Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00691

 

 

 

 

 

     

 

2022 06 07 001/ХТ2022/00691

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/01000 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1262 дугаар магадлалтай,

БНХАУ-ын иргэн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,

*******, ******* ХХК нарт холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 710,702 юань буюу 272,760,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэрэн /цахимаар/, хариуцагч ******* ХХК-ийн итэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболор, Ц.Нямдорж /танхимаар/, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* /*******/ нь хариуцагч *******, ******* ХХК нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 710,702 юань буюу 272,760,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/01000 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 710,702 юань буюу 272,760,320 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* /*******/-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч *******аас татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,521,751 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 1,521,751 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* /*******/-т олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1262 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/01000 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын хариуцагч *******аас татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг нэхэмжлэгч нь хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.16-ны өдрийн 181/ШШ2020/01000 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан заалтыг зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэл болгосон тооцоо нийлсэн актын үндсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд хэдэн нэр төрлийн, хэчнээн хэмжээний, ямар үнийн дүнтэй бараа материал авсан талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй бөгөөд харин хариуцагч тал *******ээс авсан бараа, материал, түүний үнийг төлсөн баримтыг шүүхэд хангалттай гаргаж өгсөн. Тооцоо нийлсэн акт үйлдсэн тохиолдолд санхүүгийн тооцооллууд хамт хийгддэг. Тийм тооцоолол нь угаасаа байхгүй. Талуудын тооцоо нийлсэн акт л байгаа болохоос үүний үндэслэл болох тооцооны баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн байдлаар санхүүгийн баримтуудыг салгаж тооцоо нийлээгүй, ийм баримт хавтаст хэрэгт ч байхгүй талуудад ч байхгүй юм. ******* нь *******д бараа зээлээр өгч байсан, мөн мөнгө зээлүүлж тусалж байсан гэдгээр дарамталж энэ тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зуруулсан. Гэтэл шүүх Даваамягмар, Цэрэндолгор, Энхбат, Өлзийбаяр, Erlian yong trade компаниар дамжуулан мөнгө шилжүүлсэн баримтын гүйлгээний хэсэгт *******т худалдах, худалдан авах гэрээний төлбөрт мөнгө шилжүүлсэн баримт байхгүй ямар зорилгоор хэнд шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байх тул *******т шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн. Энэ нь эхний шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 90/-д ...Даргалагчаас: Хариуцагч талын төлөгдчихсөн гээд байгаа баримтуудын нийт дүнгээр тооцоо төлөгдчихсөн гэж байгааг юу гэж үзэж байгаа вэ гэхэд, Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Тийм. 1450383550 төгрөгийн барааны үнийг төлчихсөн байгаа юм гэв. Даргалагчаас: Энэ гаргаж өгсөн баримт тус үнийн дүнд хүрчихсэн байгаа юм уу гэхэд, Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Тийм хүрээд байгаа юм гэснээр хариуцагч талын гаргаж өгсөн төлбөрийн баримтыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байсан бөгөөд дараагийн шүүх хуралд зарим төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласны дагуу шүүх шийдвэрлэлээ. Хэрвээ дээр дурдсан төлбөрийн баримтыг мөнгө шилжүүлсэн гэж үзэхгүй юм бол ******* хариуцагчаас 5,000,000 гаруй юань нэхэмжлэх ёстой. Хариуцагч талаас гаргаж өгсөн төлбөр төлсөн баримтыг нэхэмжлэгч тал эхний удаагийн шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн болохоор тэр талаар дахин баримт гаргаж өгөөгүй юм. Түүнээс биш эдгээр баримтыг нотлох хангалттай баримт хариуцагч талд байгаа болно. Жишээ нь Erlian yong trade компаниас бол ******* шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан баримт байгаа болно. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь Erlian yong trade компаниар дамжуулан 664,200 ам доллар шилжүүлсэн баримтыг хэрэгт хавсарган ирүүлсэн атлаа уг баримтаар 664,200 ам долларыг *******т шилжүүлээгүй гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй гэж дүгнэсэн. Шүүх энэ баримтыг буруу үнэлсэн бөгөөд хариуцагч нь 664,200 ам долларын аккредетив нээсэн баримтыг мөнгө шилжүүлсэн баримт гэж үзсэн. Хариуцагчийн гаргаж өгсөн төлбөрийн баримтад 2012.07.24-ний өдөр 369,000 ам доллар, 2012.08.10-ны өдөр 295,200 ам долларыг хувааж шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байгаа болно. /нийлбэр нь 664,200 ам доллар/. Нэхэмжлэгч тал хариуцагчийн гаргаж өгсөн баримтыг үгүйсгэж чадахгүй болохоороо арга ядаад төлбөрийн баримтад *******ээс зээлж авсан мөнгөн дүн орсон байна гэж маргасан бөгөөд уг зээлийн гэрээний төлбөрийг тусад нь баримтаар гаргаж өгсний дараа уг шаардлагаасаа татгалзсан болно. ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нэхэмжлэгч нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал хэчнээн хэмжээний, ямар нэр, төрлийн, ямар үнийн дүнтэй бараа материал нийлүүлсэн талаараа ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй бөгөөд эхний шүүх хуралдаан дээр төлбөрийн баримтуудыг хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Иймд төлбөр тооцоог хөдөлбөргүй болгох үүднээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 710,702 юань буюу 272,760,320 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний дагуу үүссэн төлбөрийн үүргийг бүрэн биелүүлсэн гэж маргажээ.

6. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас 710,702 юань буюу 272,760,320 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* /*******/-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч *******аас татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгч нь хариуцагч *******д холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар батлахдаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож алдаа гаргасныг залруулж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

7. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* /*******/-ээс хариуцагч ******* ХХК нь барилгын материал худалдан авсан үйл баримтын тухайд зохигч маргаагүй ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтад заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь нийлүүлсэн барилгын материалын үнийг шаардах эрхтэй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

8. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-аас 2012.04.18-ны өдрөөс 2012.09.28-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдсан барааны төлбөрийн үлдэгдэлд 710,702 юань буюу 272,760,320 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх бөгөөд шүүх зээлийн гэрээний харилцаа нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул уг зээлийн гэрээтэй холбоотой гэх баримтыг үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцсэн байна.

9. Хариуцагч нь ...2012.04.18-ны өдрөөс 2012.09.28-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч талаас 21 төрлийн нийт 6,420,541 юанийн үнийн дүн бүхий бараа материал худалдан авч, 2012.01.17-ны өдрөөс 2016.02.06-ны өдрийг хүртэлх хугацаанд 41 удаагийн шилжүүлгээр нийт 7,222,692.88 юань буюу 1,615,343,554 төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй байна.

10. Талуудын үйлдсэн 2017.06.23-ны өдрийн тооцоо нийлсэн актаар ******* ХХК нь *******т 2012.04.18-ны өдрөөс 2012.09.28-ны өдрийг хүртэлх хугацаанд өгч авсан бараа материалын тооцоог нийлэхэд ******* ХХК нь *******т 710,705 юанийн төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн баримт хэрэгт авагдсан, хариуцагч нь нэхэмжлэгчид 710,702 юань буюу 272,760,320 төгрөгийн төлбөртэй болохыг албан бичгээр илэрхийлж байсан байх бөгөөд уг мөнгийг төлсөн байдлыг баримтаар нотлоогүй тул хариуцагч ******* ХХК-аас 272,760,320 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр ...шүүх баримтыг дутуу үнэлсэн, ... төлбөр тооцоог хөдөлбөргүй болгох үүднээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

11. Нэхэмжлэгч нь хариуцагч *******д холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар батлахдаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад оруулсан нь зөв, харин нэхэмжлэлийн хангасан хэмжээг юань болон төгрөгөөр аль алинаар нь бичсэн нь буруу байхад залруулаагүй нь учир дутагдалтай юм.

12. Хяналтын шатны шүүхээс 710,702 юань гэснийг хасаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 183 дугаар зүйлийн 183.1-д нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1262 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/01000 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 272,760,320 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* /*******/-т олгосугай гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 1,521,751 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД