Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/02081

 

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02250 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Б холбогдох,

 

159 790 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч Ц.Б, Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Б нь 2019.03.26-ны өдөр О ХХК-д хандаж, түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн хороо 19-р хороолол /17031/, Тоо вангийн гудамжны 1 тоот хаягт байрлалтай Ү улсын бүртгэлийн дугаартай 1260м2 талбайтай Үйлчилгээний зориулалттай 7 давхар барилгыг 18642309196273 нэгж талбарын дугаартай 308 м2 талбайтай газрын хамт худалдан борлуулахад зуучлуулах, туслалцаа авах хүсэлт гаргасан. Манай компани уг барилгыг очиж үзэн судалгааг хийж 2 900 000 000 /Хоёр тэрбум есөн зуун сая төгрөг/-өөр дуудан 2.7 тэрбумаар зарагдах нөхцлийг бүх талаар бүрдүүлэх, оногдох татварыг төлөх, худалдан борлуулагдах боломжийг яаралтай бий болгохоор харилцан тохиролцож 2019.03.28-ний өдөр Х-0627 тоот зуучлалын гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан. Уг гэрээг байгуулсан өдрөөс эхлэн манай компани барилгыг худалдан борлуулах ажиллагааг эхлүүлж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд маш өргөн хүрээнд нийтийн сүлжээгээр танилцуулж сурталчилсан. Нэхэмжлэгч гэрээ байгуулсан тул танай шимтгэл, суутгал зуучлалын төлбөрийг асуудалгүй төлнө гэж байсан. Ингээд 2019 оны 05 дугаар сарын сүүлээр зарын дагуу очсон хүмүүс танай зарахыг хүссэн барилга 2.9 тэрбумаар зарагдсан байна гэсэн. Очиж шалгахад худалдагдсан мөнгө, эд зүйл худалдагч талд шилжсэн байсан. П.Бтэй 2019.06.19-ний өдөр уулзаад зуучлалын хөлсийг төлөх шаардлага тавьсан боловч татгалзсан. Иймд Х-0627 тоот гэрээний 4-р зүйлд заагдснаар зуучлалын төлбөрт 145 000 000 төгрөг энэ гэрээний 7.1 дэх хэсэгт нийцүүлэн 2019.06.01-ний өдрөөс тооцон 34 хоногийн алданги болох 14 790 000 төгрөг, нийт 159 790 000 төгрөг болж байна гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Капитрон банк ХХК-д 1 000 000 000 гаруй төгрөгийн зээлтэй байсан. Үл хөдлөх хөрөнгөө зараад өрөө барагдуулсан нь дээр гэж шийдээд банктай ярилцаад банкны шугамаар зарах шийдвэрт хүрсэн. ТБД андуудад байрлах банкны удирдлагуудтай  ярилцаад худалдаж авах хүн байна гэж хэлсэн. Тухайн худалдаж авах хүнтэйгээ уулзаад арилжааны гэрээ хийж машин болох үл хөдлөх хөрөнгүүдийг бартерийн шугамаар солилцсон байгаа. Тухайн үед машинуудаа зараад зээлийн зөрчил арилж Нүхтэд байрлалтай байшингийн газраа арилжих гэж байсан. Тухайн үед О ХХК-иас үл хөдлөх хөрөнгө зуучилна гэдэг саналыг бидэнд өөрсдөө тавьж байсан. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс бид илүү хурдан зарж чадна гэж хэлэхэд нь бид нар өөр байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэхэд хамаагүй бид хурдан зарж чадна гэж байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5, 202.2.8, 411 дүгээр зүйлийн 411.3-т заасныг баримтлан хариуцагч П.Бээс зуучлалын гэрээний үүрэг 159 790 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 7 сарын 05-ны өдөр төлсөн 956 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ариунболд, өмгөөлөгч Г.Б, Ц.Б нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгч талыг шүүх хуралдаанд орох боломжоор хангаагүй, талуудын эрх тэгш байдлыг хангахгүйгээр нэхэмжлэгч талын эзгүүд шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримт, гэрч Юан шины мэдүүлэг нь маргаан бүхий эд хөрөнгийг зуучлагч байгууллагын тусламжгүйгээр худалдсан гэдгийг нотлох баримт биш байтал шийдвэрийн үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх гэрээний заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх боловч давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч “О” ххк нь хариуцагч П.Бэд холбогдуулан зуучлалын гэрээгээр тохиролцсон хөлс болох үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны орлогын 5 хувь 145 000 000 төгрөг, алданги 14 790 000 төгрөг, нийт 159 790 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “зуучлалын гэрээний дагуу зуучлагчаар дамжуулан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулаагүй, гуравдагч этгээдэд түүний оролцоогүйгээр худалдсан” гэж маргажээ. /хх-1-3, 31/

Талууд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр харилцан тохиролцож, хариуцагчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн хороо, 19-р хороолол Тоо вангийн гудамжийн 1 тоот хаягт байрлалтай, Ү улсын бүртгэлийн дугаартай 126 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 7 давхар барилгыг 308 м.кв талбайтай газрын хамт 2 900 000 000 төгрөгөөс худалдахад гуравдагч этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээгээр тохирсон хөлс төлөх үүргийг хүлээсэн байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /хх-8-13/

Зуучлалын гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн хороо, 19-р хороолол Тоо вангийн гудамжны 1 тоот хаягт байрлалтай, Ү улсын бүртгэлийн дугаартай 126 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 7 давхар барилга 308 м.кв талбайтай газрын хамт банкны барьцаанд байсан, бусдад буюу гуравдагч этгээдэд зуучлагч байгууллагын тусламжгүйгээр худалдсан үйл баримт талуудын тайлбар болон гэрч Юан Шины мэдүүлгээр тогтоогдсон. /хх-1-3, 63-91, 100-101/

Талууд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй. Харин зуучлалын зүйл зуучлагчийн оролцоогүйгээр худалдагдсан тохиолдолд зуучлагч хөлс шаардах эрхтэй эсэхэд маргаж байна.

Зохигчдын байгуулсан гэрээний 4.4-т гэрээний хугацаанд зуучлагч талын тусламж, зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан тохиолдолд зуучлалын хөлсийг бүрэн төлөхөөр, 4.1-т гэрээний үнэ нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгийн 5 хувь байхаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна./хх-8-13/

Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3 дахь хэсэгт зааснаар зуучлуулагч нь зуучлагчийн тусламжгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд зуучлагчид хөлс, шагнал олгохоор тохиролцож болно. Худалдах-худалдан авах гэрээ байгуулахад зуучлах бол хөлс, шагналын хэмжээ гэрээний үнийн таван хувиас хэтрэхгүй байна гэж заасан тул талууд гэрээгээр гуравдагч этгээдэд худалдсан тохиолдолд үнийн дүнгийн 5 хувиар хөлс төлөхөөр тохиролцсон нь хуулийн дээрх заалттай нийцсэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдсан тохиолдолд үнийн дүнгийн 5 хувиар хөлс төлөхийг шаардах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэх нөхцөлийг тодорхой зааж, эрх үүргийг танилцуулан авсан гэрч Юан Шиний мэдүүлгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2 400 000 000 төгрөгөөр худалдсан болох нь тогтоогдсон, уг нөхцөл байдлыг талууд баримтаар үгүйсгээгүй тул хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн худалдан борлуулсан үнийн дүнгийн 5 хувиар тооцож 120 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үндсэн үүргийг хүлээдэг. Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3, талуудын байгуулсан гэрээний 4.4-т зааснаар зуучлуулагч нь зуучлалын зүйлийг гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхтэй ба энэ тохиолдолд зуучлагчийг гэрээнд заасан үндсэн үүргээ биелүүлсэн, зуучлуулагч үндсэн үүргээ зөрчсөн гэж үзэх боломжгүй тул алданги шаардах эрхгүй юм.

Алданги нь гэрээний үндсэн үүргийн биелэлтийн хугацааг хэтрүүлэхтэй холбоотой үүссэн шаардах эрх, гүйцэтгэх ёстой үүрэгт төлөх ёстой мөнгөн төлбөрт тооцдог хариуцлагын зохицуулалт учир гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон нөхцөлд буцаан шаардаж буй мөнгөн төлбөрт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг шаардахгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02250 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч П.Бээс 120 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39 790 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 956 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 757 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 956 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД