Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2014

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 189/ШШ2019/00025 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ш” ХК-д холбогдох

 

Дизель түлшний үлдэгдэл төлбөр 19 282 415 төгрөг, алданги 605 187 066 төгрөг, нийт 624 469 481 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Ш” ХК-ийн алданги 489 435 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, М.А, Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Ж.Б, өмгөөлөгч Т.М нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

“С” ХХК болон “Ш” ХК нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дизель түлш болон А80 бинзен нийлүүлэх гэрээ байгуулж хамтран ажиллаж эхэлсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч тал нь шатахууныг нийлүүлэх хариуцагч тал нь нийлүүлсэн шатахууны төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй байсан. Гэвч 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс “С” ХХК-ийн зүгээс нийт 6 824 371 622 төгрөгийн дизель түлш болон А-80 бинзенийг нийлүүлж 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хүртэл “Ш” ХК-ийн зүгээс 5 545 089 207 төгрөгийн шатахууны төлбөрийг нийлүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцож 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх үлдэгдэл төлбөр мөн алданги нийт 624 469 481 төгрөг болсон байсан. Харин өнөөдрийн байдлаар алданги 737 623 024 төгрөг болсон ба нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэдэг байдлаар тооцоолж 639 641 207 төгрөгийн алданги, гүйцэтгээгүй үндсэн үүргийн үлдэгдэл 19 282 415 төлбөр, нийт 658 923 622 төгрөгийг нэхэмжилнэ. Алданги 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн гэрээнд заасны дагуу шатахууныг нийлүүлснээс хойш 60 хоногт багтан төлбөрийг төлөх ёстой. Харин 61 дэх хоногоос төлөгдөөгүй үлдсэн үнийн дүнгийн хоног тутам 0,1 хувийн алдангийг тооцохоор заасан. Гэрээ 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан, төлбөр төлөх хугацаа нь 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс хоцорч төлөгдсөн. Хариуцагч талаас гэрээний хугацаа дууссан байхад алданги тооцоод байгаа нь үндэслэлгүй гэдэг. Гэтэл гэрээндээ шатахууны нийлүүлэлт хийгээд түүний үүссэн төлбөр тооцоог дуусгаснаар энэхүү гэрээ дуусна гэж заасан. Тиймээс өнөөдрийг хүртэл гэрээ хүчин төгөлдөр байгаа тул хариуцагчаас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“С” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан. Тухайн үед шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Тухайн үеийн үлдэгдэл 19 282 415 төгрөг гэж тооцсон байсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Энэ нэмэлт өөрчлөлтөөр үнийн дүнг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 1 литр дизель түлшийг 1 650 төгрөгөөр нийлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө нийлүүлсэн түлшний үнийг 1 650 төгрөгөөр бодож илүү төлсөн байсныг шүүхийн байгууллагаас тодруулж өгсөн. Үүнд үлдэгдэл төлбөр нь 6 139 601 төгрөг гэж тогтоож өгсөн. Энэ үлдэгдэл төлбөр дээр манай маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байгаа. Алдангийн тухайд 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “С” ХХК-ийн албан бичгээр Говьсүмбэр аймгийн сум, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ үеийн байдлаар үлдэгдэл төлбөр 19 000 000 төгрөг байсан. Гэтэл Улсын дээд шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Үүний дараагаар 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Талууд Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасны дагуу үүргийг хугацаанд нь гүйцэтгэнэ гэж заасан. Мөн гэрээнд 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түлшийг нийлүүлж дуусгана гэж заасан. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нийлүүлсэн буюу 2016 онд нийлүүлсэн дизель түлшийг 2015 онд байгуулсан гэрээ рүү татан оруулж алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 223, 224 дүгээр зүйлийг баримталсан. Мөн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл буюу нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх хүртэл Улсын дээд шүүхийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр тооцооны үлдэгдлийн баталгааг нотлох баримтын түвшинд үнэлж дүгнэх боломжгүй, мөн нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу шаардлага гаргаагүйгээс үзвэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ойлгомжгүй буюу энэ хэрэг шийдвэрлэгдсэнээр маргаан дуусгавар болох эсэх нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч тал нь тооцооны үлдэгдлийн баталгааг нэхэмжлэлийн үндэслэлд дурдаагүй байсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтаар хариуцагч талын гаргаж өгсөн тооцооны үлдэгдлийн баталгааг үндэслэж 658 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэтэл Иргэний хуулийн 76 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг шаардсан үеэс эхлэн тоолно гэж заасан, мөн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу алдангийг нэхэмжилж байгаа гэж үзэж болох ч 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тооцооллоо дахин шинэчилж гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаанд хамаарна гэж үзэж байна. Мөн өнөөдрийн хувьд нэхэмжлэгч тал нь 86 021 литр түлш дутуу нийлүүлэгдсэн байгаа учраас алданги нэхэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлж, үлдэгдэл төлбөрийг төлнө. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацааны тухайд 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч манай зүгээс 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гаргасан гэж үздэг. Учир нь шүүхийн хүчин төгөлдөр захирамжаар буцаагаад шинээр гаргаж өгсөн. Мөн өнөөдрийн гаргаж өгсөн алданги тооцсон тооцоолол нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр л шүүхэд авагдсан нотлох баримтуудаас харагдаж байгаа. Мөн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлд төлбөрийг гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан хэлбэрээр гэрээ хийх шаардлагагүй гэж заасан. Нэхэмжлэгч тал нь шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн алдангийн тооцооллыг 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа аль хэдийн хүлээн зөвшөөрсөн байсан. Харин 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацаанд нийлүүлсэн түлшнийхээ алдангийг авна гэсэн. Харин 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ анх хүлээн зөвшөөрсөн алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хугацааны асуудлыг шүүх олон янзаар тайлбарладаг. Иргэний хуульд заасан 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасныг баримталж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд бичгээр тохиролцож гэрээг сунгана гэж заасан боловч гэрээг сунгасан асуудал байхгүй. “Ш” ХК нь төрийн өмчит компани тул төрийн өмчит компани нь худалдах худалдан авах ажиллагааг төрийн болон орон нутгийн өмчийн бараа ажил үйлчилгээг худалдах, худалдан авах тухай хуулиар давхар зохицуулж өгдөг. Энэхүү хуулиар худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглох гэсэн заалт байгаа. гэрээнд тодорхой хугацаа зааж өгсөн нь төрийн өмчит компани нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах үүрэгтэй. Харин “С” ХХК нь энэхүү хугацааг зөрчин өнөөдрийг хүртэл 86 021 литр шатахууныг нийлүүлээгүй байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлаагүй боловч гэрээний хугацаа дууссан. Гэрээний 2.1., 2.2-д заасан заалтууд дээр тодорхой зааж өгсөн. Үүнд 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дизель түлшийг “Ш” ХК-ийн агуулахад бүрэн нийлүүлсэн. Мөн энэхүү гэрээний хугацаа сунгахыг хуулиараа хориглосон. Нэгэнт нийлүүлээд ирж байгаа түлшнүүдийг авахаас өөр аргагүй. Төлбөрийг манайх төлөх үүрэгтэй. Харин тухайн хугацааны алдангийг төлөх ямар ч үндэслэлгүй. Ийм учраас манай тал алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Э.М нар сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Говьсүмбэр аймгийн сум дундын иргэний хэргийн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргадаг. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбогдсон алданги болох 489 435 төгрөгөөр тооцож нэхэмжлэгч талаас гаргуулахаар шаардсан. Харин нэхэмжлэгч тал төлөхгүй гэж маргадаг. Талуудын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан дизель түлш А80 бинзенийг нийлүүлэх гэрээнд заасны дагуу нийлүүлэгч нь дизель түлшийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болон өдрөөс буюу 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хавсралтад дурдсан графикийн дагуу “Ш” ХК-ийн ажлын талбар дахь шатахуун түгээх станцийн агуулахад нийлүүлнэ гэж заасан байгаа. Хавсралтад заасан графикийн дагуу нийлүүлж байгаагүй. Өнөөдрийн байдлаар 86 021 литр түлш дутуу нийлүүлсэн байдаг. Гэрээнд нийлүүлэгчийн буруугаас болж дизель түлш нийлүүлэгдээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийлүүлээгүй үлдсэн үнийн дүнгийн 0.1 хувиар тооцож худалдан авагчид алданги төлнө гэж заасан байгаа. Сар бүрийн эхэнд 221 471 литр түлш нийлүүлнэ гэж тогтоосон байгаа. Нэхэмжлэгч тал нь гэрээ байгуулагдсан цагаас эхлэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үйл баримт нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлд хамаарч байх тул Иргэний хуулийн 186, 232 дугаар зүйл мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч талаас хугацаа хэтрүүлсний алдангийг тооцон шаардах эрхтэй гэж үзэж байна. Нийлүүлээгүй байгаа 86 021 литр дизель түлшний үнэ мөн 141 934 650 төгрөгийн алданги бодогдож байгаа. Үүнээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон гаргасан байдаг. Иймээс нэхэмжлэгч талаас хугацаа хэтрүүлсний төлбөр болох 489 435 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Ж.Б, өмгөөлөгч Т.М нар сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад барааг хүлээлгэн өгч, бараа хүлээн авч байсан нь харагдаж байгаа. Дутуу нийлүүлсэн шатахууныг тухайн үед нь мэдэгдээд шаардлага гаргах ёстой байсан. Гэтэл ямар ч шаардлага ирээгүй. Тийм учраас манай компани бараа материалаа бүрэн нийлүүлсэн гэж үзэж байна. Шатахууны сав агуулахын хэмжээнд нь тааруулж манай талд захиалгаа өгдөг. Манайх тухайн захиалгын дагуу хүргэж өгдөг. Тухайн үед шатахуун нийлүүлэгдээд очих үед хэмжиж авдаг. Энэ тухай дутуу нийлүүлсэн байна гэж үзэж байгаа бол тухайн үед шаардлага мэдэгдэл хүргүүлэх ёстой байсан. Ийм учраас иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх заалтын дагуу шаардлага гаргах эрхээ алдаж байна. Мөн нийлүүлээгүй шатахуун дээр алданги тооцох нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээ цуцалснаас хойших гэрээний өмнөх үүрэг хэвээр үлдэж цуцлагдсанаас хойших үр дагавар өөрөө цуцлагдана. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ш” ХК-аас дизель түлшний үлдэгдэл төлбөр 6 139 601 /зургаан сая нэг зуун гучин есөн мянга зургаан зуун нэг/ төгрөг, алданги 294 812 727 /хоёр зуун ерэн дөрвөн сая найман зуун арван хоёр мянга долоон зуун хорин долоо/ төгрөг, нийт 300 952 328 /гурван зуун сая есөн зуун тавин хоёр мянга гурван зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 357 971 294 /гурван зуун тавин долоон сая есөн зуун далан нэгэн мянга хоёр зуун ерэн дөрөв/ төгрөг, “Ш” ХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 489 435 000 /дөрвөн зуун наян есөн сая дөрвөн зуун гучин таван мянга/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 452 873 /гурван сая дөрвөн зуун тавин хоёр мянга найман зуун далан гурав/ төгрөг, “Ш” ХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2 603 130 /хоёр сая зургаан зуун гурван мянга нэг зуун гуч/ төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, улсын төсвийн данснаас 305 /гурван зуун тав/ төгрөгийг, хариуцагч “Ш” ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 1 662 711 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Г.Б нар давж заалдах гомдолдоо:

… Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрт өөрчлөлт оруулах, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 357 971 294 төгрөгийг хангуулах тухай гомдол гаргаж байна.

Гомдлын үндэслэл: Анхан шатны шүүхээс хариуцагчийг үүргээ хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн болох талаар дүгнэсэн байдаг ба ингэснээрээ гэрээгээр тохирсон алдангийг төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс алдангийн тооцооллыг Иргэний хуулийн 232 дахь хэсэгт заасан хуулийн хүрээнд гаргасан байдаг.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 357 971 294 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ үүргээ зөрчсөн гэж үзсэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгтээ үүргийн зөрчил гаргаагүй гэдэг байдлаар утга агуулгын хувьд эсрэг дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас алданги авах эрхтэй ба тэрхүү алдангийн тооцооллыг хэрхэн бодож гаргасан тухайгаа хэргийн материалд хавсаргасан.

Шүүхийн зүгээс тухайн алдангийн тооцоолол үндэслэлтэй эсэх, үүрэг гүйцэтгэх байсан хугацаа, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн, үүрэг гүйцэтгэх хугацаа болсноос хойш төлсөн төлбөрийн дүн, төлбөр төлсөн хугацааг хэрхэн хэтрүүлсэн талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнээгүй байгаа нь тухайн шийдвэр шийдлийн хувьд зөв болох ч хэрхэн энэхүү шийдвэрт хэрхэн хүрсэн арга зам нь тодорхой биш байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-т “... хүлээн авч акт үйлдсэнээс хойш хуанлийн 45-60 хоногийн дотор хийнэ” буюу шатахууныг худалдан авагчид хүлээлгэн өгснөөс хойш тухайн шатахууны төлбөрийг дээрх хугацааны дотор төлөх ёстой бөгөөд төлөөгүй тохиолдолд 61 дэх хоногоос алданги бодогдож эхэлнэ гэдэг байдлаар тооцож гаргасан. Талуудын хооронд өмнөх гэрээний үлдэгдэл төлбөр байсан ба үүнийг талуудын хооронд 2015 оны 12 сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаас үзэхэд “Ш” ХК нь “С” ХХК-д 1 979 557 253 төгрөгийн өртэй болохыг зөвшөөрсөн баримт хэрэгт авагдсан.

Үүрэг гүйцэтгэх хугацаа болсноос хойш төлсөн төлбөрийн дүн, төлбөр төлсөн хугацаа: Гэрээний 4.2-д заасан хугацаанаас хойш мөнгө шилжүүлсэн баримт, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримтаар тогтоогдоно.

Дээрх аргачлалын дагуу хэрэгт цугласан баримтуудыг үндэслэн алдангийн тооцооллыг Иргэний хуулийн 232 дахь хэсэгт заасантай нийцүүлэн гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2015 оны 12 сарын 31-ний өдөр хариуцагч тал нэхэмжлэгч талд 1 979 557 253 төгрөгийн өртэй байсан гэдгийг талуудын хооронд тооцоо нийлсэн актаас харагдаж байгаа ба энэхүү тооцооллын дагуу харилцагчийн дэлгэрэнгүй авлагын гүйлгээний баримтаас харж болно. Үүнээс хойш талуудаас гүйцэтгэсэн үүрэг болох нэг талаас төлбөр төлөх, нөгөө талаас шатахуун нийлүүлэх үүргийг хэзээ, ямар хэмжээгээр гүйцэтгэсэн болохыг хэрэгт авагдсан баримтаас харж алдангийг тооцоолж гаргах боломжтой байсан ба энэхүү байдлаар дүгнээгүйгээс шийдвэрийн үндэслэх хэсэгт алдангийг хэрхэн тооцоолсон болох дүгнэлт харагдахгүй байна.

Дээрх аргачлалын дагуу шийдвэрийн үндэслэх хэсэгт алданги авах тооцооллыг гаргаж, түүнийг ямар үндэслэлээр багасгаж байгаагаа дурдах нь зүйтэй байсан гэж үзэж байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 357 971 294 төгрөгийг хангуулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, М.А нар давж заалдах гомдолдоо:

… Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн хариуцагчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой хохироосон, илт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

Энэхүү хэргийн хувьд анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээр тус бүр 3 удаа, Хяналтын шатны шүүхээр 2 удаа хэлэлцэгдсэн хэрэг юм. Ийнхүү Хяналтын шатны шүүхээс удаа дараа анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан үндэслэл нь нэхэмжлэгч талын алдангийн тооцоолол, түүний үндэслэл нь буюу нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, эргэлзээтэй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлүүд байдаг. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхэд анх нэхэмжлэл гаргасан үндэслэлээс огт өөр үндэслэлийг гаргасан бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 29-ны өдөр хүртэлх хугацаанд нийлүүлсэн дизель түлшний алданги /анх 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нийлүүлсэн дизель түлшний үнээс алданги тооцон нэхэмжилж байсан болно/-ийг нэхэмжилдэг бөгөөд ийнхүү алдангийг нэхэмжлэхдээ шүүхэд гаргаж өгсөн баримт нь буюу алданги тооцоолол нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэсэн хуулийн тодорхой, ойлгомжтой хоёрдмол утгагүй заалтыг зөрчиж хариуцагч талаас тухай бүр төлсөн төлбөрийн дүнгээс алданги тооцон нэхэмжилснийг болон нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар үүргээ биелүүлээгүйг шүүх анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг. Түүнчлэн Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 76.2, 76.4 дэх хэсэгт “Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно” гэж тодорхой заасан. Хариуцагчийн зүгээс гэрээ байгуулсан үеэс эхлэн гэрээгээр хүлээсэн үүрэг болох төлбөрөө хугацаандаа төлөх үүргээ зөрчиж байсан ба 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийлүүлсэн шатахууны үндсэн төлбөрийг хугацаа хэтрүүлж төлснөөс үүссэн алданги 737 623 024 төгрөг байна гэж үндэслэлээ тодорхойлсон нь үндэслэлгүй.

2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч “С” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хариуцагчийн төлбөр төлөлт, түүний алдангийг нэхэмжлээгүй бөгөөд уг хугацааны алдангийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-нны өдөр хүртэлх хугацаанд тухай бүрийн төлөлтөөс хамаарч дууссан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа буюу 6 сар орчим хугацааны дараа нэхэмжлэлийг гаргасан байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч алдангийн тооцооллоо үндэслэлтэй хийсэн эсэх, хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх эсэхэд үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

А.Нэхэмжлэгч тал өмнө нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүртэл нийлүүлсэн түлшний алдангийг нэхэмжилж байсан бол 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ огт өөр баримтыг буюу алдангийг тооцооллыг шүүхэд гаргаж өгсөн байгааг шүүх анхаарч үзээгүй.

Б.Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-д “...нийлүүлэгч тал 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл графикийн дагуу нийлүүлнэ” гэж тохирсон. Гэрээгээр тогтоосон хугацаанд нийлүүлэгч нь 442 942 тн дизель түлш нийлүүлэхээр тохирсон боловч энэ хугацаанд 3 343 399 тн дизель түлш нийлүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй. Түлш нийлүүлэх үүрэг тооцох эцсийн хугацаа бөгөөд гэрээний 4.2-т зааснаар түүнээс хойш 60 хоногийн дотор буюу 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр нь төлбөр төлөх эцсийн хугацаа юм. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл үүргээ гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байхад анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь, бодитойгоор, харьцуулан үзэх, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж дээрх үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

Нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд ийнхүү гаргасан нэхэмжлэлдээ 2017оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 19 282 415 төгрөг байсан тодорхойлсон байтлаа түүнээс 31 дахин их хэмжээний алдангийг нэхэмжилж байгааг анхааралгүй хэргийг шийдвэрлэснээс гадна шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлсон нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөнийг харуулж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шийдвэрлэлтийн талаар:

Анхан шатны шүүх хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгож буй Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 7.1 дэх заалтыг хэрхэн үгүйсгэж буй талаар огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Түүнчлэн нэхэмжлэгч талын нэхэмжлэл гаргах үеийн гүйцэтгээгүй үүрэг болох 86 021 литр түлш нийлүүлэх үүргийн талаар, түүнийг хэрхэн үгүйсгэж буй талаар огт дүгнэлт хийгээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Түүнчлэн шүүх үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ алданги төлөх нь худалдан авагчийн хариуцлага гэж дүгнэсэн мөртлөө талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.1-д заасан нийлүүлэгчийн буруугаас дизель түлшийг хугацаанд нь нийлүүлээгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон заалтыг үгүйсгэснээс гадна гэрээний нэг тал болох худалдагчийн гэрээний хариуцлагыг үгүйсгэж байгаа нь илт нэг талыг барьж шийдвэрлэж буй явдал бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх зарчимд нийцэхгүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлох үүднээс үүргийн гүйцэтгэлийн хангах аргын нэг болох анзыг гэрээгээр тохиролцон улмаар үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас хууль болон гэрээнд заасан үндэслэлээр алданги шаардсан сөрөг нэхэмжлэлийг гаргасан байтал дээрх хэрэгт хамааралгүй заалтыг хэрэглэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Ш” ХК-д холбогдуулан дизель түлшний үлдэгдэл төлбөр 19 282 415 төгрөг, алданги 639 641 207 төгрөг, нийт 658 923 622 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, 86 021 литр түлш нийлүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд алданги тооцож, 489 435 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

            “С” ХХК нь “Ш” ХК-тай 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дизель түлш, А-80 бензин нийлүүлэх тендерийн СШ№05-01, ШОХК 2015 дугаартай гэрээг байгуулж, гэрээний хавсралтаар барааны жагсаалт, бараа нийлүүлэлтийн хуваарь, үнийг харилцан тохиролцож тогтоосон, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дизель түлшний үнийг нэмсэн өөрчлөлтийг дээрх гэрээнд оруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд талуудад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар  зохигчид маргаагүй, гэрээний үүргийг хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотойгоор шаардсан алдангийн хэмжээ маргааны зүйл болсон байна.

 

            Гэрээний 2.1-т зааснаар  нийлүүлэгч “С” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд графикийн дагуу 20 удаагийн нийлүүлэлтээр нийт 4 429 420 литр дизель түлшийг худалдан авагчийн талбайд буулгах, худалдан авагч нь нийлүүлсэн түлшийг хүлээн авснаас хойш хуанлийн 45-60 хоногийн дотор төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан шатахуун хүлээн авсан акт, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, 2015, 2016 оны худалдан авсан шатахууны орлогын жагсаалт, 2015-2017 оны шатахууны төлбөр төлсөн жагсаалт, төлбөрийн даалгавар, шилжүүлсэн мөнгөн дүнгийн жагсаалт, орлогын баримт зэргээр нэхэмжлэгч нь нийт 4 343 399 литр дизель түлш нийлүүлж, худалдан авагч дизель түлшний үнэд 6 724 848 349 төгрөгийг төлж 6 139 601 төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон, үлдэгдэл төлбөрийн хэмжээ нь дизель түлшний үнийг өөрчилж, гэрээнд нэмэлт оруулснаар тооцвол 6 139 601 төгрөг болсныг нэхэмжлэгч эсэргүүцээгүй, хариуцагч мөн зөвшөөрсөн байна.

 

            Нэхэмжлэгч нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн түлшний үнийг хариуцагч төлөхдөө гэрээний 4.2-т заасан хугацааг хэтрүүлж төлж байсан тул 61 дэх хоногоос хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,1 хувийн алданги тооцсон гэж 737 623 024 төгрөгийн тооцоолол гаргаж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлан 639 641 207 төгрөгийн алданги шаарджээ.                                      

/хх2-226, 227/

 

            Талууд гэрээгээр төлбөр төлөх хугацааг тогтоон, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэх бөгөөд шүүх алданги шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль болон гэрээнд заасанд нийцнэ.

 

            Алдангийн хэмжээний тухайд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл болгож байгаа хавтаст хэрэг 2-ын 222-224 дэх талд авагдсан тооцооллыг шууд үндэслэх боломжгүй.

 

            Учир нь, талууд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээг дүгнэн тооцоо нийлж акт үйлдэхдээ төлбөрийн үлдэгдлийг 1 979 557 523 төгрөг гэж тогтоон эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан тул уг актаас өмнөх хугацаанд төлсөн төлбөрт алданги тооцсон нэг талын баримтыг үндэслэн  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн авах боломжгүй.

 

            Харин уг жагсаалт дахь мэдээллийг хэрэгт авагдсан санхүүгийн бусад баримттай харьцуулан үнэлж, талууд тооцоо нийлсэн 2015 оны 12 дугаар сарын 31-нээс хойших хугацаанд нийлүүлсэн түлшний үнийн дүн, төлсөн төлбөрийн дүнг гаргавал төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдлийн хэмжээг тогтоох боломжтой байна. Ийнхүү тооцвол нийлүүлэгч нь 2016 оны 1 дүгээр сарын 20-ноос хойш нийт 1 475 904 төгрөгийн түлшийг нэмж нийлүүлсэн, худалдан, авагч нь 2016 оны 1 дүгээр сарын 8-наас хойш 2 348 784 439 төгрөгийн төлөлт хийсэн байна. Дээрхээс үзвэл 3 455 461 953 төгрөгийн /1 979 557 253 +1 459 904 700/ төгрөг төлөх үүрэг үүссэнээс 2 348 784 439 төгрөгийн төлөлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх үед 1 106 677 514 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан гэж үзэхээр байна.

 

            Талуудын маргаан нь дизель түлшний төлбөр төлөх үүрэгтэй холбоотой бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 29-нөөс хойш түлш нийлүүлээгүй талаар хэн аль нь тайлбарласан.

 

            Дизель түлшийг нийлүүлэх хуваарийг гэрээний хавсралтаар тохирохдоо тэнцүү хэмжээгээр сард 2 удаа гэж тодорхойлсон боловч уг хуваарьт заасан хэмжээгээр биш, худалдан авагчийн захиалсан хэмжээгээр тухай бүр нийлүүлж байсан гэж талууд тайлбарлаж байх бөгөөд нийлүүлэлт хийсэн бодит байдлын тухайд талууд санал зөрөлдөөнгүй байсан гэж үзнэ.

 

Иймд 2015 оны 12 дугаар сарын 31-нээс хойш 2016 оны 3 дугаар сарын 29-нийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн түлшний төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсний алдангийг тооцвол 501 553 243 төгрөг /хх1-52/ байна.

 

Анхан шатны шүүх алдангийн хэмжээг хэрхэн тогтоосон үндэслэлээ шийдвэрт тодорхой заагаагүй боловч үндсэн төлбөрийн үлдэгдлийн хэмжээ, алданги тооцох болсон нөхцөл, гэрээний үүргийн биелэлтэд нөлөөлсөн бусад хүчин зүйл зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг багасгаж 294 812 727 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийх нь хүрээнд байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 300 952 328 төгрөгөөр хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх хэргийн нөхцөл байдлыг үнэлж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Нийлүүлэгч 86 026 л түлшийг нийлүүлээгүй, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй  учраас энэ хэмжээгээр үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гэрээний 7.1-д зааснаар нийлүүлээгүй түлшний  үнийн дүнгээс хоног тутам алданги тооцон нэхэмжилсэн хариуцагч “Ш” ХК-ийн сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Харин худалдан авагч тал нь дизель түлшийг нийлүүлсэн тухай бүрд 45-60 хоногийн хугацаанд багтаан төлбөрийг шилжүүлж байх үүргээ зөрчиж байснаас гадна  түлшний нийлүүлэлт дутуу байгааг мэдэгдэж, нийлүүлэхийг шаардаж байснаа нотлоогүй байна. Энэ байдлаас үзвэл нийлүүлэгчийн буруугаас гэрээний хуваарь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, нийлүүлэгчийн буруугаас бүтээгдэхүүн дутуу нийлүүлэгдсэн бол алданги төлүүлэхээр заасан гэрээний 7.1 дэх нөхцөл бүрдээгүй байна.

 

Тодруулбал, худалдан авагч нь нийлүүлсэн түлшийг хүлээн авснаас хойш гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй нь үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт нийцэхгүй бөгөөд нийлүүлсэн түлшний үнийг хугацаанд нь төлөөгүйгээс дараагийн нийлүүлэлтийг хийхгүй байх нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нөгөөтэйгүүр худалдан авагч нь нийлүүлээгүй байгаа 86 026 литр дизель түлшийг шаардаагүй байх тул гэрээний биелэгдээгүй хэсгээс Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.3 дахь хэсэгт зааснаар татгалзсан гэж үзэхээр байна.

 

            Иймд сөрөг нэхэмжлэлийг хангуулахаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

 

            Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 189/ШШ2019/00025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 1 947 807 төгрөг, хариуцагчаас төлсөн 4 079 189 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО        

 

                                         ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

 

                                                                                            А.ОТГОНЦЭЦЭГ