Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 134/ШШ2017/00187

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “СМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ШО-д холбогдох зээлээр авсан шатахууны төлбөрийн үлдэгдэл 19 282 415 төгрөг, алданги 605 187 066 төгрөг, нийт 624 469 481 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Сод Монгол групп” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Сод Монгол групп” ХХК болон “ШО” ХК нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Дизель түлш, А-80 бензин нийлүүлэх СШ.№05-01.ШОХК.2015 тоот тендер”-ийн гэрээ байгуулан хамтран ажилласан. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж ажилласан бөгөөд “ШО” ХК-д нийт 6 тэрбум гаруй төгрөгийн шатахуун зээлээр нийлүүлсэн. Гэтэл “ШО” ХК нь гэрээний үүргээ эс биелүүлж, зээлээр авсан шатахууны төлбөрөө бүрэн төлж барагдуулахгүй байсаар байна. “ШО” ХК манай компанид төлөх шатахууны төлбөрийн үлдэгдэл 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 1 280 082 415 төгрөг байсан болно. Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтын дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар тооцон 591 341 753 төгрөг болоод байна. Манай компанийн зүгээс “ШО” ХК-ийг шатахууны төлбөр болон алдангийг төлөхийг удаа дараа шаардсан боловч тус “ШО” ХК нь төлбөр болон алдангийг төлөхгүй хугацаа өнгөрөөсөн байдалтай байсаар байна. “ШО” ХК нь шатахууны төлбөрөө хугацаандаа төлөхгүй байгаа нь манай компанид хүндээр тусаж шатахууны гадаад татан авалтын төлбөрөө төлж чадахгүй, цаашлаад шатахууны нөөцгүй болоход хүрээд байна.

Иймд, “ШО” ХК-иас шатахууны төлбөрийн үлдэгдэл 1 280 082 415 төгрөг, төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги 591 341 753 төгрөг, нийт 1 871 424 168 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 515 071 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү хэмээн Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 134/ШШ2017/0086 тоот шийдвэрээр “ШО” ХК-иас үндсэн төлбөрийн үлдэгдэл болон алданги 591 341 753 төгрөгийг тус тус гаргуулж “СМ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцаасан болно. Хэргийг дахин хянан хэлэлцэх анхан шатны шүүх хуралдаан 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 09 цагт зарлагдсан бөгөөд манай компанийн зүгээс холын замд автомашинд саатал гарсны улмаас шүүх хуралдаанд 20 минут хоцорч ирэхэд хэргийг буцаасан байсан. Иймээс манай компанийн зүгээс шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа болно. Хариуцагч “ШО” ХК-ийн манай компанид төлөх төлбөрийн үлдэгдэл 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 1 280 082 415 төгрөг байсан ба 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тус компанийн шатахууны төлбөрийн үлдэгдэл 19 282 415 төгрөг, алданги 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 591 341 753 төгрөг байсан ба 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 605 187 066 төгрөг тус тус байна.

Иймд, “ШО” ХК-иас зээлээр авсан шатахууны үлдэгдэл төлбөр 19 282 415 төгрөг, алданги 605 187 066 төгрөг, нийт 624 469 481 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлбөр 3 280 298 төгрөгийн хамт гаргуулан өгч манай компанид учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай “СМ ХХК болон “ШО” ХК нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дизель түлш, А-80 бензин нийлүүлэх тендерийн гэрээ байгуулж, хамтран ажилласан. Манай компаний зүгээс гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж ажилласан. Гэрээнд заасан шатахууныг гэрээнд зааснаар, зээлээр, тоо хэмжээнийх нь дагуу “ШО” ХК-д нийт 6 тэр бум гаруй төгрөгийн шатахууныг зээлээр нийлүүлсэн. Гэтэл “ШО” ХК гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлээр авсан шатахууны төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй. Мөн төлбөрийг хугацаандаа төлөхгүй, байнга хугацаа хэтрүүлж төлдөг. “ШО” ХК-ийн манай компанид төлөх шатахууны төлбөрийн үлдэгдэл 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 1 280 082 415 төгрөг, алдангийн хэмжээ 591 000 331 төгрөг байсан. Иймд манай компани 2015 оны 02 дугаар сард “ШО” ХК-д холбогдуулан Говьсүмбэр аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхээр хянагдаж байгаад анхан шатны шүүх рүү буцаад, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд манай компанийн зүгээс шүүх хуралдаанд 20 минут хоцорч ирсэн үндэслэлээр хэргийг буцаасан. Манай компаниас 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд хариуцагч компаниас шатахууны төлбөрийн үлдэгдлийг тодорхой хэмжээгээр төлсөн. Өнөөдрийн байдлаар “ШО” ХК манай компанид төлөх шатахууны төлбөрийн үлдэгдэл 19 282 415 төгрөг, алданги 605 187 066 төгрөг байна. Алдангийг бид хуулийн дагуу тооцсон. Мөн гэрээнд заасны дагуу 0,1 хувиар, мөн нийт үнийн дүнгийн 25 хувиас хэтрэхгүй байхаар нэхэмжилсэн. Алдангийг гэрээгээр талууд харилцан тохиролцсон. Хуульд заасны дагуу анзын талаар гэрээнд тодорхой дурьдаж өгсөн. Манай компанийн зүгээс “ШО” ХК-ийг алдангийг төлөхийг удаа дараа шаардаж албан бичиг олон удаа явуулсан ч төлдөггүй. Иймд зээлээр нийлүүлсэн шатахууны үлдэгдэл 19 282 415 төгрөг, алданги 605 187 066 төгрөг, нийт 624 469 481 төгрөгийг гаргуулж манай компанид учирсан хохирлыг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийгээ дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч “СМ компани манай компанид холбогдуулан шатахууны төлбөрийн үлдэгдэл, алданги нийт 624 469 481 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг манайх бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбартаа үлдэгдэл 19 282 415 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байсан. ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзах эрхтэй байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд холбогдох тооцоог хийсний үндсэн дээр тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр тооцоо хийх явцад нэхэмжлэгч тал гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгэсэн гэж байгаа боловч 2016 оны 01 дүгээр сарын 20-ноос 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийлүүлсэн түлшний хэмжээ нь гэрээнд заасан талуудын хооронд байгуулагдсан дизель түлш, бензин нийлүүлэх тендерийн гэрээний хугацаанаас хэтрүүлэн олгогдсон. Гэрээний дагуу тооцохдоо 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 30-ны үлдэгдлийг нөхөн төлсөн байдлаар хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй асуудал гардаг. Энэ хугацааны төлбөрийг өмнө нь тодорхой хэмжээний мөнгө төлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. Энэ хугацаанд төлсөн төлөлтөөс манай компани 44 186 485 төгрөгийн илүү төлөлттэй байгаа. Гэвч манай компани энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэж үзсэн. Нэгэнт тухайн үед үүргээ биелүүлсэн байдлаар шаардлагагүй гэж үзсэн. Одоо нэхэмжлээд байгаа төлбөрийн үлдэгдэл болох 19 282 415 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч тал холбогдох нотлох баримтаар нотолж чадахгүй байна. 19 282 415 төгрөг үлдэж байгаа талаар нотлох баримт шинжлэн судлахад тайлбарлах байх. Тухайн гэрээ 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан. Энэ гэрээ 2015 оны 03 дугаар сарын 15-наас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 4 429 420 литр дизель түлш, 6550 литр А-80 авто бензин нийлүүлэхээр тодорхой график тогтоон гэрээ байгуулсан. 6550 литр А-80 авто бензин дээр талууд маргаагүй. Ямар нэгэн маргаан байхгүй. Тиймээс дизель түлшний талаар л яръя гэж бодож байна. Гэрээний хугацаанд 3 343 399 литр дизель түлш нийлүүлсэн. 14550 литр А-80 авто бензин нийлүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан вагоноос түлш хүлээн авсан акт, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргаж өгсөн хүү, алдангийн тооцоонд туссан түлшний хэмжээ зэрэг баримтаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна. “СМ” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гэрээнд заасан үүргээ зохих хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй болохыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай харуулж байна гэж ойлгож байна. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т үүргийг хугацаанд нь гүйцэтгэнэ, мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2-т хугацаа хэтэрсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараах үр дагавар үүснэ гээд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж зааснаар “СМ” ХХК энэ хугацаанд нийлүүлсэн шатахууны төлбөрт алданги авах эрхээ алдсан гэж үзэж байна. Нөгөө талаас талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар “СМ” ХХК-иас “ШО” ХК-д нийлүүлэх гэрээнд заасан дизель түлшнээс 1087559 литр дизель түлш нийлүүлэгдээгүй дутуу байсан. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн. 2017 оны 10 дугаар сарын 27 буюу өнөөдрийн байдлаар 86020 литр дизель түлш нийлүүлэгдээгүй байгаа. Энэ нь нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэдгийг харуулж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дизель түлш, А-80 бензин нийлүүлэх тендерийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу 9 дүгээр зүйлийн 9.2-т гэрээнд нэмэлт өөрчлөлт хийхээр шийдсэн бол өөрчлөлтийг гэрээний хавсралт хэсэгт хийнэ гэж заасан. 11.3-т гэрээний өөрчлөлтийг заавал бичгээр тохирч сунгаж болно гэж заасан. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хугацааг ямар нэгэн үүрэг гүйцэтгэхээр тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдрийн 24 цагийн дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна гэж заасан. Нэхэмжлэгч тал 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээнд заагдсан 4400 тонн шатахууныг нийлүүлсэн байх үүргийг хүлээсэн. Энэ үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Үүнийг хуулиар зохицуулсан заалт байдаг. “ШО” ХК нь төрийн өмчит хувьцаат компани. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуульд зааснаар худалдан авалтын ажиллагааг нь зохицуулсан. Худалдан авах гэрээ нь энэ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т худалдан авах гэрээнд дараах өөрчлөлт хийхийг хориглоно гэж заасан байгаа. Захиалагч урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд тендерийн холбоотой гэрээний нөхцөлд өөрчлөлт хийхийг хориглосон. Гэрээний нөхцөлд үнэ, хугацаа зэрэг орж байгаа. Энэ гэрээ бичгээр сунгагдаагүй. Гэрээний 11.3-т гэрээний хугацааг сунгавал бичгээр гэрээ хийнэ гэж заагдсан. Өөрөөр хэлбэл алданги нэхэх эрх үүсэхгүй гэсэн үг. 2 нөхцөлийг л тендерийн хуулиар зөвшөөрсөн. 2 жилээс дээш хугацаанд хийгдсэн гэрээний явцад хэрэглээний үнийн индекс өөрчлөгдсөн, 40 дүгээр зүйлийн 40.2-т суурь үнэ огцом өөрчлөгдсөн тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн. Энэ хуулийн заалт, дээрх гэрээний заалт, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг үндэслэхэд нэхэмжлэгч тал үүргээ тогтоосон хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй. Гэрээн дээр манайх хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол алданги төлнө, эднийх хугацаандаа бараагаа нийлүүлээгүй бол алданги төлнө гэж гэрээний нөхцөлд байгаа. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар манайх сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс гарах үр дагавар юм. Тиймээс гэрээний хууль зүйн үндэслэлүүдийг харгалзан үзээд манай тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

           

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “СМ” ХХК нь хариуцагч “ШО” ХК-д холбогдуулан шатахууны үлдэгдэл төлбөр 19 282 415 төгрөг, алданги 605 178 066 төгрөг, нийт 624 469 481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “ШО” ХК нь “…“СМ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй …” хэмээн маргана.

Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “СМ” ХХК нь хариуцагч “ШО” ХК-тай 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр СШ.¹05-01.ШОХК.2015 тоот Дизель түлш, А-80 бензин нийлүүлэх тендерийн гэрээг байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч нь дизель түлш, А-80 бензинийг биет байдлын доголдолгүй худалдан авагчийн талд шилжүүлэх, худалдан авагч нь дизель түлш, А-80 бензинийг хүлээн авч, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг   төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. /хх6-10/

Тус гэрээний 2.1-т “нийлүүлэгч нь дизель түлшийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл графикийн дагуу “ШО” ХК-ийн ажлын талбар дахь шатахуун түгээх станцын хадгалах агуулахад нийлүүлнэ” гэж заасан байна.

Зохигчдын байгуулсан гэрээний агуулга, зорилго, талуудын хүлээх эрх, үүргээс тус тус дүгнэвэл тэдгээрийн хооронд Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд зохигчид нийлүүлсэн болон худалдан авсан барааны төлбөрийг төлөх хугацааг гэрээгээр /хх6-10/ тохирсон байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Хариуцагч “ШО” ХК нь шатахууны үлдэгдэл төлбөр болох 19 282 415 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч тал холбогдох нотлох баримтаар нотлоогүй гэж маргасан боловч хавтаст хэрэгт авагдсан ”СМ” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээгээр /хх-51/ 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар эцсийн үлдэгдэл 28 797 486 төгрөг 25 мөнгө байсан ба тус дэлгэрэнгүй гүйлгээний 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “гүйлгээний утга нь тэмдэгтийн хураамж “СМ” ХХК” гээд “дебет нь 9 515 071 төгрөг” гэж бичсэн байх ба манай компани “ШО” ХК-д 9 515 071 төгрөгийн авлага үүсгэсэн учир улсын тэмдэгтийн хураамж болох 9 515 071 төгрөгийг “ШО” ХК-иас хасч тооцсон гэж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ зэргээр хариуцагч “ШО” ХК нь шатахууны төлбөр 19 282 415 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна. /28 797 486.25 -9 515 071=19 282 415 төгрөг/

Түүнчлэн хариуцагч нь өөрийн татгалзал, тайлбарын үндэслэл болсон нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл зүйлийн 25.2.2-т зааснаар нотолж, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд шатахууны үлдэгдэл төлбөр болох 19 282 015 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Талууд А-80 бензин нийлүүлэлтийн талаар маргаагүй, харин дизель түлш нийлүүлэлтийн талаар хариуцагчаас “... 2016 оны 01 дүгээр сарын 20-ноос 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийлүүлсэн түлшний хэмжээ нь гэрээнд заасан талуудын хооронд байгуулсан дизель түлш, бензин нийлүүлэх тендерийн гэрээний хугацаанаас хэтрүүлэн хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тул алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргана.

Нэхэмжлэгч “СМ” ХХК нь нэхэмжлэгч “ШО” ХК-д Дизель түлш нийлүүлэх гэрээний хавсралт-1 “Барааны жагсаалт ба бараа нийлүүлэх хуваарь”-ийн дагуу А-80 бензин болон дизель түлшийг 2015 оны 03 дугаар сарын 15-наас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор буюу сар бүрийн эхний болон сүүлийн 15 хоногийн дотор нийлүүлэхээр гэрээний салшгүй хэсэг болох бараа нийлүүлэлтийн хуваариар харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгчээс хариуцагчийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангид 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тооцож 605 187 066 төгрөгийг /хх68-69/ гаргуулахаар шаардаж, үндэслэлээ Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т энэхүү гэрээ нь дизель түлшийг гэрээнд тохиролцсон үнэ, биет хэмжээгээр нийлүүлэгдэж дуустал, мөн хүлээн авсан дизель түлшнээс үүссэн төлбөр тооцоог бүрэн барагдуулж дуустал хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тайлбарлана.

Хариуцагчаас 2016 оны 01 дүгээр сарын 20-ноос 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийлүүлсэн түлшний хэмжээ нь гэрээнд заасан талуудын хооронд байгуулсан дизель түлш, бензин нийлүүлэх тендерийн гэрээний хугацаанаас хэтрүүлэн хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй учир алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Зохигчид, дээрх гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг хэрэглэхээр тохирсон байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, мөн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний алдангийн талаарх тохиролцоо нь Иргэний хуульд заасан шаардлагыг хангасан ба тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх” зохицуулалттай ч нэхэмжлэгч тал ийнхүү үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй нь 2015 оны 03 дугаар сараас 2016 оны 03 дугаар сар хүртэл “ШО” ХК-д нийлүүлсэн шатахууны тооцоо /хх-26/, компаниудын хооронд байгуулсан тендерийн гэрээний алдангийн тооцоо хийсэн баримт /хх-52/, 2016 онд “Сод Монгол групп” ХХК-иас худалдан авсан шатахууны тооцоо болон төлсөн төлбөрийн жагсаалт /хх-62/, алдангийн тооцооны тайлбар, түүний хавсралт /хх68-70/ зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь хугацаандаа үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэсэн хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсныг нотлохгүй байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Гэвч  нэхэмжлэгч “СМ” ХХК ийнхүү  гэрээнд  заасан үүргээ үл биелүүлж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ” гэж зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаагаар хэтрүүлжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ”ШО” ХК-ийн хангамжийн алба “Сод Монгол групп” ХХК-ийн худалдааны алба  хоёр хоорондоо яриад утсаар ч юм уу, факсаар харилцаад манайх руу одоо тийм хэмжээний шатахуун хэрэгтэй байна, өнөөдөр манай саванд 2 вагон, маргааш 3 вагон ч гэдэг юмуу, нэг бол дараа сард манайд 5 вагон өгөөч гэдэг байдлаар үргэлжээд хэвшсэн тендер” гэх боловч нэгэнт гэрээний талуудын хариуцлага ярьж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2-т “хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран дараах үр, дагавар үүснэ”, 224.2.3-т “ ...хүү, анз авах эрхээ алдана”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заажээ.

Гэрээнд төлбөрийг хэдийд төлөх хугацааны талаар бодитойгоор тохиролцсон байхад гэрээний нэг тал /нийлүүлэгч/ хугацаа хэтрүүлж нийлүүлсэн байх тул гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл, 224.2.3-т “ ... хүү, анз авах эрхээ алдана”, Анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн заалттай зөрчилдөж байх тул төлбөрийн /гүйцэтгээгүй үүргийн/ үнийн дүнгээс алданги гаргуулж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн алдангид тооцож нэхэмжилсэн 605 178 066 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд, хариуцагч “ШО” ХК-иас шатахууны төлбөрийн үлдэгдэл болох 19 282 415 төгрөгийг гаргуулан “СМ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 605 178 066 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 3 280 298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 245 362 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “ШО” ХК-иас 19 282 415 /арван есөн сая хоёр зуун наян хоёр мянга дөрвөн зуун арван таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “СМ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 605 178 066 /зургаан зуун таван сая нэг зуун далан найман мянга жаран зургаан/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 280 298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 254 362 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ЦОГЗОЛМАА