Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2019

 

П.Ч-ийн нэхэмжлэлтэй                                                                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо             даргалж, шүүгч  С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/01724 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч П.Ч-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ОТС” БСБ-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч П.Ч- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Ч- миний бие 2002 онд анх Олонлог бүрэн дунд сургуульд сургалтын албаны дарга, менежерийн албан тушаалд томилогдон 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан. Ажилд орсон цагаасаа хойш нэг ч удаа сахилгын шийтгэл авч байгаагүй бөгөөд ямар нэг алдаа эндэгдэл гаргаж байгаагүй. Ажил олгогч надтай хамгийн сүүлд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу талууд гэрээ цуцлах санал гаргаагүй тул тухайн гэрээ жил бүр сунгагдаад явдаг байсан. Гэтэл 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “ОТС” БСБ-ын захирлын 32 дугаар тушаалаар намайг сургуулийн эд хөрөнгийг хулгайлсан, ашигласан гэж үзэн ажлаас халсан нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцэхгүй байна. Тушаалын агуулгаас харахад хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн бөгөөд чухам яг ямар сахилгын ноцтой зөрчил гаргасан нь ойлгомжгүй, түүнчлэн ямар эд хөрөнгийг хулгайлж, ашигласан гэдэг нь тодорхойгүй байна.

Ажил олгогчийн зүгээс намайг ажлаас халахын тулд сургуулийн процессор гэр лүүгээ авч явсан гэж буруутгадаг. Гэтэл 2018-2019 оны хичээлийн жил дуусаад миний бие ээлжийн амралтаа авах болоход ажлын онцлогоос шалтгаалж байнга бэлэн байх шаардлагатай болдог тул өөрийн ажилладаг байсан компьютерийн процессорыг аливаа шаардлага гарахад ажлаа зогсолтгүй явуулж байхын тулд нягтлан болон няравт хэлж зөвшөөрөл авсны үндсэн дээр хэсэг хугацаанд гэртээ байлгасан юм. Учир нь сургууль дээр их засварын ажил эхэлсэн бөгөөд өрөөндөө үргэлжлүүлэн ажлаа хийх боломжгүй болсон. Тухайн үед сургуулийн бүх эд хөрөнгийг нэг бүрчлэн агуулахад хадгалах боломжгүй байсан тул компьютерууд бүгд ил задгай үлдсэн. Ийм учраас намайг эзэнгүй байх хойгуур тухайн компьютер алдагдах, мэдээлэл устах, гэмтэх гэх мэт маш олон эрсдэлтэй байсан тул би уг эрсдлээс урьдчилан сэргийлэхээс өөр арга байгаагүй. Гэвч захирал уурлаж байна гэсэн тул миний бие тухайн процессорыг 4-5 хоногийн дараа бүрэн бүтэн буцааж хүлээлгэн өгсөн. Hard disk буюу хадгалах төхөөрөмжинд сургуулийн хөтөлбөр, төлөвлөгөө, дотоод журам, элсэлт бүртгэл,багш сурагчдын холбоотой судалгаа, үүсгэн байгуулагч нартай холбоотой баримтууд, өөрийн ном сурах бичиг, түүнтэй холбоотой тооцоо мэдээлэл зэрэг зүйлүүд байсан. Hard diskийг авч үлдэн шинэ hard disk суурилуулж, сургуулийн холбоотой зүйлүүдийг, тухайлбал, сургуулийн төлөвлөгөө, элсэлт бүртгэлийн материал, багш сурагчдын холбоотой судалгаа зэрэг зүйлүүдийг суулгаж өгсөн. Хариуцагчийн хадгалах төхөөрөмж дэх зүйл алга гээд буй нь цаасан дээр байгаа зүйлүүд. Хэрэв хариуцагч намайг эд хөрөнгө хулгайлсан ашигласан гэж үзэж байгаа бол эрх бүхий этгээдээр зохих журмын дагуу шалгуулж болох байсан боловч ийнхүү эрх бүхий этгээдэд хандаагүй. Иймд ажил олгогч намайг хулгай хийсэн гэдгийг тогтоогоогүй, нотлоогүй ажлаас халсан нь буруу болсон. Нөгөөтэйгүүр Монгол улсын үндсэн хуульд зааснаар намайг хулгай хийсэн эсхүл эд хөрөнгө ашигласан эсэхийг зөвхөн шүүх л тогтоох ёстой байсан. Иймд хууль зөрчин гаргасан 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ОТС БСБ-ын захирлын тушаалыг хүчингүй болгож миний биеийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхагвасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: П.Ч- нэхэмжлэлдээ чухам яг ямар сахилгын ноцтой зөрчил гаргасан нь ойлгомжгүй байна гэсэн тухайд, тушаалын үндэслэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний 6.1.16, 8.4, 8.4.1 гэж зааснаас гадна тогтоох хэсэгт сургуулийн өмчлөлийн эд хөрөнгийг хулгайлах, ашиглах үйлдэл хийсэн гэж дурдсан. Ажилтан сургуулийн хөрөнгийг хулгайлах, шамшигдуулах, ашиглах үйлдэл хийхгүй байх, хэрэв ийм үйлдэл хийвэл хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэж үзэн хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж заасан байдаг. Сургуулийн ямар эд хөрөнгийг хулгайлж, ашигласан нь тодорхойгүй гэдэг тухайд, П.Ч-ийн эзэмшиж байсан компьютерийн хадгалах төхөөрөмж болон түүнд хадгалагдаж буй мэдээ, мэдээлэл, файл нь сургуулийн өмч юм. Компьютерийн процессорыг гэрлүүгээ авч яван хадгалах төхөөрөмжийг нь сольж, хуучныг нь өөртөө авсан, форматласан, хуучин хадгалах төхөөрөмжид хувийн ажлууд нь байсныг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Байвал зохих мэдээ, мэдээлэл, тоо бүртгэл, файл шинээр авсан хадгалах төхөөрөмжид бүрэн байгаагүй, тухайлбал, байгууллагын дотоод журам, стратеги төлөвлөгөө, олимпиадын сэдэв, мэдээ, архивт үлдэх зүйлс юм. Хуучин хадгалах төхөөрөмж болон түүнд байсан мэдээ, мэдээлэл, тоо бүртгэл, файлын заримыг өөртөө авсан энэ үйлдэл нь ажлаас чөлөөлөх арга хэмжээ авах тухай сургуулийн удирдлага өөрт нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хурал дээр мэдэгдсэн. Хүүхэд бүртгэх, төрийн байгууллага руу мэдээ, мэдээлэл хүргүүлэх байнгын шаардлагын тухайд, ийм шаардлага жил бүр гардаг, урьд жилүүдэд энэ ажлыг ажлын байрандаа гүйцэтгэдэг байсан, заавал ажлын байрнаас гадуур хийж гүйцэтгэх зайлшгүй шаардлага байхгүй. П.Ч- нь процессороо авч явах тухайгаа нягтлан, нярав нарт хэлж зөвшөөрөл авсан гэдэг тухайд, тэрээр хэнд ч урьдчилан хэлээгүй, жижүүрийн хажуугаар аваад гарч явахад нь, нярав тааралдахад авч явж ажлаа хийнэ гэж хэлсэн байдаг. Засварын ажилтай холбоотойгоор эд зүйлс алдагдах эрсдлээс хамгаалах зорилгоор гэрлүүгээ авч явсан гэх боловч байгууллагад үлдсэн бусад эд хөрөнгө бүгд бүрэн бүтэн, эвдэрсэн алдагдсан зүйл байхгүй, компьютер нууц үгтэй тул доторх мэдээллүүд алдагдах боломжгүй, засвар хийх хугацаанд байгууллагын өмчийн бүрэн бүтэн байдлыг өмчлөгч хариуцах болохоос ээлжийн амралтаа эдэлж байгаа ажилтан хариуцахгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1, 40.1.4-т тус тус заасан байна. 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр компьютерийн мэргэжилтнээр шалгуулахад хадгалах төхөөрөмжийг сольж тавиад өөр хардаар сольсон байсныг бид өөрсдөө тогтоосон. Хулгайлах, хулгайлах үйлдэл хийх гэдэг нь хууль зүйн хувьд ялгаатай. Хулгайлах бол эрүүгийн болон зөрчлийн хэрэг, энэ хэргийг үйлдсэн эсэхийг шүүх тогтооно. Хулгайлах үйлдэл хийх, ашиглах үйлдэл хийх гэдэг бол гэмт хэрэг биш, гэрээнд тусгагдсан хөдөлмөрийн харилцаан дахь зөрчил. Тушаалд хулгайлсан, ашигласан үйлдэл хийсэн гэж байгаа болохоос хулгайлсан, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж байхгүй бөгөөд П.Ч-ийг гэмт хэрэгт буруутгаагүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан П.Ч-ийн ОТС БСБ-ын захирлын 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Ч- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч "ОТС" БСБ-ын захирлын тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний 10.1.36 хэсгийг үндэслэсэн гэх бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 10.1.36 хэсэгт Байгууллагын хөрөнгөөс хулгайлсан, ашигласан нь тогтоогдвол гэж заасан байх бөгөөд тушаалын 1 дэх хэсэгт нэхэмжлэгчийг эд хөрөнгийг хулгайлсан ашигласан үйлдэл хийсэн тул гэжээ. Нэхэмжлэгчийн тушаалд дурдсан эд хөрөнгө хулгайлсан, ашигласан үйлдэл хийсэн эсэхийг хууль хяналтын байгууллага буюу цагдаагийн байгууллага тогтоож эрүүгийн шүүх гэм буруутай эсэхийг тогтоох хуулийн зохицуулалттай. Гэтэл Иргэний хэргийн анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж зөрчил гаргасныг тогтоосон нотлох баримт байхгүй байхад Иргэний хэргийн анхан шатны шүүх гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж зөрчил гаргасан гэж үзжээ. Шүүхийн хавтаст хэрэгт гэм бурууг тогтоосон талаар нотлох баримт байхгүй болно.  Хариуцагчаас Улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргуулсан байх бөгөөд түүнд 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс Б.Баясгаланг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байна. Гэтэл Б.Баясгалан өөрөө тус байгууллагын хувьд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй байхдаа буюу 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Б/2 дугаар тушаалаар А.Сугарыг сургуулийн захирлаар томилсон байна. Мөн Б.Сугар нь ажил үүргийн хувьд ямар эрх үүрэгтэй нь тодорхойгүй, "ОТС" БСБ-ыг итгэмжлэлгүйгээр шүүхэд төлөөлөх эрхгүй, цаашлаад ажиллагсадтай Хөдөлмөрийн гэрээ байгуулах мөн ажлаас халах эрхтэй эсэх нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагчаас маргааны зүйл болсон 2019 оны Б/32 дугаар тушаалыг өөрчилсөн тушаалыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн нь хариуцагчаас Б/32 дугаар тушаалыг хууль бус байсныг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн үйл баримт гэж үзэхээр байна. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагчаас нотлох баримт нэмж гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нотлох баримттай танилцаагүй, танилцаад хариу тайлбар гаргах, мэтгэлзэх боломжоор хангаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой байна. Мөн шүүх хуралдаанд хариуцагч "ОТС” БСБ-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох А.Сугар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхагвасүрэн нар оролцсон нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байх бөгөөд ИХШХШТухай хуулийн 35 дугаар зүйлд нийцээгүй, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогч мөн эсэхийг тодруулаагүй байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн талуудын хоорондын хөдөлмөрийн гэрээний маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн зөв шийдвэрлэсэн боловч нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр байхад гаргуулсан нь буруу байх тул зөвтгөх нь зүйтэй.

Нэхэмжлэгч П.Ч- нь хариуцагч “ОТС” БСБ-д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “ОТС” БСБ-д сургалтын албаны даргаар ажиллаж байсан П.Ч- нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралттай байхдаа сургуулийн хөрөнгө болох компьютерийн процессорыг гэр рүүгээ зөвшөөрөлгүй авч явсан, сургуулийн захирлын шаардсанаар компьютерийн процессорыг буцааж өгөхдөө хард диск буюу хадгалах төхөөрөмжийг сольж, өөрийн хувийн болон сургуулийн үүсгэн байгуулагч нарын мэдээлэлтэй хуучныг авч үлдэн, шинийг суурилуулахдаа зарим файл, мэдээллийг суулгаагүй болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний гаргасан зөрчлийг хэлэлцсэн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрын сургуулийн удирдлагын хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг  ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар зохицуулсан.

 

Сургуулийн захирлын 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаар тушаалаар П.Ч-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталсан ба түүнийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1.16-д “сургуулийн хөрөнгөөс хулгайлах, шамшигдуулах, ашиглах үйлдэл хийхгүй байх үүргийг” зөрчсөн тохиолдолд мөн гэрээний 8.4.1-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон ба нэхэмжлэгч П.Ч- нь уг заалтыг зөрчсөн болох нь дээр дурдсанаар тогтоогдсон байна. 

Нэхэмжлэгч П.Ч- нь ажлаас халсан дээрх тушаалын үндэслэлийг эс зөвшөөрч, тус сургуулийн аж ахуйн менежерт мэдэгдээд компьютерийн процессорыг хадгалж, хамгаалахаар авч явсан гэж тайлбарлаж байгаа боловч түүний тайлбар нотлогдоогүй байхаас гадна хөдөлмөрийн гэрээний 9.2-т “ажилтны бэлтгэсэн, эсхүл ажлын шаардлагаар түүнд ашиглуулахаар өгсөн бүх баримт бичиг, мэдээлэл нь ажил олгогчийн өмч байна”  гэж заасан тул сургуулийн хөрөнгийг зөвшөөрөлгүй авч явсан гэж үзнэ. 

 

Мөн  П.Ч- нь сургуулийн захирлын шаардсанаар процессорыг буцаан авчирч өгөхдөө hard disk буюу хадгалах төхөөрөмжийг сольж, өөрийн хувийн болон сургуулийн үүсгэн байгуулагч нарын мэдээлэлтэй хуучныг авч үлдэн, шинийг суурилуулахдаа зарим файл, мэдээллийг суулгаагүй үйлдэл нь сургуулийн хөрөнгийг ашигласан үйлдэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч П.Ч-ийг хөдөлмөрийн гэрээний  8.4.1, 6.1.16-д тус тус заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн байх тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан буюу ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр тушаал гаргасан  тул нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон эсэх асуудлаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан “ОТС” БСБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд Б.Баясгаланг тус сургуулийн захирлаар томилсныг бүртгэсэн /хх-23/, уг бүртгэлд өөрчлөлт орсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй боловч сургуулийн үүсгэн байгуулагчийн хувьд 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Б/2 тоот шийдвэрээр А.Сугарыг сургуулийн захирлаар томилж эрх үүргээ шилжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж заасанд нийцэх юм.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буруу шийдвэрлэсэн байгааг залруулах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/01724 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                       

 

 

               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                              Ц.ИЧИНХОРЛОО

                                 ШҮҮГЧИД                                              С.ЭНХТӨР

                                                                                                Н.БАТЗОРИГ