Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2117

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг              даргалж, шүүгч  Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/02741 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ХЭБ” ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 107 408 170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнхийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунжаргал, Ц.Шүрэнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч “М” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунжаргал, Ц.Шүрэнцэцэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус компани нь “ХЭБ” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр машин, механизм түрээслэх гэрээ байгуулан гэрээнд заасны дагуу өөрийн өмчийн нийт 13 техникээр Булган аймгийн Бүрэгхангай сум, 3 дугаар баг, Туулын зүүн дэнж гэх газар 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажиллуулсан. Түрээслэгч тал болох “ХЭБ” ХХК нь түрээсийн гэрээний дагуу төлөх 83.133.333,33 төгрөгийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлнө гэж заасны дагуу нийт 292 хоногийн алданги болох 24.274.836 төгрөг, үндсэн төлбөр болох 83.133.333,33 төгрөгийн хамт, нийт 107.408.170 төгрөгийг “ХЭБ” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ХЭБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний дагуу нэхэмжлэгч тал 10 машин механизмуудыг нэгэн зэрэг хүлээлгэж өгөх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч тал харилцан адилгүй хугацаанд машин механизмуудыг хариуцагч талд хүлээлгэж өгсөн. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасны дагуу түрээслэгч нь түрээслүүлэгчийн эзэмшилд эд хөрөнгийг хүлээлгэж өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Түрээслэгч энэ үүргээ зөрчсөн хэрнээ 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээний 1.6 дах заалтад машин механизмуудыг ажилд гарснаар төлбөрийг тооцно гэж заасан түрээслэгч нь машин механизмуудыг ашиглахдаа өөрийн цагийн хуваарийн дагуу харилцан тохиролцож ажиллана гэж заасан. Үүний дагуу ажилласан цагийн хуваарийг машины улсын дугаараар бүртгэж байсан. Гэрээний 1.6-д заасны дагуу н.Эрдэнэбаатар бүртгэл болон нарядын дэвтэрт ажилласан цагийн хуваарийн бүртгэл хийгдсэн байгаа. Ажилласан цагийг бүртгэж жолооч нараар гарын үсэг зуруулсан байгаа. Ингэснээр гэрээний 1.6-д заасны н.Эрдэнэбаатарын өдөр тутмын бүртгэлийн дэвтэрт ажлын цагийг бүртгэсэн байна. Нарядын дэвтэр 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс бүртгэл хийгдсэн байна. Уг дэвтэр 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх нийт 29 хуудас тасралтгүй бүртгэгдсэн байгаа. Машин өдөрт хэдэн цаг гарсныг бичээд жолооч нараар гарын үсэг зуруулаад, гэрээний 1.6-д заасан шаардлагыг хангасан байгаа. Гэрээний 1.6-д машин бүрийг ажилласан цагаар нь нэг бүрчлэн бүртгээд жолооч нараар гарын үсэг зуруулсан гэсэн шаардлагыг манай талаас хангасан байгаа. Эдгээр нотлох баримтын хүрээнд машин механизмууд нийт 28.365.600 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа.

Нэхэмжлэлийн гаргасан дээрх төлбөр нь ямар ч үндэслэлгүй байна. Зарим машин засвартай байсан үүнийг хавтаст хэрэгт авагдсан тэмдэглэлийн дэвтэрт бичсэн байгаа. Жишээ нь тэмдэглэлийн дэвтрийн 30 дах тал дээр экскаватор ажиллаагүй / цаг уураас болоод ажилд гараагүй/ гэсэн байна. Давагдашгүй хүчин зүйлээс болоод ажилд гардаггүй. Нэхэмжлэгч тал эдгээр сул зогсолтыг үнэлэхгүйгээр 83.133.000 төгрөгийг нэхэмжилж байна. Бодит нотлох баримтад үндэслэсэн 28.365.600 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй байна. Өмнө нь манай компани “М” ХХК-тай хамтран ажиллаж байсан. Эдгээр нотлох баримтыг үнэлж, шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр 76.340.000 төгрөг гэж үнэлсэн байдаг. Үүнийг дээд шүүхийн тогтоолд шинжээч томилсон нь хуулийг зөрчөөгүй байна. Харин шинжээчид асуулт тавихдаа тээврийн хэрэгслийг ямар хугацаагаар түрээсэлсэн болохыг тогтоохыг заасан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан заалттай нийцээгүй байна гэсэн. Машиныг ямар хугацаагаар түрээсэлсэн нь биш тухай машин нь өдөрт хэдэн цаг ажил хийснийг тогтоолгох ёстой байсан. Үүнийг хоёр талын цагийн бүртгэл тулгуулгарлаж гарах ёстой байтал зөвхөн нэхэмжлэгч талын гаргаж өгсөн хавтаст хэргийн 103-142 тал дахь цагийн бүртгэл дээр үндэслэж дүгнэлт гаргасан. Нарядын дэвтэр хүртэл цагийг бүртгээд жолооч нараар гарын үсэг зуруулсан. Манай талаас бодит нотлох баримт дээр үндэслээд 28.365.600 төгрөгийг гэж тооцсон үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн 83.133.000 төгрөг нэхэмжилсэн нь бодит нотлох баримтад үндэслээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ХЭБ” ХХК-аас 96.574.351 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10.833.819 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 694,991 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХЭБ” ХХК-иас 1.200.000 төгрөгийг гаргуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд, мөн 640.821 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ямар хугацаагаар түрээслэсэнд биш тухайн машинууд өдөрт хэдэн цаг ажил хийсэн буюу уулын мастер н.Эрдэнэбаатарын хийсэн бүртгэлд тулгуурлаж хийгдээгүй. Дээрх тогтоолын биелэлтийг хангуулж шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй орхисон мөртлөө, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт зохигч талууд дээрх шинжээчийн дүгнэлттэй 2018 оны 11 дүгээр сарын 12, 14-ний өдөр тус тус танилцсан ба түүнийг маргаж үгүйсгэсэн тайлбар, нотлох баримт шүүхэд гаргаагүй болно., “түрээслүүлэгч байгууллагын ажилтан болох машин механизмын жолооч баталгаажуулаагүйгээс эдгээрийг эргэлзээгүй баримт гэж үнэлэх боломжгүй байна” гэж заасан мөртлөө юуг үндэслэж 96.574.351 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Энэ гэрээний тухайд "Түрээсийн гэрээ" гэж үзэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 318.1-д зааснаар түрээслүүлэгч нь  "...тодорхой  хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх үүрэг хүлээдэг. Түрээслүүлэгч "М” ХХК 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр бүх техникийг нэгэн зэрэг хүлээлгэн өгөөгүй, үүнийгээ нотлож чадаагүй. Гэрээний 1.1-т түрээсийн төлбөрийг "техникийг ажилд гарсан өдөр тус бүрээр түрээсийн төлбөр тооцно" гэсэн байгаа. Энэ үүднээс хяналтын журмаар манай компаниас өдөр бүр тэмдэглэл хөтөлж жолооч нараар гарын үсэг зуруулж байсан. Гэтэл энэхүү баримтыг нотлох баримтаар үнэлсэнгүй. Иймд шийдвэрийг эс зөвшөөрч байна гэжээ.

 

      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “ХЭБ” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр болон алданги нийт 107.408.170 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Зохигчдын хооронд 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 2016/05/27 тоот машин механизм түрээслэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр М ХХК нь өөрөө буулгагч 10 ширхэг, авто ачигч 1 ширхэг, экскаватор 1 ширхэг, усны машин 1 ширхгийг тус тус тэдгээрийн ажилтнуудын хамт ХЭБ ХХК-ийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, “ХЭБ” ХХК эдгээр техникийн түрээсийн төлбөрт сард нийт 131.000.000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон гэрээний агуулга, гэрээ хэрэгжсэн байдлаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Мөн талууд гэрээний 1.2-т түрээсийн төлбөрийг сарын буюу 30 хоногт өөрөө буулгагч 2 ээлжээр 8.000.000 төгрөг, авто ачигч 2 ээлж 12.000.000 төгрөг, эксковатор 2 ээлж 35.000.000 төгрөг, усны машин 1 ээлж 4.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр тооцохоор тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөр төлөх үүргийг хүлээдэг тул хариуцагч нь эд хөрөнгө түрээслэсэн хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

Дээрх түрээсийн гэрээний дагуу түрээслэгч “М” ХХК  нь түрээслүүлэгч “ХЭБ” ХХК-д  өөрөө буулгагч 7 ширхэг /улсын дугаар 3388УНЯ, 9588УНӨ, 5921УНА, 7126УНӨ, 9398УНЛ, 6672УНЧ, 9515УНЗ/, экскаватор 1 ширхэг, усны машин 1 ширхэгийг тус тус шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчид түрээсийн гэрээний 1.1-д “техникүүдийг ажилд гаргасан өдөр тус бүрээр түрээсийн төлбөрийг тооцно” 1.5-д “түрээслэгч түрээсийн техникүүдийг ажиллуулахдаа өөрийн уурхайд баримталж байгаа цагийн хуваарийн дагуу түрээслүүлэгчийн ажилтнуудыг ажиллуулна, түрээсийн ажилтнууд түрээслэгчийн уурхайд мөрдөж байгаа журмын дагуу ажил, амралтын цагийн горимыг мөрдөнө”, 1.6-д “засвар үйлчилгээ хийсэн болон ажил эхэлсэн хугацааг өдөр тутмын ажлын бүртгэлээр бүртгэж талууд гарын үсэг зурснаар баталгаажуулж тооцно”, 1.7-д “гэрээ байгуулснаас хойш уурхай руу явуулсан техникүүдийн түрээсийн төлбөрийг тус уурхайд очиж, ажиллаж эхэлсэн өдрөөс тооцно” гэх зэргээр тохиролцсон боловч түрээсийн зүйл болох машин механизмыг хүлээлцсэн баримт үйлдээгүй, гэрээнд заасны дагуу машин механизмын ажилласан хугацааг өдөр тутмын ажлын бүртгэлээр бүртгэж хамтран гарын үсэг зурж баталгаажуулаагүйгээс маргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилж 2 удаа дүгнэлт гаргуулсан ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 194 дүгээр дүгнэлтэд нэхэмжлэгчийн баримтаар түрээсэлсэн 10 машин механизм нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 4084.4 цаг ажилласан, нэг өдрийн ажиллах цаг 20 цаг гэж тооцвол төлбөл зохих түрээсийн төлбөр 76.233.666,67 төгрөг болно, хариуцагчийн баримт 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх бөгөөд бусад өдрийн ажилласан баримтууд дутуу, түрээсийн төлбөр төлсөн гэх баримт авагдаагүй гэсэн дүгнэлт гаргажээ.

 

Анхан шатны шүүх  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 194 дүгээр дүгнэлтийг хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн өдөр тутмын ажлын бүртгэл гэх дэвтэр /шар хавтастай/ болон нарядын дэвтрийг харьцуулан үзсэний үндсэн дээр шинжээчийн дүгнэлтийг үндэслэн түрээсийн гэрээний дагуу хариуцагчийн хүлээх түрээсийн төлбөрийн хэмжээг тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Шүүх машин механизмыг хүлээлгэн өгсөн өдөр болох 2016 оны 7 дугаар сарын   03-ны өдрөөр тасалбар болгон  түрээсийн төлбөрт 74.747.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Мөн зохигчдын хооронд хийгдсэн түрээсийн гэрээний 4.1-д анзын талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал нийт 292 хоногт алданги тооцож  21.826.401 төгрөгийн алданги хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хариуцагч нь өдөр тутмын ажлыг ажлын бүртгэлийн дэвтэр хөтөлж бүртгэхдээ нэхэмжлэгч талаар гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй байхаас гадна машин механизмын эвдрэл гэмтэл, сул зогсолтын  талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн баримтгүй байх тул хариуцагчийн “...нотлох баримтаар үнэлсэнгүй...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/02741 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 640 821.76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.ОТГОНЦЭЦЭГ           

                                                          ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД 

                                                                                                      Н.БАТЗОРИГ