Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 69

 

А.У-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогч Ц.Б, түүний өмгөөлөгч М.Ариунболд, Э.Хашчулуун, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Н.Нарантуяа, Л.Хатанбаатар, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 644 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 979 дүгээр магадлалтай, А.У-д холбогдох 201625021333 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Н.Нарантуяа, Л.Хатанбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, У овогт А-ийн У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Өмчлөгчийн эд хөрөнгийг залилж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.У-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.У гаргасан гомдолдоо “Миний бие анхан шатны шүүх хуралдаанд хэрэгт ач холбогдол бүхий гэрч нарыг оролцуулах хүсэлт гаргасан боловч оролцуулаагүйгээс гадна шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай шүүгчийн захирамж хэрхэн биелэгдсэн нь тодорхойгүй байна. Анхан шатны шүүх прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой байтал хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэгт тусгагдаагүй, хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж, хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Миний бие хэн нэгнийг залилан мэхлэх санаа зорилго байгаагүй, хоёр компанийн хооронд худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй маргаан юм. Мөн хохирол нь хавтаст хэрэгт авагдсан, улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсанаас илт зөрүүтэй, маргаантай байхад шүүх ямар үндэслэлээр хохирлын хэмжээг тооцсон нь ойлгомжгүй байна. Иймд хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх хэд хэдэн үндэслэл байна. Үүнд: хохирогч Ц.Б нь 2014 оны 02 дугаар сард А, У нартай танилцан Нарантуул захын хажууд барьж байсан барилгыг өөрийн биеэр үзэж улмаар 2 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй, 1,000,000 ам.доллар зээл өгч байсан. Уг зээлийн 2 сарын хугацаа өнгөрөхөд мөнгөө нэхсэн байх ба зээлдэгч А, У нар зээл, зээлийн хүүгийн хамт бэлнээр төлөх боломжгүй байна гэсэн учир газар санал болгоход Б зөвшөөрч 500,000,000 төгрөг нэмж төлөөд авч байсан тул тэдгээрийн хооронд олон удаа, гэрээ хэлцэл хийгдэж, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 2-6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг А.У-д шилжүүлснээс биш миний төсөлд хөрөнгө оруулаач, үнэхээр ашигтай гэж санал тавьсан, хохирол төлүүлэх санал гаргаагүй. 2 авто зогсоол, 2 машин өгсөн ба шүүгдэгч нь хохирогчийг давтан хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө авсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих асуудал нотлогдохгүй байхад анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар А.У-г 2 жил хорих ял шийтгэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хохирогч Б, шүүгдэгч У нарын урьд өмнөх зээлийн болон зээлийн хүү төлсөн талаарх удтал үргэлжилсэн удаан харилцааны явцад бий болсон бүх үйл баримтыг нотлох баримтаар аваагүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан зөвхөн Б-ын мэдүүлгээр шүүгдэгчийг буруутган нэг талд нэг удаагийн харилцааны улмаас үүссэн хохирол мэтээр гэмт хэрэгт буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн шүүгдэгч А.У нь Б.Б, Ц.Б нарт хэрхэн яг хэдий хэр их хэмжээний хохирол учруулсан, үүнээс төлж барагдуулсан, дундын тооцоо нийлсэн байдал, А.У-аас Б-т буцаан өгсөн эд хөрөнгийн үнэлгээг зөрүүтэй байхад нэг талыг барьж шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн “Үүр тээл” ХХК болон түүний захирал Д-той хохирогч Б-д нийлүүлэх байсан 5,500 тонн арматурыг нийлүүлэх гэрээ хэлцэл байгаа эсэх болон бусад шүүгдэгчийн мэдүүлээд байгаа тэдгээрийн хоорондын бизнесийн гэрээ хэлцлийн талаар нягтлан шалгаж мухарлаагүй. БНХАУ-ын компаниас арматур, худалдах, худалдан авах гэрээ хийсэн талаарх эсэх, хэрэв гэрээ байгуулсан бол А.У оролцсон эсэх, хилээр орж гарсан лавлагааг аваагүй, талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн, зарим хаусыг Б-т шилжүүлсэн байхад Б-аас авсан мөнгөний хэдий хэмжээний мөнгийг буцаан өгсөн болон уг хауст үнэлгээ хийн бодит хохирлоос хасах байсан ба энэ талаарх үйл баримт авагдаагүй. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс удаа дараа А.У-аас Б-т шилжүүлсэн гэх хаусын үнийг тогтоолгох тухай шинжээч томилуулахаар хандсан боловч шүүх шинжээч томилох шаардлагагүй гэж шүүгдэгчийн хохирогчид төлсөн хохирлыг бодит үнэлгээ хийсний эцэст шүүхээр шийдвэрлэхгүйгээр А.Уянгын хууль ёсны эрх ашгийг ноцтой хохироосон байна.

Хохирогч Э, Б нараас гаргасан худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчингүй болгуулах тухай иргэний эрх зүйн харилцааг иргэний журмаар шийдвэрлэхээр байтал эрүүгийн хэргийн шүүх нь хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх замаар арилгах боломжтой гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх”, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдэх ёстой. Гэтэл хохирогч нарын гэрээ хүчин төгөлдөр эсэх маргааныг Иргэний хуулийн дагуу шийдэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолын 5 дахь хэсэгт тайлбарлахдаа “бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, ... гэсэн объектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт хэргээ хэрэгжүүлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаатай” гэж заасан байдаг. Миний хувьд хохирогчийг анхнаасаа хууран мэхлэх санаа сэдэл, зорилго агуулаагүй. Энэ тухай хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад миний бусдыг хууран мэхлэх, санаа сэдэл, зорилгыг тогтоосон гэх нотлох баримт байхгүй. Зөвхөн хохирогчийн хэлснээр тогтоосон гэдэг нь нотлох баримт биш юм.

Мөн дээрх тогтоолын 7-д Гэрээний харилцаа нь иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй гэж заасан байдаг. Мөн хохирлын талаар дахин шинжлүүлэх, гэрч оролцуулах тухай нотлох баримт шинжлэн судлуулахаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг орхигдуулсан нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг анхан шатны шүүх бүрэн тогтоогоогүйгээр шүүгдэгчид хүнд ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, А.У-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хавтаст хэргийн материалыг шинжлэн судлахад шүүгдэгч А.У нь Нарантуул захын хажууд барьж байсан худалдаа үйлчилгээний барилгад хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх үүднээс 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ц.Б-тай 1,000,000 ам.долларын зээлийн гэрээ байгуулж, энэхүү санхүүжилтийн үр дүнд 3 давхар барилга 10 давхар болсон бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Компанийн хувьцаа худалдах, худалдах авах эрх шилжүүлэх тухай гэрээ”-ээр өөрийн эзэмшлийн “Туурайн очих” ХХК-ийн Яармагийн дэнжид байдаг “Арцатын аманд” 4 га газрыг зээлдэгч талд шилжүүлж үнийн зөрүүд нь 130,000 ам.долларын үнэтэй “Бенц” маркийн машин авснаар зээлийн гэрээний төлбөр тооцоог талууд барагдуулж, гэрээ дуусгавар болсон байдаг. Нэгэнт зээлийн гэрээний биелэлтэд тодорхой эд хөрөнгө, эрх зээлдэгч талд шилжиж төлбөр тооцоо хаагдаж дууссан учраас 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэн Б “Ирээдүйд эд хөрөнгө арилжих тухай” гэсэн гэрээг дахин байгуулж “Н” ХХК-ийн нэг бүр нь 670,000,000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг хаусыг 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авснаар 2 тэрбум гаруй төгрөг буцаан төлөгдсөн байхад 2017 онд намайг А.У нь залилсан байна гэсэн өргөдөл гаргасанд хууль хяналтын байгууллага учир битүүлэг шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсч анхан болон давж заалдах шатны шүүх залилах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь илт нэг талыг баримталсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хэрэглэвэл зохих Иргэний хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй Эрүүгийн хуулийг хэрэглэсэн илт хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.У гэрээнд заасан төлбөрүүдийг нь өөрийн газар болон хаусаар төлөөд байхад залилсан байна гэж шүүх шийдээд байгаа нь ойлгомжгүй, авцалдаагүй дүгнэлт бөгөөд түүнд өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ хохирогчид ашигтайгаар багасаад байгаа нь зөвхөн хохирогчийн санаа бодол, амаар хэргийг шийдсэний нэг нотолгоо билээ.

Мөн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “М” ХХК болон “П” ХХК-ийн хооронд барилгын материал болох арматур төмөр худалдах, худалдан авах 01/2016 дугаартай гэрээ, хэлцэл байгуулсан аж ахуйн нэгж, хуулийн этгээд нарын бизнесийн үйл ажиллагаатай холбоотой маргааныг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулсан гэж тулган ялласан нь хэргийн бодит байдалд нийцээгүй.

Тодруулбал 2016 онд хоёр компанийн хооронд байгуулагдсан гэрээ, хэлцэлтэй холбоотой асуудлыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй болгон яллах хууль зүйн боломжгүй бөгөөд тэр тусмаа “М” ХХК болон “П” ХХК-ийн хооронд байгуулагдсан аж ахуйн болон бизнесийн үйл ажиллагаатай холбоотой хуулийн этгээд нарын иргэний эрх зүйн маргаанд Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчмыг зөрчсөн. Тухайлбал, 2016 онд үйлчилж байсан Эрүүгийн хуулиар хуулийн этгээд гэмт хэргийн субъект байх боломжгүй буюу тухайн үед байгуулагдсан гэрээ, хэлцэл бизнесийн эрсдэлийг 2018 онд залилах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн яллаж, шийтгэх нь хууль, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Шүүхийн тогтоол болон магадлал яллах талыг баримталж, нэг талд үйлчилсний илрэл бол хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт харилцан зөрүүтэй байхад ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч субъектүүд хэргийн бодит байдал болон хэргийн талаар нотолбол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, хянах сонирхолгүй зөвхөн хохирогч нарын мэдүүлэг, байр суурийг хамгаалахад чиглэгдсэн бөгөөд мэтгэлцэх зарчмыг мартан өмгөөлөх талын байр суурийг зөнд нь орхисон учраас гэрээ хэлцэлтэй холбоотой иргэний эрх зүйн маргаан залилах гэмт хэрэг болон хувирч шүүгдэгч А.У эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөн гэмт хэргийн шинжгүй үйлдэлд эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаа хууль бусаар явагдаж эцэстээ ялтан болж түүний эрх, эрх чөлөө хязгаарлагдаж бизнес болон ахуйн амьдрал сүйрч хамгийн гол нь үр хүүхдүүд нь давхар хохирч үлдэж байгаа харамсалтай, гунигтай үйл явдал болж өнгөрснийг дурдахгүйн аргагүй билээ.

Хохирогч Ц.Б 1,000,000 ам.долларын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт шүүгдэгч А.У-ын компанийн эрх болон газрыг авсан ба сүүлд байгуулсан гэрээний үнийн дүнд 2,000,000,000 гаруй төгрөгийн 3 ширхэг хаус авчихсан учраас түүнтэй ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй болсон бөгөөд харин “П” ХХК-ийн хувьд бол шүүгдэгч А.У залилах гэмт хэргийн субъект байх боломжгүй бөгөөд үнэн хэрэгтээ бол гэрээний эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой маргааныг иргэний журмаар шийдвэрлэх ёстой. Өнөөдрийн байдлаар анх байгуулсан гэрээний үнийн дүнгийн 2,600,000,000 төгрөгнөөс 2,000,000,000 гаруй төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд энэ талаар огт маргаагүй, гомдол гаргаагүй ба үлдэгдэл 600,000,000 орчим төгрөгийн төлбөрийг барагдуулах нь цаг хугацааны асуудал ба гэрээний үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй асуудлыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж болохгүй юм.

Эрүүгийн хуулийн 1.2, 1.8, 4.5 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн. Мөн хуулийн хүчин төгөлдөр гэрээ, хэлцлийн дагуу бусдын хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээнд төлж барагдуулж байхад нь барилгаа барьж дуусах шатанд нь зохиомол эрүүгийн хэрэг үүсгэж үйл ажиллагааг нь таслан зогсоож ажлаа хэвийн явуулах боломжийг нь зориудаар хясан боогдуулж бизнесийг нь хаасан явдал нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 1.15 дугаар зүйлийн 2, 16.2 дугаар зүйл, 36.2, 36.7 дугаар зүйл, 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3,  39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсгүүдийг зөрчсөн. Иймд шүүгдэгч А.У-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх А.У-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагыг хангаагүйгээс гадна 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг анхаарах нь зүйтэй. А.У нь “бусдыг яаж хуурсан, ямар зохиомол байдлыг зориудаар бий болгосон, ямар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг яаж урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэсэн асуудлууд зүй ёсоор тавигдаж байна. Эдгээр асуудлуудад шүүх нарийвчлан бодож боловсруулж нэг бүрчлэн дүгнэлт хийлгүй, шууд хийсвэрээр ялласан. Уг үйл явдал 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед болсон бөгөөд шүүх 2015 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэжээ. А.У гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд гэмт хэрэг үйлдэгдсэн арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр тогтоогдохгүй байгаа бөгөөд түүний үйлдэл, үйл ажиллагаа, эрхлэн явуулж байсан ажил үүрэгтэй нь огтхон ч тохирохгүй, үгүйсгэгдэж байна. А.У нь компанийн нэрийн өмнөөс хохирогч гэх Б.Б, Б.Э, Ц.Б нар болон тэдгээрийн компанитай ажил үүргийн харилцаатай байж, гэрээ, хэлцэл байгуулан үүргийн гүйцэтгэлийг ханган ажиллаж байсан. Түүнээс биш, бодит байдлыг нуух замаар тэдгээрийг төөрөгдөлд оруулах, хуурах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах тийм үйлдэл хийгээгүй, тийм ч санаа зорилго байгаагүй. Өмнө нь энэхүү хэргийг прокурорт буцаахдаа бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжүүд болох ... хуурч мэхлэх, итгэл эвдэх аргын аль хэлбэрээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсныг мөрдөн байцаалтаар тогтоолгүйгээр ялласан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг хангалттай нотлоогүйгээс мөрдөн байцаагч, прокурор гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг өөр өөрсдийнхөөр харилцан зөрүүтэй дүгнэсэн, эд хөрөнгийн хохирол хүлээж эрхээ сэргээлгэх шаардлага тавьж байгаа этгээдийг хуулийн дагуу зөв тогтоож, байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах, А.У-ын үг, үйл ажиллагаа ямар байсан болон БНХАУ-аас арматур төмөр оруулж ирэх нь бодитой байсан эсэх, биелээгүй шалтгаан нь юу болох, Б.Б-тай тохирсон тохироогоо биелүүлэхээр идэвхи чармайлт гаргасан эсэх, “Номин констракшн” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор эрсдэл гарсан зэргийг тогтоолгож шалгуулах шаардлагатай гэж дүгнэсэн. Уг тогтоолын биелэлт хэрхэн хангагдсан эсэхэд шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч А.У-г хохирогч Ц.Б-ыг залилсан гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо, гэмт хэрэг үйлдэгдсэн ...арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг хуульд заасны дагуу шалгаж бүрэн тогтоосонгүй. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал болох “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг нотлох үүргээ биелүүлсэнгүй. Ц.Б болон А.У нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 02 тоот “Ирээдүйд эд хөрөнгө арилжих тухай” хэлцэл байгуулагджээ.

Үүнээс өмнө хохирогч Ц.Б нь А.У-тай 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1,000,0000 ам.долларын гэрээ байгуулж, гэрээний төлбөрт А.У- нь “Т” ХХК-ийн хувьцааг газрын хамт шилжүүлэн өгснөөр гэрээний үнийн дүнгээс 500,000 ам.долларыг хасч тооцсон байна. 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 02 тоот нэмэлт өөрчлөлт хийсэн. Энэ гэрээний дагуу Дипломат резиденс 3, 4 тоот 167.5 мкв таун хаус 2 ширхэгийг авсан. 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 02 тоот “Ирээдүйд эд хөрөнгө арилжих тухай” хэлцлийн дагуу төлбөрт Богины аманд байрлах Дипломат резиденс хотхоны 37-1 тоот хаусыг авсан гэж хохирогч мэдүүлжээ. Мөн яллагдагч А.У дээрх гэрээний дагуу өгсөн эд хөрөнгө бусад зүйлийн талаар тодорхой мэдүүлсэн байна.

Хохирогч Ц.Б, “М” ХХК-ийн захирал А.У- нарын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл, гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэх ажиллагааг хуульд заасны дагуу үнэн зөв явуулах шаардлагатай. Тодруулбал, захирал А.У нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 16/23 тоотоор Хан-Уул дүүрэг, Зайсан 11 дүгээр хороо, Дипломат хотхоны 101, 104, 107 дугаар хаусуудыг Ц.Б-ын нэр дээр шилжүүлжээ. Хохирогч Ц.Б 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Хан-Уул дүүрэг, Зайсан 11 дүгээр хороо, Дипломат резиденс хотхоны 37-1 тоот хаусыг авсан тул тооцооноос хасна.

Харин Дипломат хотхоны 101, 104 тоот хаусуудыг би авсан бөгөөд эдгээрийг 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 1,000,000 ам.долларын зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд зааснаар тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлж авсан. Эдгээр 101, 104 тоот хаусууд нь 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 02 тоот “Ирээдүйд эд хөрөнгө арилжих тухай” хэлцэлд хамаарахгүй. “Ирээдүйд эд хөрөнгө арилжих тухай” хэлцлийн хүрээнд нэг ширхэг хаус авсан гэжээ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.У болон түүний өмгөөлөгчийн гаргасан “Дипломат резиденс хотхоны 3 ширхэг хаусын үнэлгээг тогтоолгож хохирлоос хасуулах тухай гомдол”-ыг хүлээн авахгүй, хэрэгсэхгүй болгож байгаа нь хохирогч Ц.Б, “М” ХХК-ийн захирал А.У нарын хооронд байгуулсан гэрээ, хэлцлүүдэд маргаан гарвал дээрх гэрээ, хэлцлүүдийг хоёр талыг байлцуулан хуулийн хүрээнд, чөлөөтэй, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр дүгнэнэ гэж хийгдсэн гэрээ, хэлцлүүдийн алтан зарчмыг алдагдуулж байна. Нөгөө талаар гэрээ, хэлцлүүд байгуулагдсанаас хойш нэлээд цаг хугацаа өнгөрсөн, валютын ханш, юмны үнэ өссөн, баригдсан барилгын чанар, өнгө үзэмж сайжирсан зэргийг харгалзах ёстой байжээ. Өөрөөр хэлбэл хохирол учруулсан гэх Уянгын хүсэлтийг хангаж тооцоо нийлж, үнэн зөвийг олох ёстой гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар буюу шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт”-ийг тусгана гэжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт А.У Ц.Б-ыг хуурч, төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эд хөрөнгүүд буюу нийт 2,527,993,521 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, хохирогч Ц.Б, “М” ХХК-ийн захирал А.У нарын хооронд удаа дараа хуулийн хүрээнд чөлөөтэй, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр гэрээ, хэлцлүүд байгуулагдаж байсан. Дээрх гэрээ, хэлцлүүдэд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор А.У эд хөрөнгүүдийг хохирогчид шилжүүлэн өгч байсан. Харин өгсөн эд хөрөнгө, төгрөгийн тооцоон дээр тооцоо нийлээгүй асуудал байдаг. Өөрөөр хэлбэл хуулийн байгууллагын зүгээс тодруулбал прокурор, шүүхээс асуудлыг шууд хүчээр шийдвэрлэдэг. Энэ талаар гаргасан шүүгдэгч А.Уянгын өмгөөлөгчийн санал гомдлыг хүлээж аваагүй. А.Уянгын хувьд хохирогч Ц.Б-ыг залилан мэхлэх санаа зорилго байхгүй, цэвэр иргэний эрх зүйн хэрэг юм. Төлбөр тооцоо нийлбэл төлбөрийг шууд барагдуулна гэж А.У- ярьж байгааг анхаарна уу.

Шүүгдэгч А.У-ын хохирогч Б.Б, Б.Э нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.4, 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн гэрчийг дуудан ирүүлж, шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авна” гэснийг зөрчлөө. 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1151 дүгээр шүүгчийн захирамжаар шүүх хуралдаанд гэрч А.Д-ийг оролцуулах тухай санал хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч энэ захирамжийн заалт хэрэгжсэнгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар буюу шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч А.У-ыг хохирогч Б.Б, Б.Э нарыг залилсан гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо гэмт хэрэг үйлдэгдсэн ... арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг хуульд заасны дагуу шалгаж бүрэн тогтоосонгүй. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг нотлох үүргээ биелүүлсэнгүй.

Энэ талаар тодруулбал, хавтас хэрэгт “М” ХХК-ийн захирал А.У-, “П” ХХК-ийн захирал Б.Б нарын хооронд байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/2016 тоот "Худалдах худалдан авах гэрээ, мөн дээрх компаниудын хооронд байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/2016 тоот “Худалдах худалдан авах гэрээний нэмэлт гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 16/08 тоот “Худалдах худалдан авах 01/2016 тоот гэрээний нэмэлт гэрээнүүд авагджээ. Мөн хохирогч Б.Б-ны тайлбар, хохирогч Б.Э, шүүгдэгч А.У- нарын мэдүүлэг, гэрч А.Д-ийг гэрчээр байцаасан тэмдэглэл  болон давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт хохирогч Б.Б-д учирсан 244,076,664 төгрөг, Б.Э-д учирсан 693,291,990 төгрөгийн хохирлоос буцаан авсан 152,631,661 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, 145,000,000 төгрөгийг тус тус хасаж, үлдэх 395,660,329 төгрөгийг А.У-аас гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн гэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт А.Уянгын Б.Б, Б.Э нарыг хуурч, зохиомол байдлыг бий болгож, тэднийг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Б.Э-ы эд зүйлүүдийг шилжүүлэн авч, түүнд нийт 693,291,990 төгрөг, Б.Б-ы эд зүйлүүдийг шилжүүлэн авч, түүнд нийт 244,076,664 төгрөг, Б.Э, Б.Б-ы нарт нийт 937,368,654 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх А.У-ын үйлдсэн гэх хэргийн талаар үндэслэл муутай дүгнэлт хийсэн байна. Энэ тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хэлэхэд, “Үүр тээл” ХХК-ийн захирал А.Д, “М” ХХК-ийн захирал А.У нар 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 16/02 тоот “Арматур худалдах худалдан авах гэрээ”-г байгуулжээ. “Үүр тээл” ХХК-ийн захирал А.Д 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16/151 албан тоотоор “Арматур худалдах худалдан авах тухай А.У-тай байгуулсан 16/02 тоот гэрээ”-гээ цуцалж байна гэжээ. Нэгэнт хоёр тал тохиролцож, сайн дурын үндсэн дээр хийсэн гэрээгээ нэг тал буюу “Үүр тээл” ХХК-ийн захирал А.Д дангаараа цуцална гэдэг хүчин төгөлдөр бус юм. Гэтэл үүнээс хойш хэд хоногийн дараа, хоёр тал буюу “Үүр тээл” ХХК- ийн захирал А.Д, “М” ХХК-ийн захирал А.У нар үргэлжлүүлэн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 16/08 тоот “Арматур худалдах худалдан авах гэрээ”-г өөрчилж байгуулсан. Дээрх үндэслэлээр У нь “Үүр тээл” ХХК-иас авах арматур төмрийг Б.Б-тай 2016 оны 4 дүгээр сарын зах зээлийн ханш болох 1,020,000 төгрөгөөр тохиролцож гэрээг өөрчлөн байгуулсан байна. Энэ нөхцөл байдалд “Үүр тээл” ХХК-ийн захирал А.Д нь шүүгдэгч А.У-ыг хуурч төөрөгдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл А.Д нь А.У-тай байгуулсан гэрээгээ цуцаллаа гэсэн мөртлөө дахин гэрээ байгуулжээ.

Иймд 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1151 дүгээр шүүгчийн захирамжийг биелүүлж, шүүх хуралдаанд гэрч А.Д-ийг оролцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.6-д заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудад ажиллагаа явуулах шаардлагатай байна. Эдгээр байдлуудад дүгнэлт хийн нягталж, анхан болон давж заалдах  шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч Ц.Б-ын өмгөөлөгч М.Ариунболд хэлсэн саналдаа “Манай ферм иргэн Батбаатар болон түүний компанитай 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл гэрээ байгуулан ажиллаж байгаа. Зохиомол байдал бий болгосон гэдэгт хоёр зүйл хэлье. Гэрээ хэлцлийн дагуу Оранж тауны 1 хаус, Дипломат резиденс тауны 5-8 дугаартай 4 хаусыг өгөхөөр харилцан тохиролцсон. Үүнээс нэг жилийн дараа 1 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулж, эргэн төлөлтөө мөнгөн хэлбэрээр төлж чадахгүй болсон учраас дээрх хотхоны 2 хаусыг өгөхөөр харилцан тохиролцсон байсан. Шүүгдэгч А.У нь хохирлыг төлөх талаар ямар нэгэн сэдэл гаргаж байгаагүй. 1, 4, 7 дугаартай хауснуудыг “Н” ХХК-иас авчихаад өөр хүмүүст шилжүүлж өгсөн байсан. Мөн газрын эзэн “Н” ХХК-д төлбөртэй байсныг Бр А.У-ын нэр дээр дахин зээл авч, төлбөрийг буцааж өгч өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. “Т” ХХК-ийн газрын асуудлыг өөр хүний нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хийж авсан. Тийм учраас зохиомол байдал бий болгож, гэрээний дагуу төлбөр төлөх зорилгогүй байсан” гэв.

Мөн хуралдаанд хохирогч Ц.Б-ын өмгөөлөгч Э.Хашчулуун хэлсэн саналдаа “Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын хууль хэрэглээний асуудалд санал нийлэхгүй байна. Анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр “Ү” ХХК-ийн захирал Д гэх хүнийг гэрчээр оролцуулах, мөн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах тухай хүсэлтийг тухайн үед А.У-ын өмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч нар гаргасан байдаг.

Анхан шатны шүүх гэрч оролцуулах тухай хүсэлтийг нь хангасан боловч Дж шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэх хүсэлтээ бичгээр өгсөн. Мөн 2018 оны 08 дугаар сард болсон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тухайн үед өмгөөлөгчөөр нь оролцож байсан Ганбаатар, Шинээ, Баясгалан өмгөөлөгч нар гэрчээр оролцуулах хүсэлтээсээ татгалзсан байдаг. Энэ нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана. Тэгэхээр гэрч оролцуулалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэл нь үгүйсгэгдэж байна. Түүнчлэн хохирлын хэмжээг тодорхой болгоогүй гэж гомдолдоо дурдсан байна. 670,000,000 төгрөгийн үнэтэй хауснуудын үнийн дүн 2,010,000,000 төгрөг болж байгаа ба нэг хаусыг нь шилжүүлсэн, үүнийг буруу тогтоосон гэж ярьдаг. Гэтэл шилжүүлсэн гэж байгаа хаус нь А.У-ын залилсан үйлдэлтэй хамааралгүй. 1 сая ам.долларын зээлийн гэрээ хийсний үндсэн дээр хоёр хаусыг шилжүүлсэн байгаа. Энэ талаар А.У өөрөө анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр буруу ойлгож тайлбарласан байдаг.

Харин анхан шатны шүүхээс энэ талаар зөв зүйтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Яагаад үнэлэх шаардлагагүй гэж үздэг гэхээр талууд хауст ямар үнэлгээ хийх талаар харилцан тохиролцсон. Мөн З.Цэнгэнбаяр өмгөөлөгч манай хуулийн фирмийг хоёр талд үйлчилсэн нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчсөн, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж тайлбарлаж байна. Энэ маргаан гарахаас өмнө буюу А.У, Б нарын харилцаан дээр биш, баригдсан объектод зөвлөгөө үзүүлсэн байгаа. Батбаатар нь хохирогч биш гэсэн зүйл яригддаг. Яг үнэндээ А.У-ын үйлдэл 2015, 2016 он буюу 2 жилийн турш үргэлжилсэн. Бодит байдлыг нуун дарагдуулж, залилан мэхлээд байгаа үйлдэл нь “Н” ХХК-д барилгаасаа талбай өгнө гэж авсан хаусыг “Үүр тээл” ХХК-д барьцаалж арматурын төмөр авчихаад “П” ХХК, Б нарт зарсан. Бодит байдал дээр хаус гурван эзэнтэй болсон байдаг. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн А.У-н мэдүүлэгт Б-р зарим хауснуудынхаа төлбөрийг нь “Н” ХХК-д төлөөд авсан тохиолдол байгаа. Зөвхөн энэ үйлдэлд нь залилан мэхэлсэн гэж гомдол гаргасан. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан дээр өмгөөлөгч нар нь мөрдөн шалгах ажиллагаанд нь оролцоогүй учраас буруугаар ойлгуулж тайлбарлаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуулийн дагуу үндэслэл бүхий байгаа учраас хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч А.У-д холбогдох хэргийн өмгөөлөгч нарын ярьж байгаа тайлбар, гомдолд дурдсан агуулгаас дүгнэж үзэхэд прокурор, шүүхийн байгууллага нь эрүү, иргэний хэргээ ялгахгүй, гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг залилан мэхлэх гэмт хэрэг болгон зүйлчилж, ял оногдуулан шийдвэрлэсэн мэтээр тайлбарлаж байна. Гэтэл Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн гэрчилгээ нь 30 хувийн гүйцэтгэлтэй, 2048 м.кв талбайтай дуусаагүй байгаа барилгыг А.У-ын эзэмшлийн компанид өмчлүүлэхээр гарсан байгаа.

Энэ хэрэгт 2016 оны 05 дугаар сарын 15-ны  өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэрэг шалгагдаж байх явцад буюу 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 30 хувийн гүйцэтгэлтэй барилга битүүмжлэгдсэн. Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа үйлчилгээний зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй барилга нь А.У-ын хувьд бусдыг залилан мэхлэх арга нь болж ашиглагдсан байна. Гэрээндээ дуусч байгаа барилгадаа хөрөнгө оруулалт хийлгэхээр ирээдүйд орох орлого гэдэг байдлаар гэрээ хэлцэл хийж байгаа нь залилан мэхлэх арга болгож, бусдыг төөрөгдүүлж, итгэл үнэмшил төрүүлсэн нь харагддаг. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс харахад барилга барихдаа анхнаасаа бусдаас мөнгө авч, түүнийгээ төлж чадахгүй болохоор өөрийн нэрээр тоот явуулах эсвэл ажилтан Д-ын нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасан байдаг.

Энэ хэрэг гурван хохирогчтой. Эхнийх нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр арматурын төмөр худалдаж авахаар гэрээ байгуулсан Б, Э нар нь цагдаад шалгуулахаар гомдол гаргасан байдаг. 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Ү” ХХК-ийн захирал Д-той 1 тонныг 2,000,000 төгрөгөөр арматурын төмөр худалдаж авах гэрээ байгуулан, үл хөдлөх хөрөнгийг тодорхой хугацаа зааж шилжүүлэхээр хийгдсэн байдаг. “Ү” ХХК-иас 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрээгээ цуцалж байгаа талаар 16/2 дугаартай албан тоот явуулсан байдаг. Энэ талаар Д 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Үүр тээл” ХХК нь банкнаас зээл авах хэрэгцээ байсан, А.У би үл хөдлөх хөрөнгө барьцаанд тавьж өгье, та зээлээ ав, би арматурын төмөр авах гэрээ байгуулъя, үнийн дүндээ үл хөдлөх хөрөнгө шилжүүлье гэсэн нөхцөлөөр гэрээ байгуулсан. Энэ нь хугацаандаа хэрэгжээгүй учраас цуцлагдсан гэж мэдүүлсэн байгаа. З.Цэнгэнбаяр өмгөөлөгчийн тайлбарт дурдсан Б, Э нар нь “Ү” ХХК-тай гэрээ байгуулсан гэж ярьлаа. Энэ талаар хавтаст хэрэгт байхгүй. 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр А.У-тай байгуулсан 2000 тонн арматурын төмөр худалдаж авахаар хийсэн гэрээндээ 1200 төмөр худалдаж авъя гэсэн нэмэлт гэрээ хийсэн байгаа. Түүнээс биш “Ү” ХХК-тай хохирогч нар огт гэрээ хийгээгүй. А.У нь хятадуудтай гэрээ байгуулсан, хятадуудын эрх ашгийн үүднээс та нарт үзүүлж болохгүй нууц гэж хэлсэн учраас ямар журмаар арматурын төмөр авах гэж байгаагаа мэдээгүй. Гэтэл эдгээр хүмүүстэй гэрээ байгуулахаас 2 хоногийн өмнө 1 тонныг нь 1,020,000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан мөртлөө бид нартай 1 тонныг 800,000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан учраас залилуулсан юм байна гэж мэдэж цагдаагийн байгууллагад хандсан гэдэг.

У нь анхнаасаа төмөр нийлүүлэх чадваргүй, үйл ажиллагаа нь бодитой биш байсан. Мөн Б-т талбай өгье гэж байгаа нь бусдад тавьсан өрөө дарах гэж шилжүүлж байгаа болохоос барилгадаа зарцуулсан зүйл байдаггүй. Шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй учраас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Н.Нарантуяа, Л.Хатанбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн А.У-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч А.У нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амбассадор” нэртэй барилгын 5 дугаар давхарт хохирогч Ц.Б-ыг “Нарантуул захын баруун талд баригдаж байгаа үйлчилгээний зориулалттай барилгад хөрөнгө оруулалт хийвэл ирээдүйд уг барилгаас хямд үнээр талбай авах боломжтой, одоо манай барилгаас “АПУ” ХХК талбай худалдан авахаар санал ирүүлсэн байгаа, “Н” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт ирэх хаусуудыг хямд үнээр шилжүүлэн өгнө” хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 02 дугаартай “Ирээдүйд эд хөрөнгө арилжих тухай” гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар Ц.Б-ыг төөрөгдөлд оруулан хуурч, 2,197,993,521 төгрөгийн үнэлгээ бүхий 10 ширхэг орон сууц, 3 ширхэг автомашин, бэлэн 330,000,000 төгрөг зэргийг шилжүүлэн авч, нийт 2,527,993,521 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

БНХАУ-аас 5,000 тонн арматур төмөр оруулж ирэх тухай хуурамч гэрээ Б.Б, Б.Э нарт үзүүлэн зохиомол байдлыг бий болгон тэднийг хуурч, уг арматур төмрөө 1 тонныг нь 800,000 төгрөгөөр буюу хямдхан үнээр худалдана гэж төөрөгдөлд оруулж, Б.Э-ы урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 01/2015 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г Б.Б-тай байгуулж, хохирогч Б.Б-аас 244,076,664 төгрөгийн үнэлгээ бүхий 5 нэр төрлийн хөрөнгийг, хохирогч Б.Э-аас 693,291,990 төгрөгийн үнэлгээ бүхий 6 нэр төрлийн хөрөнгийг тус өөрийн компанийн ажилтан Д.Дашнямын нэр дээр шилжүүлэн авч, өөрөө захиран зарцуулж хохирогч нарт нийт 937,368,654 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.У-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу А.У-д холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй болжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч А.У-д тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 жил хорих ял оногдуулсан үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.У нь хохирогч Ц.Б-т 2,527,993,521 төгрөг, хохирогч Б.Б, Б.Э нарт 937,368,654 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан байх бөгөөд хохирол, төлбөрөө төлөөгүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн талаар маргаж байхад шүүхийн оногдуулсан хорих ял түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй байх тул хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр 2 жил хорих ялыг 3 жил болгон өөрчлөхөөр шийдвэрлэв.

Мөн анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах “Нарантуул” худалдааны төвийн баруун талд “М”  ХХК-ийн /захирал А.У-/ захиалан бариулж буй 10 давхар үйлчилгээний зориулалттай барилгын үнэлгээ бүрэн гүйцэд байдлаар гараагүй, уг барилгаас хууль ёсоор эзэмшихээр захиалга өгч төлбөр төлсөн шударга эзэмшигчид, хамтран өмчлөгч, эсвэл гэрээ, хэлцлээр үүссэн өмчлөх эрх бүхий этгээдүүд байгаа эсэхийг тодруулалгүйгээр зөвхөн Ц.Б, Б.Б, Б.Э нарт учирсан хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн нь бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихөд хүргэж болзошгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар өмчлөлийн болон эзэмшлийн хувь хэмжээг тогтоолгон хохирлын асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор битүүмжлэлийг хэвээр үлдээв. Уг үйлчилгээний зориулалттай барилгаас А.У-д хууль ёсоор оногдох хэсгээс хохирлын нөхөн төлбөрийг энэ тогтоолд заасан хэмжээгээр гаргуулах бөгөөд энэхүү ажиллагаа нь бусад өмчлөгч, өмчлөх эрх бүхий этгээдүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироох ёсгүйг анхаарах нь зүйтэй.  

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол,  магадлалд дээрх өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Н.Нарантуяа, Л.Хатанбаатар нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 644 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 979 дүгээр магадлалд:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.У-д 3 /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй” гэж,

“Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах “Нарантуул” худалдааны төвийн баруун талд “М”  ХХК-ийн /захирал А.У/ захиалан бариулж буй 10 давхар үйлчилгээний зориулалттай барилгыг хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй” гэснийг өөрчлөн “битүүмжлэлийг хэвээр үлдээсүгэй” гэсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Н.Нарантуяа, Л.Хатанбаатар нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН