Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1999

 

"ИИК ББСБ” ХХК-ийн                                                                           нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо              даргалж, шүүгч  А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2019/02399 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч "ИИК ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Т-, Ц.М- нарт холбогдох

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ц.Мягмаржавын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунтуулын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагч Ц.Мягмаржавын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунтуул, хариуцагч Г.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа                            нар оролцов.

 

Нэхэмжлэгч "ИИК ББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/01233 дугаар захирамжаар хариуцагч Г.Т-ээс 46 875 604 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Их ирээдүй капитал" ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102/Ш32016/10033 дугаартай "Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай" захирамж, мөн өдрийн 1190 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, төлбөр төлөгчийн хүсэлтээр барьцаа хөрөнгө болох орон сууцыг төлбөр авагч "ИИК ББСБ” ХХК төлбөртөө тооцон 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн авсан. Бид өмнөх өмчлөгч Г.Т-ээс орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан, мэдэгдэл хүргүүлсэн боловч чөлөөлж өгөхгүй байна. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллага Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсан боловч шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 184/Ш32019/03125 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.2-т заасны дагуу нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн тул ийнхүү дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34Б байрны 56 тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2201006684 дугаарт бүртгэгдсэн 40 м.кв орон сууцнаас хариуцагч Г.Т-ийг албадан нүүлгэж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Тус маргаан бүхий орон сууцанд хариуцагчийн эхнэр амьдардаг байх тул хэрэгт Ц.Мягмаржавыг хамтран хариуцагчаар татан оролцуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Т- шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "ИИК ББСБ” ХХК-ийнхан Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны нөхдүүдтэй нийлж байгаад "уг орон сууцыг төлбөртөө тооцон шилжүүлэхийг зөвшөөрсөн бичиг шийдвэр гүйцэтгэлийн албанд өгвөл төлбөр төлөх хугацааг хойшлуулж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоох боломжтой байна" гэж хэлэн шийдвэр гүйцэтгэлийн албанд бичиг хийлгүүлчихээд нэг мэдсэн чинь өмчлөх эрхийн гэрчилгээг өөртөө шилжүүлж авчихаад өнөөдөр өөр арга хэрэглэж Г.Т-ийг хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Г.Т- эд нарын үгэнд хууртан бичиг хийх тэр үедээ эхнэр Ц.Мягмаржавт мэдэгдэж, түүнээс албан ёсоор зөвшөөрөл авалгүйгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд бие даан хүсэлт бичиж өгснөөрөө өнөөдрийн ийм хүнд нөхцөл байдалд хүрээд байгаа. Г.Т- тэр байранд амьдран суугаагүй. Нэхэмжлэгч өргөдлөө Г.Т-ийг хүсэлт гаргаснаас хойш 4 сарын дараа Улсын бүртгэлийн байгууллагад өгөөд байгаа нь нэхэмжлэгчийн хууль бус үйл ажиллагааг харуулж байна. Г.Т- өөрөө Улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаагүй байхад өмчлөх эрх шилжсэн байх тул түүнийг хууль бус эзэмшигч гэхэд учир дутагдалтай гэжээ.

Хариуцагч Ц.Мягмаржавын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т- нэхэмжлэгч "Их ирээдүй капитал" ББСБ ХХК-тай холбоотой зээлийн үүргээ биелүүлсэн юм уу, тохиролцсон юм уу гэдэг нь тодорхой бус байгаа. Шүүгчийн захирамжид Г.Т-ээс орон сууц гаргуулахаар заагаагүй, мөнгө гаргуулахаар заасан байгаа. Уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх захирамжид мөн орон сууцны талаар огт дурьдаагүй. Уг орон сууц яагаад нэхэмжлэгч "ИИК ББСБ” ХХК-д шилжих болсон гэхээр хоёр тал тохиролцсон байгаа. Ц.М- уг орон сууцны эзэмшигч. Гэтэл Г.Т-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичсэн хүсэлтэд Ц.Мягмаржавын зөвшөөрөл байхгүй бөгөөд түүнд энэ талаар огт мэдэгдээгүй төдийгүй, орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаанд Ц.Мягмаржавыг огт оролцуулаагүй. Хэрэв мэдсэн бол тэрээр орон сууцнаас өөрт ногдох хувиа өгөөд байраа аваад үлдэх боломжтой байсан. Энэ талаар Улсын Дээд шүүхийн тогтоолд ч байгаа. Уг орон сууц зөвхөн "ИИК ББСБ” ХХК-ийн хүсэлтээр түүний өмчлөлд шилжсэн байдаг бөгөөд Г.Т- Улсын Бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаагүй. Гэтэл Г.Т-ийн хүсэлтийг хууль бусаар хавсаргаж, өмчлөх эрхийг шилжүүлсэн байдаг. Г.Т- ч гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийг эрх бүхий этгээд Ц.Мягмаржавт мэдэгдэлгүй бусдад шилжүүлсэн байгаа юм. Иймд Ц.Мягмаржавын гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийг дур мэдэн бусдад шилжүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Т-, Ц.М- нарын хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч "ИИК ББСБ” ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34Б байрны 56 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2201006684 дугаарт бүртгэгдсэн, 40 м.кв талбай бүхий орон сууцыг чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч "ИИК ББСБ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Т-, Ц.М- нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Мягмаржавын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунтуул давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "...2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 17/515 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16.1.3 дахь хэсэгт зааснаар Г.Т-ид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцож, орон сууцыг төлбөр авагчид шилжүүлэх Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэх тухай албан бичгийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үйлдэж, улмаар 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр уг орон сууц нэхэмжлэгч "ИИК ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжжээ." гэж нэхэмжлэлийн үндэслэл болсон орон сууцны өмчлөх эрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжсэн мэтээр дүгнэсэн атлаа,

Эргээд "Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "ИИК ББСБ” ХХК нь уг орон сууцыг өмчлөх эрхтэй байх тул..." гэж өмнөх дүгнэлтээ үгүйсгэж орон сууцны өмчлөх эрх "сайн дур"-ын үндсэн дээр шилжсэн мэт дүгнэж Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/01546 дугаар тогтоолын "...Г.Т- нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны шийдвэрээр эсвэл өөрөө төлбөр авагчтай тохиролцож орон сууцны өмчлөх эрхээ шилжүүлсэн эсэх нь тодорхой бус, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрхэн явагдсан, шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгчийн борлогдоогүй орон сууцыг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагч “ИИК ББСБ” ХХК-д санал болгосон эсэх баримт хэрэг авагдаагүй..." гэж дүгнэсэн эргэлзээг арилгах талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цутларсан нотлох баримтуудын ач холбогдлыг үгүйсгэлээ гэж үзэж  байна.  Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дээрх эргэлзээг арилгахад ач холбогдол өгөхүйц нотлох баримтууд байсан төдийгүй хариуцагч Ц.Мягмаржавыг төлөөлөн гаргаж байсан сөрөг нэхэмжлэл ч анхан шатны шүүхийн шийдвэрт сөргөөр дүгнэгдээд байгааг өөрөөр тайлбарлах боломж гарахаар байсан ч харамсалтай нь шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр, гомдол гаргах эрхгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь эцэстээ миний төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг үр дагаварыг бий болгож байна. Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтууд, өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон үйл баримт болох Г.Т- болон Ц.М- нар гэр бүлийн гишүүд гэдэг нь тодорхой, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байхад шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан талаар дурдсан атлаа гэр бүлийн гишүүдийн дундын өмчийг битүүмжлэх, хурааах, албадан дуудлага худалдаанд оруулах шийдвэр, анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоох, үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцож шилжүүлэх зэрэгт ажиллагааны нэгэнд нь ч Ц.Мягмаржавыг оролцуулсан эсэх нь тодорхойгүй байхад шүүх Г.Т-ийн хууль ёсны эхнэр мөн эсэх нь нотлоогүй гэх утгатай дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Зүй нь нэгэнт ийм маргаан яваад байгааг шүүх анхааралтай харсан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан журмын дагуу асуудлыг шийдвэрлэж байж эцсийн дүгнэлтээ гаргах ёстой байсан ч тийм эрхээ эдлэхгүйгээр асуудалд хялбарчилсан байдлаар хандсанд гомдолтой байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч "Их ирээдүй капитал" ББСБ ХХК нь хариуцагч Г.Т-ид холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34Б байрны 56 тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2201006684 дугаарт бүртгэгдсэн 40 м.кв орон сууцнаас албадан нүүлгэж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргал нь Ц.Мягмаржавыг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасныг хангасан ба  нэхэмжлэлийг хариуцагч нар зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Г.Т- нь "Их ирээдүй капитал" ББСБ ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг зээлсэн, уг зээл төлөгдөөгүйн улмаас зээлдэгч Г.Т-ид холбогдуулан 46.875.604 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг "Их ирээдүй капитал" ББСБ ХХК Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/01233 шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэжээ. /хх-ийн 8 /

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, улмаар тухайн орон сууцыг битүүмжлэх, хураах, дуудлага худалдааны үнийн санал авах ажиллагаа, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааны ажиллагаа тус тус явагдсан боловч үнийн санал ирээгүйгээс уг орон сууц худалдан борлогдоогүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дах хэсэгт  зааснаар албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох ажиллагааны явцад төлбөр төлөгч Г.Т-ээс 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий орон сууцыг төлбөрийн үнийн  дүнд тооцон төлбөр авагчийн нэр дээр шилжүүлж, төлбөрийг барагдуулж байгаа тухай нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтийг, төлбөр авагч "ИИК ББСБ” ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 04/128 тоот албан бичгээр орон сууцыг төлбөртөө тооцон авахыг шилжүүлж авах хүсэлтийг тус тус гаргаж /хх-ийн 223, 229/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эдгээр  хүсэлтийг үндэслэж, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст орон сууцны өмчлөх эрхийг төлбөр авагч "ИИК ББСБ” ХХК-д шилжүүлэхийг  мэдэгдэж, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 17/515 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, "ИИК ББСБ” ХХК 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр  орон сууцны өмчлөгөөр бүртгүүлсэн байна. /хх-ийн 232-246/

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүсдэг бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдаагүй харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан ажиллагаагаар нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.11 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт Г.Т-  гомдол гараагүй бөгөөд хариуцагч Ц.М- нь орон сууцны хамтран өмчлөгч биш байхаас гадна шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш тул хариуцагч нарын татгалзал тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч Ц.М- нь орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байхын зэрэгцээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлож чадаагүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч "ИИК ББСБ” ХХК-ийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 43 байрны 22 тоот, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хариуцагч Г.Т-, Ц.М- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй,

Харин шүүх шийдвэртээ  зөрчилтэй дүгнэлт хийснийг дээрх байдлаар залруулан дүгнэж, хариуцагч Ц.Мягмаржавын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2019/02399 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мягмаржавын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунтуулын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО        

                                                          ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ     

                                                                                                      Н.БАТЗОРИГ