Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00503

 

*******-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2019/02399 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1999 дүгээр магадлалтай,

*******-ийн нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох,

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунтуулын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Марал-Эрдэнэ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, А.Ариунтуул, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/01233 дугаар захирамжаар хариуцагч *******ээс 46,875,604 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Их ирээдүй капитал" ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, төлбөр төлөгчийн хүсэлтээр барьцаа хөрөнгө болох орон сууцыг төлбөр авагч "Их ирээдүй капитал ББСБ ХХК төлбөртөө тооцон 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн авсан. Бид өмнөх өмчлөгч *******ээс орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан, мэдэгдэл хүргүүлсэн боловч чөлөөлж өгөхгүй байна. Иймд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34Б байрны 56 тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2201006684 дугаарт бүртгэгдсэн 40 м.кв орон сууцнаас *******ийг албадан нүүлгэж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: "Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийнхан Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны нөхдүүдтэй нийлж байгаад "уг орон сууцыг төлбөртөө тооцон шилжүүлэхийг зөвшөөрсөн бичиг шийдвэр гүйцэтгэлийн албанд өгвөл төлбөр төлөх хугацааг хойшлуулж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоох боломжтой байна" гэж хэлэн шийдвэр гүйцэтгэлийн албанд бичиг хийлгүүлчихээд нэг мэдсэн чинь өмчлөх эрхийн гэрчилгээг өөртөө шилжүүлж авсан. Нэхэмжлэгчийн үгэнд хууртан бичиг хийх тэр үедээ эхнэр *******т мэдэгдэж, түүнээс албан ёсоор зөвшөөрөл авалгүйгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд бие даан хүсэлт бичиж өгснөөрөө өнөөдрийн ийм хүнд нөхцөл байдалд хүрээд байгаа. ******* тэр байранд амьдран суугаагүй. ******* өөрөө Улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаагүй байхад өмчлөх эрх шилжсэн байх тул түүнийг хууль бус эзэмшигч гэхэд учир дутагдалтай гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* нэхэмжлэгч "Их ирээдүй капитал" ББСБ ХХК-тай холбоотой зээлийн үүргээ биелүүлсэн юм уу, тохиролцсон юм уу гэдэг нь тодорхой бус байгаа. Шүүгчийн захирамжид *******ээс орон сууц гаргуулахаар заагаагүй, мөнгө гаргуулахаар заасан байгаа. Уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх захирамжид мөн орон сууцны талаар огт дурдаагүй. ******* уг орон сууцны эзэмшигч. Хэрэв мэдсэн бол тэрээр орон сууцнаас өөрт ногдох хувиа өгөөд байраа аваад үлдэх боломжтой байсан. Энэ талаар Улсын Дээд шүүхийн тогтоолд ч байгаа. ******* ч гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийг эрх бүхий этгээд *******т мэдэгдэлгүй бусдад шилжүүлсэн байгаа юм. Иймд *******ын гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийг дур мэдэн бусдад шилжүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2019/02399 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч "Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34Б байрны 56 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2201006684 дугаарт бүртгэгдсэн, 40 м.кв талбай бүхий орон сууцыг чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч "Их ирээдүй капитал ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1999 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2019/02399 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунтуулын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунтуул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 25-ны өдрийн 184/2019/02399 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 1999 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болсон орон сууцны өмчлөх эрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжсэн мэтээр дүгнэсэн атлаа, эргээд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар нэхэмжлэгч Их ирээдүй капитал ББСБ ХХК нь уг орон сууцыг өмчлөх эрхтэй байх тул.. гэж өмнөх дүгнэлтээ үгүйсгэж орон сууцны өмчлөх эрх сайн дур-ын үндсэн дээр шилжсэн мэт дүгнэж Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/01546 дугаар тогтоолын ...******* нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны шийдвэрээр эсвэл өөрөө төлбөр авагчтай тохиролцож орон сууцны өмчлөх эрхээ шилжүүлсэн эсэх нь тодорхой бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрхэн явагдсан, шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгчийн борлогдоогүй орон сууцыг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагч Их ирээдүй ББСБ ХХК-д санал болгосон эсэх баримт хэрэгт авагдаагүй... гэж дүгнэсэн эргэлзээг арилгах талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудын ач холбогдлыг үгүйсгэлээ гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дээрх эргэлзээг арилгахад ач холбогдол өгөхүйц нотлох баримтууд байсан төдийгүй хариуцагч *******ыг төлөөлөн гаргаж байсан сөрөг нэхэмжлэл ч анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр байхад харамсалтай нь шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр, дээр нь гомдол гаргах эрхгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь миний төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг үр дагаврыг бий болгож байна.Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтууд, өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон үйл баримт болох ******* болон ******* нар гэр бүлийн гишүүд гэдэг нь тодорхой, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байхад шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан талаар дурдсан атлаа гэр бүлийн гишүүдийн дундын өмчийг битүүмжлэх, хураах, албадан дуудлага худалдаанд оруулах шийдвэр, анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоох, үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцож шилжүүлэх зэрэгт ажиллагааны нэгэнд нь ч *******ыг оролцуулсан эсэх нь тодорхойгүй.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 25-ны өдрийн 184/2019/02399 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11-р сарын 29-ний өдрийн 1999 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхны шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ

Их ирээдүй капитал ББСБ ХХК нь *******, ******* нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ ...төлбөр төлөгч төлбөртөө тооцон шилжүүлсэн гэж тайлбарлажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

1.Хэргийн баримтаас үзвэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.04-ний өдрийн 102/ШШ2016/01233 дугаар шүүгчийн захирамжаар ******* нь Их ирээдүй капитал ББСБ ХХК-д 46,875,604 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ.

Төлбөр төлөгч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34Б байрны 56 тоотын 40 м.кв орон сууцыг битүүмжлэн, хурааж, улмаар үнэлгээ тогтоон анхны болон хоёрдох дуудлага худалдаа зарласан боловч санал ирээгүй, албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул төлбөр авагчид санал болгожээ /хэргийн 160-205 дугаар тал/.

Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно. Төлбөр авагч татгалзвал үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид тус тус буцаахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 48 дугаар зүйлийн 48.7.-т заасан.

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө нь нэг хүний буюу *******ийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэлтэй, тэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад орон сууцыг төлбөрт тооцон төлбөр авагчид шилжүүлэх хүсэлтийг удаа дараа гаргажээ.

Дээрх хүсэлтийг үндэслэн худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг санал болгох ажиллагаа явагдаж, төлбөр авагч уг хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг зөвшөөрсөн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан байна.

Тодруулбал, орон сууцыг нэхэмжлэгч Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсон нь тогтоогдсон, эдгээр үйл баримтыг хариуцагч нар үгүйсгээгүй байна /хэргийн 36-92 дугаар тал/.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002/ хуулийн 48 дугаар зүйлийн 48.11-т үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гараагүй бол худалдан авагч өмчлөгч болно гэж заасан, зохигч гомдол гаргаагүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017.04.20-ны өдрийн 1/12086 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн хэлтэст орон сууцыг төлбөр авагч Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг хүссэний дагуу 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон, бүртгэл хууль зөрчөөгүй, бүртгэлийг хариуцагч нар эсэргүүцээгүй тул нэхэмжлэгч нь хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.

Түүнчлэн төлбөр төлөгч нь байрыг албадан чөлөөлүүлэх шаардлагагүй гэсэн тайлбар, хүсэлтийг гаргасан нь хэрэгт авагдсан боловч орон сууцыг чөлөөлөөгүй байна /хэргийн 225-227 дугаар тал/.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэйг тус тус заажээ.

Өмчлөгч буюу нэхэмжлэгч нь өөрийн өмчөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхийг шаардсан нэхэмжлэгчийн шаардлага хууль зөрчөөгүй байна.

Хүсэл зоригийн дагуу эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг тул энэ шаардлагад нийцээгүй эзэмшил хууль бус болох ба хариуцагч ******* нь орон сууцыг хууль ёсоор эзэмшиж буй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, тэрээр орон сууцыг чөлөөлж өгөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т нийцжээ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба хариуцагч нар татгалзлаа нотолж чадаагүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Хариуцагч *******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасныг зөрчөөгүй байна.

Түүнчлэн орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаанд хариуцагч ******* байлцсан болох нь тогтоогдсон байх тул ...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны нэгэнд ч оролцуулсан эсэх нь тодорхойгүй... гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунтуулын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2019/02399 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1999 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунтуулын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ

  Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД