Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00507

 

 ОСМО ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02250 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2081 дүгээр магадлалтай,

ОСМО ХХК-ийн нэхэмжлэлтэй,

П.Буяннэмэхэд холбогдох,

159,790,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ариунболор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тэлмөн, өмгөөлөгч Д.Төмөрбаатар, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч ОСМО ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Буяннэмэх нь 2019.03.26-ны өдөр хөрөнгө зуучлалын үйлчилгээ үзүүлдэг ОСМО ХХК-д хандаж, түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2-р хороо 19-р хороолол /17031/, тоо вангийн гудамжны 25-1 тоот хаягт байрлалтай Ү-2206006477 улсын бүртгэлийн дугаартай 1260м2 талбайтай Үйлчилгээний зориулалттай 7 давхар барилгыг 308м2 талбайтай газрын хамт худалдан борлуулахад зуучлуулах, туслалцаа авах хүсэлт гаргасан. Манай компани зарахыг хүсч буй уг барилгыг очиж үзэн судалгааг хийж 2,900,000,000 төгрөгөөр дуудан 2,700,000,000 төгрөгөөр зарагдах нөхцлийг бүх талаар бүрдүүлэх, оногдох татварыг төлөх, худалдан борлуулагдах боломжийг яаралтай бий болгохоор харилцан тохиролцож 2019.03.28-ны өдөр Х-0627 тоот зуучлалын гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан. Уг гэрээг байгуулсан өдрөөс эхлэн манай компани уг барилгыг худалдан борлуулах ажиллагааг эхлүүлж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд маш өргөн хүрээнд нийтийн сүлжээгээр танилцуулж сурталчилсан. Анх гэрээ байгуулахдаа ч ...Ах нь байж байна хүмүүс явуулаад үзүүлэхэд чөлөөтэй, хэрэгтэй гэвэл миний утсыг өгөөд явуулчих. Нэгэнт гэрээ байгуулсан тул танай шимтгэл, суутгал..зуучлалын төлбөрийг асуудалгүй төлнө...зарыг сайн тараа... гэж ярилцаж байсан. Ингээд 2019 оны 05 дугаар сарын сүүлээр зарын дагуу очсон хүмүүс танай зарахыг хүссэн барилга 2.9 тэрбумаар зарагдсан байна... үзүүлэхгүй байна... гэсэн мэдээлэл ирэх болсон тул П.Буяннэмэхтэй холбогдож тодруулахад ....зараагүй ээ... түрээслэх гэж байгаа юм.. наадуул чинь худлаа ярьж байна... гэсэн. Ингээд манай ажилтан очиж шалгахад өөр компани үйл ажиллагаагаа нэгэнт эхлүүлсэн, худалдагдсан мөнгө, эд зүйл худалдагч талд шилжсэн байсан. 2019.06.19-ний өдөр уулзаад зуучлалын хөлсийг төлөх шаардлага тавьсан боловч татгалзаж ... танай талын явуулсан үйл ажиллагаанд зориулж 20-30 сая төгрөг л өгвөл өгье...дараа больё...ажил ихтэй... гээд дахин зугтаах болсон. Иймд Х-0627 тоот гэрээний 4-р зүйлд зааснаар зуучлалын төлбөрт 145,000,000 төгрөг энэ гэрээний 7.1 дэх хэсэгт нийцүүлэн 2019.06.01-ний өдрөөс тооцон 34 хоногийн алданги болох 14,790,000 төгрөг, нийт 159,790,000 төгрөг болж байна гэжээ.

Хариуцагч П.Буяннэмэх шүүхэд гаргасан тайлбартаа: Манай аавын компани Капитрон банк ХХК-д 1,000,000,000 гаруй төгрөгийн зээлтэй байгаа. Үл хөдлөх хөрөнгөө зараад өрөө барагдуулсан нь дээр гэж шийдээд банктай ярилцаад банкны шугамаар зарах шийдвэрт хүрсэн. ТБД андуудад байрлах банкны удирдлагууд ярилцаад худалдаж авах хүн байна гэж хэлсэн. Тухайн худалдаж авах хүнтэйгээ уулзаад арилжааны гэрээ хийж машин болох үл хөдлөх хөрөнгүүдийг бартерийн шугамаар солилцсон байгаа. Тухайн үед ОСМО ХХК-иас үл хөдлөх хөрөнгө зуучилна гэдэг саналыг бидэнд өөрсдөө тавьж байсан. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс бид илүү хурдан зарж чадна гэж хэлэхэд нь бид нар өөр байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэхэд хамаагүй бид хурдан зарж чадна гэж байсан гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02250 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5, 202.2.8, 411 дүгээр зүйлийн 411.3-т заасныг баримтлан хариуцагч П.Буяннэмэхээс зуучлалын гэрээний үүрэг 159 790 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ОСМО ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 7 сарын 05-ны өдөр төлсөн 956 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2081 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02250 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч П.Буяннэмэхээс 120,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ОСМО ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39,790,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 956,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 757,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 956 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019
оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2081 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгийн 5 хувиар бодож 120 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй... гэж үзсэн. Нэхэмжлэгч ОСМО ХХК нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу ямар нэгэн зуучлалын үйл ажиллагаа буюу хэлцэл хийх этгээдтэй холбож үүргээ биелүүлээгүй, энэ талаар ямар нэгэн арга хэмжээ, аваагүй, үүргээ гүйцэтгээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу холбогдох баримтаа гаргаж өгөөгүй болно. Хариуцагч П.Буяннэмэх нь зуучлалын гэрээний зүйлийг гуравдагч этгээдэд зуучлагч ОСМО ХХК-ний тусламжгүйгээр худалдсан нь Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсээс ирсэн албан бичиг болон арилжааны гэрээ, гэрч Юан Шины мэдүүлэг зэргээр нотлогддог болно. Зуучлалын гэрээний 4.4 дэх заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-т аргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон 202.2.8-т нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн байх тул хүчин төгөлдөр бус нөхцөл гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх буруу үнэлэлт дүгнэлт хийсэн, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэтэрхий нэг талыг баримталсан дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Харин анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй болно. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2081 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02250 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

ОСМО ХХК нь П.Буяннэмэхээс 159,790,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ...үл хөдлөх эд хөрөнгийг зуучлагчаар дамжуулан худалдаагүй... гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан 2019.03.28-ны өдрийн Зуучлалын гэрээгээр ОСМО ХХК нь Д.Буяннэмэхийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2-р хороо 19-р хороолол, Тоо вангийн гудамжны 25-1 тоот хаягт байрлалтай Ү-2206006477 улсын бүртгэлийн дугаартай 1260 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай 7 давхар барилгыг 308 м.кв талбайтай газрын хамт 2,900,000,000 төгрөгөөс худалдах нөхцөлтэй үнэлэн шилжүүлэх, гуравдагч этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь зуучлалын хөлс төлөхөөр харилцан тохирчээ /хэргийн 8-12 дугаар тал/.

Гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө банкны барьцаанд байсан ба хариуцагч ...уг эд хөрөнгийг 2019.05.24-ний өдөр ОСМО ХХК-ийн тусламжгүйгээр бусдад худалдсан талаар тайлбар гаргаж холбогдох баримтыг шүүхэд ирүүлжээ.

Талууд гэрээнд хугацааг 2019.03.28-ны өдрөөс 2019.09.28-ны өдөр хүртэл 6 сар гэж тохирсон, нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2019.07.09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шаардлагаа зуучлалын хөлс 145,000,000 төгрөг, алданги 14,790,000 төгрөг нийт 159,790,000 төгрөг гэж тодорхойлж, гэрээний дагуу тодорхой үйл ажиллагаа буюу зар сурталчилгаа явуулсан талаар дурджээ.

Нэхэмжлэгч зуучлалын хөлс, эсхүл гэрээг цуцалснаас учирсан хохирол шаардаж буй эсэх нь тодорхой бус байхад шүүх тодруулаагүйгээс гадна зуучлалын гэрээний үүрэг хэрэгжсэн, зуучлалын гэрээ цуцлагдсан эсэх, хариуцагч гэрээнээс хэрхэн яаж татгалзсан эсэхийг анхаарч үзээгүй, энэ талаар зохигч мэтгэлцээгүй байна.

Дээр дурдсанаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн заримыг хангахдаа хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, хэрэгт авагдсан баримтыг хуульд нийцүүлэн дүгнэсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02250 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2081 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 956,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН