Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2099

 

 “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/02244 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Г” ХХК

 

Орон сууц болон газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараа:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/Ш32017/00259 дүгээр захирамжаар “Х” ХХК-аас 268 533 690 төгрөгийг гаргуулж “ГХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлд Т.Т-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байрны 57 тоотод байрлах м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Т.Б-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт 3 дугаар хэсгийн 25 тоотод байрлах хувийн сууц, 672 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгүүдийг хөрөнгийн үнэлгээний “С” ХХК-аар үнэлүүлэн, орон сууцыг 113 300 000 төгрөгийн, хувийн сууцыг газрын хамт 113 000 000 төгрөгийн үнэтэй байна гэж тус тус тогтоосон байх бөгөөд энэхүү үнэлгээг тус газраас “Х” ХХК-д 2017 оны 11 дүгээр сарын16-ны өдөр мэдэгдлээ. 150 000 000 төгрөгөөс 160 000 000 төгрөгийн үнэ ханштай байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг үндэслэлгүйгээр бууруулан, өнөөдрийн зах зээлийн үнэ ханш, орон сууц, газрын үнэлгээнээс хэт доогуур буюу тус бүр 113 000 000 төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэж байгаад гомдолтой байна. Энэ талаар асууж тодруулахад хариу тайлбарлаж өгөхгүй, үнэлгээ тогтоосон тайлан дүгнэлтийг хавсаргасан өгөөгүй бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгүүдийг 40 000 000 төгрөгөөс 50 000 000 төгрөгөөр бууруулан үнэлж байгаа үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг үндэслэл болгон 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр анх мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд хандан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Хүлээн авч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үл хөдлөх эд хөрөнгүүдийг үндэслэлгүйгээр 226 300 000 төгрөг болгон бууруулан үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/00259 дүгээр захирамжаар “Х” ХХК-аас 269 283 999 төгрөгийг гаргуулж “Г” XXK-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч “Х” ХХК-ийн Т.Б-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэхэд сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 58 дугаар байрны 57 тоот сууцыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 190/02 тогтоолоор, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт /14082/, 3 дугаар хэсгийн 25 тоот хувийн сууц, 672 м.кв зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт 2017 оны оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 190/04 тоот тогтоолоор тус тус битүүмжилж, 2017 оны 9 дугаар сарын 13-ны өдрийн 17290414/01, 17290414/02 тоот тогтоолоор тус тус хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал өгөхийг удаа дараа мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 296 тоот тогтоолоор шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, төлбөр төлөгч “Х” ХХК-ийн захирал Т.Б болон өмчлөгч Т.Т-д 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 4/28309, 4/28308 тоот албан бичгээр мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналтай эсэхийг “Х” ХХК-ийн захирал Т.Б-д мэдэгдэхэд санал ирүүлээгүй тул хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 58 дугаар байрны 57 тоот орон сууцыг шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 113 300 000 төгрөгийн 70 хувь буюу 79 100 000 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт /14082/, 3 дугаар хэсгийн 25 тоот хувийн сууц, 672 м.кв зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг 113 000 000 төгрөгийн 70 хувь буюу 79 100 000 төгрөгөөр тус тус худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарласан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/Ш32017/13716 дугаар захирамжаар иргэний хэрэг шийдвэрлэж, шүүхийн хүчин төгөлдөр болох хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183\ШШ2017\00259 тоот зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар харилцагч “Х” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 268 533 690.06 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 750 309 төгрөг, 269 283 999 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд барьцаа хөрөнгө болох 15 дугаар хороо, Шарга морьт, 3 дугаар хэсэг, 25 тоотод орших 128 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт орших 678 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар, Ү-2205001127 тоот дугаартай, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байр 57 тоот хаягт орших, 3 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, хураан авах тогтоол үйлдсэн. Шүүхийн захирамж 2017 оны 01 дүгээр сард гарсан бөгөөд төлбөр төлөгчийн зүгээс одоог хүртэл ямар нэг төлөлт хийгээгүй, мөн санаатайгаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж банкийг хохироож байна. Төлбөр төлөгчид барьцаа хөрөнгийг худалдан гаргуулах үнийн саналаа өгөхийг удаа дараа бичгээр болон бусад хэлбэрээр мэдэгдсэн боловч үнийн санал өгөхөөс санаатайгаар зайлсхийж байсан. “Х” ХХК нь нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгүүдийг үндэслэлгүйгээр бууруулан, өнөөдрийн зах зээлийн үнэ ханш орон сууц газрын үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гомдолтой байгаа талаар дурджээ. Нэхэмжлэлдээ зуслангийн хашаа байшингаа 50 000 000 төгрөгөөс 160 000 000 төгрөг, орон сууцаа 130 000 000 төгрөгөөс 140 000 000 төгрөгийн өртөгтэй хөрөнгө болохыг дурдсан байна. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөгчид үнийн санал өгөх хангалттай хугацаа олгосон бөгөөд төлбөр төлөгч нь дээрх өртөгөөр үнийн саналаа өгөх бүрэн боломж байсан. Төлбөр төлөгч нь үл хөдлөх хөрөнгөө яг хэдэн төгрөгөөр үнэлээд байгаагаа, хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тодорхойлоогүй, ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханшийг судалсан ямар нэг нотлох баримтгүйгээр нэхэмжлэл гаргасан байна. “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ердийн журмаар цаашид үргэлжлүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, орон сууц болон газрыг үнэлсэн “С” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б давж заалдах гомдолдоо:

… Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг зөрчин хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлээгүй. Шүүх 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг оролцуулаагүй. Нэхэмжлэгч талаас зохигчдыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Хүлээн аваагүй учраас хэргийн үйл баримтын талаар талууд нотлох үгүйсгэх замаар мэтгэлцээгүй, шүүх хуралдаанд биеэр оролцоогүй учраас хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарт хариу тайлбар гаргаагүй, хариуцагчийн хариу тайлбарыг шүүх хуралдаан дээр үгүйсгэх нэмж үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргаагүй.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2 удаа шинжээч томилсон “В” ХХК нь нийт үл хөдлөх эд хөрөнгийг 191 236 079 төгрөг гэж, “Л” ХХК нь нийт 166 801 334 төгрөг гэж тус тус үнэлсэн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байгаагаас нийт хөрөнгийг 226 300 000 төгрөг гэж үнэлсэн дээрх үнэлгээ зах зээлийн ханшнаас хэт бага байна гэж нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна гэж үндэслэлгүй дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхээс томилсон шинжээч үл хөдлөх хөрөнгүүдийг 191 236 079 төгрөг, 166 801 334 төгрөг гэж үнэлэн дүгнэлтийг өгсөн. Энэ 2 дүгнэлт нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас хэт бага гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Учир нь шинжээчийн дүгнэлт бол нотлох баримт юм.

Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, шинжлэн судлаад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх ёстой тэрнээс биш шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэх шинжээчийн дүгнэлт буюу нотлох баримт байх ёсгүй. Шүүх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 191 236 079 төгрөг, 166 801 334 төгрөг гэж үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд огт үнэлээгүй, огт дүгнээгүй байж эдгээр шинжээчийн дүгнэлтүүд хөдөлбөргүй үнэн гэж үзэж, нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл болгосонд гомдолтой байна. Мөн шүүх 3 өөр шинжээчийн 3 өөр хоорондоо эрс зөрүүтэй, ойлгомжгүй үнэлгээ бүхий дүгнэлт хэрэгт цугларсан байхад хянан хэлэлцэхгүй, үнэлж дүгнэхгүй, зохигчдыг мэтгэлцүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан орон сууц болон газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/00259 дугаар шүүгчийн захирамжаар “Х” ХХК-аас 268 533 690 төгрөгийг гаргуулж, “Г” ХХКд олгож, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчдын эвлэрлийг баталсан бөгөөд шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2017/03525 дугаартай албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу мөн өдөр 183/ГХ2017/00323 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэн, барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах, ажиллагааг хуулийн дагуу явуулж төлбөр төлөх хугацаа тогтоосон ч төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүй байна. /1хх 51-53, 63-72/

 

            Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаа явуулах үндэслэл бүрдсэн байх бөгөөд үнийн саналаа төлбөр төлөгч нар ирүүлээгүй тул “Г” ХХК-ийн хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэгч 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 296 дугаар тогтоолоор шинжээч томилж үнэлгээ тогтоолгохоор шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

 

“С” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, шарга морьт 3 дугаар хэсэг 25 тоотод байрлах, 128 м.кв хувийн сууц, уг хаяг дахь 675 м.кв зуслангийн зориулалттай газрын хамт 113 000 000 төгрөг, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 58 дугаар байрны 57 тоот Ү-2205001127 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг 113 300 000 төгрөг гэж дүгнэлт гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

            Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр 2 удаа шинжээч томилсон бөгөөд хөрөнгийн үнэлгээний “В” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 191 236 079 төгрөг гэж, “Л” ХХК нь нийт 166 801 334 төгрөг гэж тус тус үнэлсэн дүгнэлтээс үзэхэд зах зээлийн ханшнаас хэт бага үнэлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэлд дурдсан 2 үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх бөгөөд шинжээч үнэлгээ хийхдээ хөрөнгийн байршил, зориулалт, хийц, ашиглалтад орсон хугацаагаар ижил эд хөрөнгөтэй харьцуулан тодорхойлсон талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

            Мөн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийг оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/02244 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ

 

                                         ШҮҮГЧИД                                 С.ЭНХТӨР

 

                                                                                           А.ОТГОНЦЭЦЭГ