Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/01101

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/02792 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2060 дугаар магадлалтай,

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

31,036,770.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Г.*******ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр өөрийн төв компани болох ******* ХХК-ийн гаалийн агуулахын үйл ажиллагааг дагнан хариуцан ажиллахаар 2013 онд байгуулагдсан. Энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд ******* ХХК-тай 2014 оноос хамтран ажиллах гэрээ байгуулж, тус компанийн экспорт болон импортын ачааг буулгах, гаалийн үзлэг шалгалтад хамруулах, гаалийн татвартай барааг гаалийн агуулахад хадгалах үйлчилгээг үзүүлж, үйлчилгээний хураамжийг дараа сард нь төлж байхаар харилцан тохиролцсон. Гэвч 2016 оноос хойш ******* ХХК нь үйлчилгээний төлбөрөө цаг хугацаанд нь бүрэн төлөлгүй, байнга хойшлуулснаас хоорондын тооцооны эцсийн үлдэгдэл өндөр дүнтэй байх болсон тул бид тухайн компанид албан бичгүүдээр удаа дараа төлбөр барагдуулах хүсэлт, шаардлагыг хүргүүлж, захирлуудын хэмжээнд уулзалт хийж тухайн байгуууллагын хүсэлтийг харгалзан 5,630,741.06 төгрөгийн хөнгөлөлт олгосон. 2018.5.22-ны өдөр ******* ХХК-ийн нягтлан бодогч н.*******гаас төлбөр барагдуулах хуваарийг ирүүлсэн хэдий ч тэрхүү хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй, 2019 оны 31,036,770.75 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бид ижил үйлчилгээ эрхлэгчийн хувьд тухайн буухиа шуудангийн үйлчлүүлэгчдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, ******* ХХК-д удаа дараа боломж олгож байгаа хэдий ч тухайн компанийн зүгээс төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулах арга хэмжээ авахгүй байгаа нь төлбөрийг дуусгавар болгох хүсэл зориг байгаагүй хэмээн үзэх үндэслэлтэй байна. Иймд ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд үүссэн тооцоо болох 31,036,770.75 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох 31,036,770.75 төгөргийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт ******* ХХК нь оролцож байгаа билээ. Хариуцагч ******* ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг үндэслэн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ нотлох баримтаа бүрдүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгөх болно гэжээ. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/02792 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан ******* ХХК /рд:2578867/-иас 31,036,770.75 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК /рд:5744121/-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2060 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/02792 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гэснийг Иргэний хуулийн гэж, 2 дахь заалтын 94,500 гэснийг 313,140 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,140 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Сэлэнгэ Групп ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 31,036,770 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.09-ний өдрийн 2060 дугаартай магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.15-ны өдрийн №02792 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэн нь шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр 2060 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хянуулах нь зүйтэй гэж үзэж хяналтын журмаар гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Хариуцагч нь 31,036,770 төгрөгийн хөлс төлөх үүрэгтэй болох нь талуудын 2019.01.01-ний өдрөөс 2019.5.31-ний өдрийг хүртэлх хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа №1 гэх бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгчийн дээрх хариуцагч 2019 онд 31,036,770.75 төгрөгийн үлдэгдэлтэй гэх тайлбар, баримтыг няцаагаагүй, ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. ИХШХШТХ-ийн 42 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Иймд хариуцагчаас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 31,036,770 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оноос 2019 оныг хүртэл үүссэн гэрээний төлбөрт 31,036,770 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжилдэг. Энэ нь нэхэмжлэгчийн бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаар нотлогдоно. /хх-1, 2-р хуудас/ Мөн нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдааны үед мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Эрхэмбаяр 2016-2019 оны хооронд гэрээний дагуу нийт үүссэн төлбөр 31,036,770 төгрөг гэж шүүгчийн асуусан асуултанд хариулдаг түүнээс биш 2019.01.01-ний өдрөөс 2019.05.31-ний өдрийг хүртэл үүссэн төлбөр биш гэж хэлээд байхад шүүх үүнд үндэслэлтэй дүгнэлтийг хийсэнгүй. Энэ нь нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэгээр нотлогдоно. Шүүхээс дээрх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд зөв дүгнэлт хийгээгүйгээс болж талуудын хооронд бүр эсрэгээр үл ойлголцлыг бий болгосон үнэхээр харамсалтай дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Учир нь шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд зөв дүгнэлт хийгээгүйгээс болж нэхэмжлэгч компани нь 2016 оноос 2019.01.01-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг хариуцагчаас дахин нэхэмжлэх эрхтэй болж байна. Өөрөөр хэлбэл шүүх 2019.01.01-ний өдрөөс 2019.5.31-ний өдрийг хүртэл хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаагаар 31,036,770 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна гэж дүгнэсэн учраас. Гэтэл нэхэмжлэгч хариуцагч нар нь 2016 оноос 2019.5.31-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээний дагуу үүссэн төлбөрийн талаар маргаж байгаа. Шүүхээс маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс болж 2016, 2017, 2018 оны талуудын хооронд гэрээний дагуу үүссэн төлбөрийг дүгнээгүй орхисон учраас нэхэмжлэгч нь дээрх онуудын төлбөрийг дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагчаас шаардах эрх нь нээлттэй байгаад үнэхээр харамсалтай байна. Мөн ******* ХХК-ийн нягтлан Ш.******* гэх хүн тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн гэж анхан шатны шүүх худлаа дүгнэсэн дээр гомдол гаргасан. Ш.******* гэх хүн тооцооны үлдэгдлийн баталгаа хийгээгүй Нягтлан бодогч-г гээд Б.Билгүүн гэх хүн гарын үсэг зурсан байдаг. Энэ хүн ******* ХХК-ийн санхүүг мэддэг эсэх, үүнд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Хоёр. Анхан шатны шүүх 2019.10.15-ны өдөр болох шүүх хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгчид мэдэгдээгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна гэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хянаж өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Халиунжаргалд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан байна гэсэн тухайд бол итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэнээр өмгөөлөгчид мэдэгдсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурлын товыг буруу зөрүү тэмдэглэх, нэг бол өмгөөлөгчид шүүх хурлын товыг мэдэгдэхээ мартсан бол үүнээс гарах үр дагаврыг өмгөөлөгч хариуцах үүрэггүй гэж үзэж байна. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байхыг хэлнэ. Гэтэл өмгөөлөгчид 2019.10.15-ны өдрийн 13:30 минутаас зарлагдсан шүүх хурлын товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаан хэзээ, хэдний өдөр, хэдэн цагт болох талаар өмгөөлөгчид мэдэгдээгүй байж хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй, ИХШХШТХ-ийн 76 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүх хуралдаан хэзээ болох талаар лавлах үүргээ өмгөөлөгч биелүүлээгүй байна. Иймд ИХШХШТХ-ийн 100.3-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас эзгүйд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж дээрх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэдэгт шүүхийн мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд шүүхэд хүрэлцэн ирээгүй байхыг ойлгохоор байна. Мэдэгдэх хуудсыг хуульд заасан журмын дагуу гардуулж, танилцуулсан байх нь шүүхэд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг хариуцуулах үндэслэл болдог. Учир нь ИХШХШТХ-ийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан цагт ирээгүйгээс гарах үр дагавар буюу энэ хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заасан байгаа болохоос биш, энэ хуулийн 76.2-д заасан шүүхээс шүүх хурлын товыг лавлах үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй эзгүйд шийдвэрлэх үндэслэл болохгүй гэж ойлгож байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж өгч шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ди Эйч Эл Гейтвэй ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 31,036,770.75 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.  

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ди Эйч Эл Гейтвэй ХХК нь ******* ХХК-тай 2014.10.22-ны өдөр 2014/22 дугаартай, 2017.6.29-ний өдөр 17/011 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан байх ба уг гэрээгээр ******* ХХК нь хариуцагч компанийн экспорт болон импортын ачааг буулгах, гаалийн үзлэг шалгалтад хамруулах, гаалийн татвартай барааг гаалийн агуулахад хадгалах үйлчилгээг үзүүлэхээр, ******* ХХК нь үйлчилгээний хураамжийг дараа сард нь төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж шүүхүүд зөв дүгнэжээ.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2-т хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр, гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болохоор хуульчилсан. Хуулийн энэ зохицуулалтын дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээгээр тохиролцсон үйлчилгээг гүйцэтгэх, хариуцагч ******* ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй байна.

Шүүхүүдийн талууд гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулсан, гэрээний хугацаа дуусахад талуудын хэн аль нь цуцлах санал гаргаагүй, гэрээгээр тохиролцсон ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан тул гэрээг 2018.6.29-ний өдрийг хүртэл сунгасанд тооцох үндэслэлтэй гэсэн дүгнэлт Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1, 366 дугаар зүйлийн 366.1-д заасантай нийцжээ.

******* ХХК нь 2018.9.17-ны өдрөөр тасалбар болгон гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2018.9.14-ний өдрийн 18/38 тоот албан бичгээр хариуцагчид хүргүүлсэн бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан, ******* ХХК-ийн 2017.10.27-ны өдрийн 17/53 тоот Үйлчилгээний төлбөр барагдуулах тухай, 2018.3.21-ний өдрийн 18/18 тоот Хоорондын тооцооны тухай албан бичгүүд, талуудын хооронд хийгдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа №1 гэх баримт зэргээр хариуцагч ******* ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 31,036,770.75 төгрөгийг төлөөгүй, үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон байна.

Иймд ******* ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 31,036,770.75 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдэл үндэслэл бүхий болжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн ...шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд зөв дүгнэлт хийгээгүйгээс болж нэхэмжлэгч компани нь 2016 оноос 2019.01.01-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг хариуцагчаас дахин нэхэмжлэх эрхтэй болж байна. Өөрөөр хэлбэл, шүүх 2019.01.01-ний өдрөөс 2019.5.31-ний өдрийг хүртэл хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаагаар 31,036,770 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн... гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч ******* ХХК нь 2016 оноос үйлчилгээний төлбөрөө цаг хугацаанд нь төлөлгүй, байнга хойшлуулж ирсэн, ...2019 оны байдлаар 31,036,770 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тодорхойлсон, мөн хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас ...2016 оноос 2019.5.31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрт нийтдээ 31,036,770 төгрөгийг нэхэмжилсэн талаар тайлбар гаргасан байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй талаар давж заалдах шатны шүүхээс хуульд нийцсэн дүгнэлт хийсэн, иймд энэ үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн нэрийг буруу бичсэн, мөн улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцсон алдааг залруулсан магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2060 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД