Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00561

 

ХФ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/02244 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар  сарын 13-ны өдрийн 2099 дугаар магадлалтай,

ХФ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХФ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 183/Ш32017/00259 дүгээр захирамжаар ХФ ХХК-аас 268.533.690 төгрөгийг гаргуулж ГБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлд Т.Тулгын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байрны 57 тоотод байрлах м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Т.Батжаргалын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт 3 дугаар хэсгийн 25 тоотод байрлах хувийн сууц, 672 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан. Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг Сэлэнгэ эстимейт ХХК-иар үнэлүүлэн, орон сууцыг 113.300.000 төгрөг, хувийн сууцыг газрын хамт 113.000.000 төгрөгийн үнэтэй байна гэж тус тус тогтоосон байх бөгөөд энэхүү үнэлгээг тус газраас ХФ ХХК-д 2017 оны 11 сарын 16-ны өдөр мэдэгдлээ. 150-160 сая төгрөгийн үнэ ханштай байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг үндэслэлгүйгээр бууруулан, зах зээлийн үнэ ханш, орон сууц, газрын үнэлгээнээс хэт доогуур буюу тус бүр 113 000 000 төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэж байгаад гомдолтой байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг үндэслэл болгон 2017 оны 11 сарын 16-ны өдөр анх мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд хандаж байгаа тул үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ХФ ХХК-ийн төлөөлөгч Т.Батжаргалд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэхэд сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 58 дугаар байрны 57 тоот сууцыг 2017 оны 5 сарын 11-ний өдрийн 190/02 тогтоолоор, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт /14082/, 3 дугаар хэсгийн 25 тоот хувийн сууц, 672 м.кв зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт 2017 оны оны 6 сарын 27-ны өдрийн 190/04 тоот тогтоолоор тус тус битүүмжилж, 2017 оны 9 сарын 13-ны өдрийн 17290414/01, 17290414/02 тоот тогтоолоор тус тус хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал өгөхийг удаа дараа мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 10 сарын 05-ны өдрийн 296 тоот тогтоолоор шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, төлбөр төлөгч ХФ ХХК-ийн захирал Т.Батжаргал болон өмчлөгч Т.Тулгад 2017 оны 11 сарын 16-ны өдрийн 4/28309, 4/28308 тоот албан бичгээр мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналтай эсэхийг ХФ ХХК-ийн захирал Т.Батжаргалд мэдэгдэхэд санал ирүүлээгүй тул хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 58 дугаар байрны 57 тоот орон сууцыг шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 113 300 000 төгрөгийн 70 хувь буюу 79 100 000 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт /14082/, 3 дугаар хэсгийн 25 тоот хувийн сууц, 672 м.кв зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг 113 000 000 төгрөгийн 70 хувь буюу 79 100 000 төгрөгөөр тус тус худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2017 оны 12 сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарласан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд ГБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Төлбөр төлөгч ХФ ХХК-д барьцаа хөрөнгийг худалдан гаргуулах үнийн саналаа өгөхийг удаа дараа бичгээр болон бусад хэлбэрээр мэдэгдсэн боловч үнийн санал өгөхөөс санаатайгаар зайлсхийж байсан. ХФ ХХК нь нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгүүдийг үндэслэлгүйгээр бууруулан, өнөөдрийн зах зээлийн үнэ ханш орон сууц газрын үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гомдолтой байгаа талаар дурджээ. Нэхэмжлэлдээ зуслангийн хашаа байшингаа 50 000 000 төгрөгөөс 160 000 000 төгрөг, орон сууцаа 130 000 000 төгрөгөөс 140 000 000 төгрөгийн өртөгтэй хөрөнгө болохыг дурдсан байна. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөгчид үнийн санал өгөх хангалттай хугацаа олгосон бөгөөд төлбөр төлөгч нь дээрх өртөгөөр үнийн саналаа өгөх бүрэн боломж байсан. Төлбөр төлөгч нь үл хөдлөх хөрөнгөө яг хэдэн төгрөгөөр үнэлээд байгаагаа, хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тодорхойлоогүй, ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханшийг судалсан ямар нэг нотлох баримтгүйгээр нэхэмжлэл гаргасан байна. ХФ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ердийн журмаар цаашид үргэлжлүүлж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/02244 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ХФ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, орон сууц болон газрыг үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар  сарын 13-ны өдрийн 2099 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/02244 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлээгүй. Шүүх 2019.10.21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг оролцуулаагүй. Нэхэмжлэгч талаас зохигчдыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Хүлээн аваагүй учраас хэргийн үйл баримтын талаар талууд нотлох үгүйсгэх замаар мэтгэлцээгүй, шүүх хуралдаанд биеэр оролцоогүй учраас хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарт хариу тайлбар гаргаагүй, хариуцагчийн тайлбарыг шүүх хуралдаан дээр үгүйсгэх нэмж үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргаагүй. Хариуцагч болон гуравдагч этгээдийг шүүхээс товлосон цагаас хэдхэн минут хоцорч, шүүх хуралдаан болж байгаа танхимын үүдэнд зогсож нэхэмжлэгч талаас хоцорсон зохигчдыг шүүх хуралдаанд оролцуулах талаар шүүхад хүсэлт гаргаж байхад шүүх яагаад талуудын мэтгэлцэх зарчмыг эдлүүлэхгүйгээр шүүх хуралдааныг хийж байгааг ойлгохгүй байна. Шүүх “...нэхэмжлэгчийн хүсэлтээр 2 удаа шинжээч томилсон Вендо ХХК нь нийт үл хөдлөх эд хөрөнгийг 191.236.079 төгрөг гэж, Лэндс ХХК нь нийт 166.801.334 төгрөг гэж тус тус үнэлсэн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байгаагаас нийт хөрөнгийг 226.300.000 төгрөг гэж үнэлсэн дээрх үнэлгээ зах зээлийн ханшнаас хэт бага байна гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна” гэж үндэслэлгүй дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. ХФ ХХК Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийг үндэслэлгүйгээр бууруулан, өнөөдрийн зах зээлийн үнэ ханш, орон сууц, газрын үнэлгээнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой хэмээн нэхэмжлэл гаргасан. Харин шүүхээс томилсон шинжээч үл хөдлөх эд хөрөнгүүдийг 191.236.079 төгрөг 166.801.334 төгрөг гэж үнэлэн дүгнэлтийг өгсөн. Энэ 2 дүгнэлт нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг эээлийн ханшнаас хэт бага гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Учир нь шинжээчийн дүгнэлт бол нотлох баримт юм. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, шинжлэн судлаад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх ёстой тэрнээс биш шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэх шинжээчийн дүгнэлт буюу нотлох баримт байх ёсгүй. Шүүх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 191.236.079 төгрөг, 168.801.334 төгрөг гэж үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд огт үнэлээгүй, огт дүгнээгүй байж эдгээр шинжээчийн дүгнэлтүүд “хөдөлбөргүй үнэн” гэж үзэж, нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл болгож байгаад гомдолтой байна. Мөн шүүх 3 өөр шинжээчийн 3 өөр хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй үнэлгээ бүхий дүгнэлт хэрэгт цугларсан байхад хянан хэлэлцэхгүй, үнэлж дүгнэхгүй, зохигчдыг мэтгэлцүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ХФ ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ХФ ХХК-ийн төлөөлөгч Т.Б шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч тэрээр нэхэмжлэлээсээ татгалзаж, уг хүсэлтээ шүүхэд ирүүлжээ.

Хүсэлтэд “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул зохих ёсоор шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч ХФ ХХК-ийн төлөөлөгч Т.Б-ын нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлт нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заажээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/02244 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2099 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ХФ ХХК-ийн төлөөлөгч Т.Бл татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч ХФ ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ