Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2020/01000

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.Н

 

Хариуцагч: Б  ХХК- д  тус тус холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 710,702 юань буюу 272,760,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэрэн, хариуцагч нарын төлөөлөгч Б.Ганболор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б  ХХК нь 2008 оноос эхлэн Я.Ц тэй хамтран ажиллаж барилгын материал зээлээр худалдан авч буцаан төлөх зэргээр сайн харилцаатай явж ирсэн. 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд Б  ХХК нь 2,201,913 юанийн бараа материал авсан. 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн өмнөх тооцооны үлдэгдэл 2,300,587 юань байсан. Нийт 4,502,500 юанийн өр төлбөртэй байсан.

2013 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тооцоо бодож үзэхэд хариуцагч нь нийт 3,287,007 юанийг буцаан төлж 1,215,493 юанийн өр төлбөртэй үлдсэн байсан. 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Я.Ц  өөрийн байр, орон сууц, үл хөдлөх хөрөнгийг Хятадын банкны барьцаанд тавьж 750,000 юанийн зээл авч өгч Б  ХХК-ийн захирал М.Н д тусалж байсан. Үүний хүү, зээлийн шимтгэл, банкаар шилжүүлсэн шимтгэл зэрэг нь нэмэгдээд 800,000 юань болсон.

800,000 юань дээр өмнөх өр болох 1,215,493 юанийг нэмээд нийт 2,015,493 юань болж байна. Үүнээс хариуцагч нь 1,304,790 юанийг буцаан төлж 710,702 юань төлөөгүй байна. Иймд 710,702 юань буюу 272,760,320 төгрөгийг хариуцагч Б  ХХК болон хариуцагч М.Н  нарын эд хөрөнгөнөөс гаргуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар хангалттай гаргаж өгсөн гэж бодож байна. Манайх цэвэр усны байгууламжийг цэвэрлэх, засварын ажилд хэрэглэхийн тулд материал авсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл дуусах хугацаанд өгч авалцсан зүйлийн мөнгийг нэхэмжилсэн байсан. Гэтэл өнөөдөр 800,000 юань зээлсэн гэх зээлийн баримтыг гаргаж өгч байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх юм уу ихэсгэж байгаа нь тодорхойгүй байна.

2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 21 нэр төрлийн 6,420,541 юанийн бараа материал авсан. Үүнээс 7,222,692.88 юанийг шилжүүлсэн. Үүнийг хүлээж авсан бараа материалын падаан, мөнгө шилжүүлсэн баримт зэргээр нотлогдож байгаа.

Зээлийн гэрээний үндсэн дээр 750,000 юанийг манай компани руу шилжүүлсэн. Үүнээс 724,452.70 юанийг буцаан шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл дээр зээлийн гэрээний асуудал яригдах ёсгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчлөөгүй. Мөн өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээний асуудал ярихгүй гэж хэлж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй.

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тооцоо нийлсэн актын баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч тал хувийн тэмдэглэлийг орчуулаад нотлох баримтаар гаргаж өгсөн байсан. Үүнээс эхний 8 хуудас баримт нь авсан өгсөн гэх баримттай таарч байна. Үүнээс 9 дэх хуудаснаас хойш гаргаж өгсөн баримтууд нь ойлгомжгүй байна. 2013 онд Б  ХХК нь Я.Ц ээс ямар ч бараа материал аваагүй. Энэ талаар албан бичгээр гаргаж өгсөн. Авсан, өгсөн гэдэг нь санхүүгийн бүх баримтаар нотлогддог шүү дээ.

Манайх авсан баримтынхаа хураангуйг орлогод авсан падан, мөнгөнд төлсөн төлбөр зэргээр хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ц  нь хариуцагч Б  ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 710,702 юань буюу 272,760,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч М.Н аас татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хариуцагч нь худалдах худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч Б  ХХК нь нэхэмжлэгч  БНХАУ-ын иргэн Ц  -ээс барилгын материал худалдан авсан гэх үйл баримтад талууд маргаагүй ба талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ц  нь нийлүүлсэн барилгын материалын үнийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаагүй, харин Б  ХХК-иас 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдсан барааны төлбөрийн үлдэгдэлд 710,702 юань буюу 272,760,320 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүх зөвхөн талуудын хоооронд үүссэн 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдсан барааны төлбөрийн үлдэгдэл төлбөрт хамаарах нотлох баримтад дүгнэлт өгсөн ба зээлийн гэрээний харилцаа нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул уг зээлийн гэрээтэй холбоотой нотлох баримтыг үнэлээгүй болно.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч талаас нийт 21 төрлийн нийт 6,420,541 юанийн үнийн дүн бүхий бараа материал худалдан авч, Б  ХХК нь Я.Ц т 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 41 удаагийн шилжүүлгээр нийт 7,222,692.88 юань буюу 1,615,343,554 төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн” гэж тайлбарласан.

 

Хавтаст хэргийн 30-62 талд авагдсан төлбөрийн баримтад талуудын маргаагүй баримт нь 1,248,751 юаньд холбогдох баримт байгаа ба хариуцагч нь “Даваамягмар, Цэрэндолгор, Энхбат, Өлзийбаяр, Erlian yong trade компаниар дамжуулан Я.Ц т мөнгө шилжүүлж байсан” гэж, нэхэмжлэгч нь “...Даваамягмар, Цэрэндолгор, Энхбат, Өлзийбаяр, Erlian yong trade компаниар дамжуулан ямар нэгэн мөнгө авч байгаагүй” гэж маргасан.

 

Нотолгооны хувиарлалтын хувьд хариуцагч нь бусдаар дамжуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлсөн болохыг нотлох ба Даваамягмар, Цэрэндолгор, Энхбат, Өлзийбаяр, Erlian yong trade компаниар дамжуулан мөнгө шилжүүлсэн баримтын гүйлгээний утга хэсэгт “Я.Ц т худалдах, худалдан авах гэрээний төлбөрт мөнгө шилжүүлсэн” баримт байхгүй, ямар зорилгоор хэнд шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байх тул Я.Ц т шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагчийн төлөөлөгч нь Erlian yong trade компаниар дамжуулан 664,200 ам доллар шилжүүлсэн баримтыг хавтаст хэрэгт хавсарган ирүүлсэн атлаа уг баримтаар 664,200 ам долларыг Я.Ц т шилжүүлээгүй гэж тайлбарласан болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч Б  ХХК нь Я.Ц т 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 41 удаагийн шилжүүлгээр нийт 7,222,692.88 юан буюу 1,615,343,554 төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн байдлыг баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийг 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, уг актад “Б  ХХК нь Я.Ц т 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд өгч авсан бараа материалын тооцоог нийлэхэд Б  ХХК нь Я.Ц т 710,705 юанийн төлбөрийн үлдэгдэлтэй” гэж тооцоо нийлсэн акт үйлдсэн байна.

 

            Хариуцагчийн төлөөлөгч нь “Б  ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч солигдсон тул бид сайн нягтлаагүй ийм акт үйлдсэн” гэж тайлбарлах атлаа уг тооцоо нийлсэн акт үйлдэгдэхээс өмнө нэхэмжлэгчид 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07/017 тоот албан бичигт “...2015 оны 8 дугаар сараас манай ерөнхий нягтлан ажлаа өөрчилсөн бөгөөд шинээр томилогдсон нягтлан бидний олон жилийн харилцаанаас үүссэн мөнгө хөрөнгө, худалдан авсан барааны тооцоог гаргасан байна” гэж дурьдсан байна. /хх-ийн 28 дахь тал/

 

            Б  ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 28/017 дугаар албан бичигт “2017 оны 1 дүгээр улиралд манай байгууллагын төлөөлөл хамтран олон жилийн баримт бичгийг үзэж нягтлан тулгалт хийж 710,702 юанийн үлдэгдэлтэй гэж талууд харилцан тооцоо нийлсэн акт үйлдсэн” гэж дурьдсан ба хариуцагч Б  ХХК нь тооцоо нийлсэн акт үйлдсэн цаг хугацаанаас хойш төлбөр төлөөгүй гэх үйл баримтад талууд маргаагүй байна.

 

            Талуудын хооронд 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд өгч авсан бараа материалын үнийг шаардаж байгаа ба Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэснээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

           

Хариуцагч нь нэхэмжлэгч Я.Ц т 710,702 юань буюу 272,760,320 төгрөгийн төлбөртэй болохыг өөрийн хуулийн этгээдийн албан бичгээр илэрхийлж байсан, уг мөнгийг төлсөн байдлыг баримтаар нотлоогүй тул хариуцагч Б  ХХК-иас 272,760,320 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Ц т олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б  ХХК-иас 710,702 юань буюу 272,760,320 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ц  /Chaolumenqiqige/-т олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч М.Н аас татгазсан болохыг баталж, түүнд холбогдох  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2019 оны 07 сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,521,751 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б  ХХК-иас 1,521,751 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ц  -т олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               С.ЭНХБАЯР