Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2001

 

БНХАУ-ын иргэн Ц -ийн                                                          нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо              даргалж, шүүгч  А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/01849 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ц -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Б” ХХК-д холбогдох

710 702 юань буюу 272 760 320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Дулмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболор шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ц -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрчим хүч, барилга, сантехник угсралт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг “Б” ХХК нь Ядам овогтой Цээс 2008 оноос барилгын материал зээлээр худалдан авч, төлбөр тооцоог тухай бүрд хийж ирсэн. 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн тооцоогоор зээлээр авсан барааны үлдэгдэл төлбөр нийт 710.702 юань буюу 272.760.320 төгрөг байгаа ба энэ талаар “Б” ХХК-ийн захирал М.Нямжав,  Я.Ц нарын гарын үсэг зурсан тооцоо нийлсэн акт байдаг. Үлдэгдэл тооцоогоо хийхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд “Б” ХХК-аас зээлээр худалдах, худалдан авах хэлцлийн үүргийн гүйцэтгэлд 710.702 юань буюу 272.760.320 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболор шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч тал “Б” ХХК-аас 2012 оны 4 сарын 18-наас 2012 оны 09 сарын 28-ны өдрийг дуусах хүртэл хугацаанд өгч авалцсан 2 байгууллагын нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй болон хураангуй бүртгэл дээр “Б” ХХК 710.702 юаны өртэй гарсныг харилцан батлав гэсэн тооцоо нийлсэн актыг үндэслээд нэхэмжлэл гаргасан байна. Б ХХК-ийн зүгээс шүүхэд 2012 оны 4 дүгээр сарын 18-наас 2012 оны 9 дүгээр сарын 28-ны хооронд авсан нийт бараа бүтээгдэхүүний нэрсийн жагсаалтыг гаргаж өгсөн. Түүний бүх шилжүүлэг мөнгөн дүнгийн тооцоог гаргаж өгсөн. Үүнийг хэдэн төрлийн ямар бараа, тус бүр нь ямар үнэтэй юм, нийлбэр нь ямар үнэтэй юм гэдэг нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар ямар нэгэн нотлох баримт өгөөгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ц -ийн хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гаргасан 710.702 юань буюу 272.760.320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.521.751 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ц -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны хууль зүйн үндэслэлийг буруу дүгнэсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба хариуцагч өнөодрийг хүртэл бараа материалын үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байгаа бөгөөд талууд энэ талаар маргасан. Хариуцагч "Б" ХХК нь нэхэмжлэгч Я.Цээс барилгын материал худалдан авч байсан гэдэг үйл баримтанд маргахгүй байна гэж зөв дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгч нь ямар нэр төрлийн ямар үнэ бүхий, хичнээн хэмжээний бараа материалыг хариуцагчид худалдсан тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч тал 1.615.343.554 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг нэхэмжлэгч талаас авч байсан талаар хүлээн зөвшөөрч бараа материалын нэр төрөл, тоо ширхэгийн жагсаалтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Энэхүү нэр төрөл, тоо ширхэг бүхий бараа материалын жагсаалттай нэхэмжлэгч тал маргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дах хэсэгт заасан эрхийн хүрээнд тухайн баримтыг иш татаж хэлснийг шүүгч буруу ойлгож, төлбөр төлсөн баримтыг хүлээн зөвшөөрч маргаагүй мэтээр тайлбарласан нь буруу юм. Талууд зөвхөн ганц удаа биш 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нийт 2 удаа тооцоо нийлж акт үйлдэж байсан ба хариуцагч тал 710.705 юаний үлдэгдэл төлбөртэй гарсан энэ талаар нэхэмжлэгч талаас нотлох баримтын шаардлага хангасан 3 ширхэг баримт шүүхэд гаргаж өгсөөр байтал шүүх энэхүү баримтыг үнэлээгүй атлаа хариуцагчийн санхүүч хөлсөлж тооцоо гаргуулахад төлбөрийн үлдэгдэлгүй байсан тайлбарыг үгүйсгэх аргагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Мөн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр буюу тооцоо нийлж, акт үйлдсэн өдроөс хойш худалдаж авсан бараа материалын төлбөрийг хэрхэн яаж төлсөн талаар 1 ширхэг ч баримт гаргаж өгөөгүй ба төлбөр бүрэн төлсөн гэх баримтуудаас зөвхөн 4 ширхэг баримт буюу 71.189.432 төгрөг төлсөн баримт нотлох баримтын шаардлага хангаж байгаа ба бусад 37 ширхэг баримт нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх түүнд үндэслэж төлбөр бүрэн төлөгдсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд нотлох баримтыг зөв үнэлж чадаагүй гэж үзэж байна. Тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг зөрчиж шүүх хуралдаан эхлэхээс өмнө нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримтанд гарын үсэг зураагүй байдаг ба энэ үйлдэл нь хариуцагч талын нөлөөлөлд автсан байж болзошгүй гэх үндэслэл бүхий хардлагыг төрүүлж байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлгыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ц  нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан  худалдах худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 710.702 юань буюу 272.760.320 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хавтаст хэргийн 37-40, 42 дугаар талд авагдсан гадаад хэл дээрх бичмэл баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4 дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулна,  гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна” гэж тус тус заасан шаардлагад нийцээгүй байхад шүүх эдгээр баримтыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн нөхөр гэх Хадаатай 2014 онд тооцоо нийлсэн 1 хуудас баримтыг гаргаж ирүүлсэн байх боловч нэхэмжлэгч уг тооцоо нийлсэн баримтад тусгагдсан Хадаатай ямар хамааралтай болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй ба “Б” ХХК-ийн захирлын гарын үсэг, тамга бүхий уг баримт талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд  хэрхэн хамаарч байгааг  тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.

 

Учир нь уг 2014 оны тооцоо нийлсэн баримтаас хойш хариуцагчийн төлбөр төлсөн гэх баримтыг 2017 оны 710.702 юанийн тооцоо нийлсэн баримттай харьцуулах шаардлагатай болно.

 

Хэрэгт нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ц -ийн иргэний үнэмлэх гэх хятад хэлнээс орчуулагдсан бичмэл баримт авагдсан байх боловч хятад хэл дээрх баримт нь хэрэгт авагдаагүй, төлөөлөгч С.Батцэрэнд олгосон хятад, монгол хэл дээр бичигдсэн итгэмжлэл хэрэгт авагдсан байх боловч тэдгээрийн иргэний үнэмлэх хавсаргагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/01849 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 521 751 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО         

                                                          ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ      

                                                                                                     Н.БАТЗОРИГ