Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/02024

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/02222 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бд холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 22 572 309 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч талаас  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б бид нар нийлж 2012.12.24-ний өдөр  20 тонн гахайн өөх худалдан авч GESU6489207, PCSU5102854 дугаартай чингэлгүүдэд ачсан. Бийн илгээсэн GESU6493059 дугаартай чингэлэг нь Монголд ирэх үед Б нь Солонгос улсад байсан тул түүний эхнэр Нандинцэцэг гаалийн бүрдүүлэлтийг хийж, Б.Г өөрийн гарын үсгийг зурсан. Бийн эхнэр Нандинцэцэг чингэлгийг хүлээн авсан. Гахайн өөх ачсан GESU6489207, PCSU5102854 дугаартай чингэлгүүд нь гааль дээр саатаж, Б, Б.Г, Ганбат нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар хэрэг Өршөөлийн хуульд хамрагдсан. Чингэлгүүдийг тээвэрлэхэд зуучилсан С ХХК нь Б.Г надаас төлбөрөө төлөхийг шаардсан. Б.Бийн хамт 2014.01.07-ны өдөр тус компани дээр очиж Тээврийн зээлийн гэрээ гэгчийг байгуулсан. Б нь GESU6493059 дугаартай чингэлэг болон гахайн өөх ачихдаа хүмүүсээс тээврийн зардал, гаалийн мөнгийг нь авч, цуглуулж ачсан.  4 машинтай PCSU5102854 дугаартай чингэлгүүдийн тооцоог хариуцах ёстой. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 36 223 226 төгрөгийг Ч.Гаас гаргуулж С ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Чингэлгүүдийн хариуцагч нь Б тул түүний өмнөөс төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж бодож байна. Хариуцагчаас GESU6493059, PCSU5102854 дугаартай чингэлгүүдийн тээврийн 9300 ам доллар буюу нэхэмжлэл анх гаргах үеийн ханшаар 22 572 309 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч нь Солонгос улсаас ачаа ачуулах ажлыг зохион байгуулж иргэн Д, М, Т нарын тус бүр нэг, иргэн Дгийн хоёр машиныг хариуцан ачуулсан тул тээврийн зардлыг нь хариуцах ёстой. Б нь Д, М, Т нараас уг тээвэрлэлтийн зардалд тус бүр 1200, Дгаас 2400, бүгд 6000 ам доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг авсан. Мөн өөрийнх нь ачуулсан, дүү Бийн нь тус бүр нэг, бүгд 2 машины 2400 ам долларыг хариуцах ёстой юм. Иймд нийт 7 машины тээвэрлэлтийн зардал болох 8 400 ам долларыг Б хариуцах үүрэгтэй. Мөн түүний ахуйн цаасны тээвэрлэлтийн зардал 400 ам доллар, гахайн өөхний тээвэрлэлтийн зардал 500 ам долларыг хариуцах  ёстой. Бийн оруулж ирсэн гахайн өөх, ахуйн цаас, 4 машиныг Б, нөгөө 3 машиныг Бийн эхнэр н.Нандинцэцэг хүлээн авсан нь гаалийн бүрдүүлбэрийн баримтаас харагдана. 2014.1.07-ны өдөр нэхэмжлэгч Ч.Г нь Бийн дүү Б.Бтой явж гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 62 дугаартай шийдвэрийг гаргасан бөгөөд үүнээс хариуцагчийн ногдох хэсгийг нарийвчлан тооцон гаргасан гэжээ.

Хариуцагч Бөөс шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан чингэлгүүдийн төлбөрийг нэхэмжлэгч хариуцан төлөх үүрэгтэй учраас шүүх шийдвэрлэсэн. 2 чингэлэгт нийт 8 машин ачуулсан гэсэн мөртлөө 7 машин гээд байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага,үндэслэл хоорондоо зөрүүтэй. Бийн нэр дээр 1 машин орж ирсэн. Гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон гээд байгаа ч энэ нь машины мөнгө гэж тодотгосон зүйл байхгүй. Нэг машины зардал яагаад 1 200 ам доллар болсон нь тодорхойгүй, мөн 16 тн гахайн өөхний үнэд 500 ам долларыг яаж тооцож гаргаж ирсэн нь тодорхойгүй. Ч.Г нь Бөмбөгөр худалдааны төвд ахуйн цаасаа өгсөн тул ахуйн цаасны мөнгөө өөрөө хариуцах ёстой. Тээвэрлэлтийн гэрээний дагуу чингэлгийн мөнгийг Ч.Г төлөх ёстой гэж 3 шатны шүүх шийдвэрлэсэн гэжээ.

Шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бөөс 17 475 336 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Гт олгож, нэхэмжлэлээс 5 096 973 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319 961 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бөөс улсын тэмдэгтийн хураамжид 245 327 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Гт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:Бүтээгдхүүний тээврийн зардалтай холбоотой үйл баримтыг хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байхад дахин шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.Үндэслэлгүй хөрөнгөжих эрх зүйн зохицуулалтын аль зүйл заалтыг баримтлан шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа нь тодорхойгүй.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь авто машин ачуулсан иргэдээс тээврийн зардлаа нэхэмжлэх ёстой. Хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.Хариуцагч Солонгос улсаас чингэлэгүүдийг ачуулсан нь төлбөрийг төлөх үндэслэл болохгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Бөөс түүний гүйцэтгэвэл зохих өр төлбөрийг өмнөөс нь сайн дураар төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн тул GESU6493059, PCSU5102854 дугаартай чингэлгүүдийн тээврийн зардал 9 300 ам доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар 22 572 309 төгрөгийг гаргуулна гэж шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./1хх-1, 10/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “нийт 7 машины тээвэрлэлтийн зардал болох 8 400 ам доллар, Бийн өөрийнх нь ачуулсан ахуйн цаасны тээвэрлэлтийн зардал 400 ам доллар, гахайн өөхний тээвэрлэлтийн зардал 500 ам доллар нийт 9 300 ам доллар нэхэмжлэл анх гаргах үеийн ханшаар 22 572 309 төгрөгийн тээврийн зардлыг хариуцагч төлөх үүрэгтэй. Учир нь Б нь GESU6493059, PCSU5102854 дугаартай чингэлгүүдийг Солонгос улсаас ачуулах ажлыг зохион байгуулж Г.Д, н.М, П.Т, Ц.Д нараас тээврийн зардал авсан, мөн өөрийнх нь аваад явсан машинуудын зардлыг ч төлөх ёстой. Мөн эдгээр чингэлэгт нэг машин ачсан н.Д, н.М, Б.Б нараас тус бүр 1200 ам доллар, Ц.Дгаас 2 400 долларыг тухайн үед нь авсан атлаа уг мөнгийг шүүхийн шийдвэрээр 36 223 226 төгрөг төлж байгаа надад өгөөгүй” гэж тодорхойлжээ./ 1хх-1, 242, 2хх-110 /

Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогджээ. Үүнд:

Нэхэмжлэгч Ч.Г, хариуцагч Б нар нь харилцан тохиролцож Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсын Улаанбаатар хот руу PCSU5102854, GESU6493059, GESU6489207, DYLU5108479 тоот 4 ширхэг чингэлэг ачуулсан, GESU6493059, PCSU5102854 дугаартай чингэлгүүдэд автомашин, автомашинуудад гахайн өөх, ахуйн цаас хамт ачиж С ХХК-иар зуучлуулан 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн үйл баримт тогтоогдсон.

PCSU5102854, GESU6493059, GESU6489207, DYLU5108479 тоот чингэлгүүдийн тээврийн зардлын төлбөр 36 223 226 төгрөгийг Ч.Гаар төлүүлэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/00062 тоот шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон. /1хх-33-38 /

PCSU5102854 чингэлэгт байсан 16 580 кг гахайн өөх хураагдаж, 4 950 ширхэг ахуйн хэрэглээний цаас болон 4 ширхэг автомашиныг Монгол улсад Бөд хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан Улаанбаатар хот дахь гаалийн газраас ирүүлсэн гаалийн бүрдүүлэлтийн баримтуудаар тогтоогдсон. / 1хх- 56-132, 2хх-143-168, 2хх-151 /

Гахайн өөх ачуулсан асуудалд эрүүгийн хэрэг үүсгэж, нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь шалгагдаж байсан ба Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 тоот тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ. / хх-1хх- 179-180/

Нэхэмжлэгч нь GESU6493059, PCSU5102854 дугаартай чингэлгүүдийн тээврийн зардал 9300 ам доллар буюу нэхэмжлэл анх гаргах үеийн ханшаар 22 572 309 төгрөгийг гаргуулахаар шаардсанаас анхан шатны шүүх 7 200 ам.доллар буюу 17 475 336 төгрөг гаргуулж, уг шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцжээ.

GESU6493059 дугаартай чингэлэгт 4 ширхэг автомашин ачигдсан байснаас 3 ширхэг автомашины татвар, хураамжийг хариуцагч Бийн эхнэр С.Нандинцэцэг төлөөд хүлээж авсан болох нь хэрэгт авагдсан гаалийн албанд төлбөр төлсөн баримт, хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /1хх-22, 24, 60, 76-77, 79, 85-88 /

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч П.Т “Машины зардалд 1 200 орчим доллар өгсөн”, Ц.Д “Нэг машинд 1 200 ам доллараар бодож 2 400 ам доллар өгч ачуулсан” гэж мэдүүлснийг хариуцагч баримтаар няцаагаагүй тул нэг автомашины тээвэрлэлтийн зардлыг 1 200 ам доллараар тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. / 2хх-4-6, 20-23 /

Мөн Б дээрх чингэлгүүдийн тээвэрлүүлэгч болох тухай өмнө нь эрүүгийн хэрэгт өгсөн тайлбартаа хүлээн зөвшөөрсөн, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгийг баримтаар няцаагаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг тухайн чингэлгүүдийн тээвэрлүүлэгч гэж үзнэ. /1хх-136-143, 181-184/

Маргаан бүхий PCSU5102854 тоот чингэлэгт байсан 4 ш тээврийн хэрэгсэл нь гэрч Ц.Дгийн 2 ширхэг, Г.Дын 1 ширхэг тээврийн хэрэгсэл мөн хариуцагчийн өөрийх нь 1 ширхэг тээврийн хэрэгсэл байсан, хариуцагч эдгээр 4 ширхэг тээврийн хэрэгслийг хүлээн авагч болох нь “П” ХХК-ийн гарах зөвшөөрөл, гэрч Ц.Дгийн мэдүүлэг, гаалийн байцаагчийн үзлэг хийсэн тэмдэглэл болон гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр тогтоогдсон. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /2хх-151/

Мөн GESU6493059 тоот чингэлэгт ачуулсан 4 автомашины 3 автомашины гаалийн татвар, хураамжийг Бийн эхнэр С.Нандинцэцэг төлж, хүлээн авсны 1 автомашины тээвэрлэлтийн зардлыг нэхэмжлэгч өөрөө хариуцахаа хүлээн зөвшөөрсөн. /1хх-22, 24, 60, 76-77, 79, 85-88 /

Харин анхан шатны шүүхээс хариуцагчаас гаргах мөнгөн дүнг зөв тооцоолсон боловч  нотлох баримтыг үнэлэхдээ алдаа гаргаж гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон үйл баримтад дутуу дүгнэлт өгсөн байгааг зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Г.Д “..., Бд мөнгийг нь өгч ачуулсан”, П.Т “Машины зардалд 1 200 орчим доллар өгсөн, Машиныг тээврийн зардалд Б, Б нарт шилжүүлсэн”, Ц.Д “Хотд очоод тооцоо хийхээр тохироод 2 машиныг Бд хүлээлгэн өгөөд явсан, Нэг машинд 1 200 ам доллараар бодож 2 400 ам доллар өгч ачуулсан” гэж мэдүүлснийг хариуцагч баримтаар няцаагаагүй тул дээрх хүмүүсээс нийтдээ 4 800 ам долларыг хариуцагч хүлээн авсан гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч Бийн өөрийнх нь болон түүний дүү Б.Бийн тус бүр 1 автомашин чингэлэгт ачигдсан болохыг хариуцагч баримтаар няцаагаагүй уг машинуудыг Б хүлээн авсан байна.

Иймд дээрх машинуудын хүлээж аваагүй гэдгээ хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, тээврийн зардал нийт 7 200 ам.долларыг төлөх үүрэгтэй гэж үзлээ.

Хариуцагчийн бусдаас хүлээн авсан тээврийн зардал, түүнчлэн хариуцагчийн өөрийнх нь хүлээн авсан автомашинуудын тээврийн зардлыг Ч.Гаар төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон. Иймд дээрх 7 200 ам долларыг Бөөс гаргуулж Ч.Гт олгох нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэсэнтэй нийцнэ гэж үзлээ.

Нэгэнт хамтран ачаа ачуулсан үйл баримтыг хариуцагч баримтаар няцаагаагүй, мөн тээврийн зардлыг Б.Батөгсөд төлсөн гэх гэрчүүдийн мэдүүлгийг хариуцагч мөн үгүйсгэж чадаагүй, зардлыг дангаар Ч.Г хариуцахаар шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон зэргээс үүрэг бүхий этгээдийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж 17 475 336 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байх юм. Талууд ачаа ачуулах талаар 2012 оны 12 сард тохиролцсон, нэхэмжлэгч тээврийн зээлийн гэрээг “С” ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан ба хариуцагч Б холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөгүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/02222 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД