Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 134/ШШ2017/00185

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ШО-д ХК-д холбогдох 

Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай

иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ч нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Б миний бие 2009 онд “ШО” ХК-д мэдээллийн технологийн инженер мэргэжлээр ажилд орсон. Холбоо мэдээллийн албаны дарга, хүний нөөцийн хэлтсийн албаны даргаар 2013 онд томилогдон ажиллаж байгаад 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон гэсэн нэрийдлээр ажлаас халсан. Тухайн ажлын байр байхгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас халагдсан боловч эргээд ажлын байрыг бий болгохдоо Захиргаа хөгжлийн бодлогын хэлтэс гэсэн нэртэйгээр байгуулсан. Ажлын байрны тодорхойлолт YAMAT-08-ыг харахад Монгол Улсын Үндэсний ажил мэргэжлийн тодорхойлолтыг “ШО” ХК мөрдөж ажилладаг. ISCO-08 гэсэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны 2010 оны тогтоолын 12 дугаар бүлэгт удирдах албан тушаал буюу захиргааны арилжааны менежер гэсэн бүлэг байгаа. Үүний 1212 буюу хүмүүний менежер гэсэн ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Ажлын байрыг дахин бий болгохдоо ажил, мэргэжлийн индексийг хэвээр хадгалаад ажлын байрны тодорхойлолтын зарим зүйлийг өөрчлөөд бий болгосон. Нэгдүгээрт, энэ үндэслэлээр ажлын байрыг орон тооны цомхотголд ороогүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасан байна. Гэтэл энэ үүргийг хэрэгжүүлээгүй, ямар нэгэн ажлын байр санал болгоогүй. Мөн хуулийн 36.3 дахь хэсэгт энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно гэж заасны дагуу гомдлыг гаргасан. Мөн миний бие нь 2016 оны орон нутгийн сонгуулиар иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Засаг дарга, эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна гэсэн зөвшилцлийг “ШО” ХК-ийн ТУЗ-ын гаргасан 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11 тоот бүтэц орон тоо батлах тухай тогтоол дээр ямар нэгэн байдлаар зөвшилцөж шийдвэр гаргаагүй байна. Хууль бусаар ажлаас халсан гэж үзэж байгаа учраас ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлт гаргасан. Тиймээс хүсэлтийг хангаж өгнө үү гэж хүсч байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М миний бие Ж.Б тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Ж.Б нь миний өмнө ажиллаж байсан Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн даргын албан тушаал нь “ШО” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Захираа хөгжлийн бодлогын хэлтсийн дарга болон нэршил өөрчлөгдсөн тул ажилд эгүүлэн тогтоолгох ёстой хэмээн тайлбарлаж буй нь үндэслэлгүй зүйл юм. Ж.Б “ШО” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/249 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42.1, төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын тогтоолд заасан үндэслэлээр “компанийн удирдлага зохион байгуулалтын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэс татан буугдсан, ажлын чиг үүрэгт өөрчлөлт орсон тул Ж.Б байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн” болно.

“ШО” ХК-ийн эрх барих байгууллага нь Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар “хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт ... төлөөлөн удирдах зөвлөл” байхаар зохицуулалттай болно. “ШО” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор бүрэн эрхийнхээ хүрээнд “ШО” ХК-ийн бүтцээс Хүний нөөцийн бодлогын хэлтсийг татан буулгаж, шинээр Захиргаа, хөгжлийн бодлогын хэлтсийг байгуулсан болно. Шинээр байгуулагдсан Захиргаа хөгжлийн бодлогын хэлтсийн хэрэгжүүлэх чиг үүрэг нь өмнөх Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсээс эрс өөр зохицуулалттай болсон. Захиргаа хөгжлийн бодлогын хэлтэст дулаан, ус хангамжийн хэсэг, тээвэр үйлчилгээний хэсэг, хүний нөөцийн алба, төлөвлөлт эдийн засгийн алба, лаборатори хамаарах болж чиг үүрэг, ажлын байрны зорилго, ажлын байранд тавих албан тушаалын зэрэглэл өөрчлөгдсөн болно. Өмнөх Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэст /хамаарах хэсэг, алба/ байгаагүй бөгөөд хэлтэс дангаар үйл ажиллагаа явуулдаг байсан юм. “ШО” ХК-ийн Төлөөлөн удирдан зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Захираа, хүний нөөцийн бодлогын хэлтсийг татан буулгасан, шинээр байгуулагдсан Захиргаа хөгжлийн бодлогын хэлтэс түүний дарга нь эрс өөр ажлын чиг үүргийг хэрэгжүүлэх болсон тул Ж.Б Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон болно. Ж.Б Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэх хуудсыг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/570 дугаар мэдэгдлээр мэдэгдэж 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/249 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн байна.

Ж.Б Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 6 сарын дундаж цалинтай тэнцэх 8 424 900 төгрөгийн тэтгэмж, ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг олгож холбогдох тооцоог бүрэн хийсэн болно. Ж.Б нь ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлаас чөлөөлөх болсон үндэслэлийн талаар тус байгууллагад ямар нэг санал, гомдол гаргаж байгаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан тэтгэмжийг 6 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгож өгөөч хэмээн амаар хүсэмжилж байсан болно. Байгууллага Ж.Б амаар гаргаж буй хүсэлтийг харгалзан 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж Ж.Б тэтгэмжийн мөнгийг хүлээн авсан болно. Ж.Б нь өөрийн гаргаж буй үйлдлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх болсныг хүлээн зөвшөөрч байсан хэрнээ үндэслэлгүйгээр ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэл тус шүүхэд гаргасанд туйлын харамсаж байна. Нэгэнт эрх бүхий байгууллагын шийдвэр /”ШО” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл/ гарч Захиргаа, хүний хөгжлийн бодлогын хэлтэс түүний даргын чиг үүрэг, ажлын байрны зорилго, ажлын байранд тавих албан тушаалын зэрэглэл өөр тул Ж.Б уг албан тушаалд томилох боломжгүй тул “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/249 дүгээр тушаал үндэслэлтэй болно. “ШО” ХК-ийн гүйцэтгэх удирдлагын зүгээс Хөдөлмөрийн тухай хууль холбогдох дүрэм, журмыг зөрчсөн зүйл байхгүй болно.

Иймд, дээрх байдлыг үндэслэн Ж.Б тус шүүхэд гаргасан “ШО” ХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/249 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “ШО” ХК-ийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, хурлын чөлөөт цагт төлөөлөн удирдах зөвлөл нь компанийг удирдах зохицуулалттай байдаг. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол буюу 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11 тоот тогтоолоор “ШО” ХК-ийн бүтэц орон тоог өөрчлөн баталсан 11 дүгээр тогтоолоор Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэс татан буугдаж шинээр Захиргаа хөгжлийн бодлогын хэлтэс болон байгуулагдсан. Шинээр байгуулагдсан захиргаа хөгжлийн бодлогын хэлтэст ус, дулаан хангамжийн хэсэг, тээвэр үйлчилгээний хэсэг, хүний нөөцийн алба, төлөвлөлт, эдийн засгийн алба, лабораторийн алба хамаарах болсноор шинэ бүтцийг байгуулсан. Өмнөх Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэс татан буугдсантай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан. Нэгдүгээрт, эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан, хоёрдугаарт, байгууллагын бүтцээр тусгай нэгж байгуулагдсан учраас ажил үүргийн хуваарь шинэчлэгдсэн. Нэгдүгээрт ус, дулаан хангамжийн хэсэг, тээвэр үйлчилгээний хэсэг, хүний нөөцийн алба, төлөвлөлт эдийн засгийн алба, лабораторийг удирдах мэргэжлийн боловсон хүчнийг байгуулах шаардлага үүссэн. Өмнөх захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэс нь ердөө л хүний нөөцийн бодлогын ажлыг хэрэгжүүлж байсан. Шинэ байгуулсан бүтэц нь компанийн урт болон дунд хугацааны төлөвлөлтийг боловсруулах, үүнтэй холбоотой харилцааг зохицуулах буюу бодлогын чанартай ажлыг зохион байгуулах болсон. Өдөр тутмын ажил буюу ISCO стандартыг барьсан байна. Бүтцийн хувьд доор нь хүний нөөцийн алба орж байгаа учраас стандартыг тавьж мөрдлөг болгосон. Нэгэнт бүтэц өөрчлөгдөж доор нь хэсэг нэгж орж ирсэн учраас гарцаагүй өмнөх бүтэц орон тоог өөрчилсөн. Энэ талаараа Ж.Б компанийн удирдах албан тушаалтан нар уулзаж ярилцлага хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажлаас халах тухайгаа 40.1.5-д заасны дагуу мэдэгдэх хуудсыг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/570 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан хугацаа өнгөрсөн учраас Ж.Б байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/249 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42.1, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр тогтоолд зааснаар ажлаас чөлөөлж, 6 сарын тэтгэмжийг олгосон. Ж.Б нь удирдлагын багийн гишүүн учраас компанийн удирдах албан тушаалтан нар харилцан яриа хийснээр нэг мөр ажлаас чөлөөлсөн. Тиймээс “ШО” ХК-ийн гүйцэтгэх удирдлагын зүгээс Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ж.Б нь “ШО” ХК-д холбогдуулан “ШО” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/249 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Хариуцагчаас “...компанийн удирдлага зохион байгуулалтын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр захиргаа хүний нөөцийн бодлогын хэлтэс татан буугдсан, ажлын чиг үүрэгт өөрчлөлт орсон тул Ж.Б байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн  ...” хэмээн маргана. 

Ажилтан нь 2014 оны 08 дугаарын 18-ны өдрөөс эхлэн “ШО” ХК-д Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх35-38/, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх5-6/ зэргээр нотлогдож байхаас гадна ажилтныг ажиллаж байсан үйл баримтын талаар маргаагүй байх тул тэдний хооронд хөлөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр тогтоолд “ШО” ХК-ийн зохион байгуулалтын бүтцийг нэгдүгээр хавсралтаар, батлагдсан бүтэц, орон тооны дагуу компанийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг гүйцэтгэх захиралд үүрэг болгон баталжээ. /хх-27/

Улмаар “ШО” ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/249 дүгээр тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4.2, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр тогтоол, Ажилтнуудад буцалтгүй тусламж, тэтгэмж, нөхөн төлбөр олгох, хөнгөлөлт үзүүлэх журмын 3 дугаар зүйлийн 3.5 заалтыг тус тус үндэслэн “...захиргаа хүний нөөцийн бодлогын хэлтэс татан буугдсан, ажлын чиг үүрэгт өөрчлөлт орсон” гэсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, дуусгавар болгожээ. /хх-3/

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан” үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч нь энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэсний дагуу 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг гардуулсан, тэтгэмжид 8 424 900 төгрөг хүлээн авсан үйл баримтад зохигчид маргаагүй байна. /хх-26/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заасан бөгөөд “... салбар, нэгж татан буугдсан” гэдэг үндэслэл нь зөвхөн тухайн салбар нэгжид ажиллаж байгаа ажилтнуудыг хамааруулж ойлгох ойлголт юм.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн 18 орон тоо /хх33-34/ хасагдаагүй ба өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан “Хуулийн этгээдийг татан буулгах” үйл баримт болоогүй байна.

Гэтэл ажил олгогч нь ажилтан Ж.Б “Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэс татан буугдсан, ажлын чиг үүрэгт өөрчлөлт орсон” гэсэн үндэслэлээр чөлөөлсөн байх боловч хуучин Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн орон тоо хасагдаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан “ШО” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/57 дугаар тушаал, түүний хавсралт /хх32-34/, мөн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/53 тоот тушаал, түүний хавсралтаар /хх29-31/ тус тус тогтоогдож байна.

Тодруулбал, шинээр батлагдсан /хх-30/ тус компанийн 2017 оны удирдлага, зохион байгуулалтын бүтцийн схемийн /хх-30/ 10-д Захиргаа, хөгжлийн бодлогын хэлтэс-1 гээд, 22-д “Хүний нөөцийн алба 17” гэж зохион байгуулсан нь нэхэмжлэгчийн хуучин ажиллаж байсан хэлтсийн орон тоо болох 17, хэлтсийн дарга-1, нийт 18 орон тоог шинээр байгуулсан “Захиргаа, хөгжлийн бодлогын хэлтэс”-т шууд харьяалуулсан нь салбар, нэгж татан буугдсан гэж үзэхээргүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгчээс “...тухайн ажлын байр байхгүй болсон үндэслэлээр ажлаас халагдсан боловч эргээд ажлын байрыг бий болгохдоо Захиргаа, хөгжлийн бодлогын хэлтэс нэртэйгээр бий болгохдоо ажил, мэргэжлийн индексийг хэвээр хадгалаад ажлын байрны тодорхойлолтын зарим зүйлийг өөрчилсөн, орон тоо нь хэвээр байхад гэрээг цуцалсан, мөн урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгосон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж, харин хариуцагчаас “…өмнөх захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтэс нь ердөө хүний нөөцийн бодлогын ажлыг хэрэгжүүлж байсан, шинээр байгуулагдсан хэлтэс нь компанийн урт болон дунд хугацааны төлөвлөлтийг боловсруулах, үүнтэй холбоотой харилцааг зохицуулах, бодлогын чанартай ажлыг зохион байгуулах болсон, Ж.Б …өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасныг үгүйсгэхгүй, ажил санал болгох гэтэл хэлтсийн даргын сул орон тоо байхгүй байсан” гэж мэтгэлцэнэ.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч нь аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдаагүй, орон тоо хасагдаагүй, эсхүл ажилтны тоог цөөрүүлээгүй байхад, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасан байхад ажил олгогч хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй байж ажилтанг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь буруу болжээ.

Иймд, “ШО” ХК-ийн салбар, нэгж татан буугдсан үндэслэлээр Ж.Б ажлаас чөлөөлсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь ажлаас буруу халсан тухай гомдлоо шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор ирүүлсэнийг дурдах зүйтэй.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба харин хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б “ШО” ХК-ийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200  /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.ЦОГЗОЛМАА