Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2019/02792

 

 

 

 

2019 оны 10 сарын 15 өдөр           Дугаар 101/ШШ2019/02792         Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, 0дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 0тоотод байрлах “Д Э Э Г” ХХК/рд: /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянзүрх дүүрэг, 0дүгээр хороо, Токиогийн гудамж 0А Нисора цамхаг, 0давхар 0тоотод байрлах “С Г” ХХК/рд: /-д холбогдох

31,0036,770.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны  7 дугаар сарын 03-өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр өөрийн төв компани болох “Д Э Э Г” ХХК-ийн гаалийн агуулахын үйл ажиллагааг дагнан хариуцан ажиллахаар 2013 онд байгуулагдсан. Энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд “С Г” ХХК-тай 2014 оноос хамтран ажиллах гэрээ байгуулж, тус компанийн экспорт болон импортын ачааг буулгах, гаалийн үзлэг шалгалтад хамруулах, гаалийн татвартай барааг гаалийн агуулахад хадгалах үйлчилгээг үзүүлж, үйлчилгээний хураамжийг дараа сард нь төлж байхаар харилцан тохиролцсон. Гэвч 2016 оноос хойш “С Г” ХХКнь үйлчилгээний төлбөрөө цаг хугацаанд нь бүрэн төлөлгүй, байнга хойшлуулснаас хоорондын тооцооны эцсийн үлдэгдэл өндөр дүнтэй байх болсон тул бид тухайн компанид албан бичгүүдээр удаа дараа төлбөр барагдуулах хүсэлт, шаардлагыг хүргүүлж, захирлуудын хэмжээнд уулзалт хийж тухайн байгуууллагын хүсэлтийг харгалзан 5,630,741.06 төгрөгийн хөнгөлөлт олгосон. 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “С Г” ХХК-ийн нягтлан бодогч н.Баяраагаас төлбөр барагдуулах хуваарийг ирүүлсэн хэдийч тэрхүү хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй, 2019 оны 31,036,770.75 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бид ижил үйлчилгээ эрхлэгчийн хувьд тухайн буухиа шуудангийн үйлчлүүлэгчдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, “С Г” ХХК-д удаа дараа боломж олгож байгаа хэдий ч тухайн компанийн зүгээс төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулах арга хэмжээ авахгүй байгаа нь төлбөрийг дуусгавар болгох хүсэл зориг байгаагүй хэмээн үзэх үндэслэлтэй байна.

Иймд “Д Э Э Г” ХХК болон “С Г” ХХК-ийн хооронд үүссэн тооцоо болох 31,036,770.75 төгрөгийг “С Г” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч М.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Д Э Э Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “С Г” ХХК-д холбогдох 31,036,770.75төгөргийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт “С Г” ХХКнь оролцож байгаа билээ. Хариуцагч “С Г” ХХКнь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг үндэслэн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ нотлох баримтаа бүрдүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгөх болно гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Д Э Э Г” ХХК хариуцагч “С Г” ХХК-иас хамтран ажиллах гэрээний үүрэгт 31,036,770.75 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж эрх, үүрэг нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж, 7 дугаар сарын 24-ний өдөр хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлан баримт №4, №5-д гарын үсэг зуруулжээ./хх-ийн 20-23 дугаар тал/

Тус шүүхээс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 09.00 цагт товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч М.Х өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 10 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэхээр хойшлуулсан байна.

Хариуцагчийн төлөөлөгч М.Х, өмгөөлөгч Г.Т/0000/ нар хэргийн материал, шүүх хуралдааны товтой танилцаж баримт №6-д гарын үсэг зурсан, 10 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутад зарласан шүүх хуралдаанд өмгөөлөгч Арбитрын хурал давхардсан гэх үндэслэлийг заан хурал хойшлуулах хүсэлтийг ирүүлснийг шүүх хүлээн авч хурлыг 10 дугаар 15-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулж, шүүх хуралдааны товтой итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцан баримт №9-д гарын үсэг зуржээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, өмгөөлөгч Г.Т нар хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

2. 31,036,770,75 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл №2014/22 дугаартай,  2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл №17/011 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-д талууд гарын үсэг зурж, тамга дарж, тус бүр нэг жилийн хугацаагаар байгуулсан байна.

Гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч “Д Э Э Г” ХХК нь хариуцагч компанийн экспорт болон импортын ачааг буулгах, гаалийн үзлэг шалгалтад хамруулах, гаалийн татвартай барааг гаалийн агуулахад хадгалах үйлчилгээг үзүүлэх, “С Г” ХХКнь үйлчилгээ авсан хураамжийг дараа сард нь төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь хэдийгээр “Хамтран ажиллах гэрээ” гэж нэрлэсэн боловч гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй байна./хх-ийн 36-42 дугаар талууд/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийх гарын үсгээ зурсан хүчин төгөлдөр гэрээ, байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолоогүй болно.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д зааснаар нэхэмжлэгч “Д Э Э Г” ХХК нь гэрээнд тохиролцсон үйлчилгээг гүйцэтгэх, хариуцагч “С Г” ХХКнь энэ хуулийн 359.1, 360.1.-д зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй юм.

“Д Э Э Г” ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17/53 дугаартай “Үйлчилгээний төлбөр барагдуулах тухай”, 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 18/18 дугаартай “Хоорондын тооцооны тухай” албан тоотуудыг хариуцагч “С Г” ХХК-д явуулж үйлчилгээ үзүүлсэн хөлсийг шаарджээ./хх-ийн 11-12 дугаар талууд/

Иргэний хуулийн 364 дүгээр дугаар зүйлийн 364.1.-д “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаанд дуусгавар болно”, 366 дугаар зүйлийн 366.1-д “Гэрээний хугацаа дууссаныг нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой хугацаагаар сунгасанд тооцно” гэж заажээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээг хэн аль нь цуцлах саналыг гаргаагүй, гэрээгээр тохиролцсон ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байснаас үзвэл 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл гэрээг сунгасанд тооцох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Д Э Э Г” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 18/38 дугаартай “Гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг “С Г” ХХК-д хүргүүлж, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөр гэрээг цуцалжээ. /хх-ийн 11-12 дугаар талууд/

            ”Д Э Э Г” ХХК-ийн нягтлан бодогч Б.Ц, “С Г” ХХК-ийн нягтлан бодогч Ш.Б нар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нягтлан бодох бүртгэлийн бичилтээр тооцооны үлдэгдлийг тулгаж хариуцагч нь 31,036,770.75 төгрөгийн үлдэгдэлтэйг баталж “Тооцооны үлдэгдлийн баталгаа №1” акт үйлдсэн байна.  

Иймд “С Г” ХХК-иас 31,036,770,75 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д Э Э Г” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан “С Г” ХХК/рд:000/-иас 31,036,770,75 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д Э Э Г” ХХК/рд:000/-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 94,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ГАНЧИМЭГ