ байгуулсан байхад шүүх анхаарч үзсэнгүй.
  5. Шүүх Б.Б-гээс 2.973.880 төгрөг гаргаж шийдвэрлэхдээ эвлэрлийн гэрээнд ач холбогдох өгөн эвлэрцгээсэн байдлыг анхааран 2.000.000 төгрөгөөс дээш гарсан мөнгөнөөс шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзаад байгааг харгалзан 973.880 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2.000.000 төгрөгийн эвлэрлийн гэрээг баталгаажуулахад хуульд харшлах зүйл байхгүй байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба, хариуцагч “Б-”  ХХК, түүний өмгөөлөгч  Б.Содболд  нарын  давж заалдсан гомдлыг хангах нь зүйтэй гэж  үзлээ.

            Нэхэмжлэгч Н.Л-  өөрийн эзэмшлийн Тоёото Клугер маркийн автомашинд учирсан эвдрэл гэмтлийн 7.434.700 төгрөгийг уг гэм хорыг учруулсан буюу Коунти маркийн автомашиныг жолоодож явсан Б.Б-, тээврийн хэрэгслийн эзэмшигч  Ш.А-, өмчлөгч “Б-” ХХК-иас  гаргуулахаар шаардсан ба ингэхдээ  2.500.000 төгрөгийг Б.Б-гээс,  2.467.350  төгрөгийг Ш.А-аас, мөн 2.467.350 төгрөгийг “Б-”  ХХК-иас  нэхэмжилсэн байна.

            Хариуцагч Ш.А- “...би өөрийнхөө машиныг бариагүй, өөр хүн барьж яваад осол гаргасан, хохирлоо багасгаад 1 сая төгрөг болвол төлнө, 2.467.350 төгрөг бол төлөхгүй, нэхэмжлэгчийн өөрөө   эвдэлсэн  зүйл  ихэнх нь байсан...”,

            Хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба “...Ш.А-, “Бат-энххөлөг” ХХК-ийн захирал С.Батжаргал нар гуйгаад машин   бариулсан, нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байгаа  учраас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 2.000.000 төгрөг төлөхөөр эвлэрч гэрээ байгуулсан, эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү...”

            Хариуцагч “Б-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батжаргал   “...Ш.А-ийн хүсэлтээр манай компанийн нэр дээр шилжүүлсэн нь  Ш.А-  хувиараа  аж ахуй нэгж болон иргэдийн захиалгаар ОХУ-ын Улаан-Үд, Байгаль далайн аялалаар явдаг учир явах зөвшөөрлийн бичиг авахын тулд байсан, уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ш.А- мөн болно...” гэсэн тайлбарыг гаргаж  маргажээ.

Ш.А- нь өөрийн өмчлөлийн Коунти маркийн 91-96 ДАР улсын дугаартай  автобусыг “Б-” ХХК-ийн нэр дээр бүртгүүлэн зорчигч тээврийн үйл ажиллагааг явуулж байсан, Б.Б- нь  2018 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр  уг  автобусыг жолоодон явахдаа  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын  4 дүгээр багийн нутаг дэвсгэрт, Спорт сургуулийн зүүн талын замд Клугер маркийн  26-22 БНА дугаарын автомашиныг  мөргөж, зам тээврийн осол  гаргасан  байна.

Дээрх ослын  улмаас Б.Л-гийн  машины  эд юмс  эвдэрч гэмтсэн болох нь зам тээврийн осол дээр тогтоосон акт \хэргийн 20 дугаар тал\ зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал \хэргийн 13-19, 22, 23 дугаар тал\  Мастер үнэлгээ  ХХК-ийн тайлангаар тус тус  тогтоогдсон  бөгөөд  үнэлгээний талаар талууд маргаангүй байна.

Тээврийн хэрэгслийг  гэрээ, хэлцлийн үндсэн  дээр   өөр этгээдэд шилжүүлэх үед  уг тээврийн хэрэгслийг ашиглах явцад  бусдад гэм хор учруулсан тохиолдолд Иргэний хуулийн  111 дүгээр зүйлийн 111.1-т зааснаар  хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн  зохих журмын дагуу тавьсан шаардлагаар  түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг  шилжүүлснээр  хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ  өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн  өмчлөх эрх дуусгавар болох  тул   өмнөх өмчлөгч  С.Эрдэнэчимэгийн өмчлөх эрх  дуусгавар болж  Н.Л-  эзэмшиж ашиглаж  байсан нь тогтоогдсон  тул түүнийг  26-22 БНА дугаар бүхий автомашины  өмчлөгч  гэж үзнэ. Н.Л- нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах   эрхтэй болно.

Нэхэмжлэгч нь  нэр бүхий 3 хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

Үүнд:тээврийн хэрэгслийн эзэмшигч Ш.А-, ослын үед автомашиныг   жолоодож байсан жолооч Б.Б-,  өмчлөгч “Б-” ХХК

Иргэний хуулийн  499 дүгээр зүйлийн 499.1 дэх зохицуулалт тээврийн хэрэгслийг  эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэйг хуульчилсан. “Б-” ХХК  өмчлөгч гэж байгаа боловч Ш.А- нь  өөрийн эрх , хууль ёсны ашиг сонирхлын дагуу  “Б-” ХХК-ийн нэр дээр бүртгүүлэн зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэн  явуулж байсан  үйл баримт тогтоогдсон.

     Иргэний хуулийн  89 дүгээр зүйлийн 89.3-т өөрийн эрх, хууль ёсны  ашиг сонирхлын дагуу  хууль буюу хэлцлийн үндсэн дээр  тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан этгээд нь  шууд  эзэмшигч байна гэж  заасан, Ш.А-  2017 оноос Коунти маркийн автобусыг эзэмшиж байсныг үгүйсгээгүй байх тул “Б-” ХХК-ийг хариуцагч биш гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар Б.Л- нь “Б-” ХХК-иас  хохирол шаардах эрхгүй. Гэхдээ нэхэмжлэгч нь Ш.А-ийг хариуцагчаар  тодорхойлж,  шүүх  түүнийг хариуцагчаар татсан, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хохирлын  хэмжээний дагуу Ш.А-аас  4.934.700  төгрөг гаргуулах  боломжтой гэж дүгнэж байна.

Хариуцагч Б.Б-гийн тухайд Ш.А-аас  бүрэн эрх олгогдсоны дагуу  түүний ашиг сонирхлын үүднээс   тээврийн хэрэгслийг жолоодож   байхдаа  бусдад  гэм хор учруулж, нэхэмжлэгч Б.Л-  хариуцагч Б.Б-гээс 2.500.000 төгрөг нэхэмжилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2.000.000 төгрөг төлөхөөр  эвлэрлийн гэрээ  байгуулсан.

Анхан шатны шүүх “...гэм буруугийн талаар маргаж  байгаа тул  нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нарын  2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн  2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас  2.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулах  боломжгүй”, “...хариуцагч Б.Б- шууд гэм хор учруулсан нь тогтоогдож байх тул  хохирлын 40%...”,  ... 7.434.700 төгрөгийн  2.973.880  төгрөгийг  Б.Б-гээс ,   ... Ш.А-, Б- ХХК  нь шууд  шууд бус гэм хор учруулсан ..., ...хохирлын үлдэх 60 хувийг тэнцүү..., ...2.230.410 төгрөгийг “Б-” ХХК, 2.230.410  төгрөгийг Ш.А-аас гаргуулж Б.Л-д олгохоор шийдвэрлэсэн нь хуульд  нийцээгүй  байна.

Нэхэмжлэгч Б.Л-  нь  тээврийн хэрэгслийн ашиглалтаас  үүссэн  гэм хорыг  арилгуулахаар  нэхэмжлэл  гаргасан.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг ашиглах явцад үүссэн гэм хорын нөхөн төлбөрийг гэм хор учруулсан этгээдээс гадна  гэм учрахад нөлөө үзүүлсэн буюу  тээврийн хэрэгслээ шилжүүлсэн, мөн ашиглах боломж олгосон этгээдийн хэнд нь ч  холбогдуулан  нэхэмжлэл гаргах боломжтой.

Тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч гэм хор учирсан  этгээдийн өмнө  хариуцлага хүлээх боловч тэрээр өөрт учирсан хохирлоо уг автомашиныг жолоодож явсан этгээдээс Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шаардах  эрхийг хязгаарлахгүй юм. Гэм хор шууд учруулаагүй боловч тээврийн хэрэгслээ шилжүүлсэн, эсхүл гэм хор учруулсан этгээдэд ашиглах боломж олгосон  өмчлөгч буюу эзэмшигчид Иргэний хуулийн  499 дүгээр зүйлийн 499.3, 499.4-т заасан хариуцлага ногдуулахад  гэм хор учирсан үйл явдалд гэм буруутай байх шаардлагагүй тул шүүхийн  дээрх дүгнэлт  нь буруу  болжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа бол шүүх хуралдааныг үргэлжлүүлэх  мэтгэлцээн эхлэх нөхцөл бүрдэнэ, Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл  зохигч эвлэрсэн бол мэтгэлцээн явагдахгүй. Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь эсхүл зарим хэсгийг  хүлээн зөвшөөрөх, эвлэрэх  боломжтой.

Нэхэмжлэгч Б.Л-  хариуцагч  Б.Б-  нар  2.000.000 төгрөг төлөхөөр  эвлэрсэнээр  бусад хариуцагч нарын   ашиг сонирхлыг  хөндсөн, хуульд харшилсан гэж үзэх үндэслэлгүй. Тухайлбал: нэхэмжлэгч Б.Л- 2.500.000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн  500.000 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзсан нь хэн  нэгний эрх ашгийг  хохироогоогүй байна.

Иймд дээрх дүгнэлтүүдэд үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  10 дугаар сарын 21-ний өдрийн 976 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба нарын  “нэхэмжлэлийн шаардлагыг 500.000 төгрөгөөр багасгаж, 2.000.000 төгрөг болгох, ...энэ мөнгийг 45 хоногийн хугацаанд төлж барагдуулна” гэх эвлэрлийн гэрээг баталж,  хариуцагч Б.Б-гээс 2.000.000 төгрөг гаргуулж, Б.Л-д олгож, нэхэмжлэлээс  500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй  болгосугай.  Гэсэн  заалт нэмэх,

Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг,

“Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар хариуцагч Ш.А-аас   4.934.700 төгрөг  гаргуулж, нэхэмжлэгч Б.Л-д олгож, хариуцагч “Б-”  ХХК-д  холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай”  гэж,

Тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “...50.637 төгрөгийг хариуцагч “Б-” ХХК-иас, 50.637 төгрөгийг хариуцагч Ш.А-аас, 62.532 төгрөгийг хариуцагч  Б.Б-гээс  тус тус гаргуулан...” гэснийг  хариуцагч  Ш.А-аас  93.905 төгрөг, хариуцагч Б.Б-гээс  46.950 төгрөг тус тус гаргуулан...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа И.Атарбямбаас төлсөн 28.550,         төлсөн  50.636  төгрөгийг  тус тус  шүүгчийн захирамжаар  гаргаж буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.        

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

        

 

                                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                    ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                         С.ЭНХЖАРГАЛ