Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2019/02399

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 9 сарын 25 өдөр                                               Дугаар 184/ШШ2019/02399                                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “И И К” ББСБ ХХК /Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 24, Рокмон бюлдинг 3 давхар 308-2 тоотод оршин байх, РД 5712203/-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоотод оршин суух, эрэгтэй, Б Г Т/РД ЧО68012119/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоотод оршин суух, эмэгтэй, О овогт Ц.М/РД ЧЖ72062767/ нарт холбогдох,

            Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тамир /ҮД 2571/, П.У, хариуцагч Ц.М итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагч Г.Т Б.У түүний өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.  

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “И И К” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол. Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/01233 дугаар захирамжаар хариуцагч Г.Т46 875 604 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И И К” ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2016/10033 дугаартай “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, мөн өдрийн 1190 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, төлбөр төлөгчийн хүсэлтээр барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2201006684 дугаарт бүртгэгдсэн 40 м.кв орон сууцыг төлбөр авагч “И И К” ББСБ ХХК төлбөртөө тооцон 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн авсан. Бид өмнөх өмчлөгч Г.Торон сууцыг чөлөөлж өгөхийг удаадараа шаардсан, мэдэгдэл хүргүүлсэн боловч чөлөөлж өгөхгүй байна. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллага Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсан боловч шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШЗ2019/03125 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.2-т заасны дагуу нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн тул ийнхүү дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд  Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2201006684 дугаарт бүртгэгдсэн 40 м.кв орон сууцнаас хариуцагч Г.Тийг албадан нүүлгэж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

Тус маргаан бүхий орон сууцанд хариуцагчийн эхнэр амьдардаг байх тул хэрэгт Ц.Мягмаржавыг хамтран хариуцагчаар татан оролцуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2201006684 дугаарт бүртгэгдсэн 40 м.кв орон сууцнаас хариуцагч Г.Т, Ц.Мнарыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ дэмжиж байна. Хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй. Хэрэв Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар орон сууцыг хууль бусаар шилжүүлсэн гэж үзэж байгаа тал энэ талаараа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Улсын бүртгэлийн байгууллагад холбогдуулан гомдлоо гаргах эрхтэй байсан. Ц.Мнь уг орон сууцыг гэр бүлийн дундын хөрөнгө гэх тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд тэрээр уг орон сууцны өмчлөгч биш, мөн төлбөр төлөгч биш тул түүнийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нэн түрүүнд төлбөр төлөгчийн хөрөнгөд ажиллагаа хийгдсэн.  Энэ хаягт хариуцагч нар амьдардаг талаар маргадаггүй. Г.Тудаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж, төлөх ёстой төлбөрөө ч төлөөгүй. Энэ 3 жилийн хугацаанд манай байгууллага их хохирч байна гэжээ.

 

Хариуцагч Г.Тшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “И И К” ББСБ ХХК-ийнхан Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны нөхдүүдтэй нийлж байгаад “уг орон сууцыг төлбөртөө тооцон шилжүүлэхийг зөвшөөрсөн бичиг шийдвэр гүйцэтгэлийн албанд өгвөл төлбөр төлөх хугацааг хойшлуулж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоох боломжтой байна” гэж хэлэн шийдвэр гүйцэтгэлийн албанд бичиг хийлгүүлчихээд нэг мэдсэн чинь өмчлөх эрхийн гэрчилгээг өөртөө шилжүүлж авчихаад өнөөдөр өөр арга хэрэглэж намайг хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Би эд нарын үгэнд хууртан бичиг хийх тэр үедээ эхнэр Ц.Мягмаржавт мэдэгдэж, түүнээс албан ёсоор зөвшөөрөл авалгүйгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд бие даан хүсэлт бичиж өгснөөрөө өнөөдрийн ийм хүнд нөхцөл байдалд хүрээд байгаа билээ. Энэ байдлаас болж эхнэр маань “тэр ББСБ-аас авсан мөнгөнөөс чинь нэгч төгрөг гэр бүлдээ хэрэглээгүй байтал би яагаад орон гэргүй, гудамжинд гарах ёстой юм, мөнгө авч хүнд өгснөөрөө чи өөрөө зайл” гэж хөөсөөр одоо гэр бүл салах дээрээ тулж, миний бие найз нөхөд, хамаатны айлаар амьдарч, нилээдгүй хугацааг өнгөрөөж явна. Иймд Г.Тнамайг албадан нүүлгэж, чөлөөлүүлэх гээд байгаа орон сууцыг би одоогоор эзэмшээгүй буюу түүнд амьдраагүй байгаа тул надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин яриа хөөрөө байдаг бол миний эхнэр Ц.Мярьж, түүнтэй хэл амаа ололцдог юм байгаа биз гэсэн тайлбарыг “И И К” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлд хариу болгон хүргэж байна. Өөрөөр хэлбэл би тэр байранд амьдран суугаагүй болно гэжээ.. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “И И К” ББСБ ХХК-аас Г.Тмөнгө зээлээд шүүхийн шийдвэр гарсны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай харилцаж байсан. Гэтэл Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт гаргаж өгсөн бичгийг үндэслэн Улсын бүртгэлийн албанд хандаж өмчлөгчийн нэрийг хууль бусаар шилжүүлж авчихаад өөрийн өмч гэж нэхэмжлэл гаргаад байгааг зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан өмчлөх эрхийг шилжүүлж байгаа юм уу сайн дураар шилжүүлж аваад байна уу энэ нь тодорхойгүй. Нэхэмжлэгч өргөдлөө Г.Тийг хүсэлт гаргаснаас хойш 4 сарын дараа Улсын бүртгэлийн байгууллагад өгөөд байгаа нь нэхэмжлэгчийн хууль бус үйл ажиллагааг харуулж байна. Г.Төөрөө Улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаагүй байхад өмчлөх эрх шилжсэн байх тул түүнийг хууль бус эзэмшигч гэхэд учир дутагдалтай гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г. Тэрбиш нэхэмжлэгч “И И К” ББСБ ХХК-тай холбоотой зээлийн үүргээ биелүүлсэн юм уу, тохиролцсон юм уу гэдэг нь тодорхой бус байгаа. Шүүгчийн захирамжид Г.Торон сууц гаргуулахаар заагаагүй, мөнгө гаргуулахаар заасан байгаа. Уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх захирамжид мөн орон сууцны талаар огт дурьдаагүй. Уг орон сууц яагаад нэхэмжлэгч “И И К” ББСБ ХХК-д шилжих болсон гэхээр хоёр тал тохиролцсон гээд байгаа. Ц.Муг орон сууцны эзэмшигч. Гэтэл Г.Тийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичсэн хүсэлтэд Ц.Мзөвшөөрөл байхгүй бөгөөд түүнд энэ талаар огт мэдэгдээгүй төдийгүй, орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаанд Ц.Мягмаржавыг огт оролцуулаагүй. Хэрэв мэдсэн бол тэрээр орон сууцнаас өөрт ногдох хувиа өгөөд байраа аваад үлдэх боломжтой байсан. Энэ талаар Улсын Дээд шүүхийн тогтоолд ч байгаа. Уг орон сууц зөвхөн “И И К” ББСБ ХХК-ийн хүсэлтээр түүний өмчлөлд шилжсэн байдаг бөгөөд Г.ТУлсын Бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаагүй. Гэтэл Г.Тийн хүсэлтийг хууль бусаар хавсаргаж, өмчлөх эрхийг шилжүүлсэн байдаг. Г.Тч гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийг эрх бүхий этгээд Ц.Мягмаржавт мэдэгдэлгүй бусдад шилжүүлсэн байгаа юм. Иймд Ц.Мгэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийг дур мэдэн бусдад шилжүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  “И И К” ББСБ ХХК нь хариуцагч Г.Тид холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2201006684 дугаарт бүртгэгдсэн 40 м.кв орон сууцнаас албадан нүүлгэж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Г.Тнь “нэхэмжлэгч “И И К” ББСБ ХХК нь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албатай нийлж уг орон сууцыг төлбөртөө тооцон шилжүүлэхийг зөвшөөрсөн бичиг өгвөл төлбөр төлөх хугацааг хойшлуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох боломжтой гэж бичиг хийлгэж аваад өмчлөх эрхийг шилжүүлж авсан. Эхнэр Ц.Мягмаржавт мэдэгдээгүй, би уг орон сууцыг одоогоор эзэмшээгүй, амьдраагүй” гэж маргаж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь Ц.М хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШЗ2019/06725 дугаартай захирамжаар хангаж, Ц М хамтран хариуцагчаар хэргийн оролцогч болсныг баталсан бөгөөд хариуцагч Ц.Мнь “орон сууцыг битүүмжлэх, хураан авах, барьцаалахдаа надад мэдэгдээгүй, уг орон сууц нь гэр бүлийн дундын эд хөрөнгө учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

Шүүхээс зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, зохигчийн хуульд заасан эдлэх эрх, үүргийг нь тайлбарлан өгөх ажиллагааг хангалттай хийсэн, мөн зохигчийн өмгөөлөгч авах, нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлтүүдийг хүлээн авч, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан бөгөөд зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгч “И И К” ББСБ ХХК-ийн хариуцагч Г.Тид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 46 875 604 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/01233 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “И И К” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 46 875 604 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 6 875 604 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 30-ны дотор 40 000 000 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

/хх-ийн 8 дугаар тал/

 

Уг захирамжийг хариуцагч биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч “И И К” ББСБ ХХК нь албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасныг мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2016/10033 дугаартай захирамжаар хангаж, 1190 дугаартай Шийдвэр гүйцэтгэх хуудас олгосны дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 16270549 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, улмаар тухайн орон сууцыг битүүмжлэх, хураах, дуудлага худалдааны үнийн санал авах ажиллагаа, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааны ажиллагаа явагдсан боловч уг орон сууц худалдан борлогдоогүй болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

/хх-ийн 32-79, 86-87, 101-102, 139-249 дүгээр тал/

 

Хариуцагч Г.Тнь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд маргаан бүхий орон сууцыг төлбөрт тооцон төлбөр авагч “И И К” ББСБ ХХК-д шилжүүлэх, төлбөрт шилжүүлсэн 1 000 000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэх тухай хүсэлт гаргаж, улмаар 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 17/515 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай тогтоолоор Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16.1.3 дахь хэсэгт зааснаар Г.Тид холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцож, орон сууцыг төлбөр авагчид шилжүүлэх Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэх тухай албан бичгийг  2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үйлдэж, улмаар 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр уг орон сууц нэхэмжлэгч “И И К” ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжжээ.

/хх-ийн 209, 215-250 дугаар тал/

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд хариуцагч Г.Тнь дээрх “2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд маргаан бүхий орон сууцыг төлбөрт тооцон төлбөр авагч “И И К” ББСБ ХХК-д шилжүүлэх, төлбөрт шилжүүлсэн 1 000 000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэх” тухай хүсэлтийг хуурч, мэхэлж хийлгэсэн гэж,

Хариуцагч Ц.Мнь “гэр бүлийн дундын хөрөнгийг мэдэгдэлгүй захиран зарцуулсан” гэж тус тус маргаж байх боловч энэ талаарх тайлбарлаж байх боловч энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлох баримтаар нотлоогүй болно.

 

Мөн хариуцагч нар нь Улсын бүртгэлийн байгууллага 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгээр 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бүртгэж, орон сууцыг өмчлөх эрхийг “И И К” ББСБ ХХК-д шилжүүлсэн гэж маргаж байгаа боловч Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар уг бүртгэлийн буруу ташаа талаарх гомдлоо эрх бүхий байгууллагад гаргаагүй, энэ талаар баримт мөн хавтас хэрэгт байхгүй байна.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно” гэж зааснаар нэхэмжлэгч “И И К” ББСБ ХХК нь уг орон сууцыг өмчлөх эрхтэй байх тул тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Тодруулбал нэхэмжлэгч “И И К” ББСБ ХХК-ийн өмчлөл нь хууль ёсны байх ба хариуцагч Г.Т, Ц.Мнар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2201006684 дугаарт бүртгэгдсэн 40 м.кв орон сууцыг эзэмшиж байгаа болох нь тэдний шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч “И И К” ББСБ ХХК-ийн хариуцагч Г.Т. Ц.Мнарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

/хх-ийн 96 дугаар тал/

 

Хариуцагч Ц.Мнь “орон сууц нь гэр бүлийн дундын хөрөнгө, би хамтран өмчлөх эрхтэй” гэх тайлбараа нотлоогүй, мөн тэрээр Г.Тийн хууль ёсны эхнэр мөн талаарх баримт хавтас хэрэгт байхгүй бөгөөд хэрвээ хохирсон гэж үзвэл зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр буруутай этгээдэд холбогдуулан шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Т, Ц.Мнарын хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч “И И К” ББСБ ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2201006684 дугаарт бүртгэгдсэн, 40 м.кв талбай бүхий орон сууцыг чөлөөлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И И К” ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Т, Ц.Мнараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

                      

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      Н.БАТЧИМЭГ