Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/02060

 

 

 

 

 

 

 

 

 

“Двэй” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/02792 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “С” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 31 0036 770 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК-тай 2014 оноос гэрээ байгуулж, тус компанийн экспорт болон импортын ачааг буулгах, гаалийн үзлэг шалгалтад хамруулах, гаалийн татвартай барааг гаалийн агуулахад хадгалах үйлчилгээг үзүүлж, үйлчилгээний хураамжийг дараа сард нь төлж байхаар харилцан тохиролцсон. Гэвч 2016 оноос хойш хариуцагч нь үйлчилгээний төлбөрөө цаг хугацаанд нь бүрэн төлөлгүй хойшлуулснаас хоорондын тооцооны эцсийн үлдэгдэл өндөр дүнтэй байх болсон тул  албан бичгээр удаа дараа төлбөр барагдуулах хүсэлт, шаардлагыг хүргүүлж  хүсэлтийг нь харгалзан 5 630 741 төгрөгийн хөнгөлөлт олгосон. С ХХК-ийн нягтлан бодогч н.Баяраагаас төлбөр барагдуулах хуваарийг ирүүлсэн боловч төлбөрөө төлөөгүй, 31 036 770 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч М.Халиунжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийг  бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.Татгалзлын үндэслэлээ нотлох баримтаа бүрдүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгөх болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан С ХХК-иас 31 036 770 75 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Двэй ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Олон Улсын ба Монголын үндэсний арбитрт хянан шийдвэрлэгдэж байгаа маргаанд өмгөөлөгч Т би 2019.09.16-ны өдөр хуралтай байсан тул хүндэтгэн үзэх шалтгаан болох нотлох баримтыг шүүхэд хүргүүлж шүүх хуралдаан хойшилсон. Шүүхээс дараагийн шүүх хурлын товыг өмгөөлөгч надад мэдэгдээгүй, хуралдаанд биечлэн оролцох эрхийг минь хангаагүй хязгаарласанд гомдолтой. Энэ нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар нотлогдоно. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эыг биечлэн оролцох эрхийг хангаагүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн. Энэ хуулийн зохицуулалтаас үзвэл хариуцагч болон өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх ёстой. Гэтэл өмгөөлөгчид шүүх хурлын товыг мэдэгдээгүй шүүх хуралдаан хэзээ хаана хэдэн цагт болох талаар хавтаст хэрэг мэдэгдсэн баримт байхгүй байхад үүнийг анхааран үзээгүй. Нэхэмжлэгч 2016 оноос 2019 оны хооронд үүссэн өр авлага 31 036 770 төгрөг гэж тайлбарлаж нотлох баримтаа гаргаж нэхэмжилсэн. Шүүх "С" ХХК-ийн нягтлан Ш.Баяраа гэх хүн тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн  гэж худлаа дүгнэсэн. Ш.Баяраа гэх хүн тооцооны үлдэгдлийн баталгаа хийгээгүй. "Нягтлан бодогч" -г гээд Б.Б гэх хүн гарын үсэг зурсан байна. Энэ Б.Б гэж хэн болох нь тодорхойгүй мөн хариуцагч С ХХК-ийн санхүүг мэддэг эсэх нь, хариуцагч компанид ажилладаг эсэх нь ч мэдэгдэхгүй байхад үүнийг тогтоогоогүй. Мөн дээрх нэхэмжлэгчийн гаргасан баримтууд 2016 оноос хойш 2019 оны үүссэн өр төлбөрийг нэхэмжилдэг гэтэл шүүх дүгнэхдээ 2019.01.01-2019.05.31-ны өдрийг хүртэл 31 036 770,75 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэнд гомдолтой. Улсын тэмдэгтийн хураамжийг буруу шийдсэн. Нэхэмжлэгч талаас 313 140 төгрөгийг УТХ-д тушаасан гэж үзэхээр байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 31 036 770 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх 1-2, 24/

Нэхэмжлэгч нь хариуцагчийн экспорт-импортын барааг Б карго терминалаас тээвэрлэн өөрийнхөө гаалийн хяналтын бүсэд буулгах, гаалийн үзлэг шалгалтад хамруулах, гаалийн татвартай барааг агуулахад хадгалах үйлчилгээг үзүүлэх хариуцагч нь үйлчилгээний хураамжийг дараа сард нь төлж байхаар тохиролцжээ. /хх 36-43/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, гэрээний дагуу ажиллуулагчийн хүлээх үндсэн үүргийн эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлж, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар ажиллуулагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэсний хариуд ажиллагчид хөлс төлөх үндсэн үүргийг хүлээдэг.

Хариуцагч нь 31 036 770 төгрөгийн хөлс төлөх үүрэгтэй байсан болох нь талуудын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны “Тооцооны үлдэгдлийн баталгаа №1” гэх бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.  Нэхэмжлэгчийн дээрх “хариуцагч 2019 онд 31 036 770.75 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй” гэх тайлбар,баримтыг хариуцагч няцаагаагүй,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Иймд хариуцагчаас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 31 036 770 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болох шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдээгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргалд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр анхан шатны шүүх хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан байна. /хх-64/ Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцаж баримтад гарын үсэг зурсан, 10 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутад зарласан шүүх хуралдаанд өмгөөлөгч Арбитрын хурал давхардсан гэх үндэслэлийг заан хурал хойшлуулах хүсэлтийг ирүүлснийг шүүх хүлээн авч хурлыг хойшлуулжээ.

Өмнөх шүүх хуралдаанууд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр удаа дараа хойшилж шүүхээс талуудыг мэтгэлцэх боломжоор хангасан байхад хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм. Түүчнлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд эрхээ бүрэн эдэлсэн,эрхээ эдлэх боломжоор шүүхээс  хангасан байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эыг оролцуулаагүй талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй байна.

Харин анхан шатны шүүхээс тогтоох хэсэгт баримтлах хуулийн нэрийг буруу бичсэн, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгөн дүн болох 313 140 төгрөгийг “94 500” гэж буруу тогтоосон байгааг залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/02792 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн” гэснийг “Иргэний хуулийн” гэж, 2 дахь заалтын “94 500” гэснийг “313 140” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 140 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                С.ЭНХТӨР

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД