Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 636

 

                                                             Д.А-, Б.А-, Д.С-, Б.Ш-,

                                                    Д.О- нарт холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Дэлгэрмөнх,

шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

шүүгдэгч Д.С-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч Д.С-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.А-, Б.А-, Д.С-, Б.Ш-, Д.О- нарт холбогдох эрүүгийн 201501000143 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Ажим овгийн Д.А, 1987 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, охины хамт Баянзүрх дүүрэгт оршин суух,

            - Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 506 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар уг хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 1302 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж дууссан /РД:/,

            2. Боржигин овгийн Б.Ан-, 1980 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Гялалзсан бүрд” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 8, эх, хүүхэд, дүү нарын хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

            3. Партизан овгийн Д.С-, 1978 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Женко тур” ХХК-ийн Цонжин болдог жуулчны баазын ажилтан, ам бүл 7, эх, хүүхэд, дүү нарын хамт Баянзүрх дүүрэгт оршин суух,

            - 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотын 2 дугаар дунд шүүхээр тус улсын Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалт, 264 дүгээр зүйл, 25 дугаар зүйлийн 1 дэх заалт, 26 дугаар зүйлийн 1, 4 дэх заалт, 27 дугаар зүйл, 52 дугаар зүйл, 53 дугаар зүйл, 64 дүгээр зүйл, 61 дүгээр зүйлд заасны дагуу хулгайн хэргээр 1 жил хорих, 1000 юаниар торгох, улсын хилээр зайлуулах ялаар тус тус шийтгүүлсэн,

            - Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.9, 113.2.10-т зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 231 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, хянан харгалзсан /РД:/,

            4. Тангад овгийн Б.Ш-, 1987 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, хүүхэд, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэгт тоотод оршин суух,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 4-ний 263 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан /РД:/,

            5. Боржигон овгийн Д.О-, 1981 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух,

          - 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотын 2 дугаар дунд шүүхээр тус улсын Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалт, 264 дүгээр зүйл, 25 дугаар зүйлийн 1 дэх заалт, 26 дугаар зүйлийн 1, 4 дэх заалт, 27 дугаар зүйл, 52 дугаар зүйл, 53 дугаар зүйл, 64 дүгээр зүйл, 61 дүгээр зүйлд заасны дагуу хулгайн хэргээр 1 жил хорих, 1000 юаниар торгох, улсын хилээр зайлуулах ялаар тус тус шийтгүүлсэн /РД:/,

            Д.О- нь 2015 оны 9 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 19,26 гр “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис, мөн конвенцийн жагсаалтад орсон тетрагидроканнабинолын агууламж бүхий 0,34 гр “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-01-77а тоот гэртээ болон биедээ хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн,

            Б.Ш- нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудлын 403 тоот өрөөнд Д.О-гээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 1,28 гр “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар авч, улмаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар Палас”-ын орчимд өөрийн өмсөж явсан хөхөвч /левчик/-дээ хууль бусаар хадгалсан,

            Д.С- нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудлын 403 тоот өрөөнд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 5 ширхэг уутанд савласан нийт 5,69 гр бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн гар цүнхэндээ хадгалсан,

            Д.А-, Б.А- нар нь 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Д.О-гийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-01-77а тоотод байрлах гэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 0,7 гр “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 10 дугаар гудамжны 1110 тоот гэртээ болон өөрийн биедээ хадгалсан,

             Мөн Б.А- нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Д.О-гийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-01-77а тоотод байрлах гэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 7,3 гр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Д.О-, Б.Ш-, Д.С-, Б.А-, Д.А- нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Б.Ш-, Д.С-, Б.А-, Д.А- нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-г мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр гэртээ болон биедээ хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б.Ш-, Д.С-, Б.А-, Д.А- нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-г 2 жилийн хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б.Ш-, Д.С- нарыг тус бүр 1 жил 6 сарын хорих ялаар, Б.А-, Д.А- нарыг тус бүр 1 жил 5 сарын хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Д.О-гийн цагдан хоригдсон 131 хоног, Б.Ш-ын цагдан хоригдсон 100 хоног, Д.С-гийн цагдан хоригдсон 79 хоног, Б.А-гийн цагдан хоригдсон 68 хоног, Д.А-ын цагдан хоригдсон 68 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Д.О-гээс хураан авсан №7, 8, 9 гэж дугаарласан нийт 1,59 гр метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй бодис, мөн №10 гэж дугаарласан тетрагидроканнабинолын агууламж бүхий 0,34 гр “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, Д.С-гийн гар цүнхнээс хураан авсан ОР1 гэсэн бичиглэл бүхий резинен таглаатай тэгш өнцөгт хэлбэртэй хоосон хайрцаг 1 ширхэг, мөн дээрх саванд хадгалж байсан №1, 2, 3, 4, 5 гэж дугаарласан нийт 5,69 гр метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, Б.Ш-аас хураан авсан №6 гэж дугаарласан нийт 1,28 гр метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, Б.А-гаас хураан авсан 7,3 гр метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн тухайн бодисыг хураан авах үед савласан байсан тунгалаг наалдамхай зүйлээр /скоч/ боосон 2,7 гр уут 1 ширхэг зэргийг устгаж, саарал өнгийн дэгээтэй 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээж, Д.О-гийн хүү О.Түвшинтөгсийг харьяа дүүргийн Засаг даргаас асран хамгаалалт тогтоох хүртэл Д.О-гийн төрсөн дүү Д.Оюунчимэгт, Б.Ш-ын төрсөн хүү Ш.Ганчулуун, Ш.Мөнхбаяр, Ш.Тэмүүлэн нарыг харьяа дүүргийн Засаг даргаас асран хамгаалалт тогтоох хүртэл Б.Ш-ын төрсөн эцэг Б.Баярцогтод, Б.С-гийн төрсөн охин О.Дэлгэржаргал, хүү О.Бүрэнжаргал, охин Б.Мөнхцэлмэг нарыг харьяа дүүргийн Засаг даргаас асран хамгаалалт тогтоох хүртэл Б.С-гийн төрсөн дүү Д.Саранцацралд, Б.А-гийн хүү Д.Дөлгөөнийг харьяа дүүргийн Засаг даргаас асран хамгаалалт тогтоох хүртэл Б.А-гийн эмэг эх Ц.Гэрэл, нагац ах Баттүшиг нарт, Д.А-ын охин А.Гэрэлцэцэг, А.Гэгээ-Үжин нарыг харьяа дүүргийн Засаг даргаас асран хамгаалалт тогтоох хүртэл эхнэр Э.Нарангаравт тус тус хариуцуулж, Д.О-, Б.Ш-, Д.С-, Б.А-, Д.А- нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, тэдэнд хилийн хориг тавьсныг хүчингүй болгож, Д.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Ш-, Д.С-, Б.А-, Д.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, тэднийг цагдан хорихоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа маш удаан явагдсан. Миний бие энэ хугацаанд ямар нэгэн саад учруулаагүй, мөрдөгч, прокурорын дуудсан цагт ирдэг байсан. Мөн энэ хугацаанд тогтвор суурьшилтай ажиллаж болохгүй, байнгын түгшүүртэй байдалд байж, ар гэрийн санхүүгийн асуудал хүндэрсэн. Үүнээс гадна 2017 оны 6 сард ээж маань таалал төгсөж, миний бие сэтгэл санааны гүн хямралд орсон. Миний том охин 8 настай 2-р ангид сурдаг, бага охин 1 нас 6 сартай. Эхнэр маань хүүхдүүдээ хардаг учир ажил эрхлэх боломжгүй байгаа. Тиймээс би найзынхаа автомашинаар оройн цагаар таксинд явж амжиргаагаа залгуулж байсан. Өөрийн тоомжиргүй зангаас болж ийм жигшмээр хэрэгт холбогдож, ар гэрээ хүнд байдалд оруулсандаа харамсаж байна. Иймээс надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Д.А-ын өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч үйлдсэн гэмт хэргээ чин шударгаар мэдүүлж, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаагаа илэрхийлсээр байтал шүүхээс “...шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн гэмшиж байна гэж мэдүүлж байгаа боловч тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв” гэжээ. Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, чин санаанаасаа гэмшиж байгаа тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр хуульчлан заасан байна. Өмгөөлөгчийн зүгээс уг хэргийн хувьд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг хэрэглээгүй, харин ч бусад холбогдогч нарын хувийн байдалтай холбогдуулан ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Уг хэргийг өмнө анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлж мөрдөн байцаалтад буцаасан байдаг бөгөөд анхан шатны шүүхээс 1 жилийн хорих ял авч байсан хүн одоо 1 жил 5 сарын хорих ял авсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Шүүгдэгч Д.А- нь давж заалдах шатны шүүхээс хэрэг буцсан үеэс хойш ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд холбогдсон хэргээсээ болж санаа зовж, нойр булчирхайн үрэвсэл өвчтэй болсон байдаг. Иймд шийтгэх тогтоолын Д.А-т холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийг хэрэглэн, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах эсхүл цагдан хоригдсон хоногийг торгох ялтай дүйцүүлэх зэргээр хууль зүйн ашигтай боломжийг хэрэглэж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Д.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие анхнаасаа гэм буруугаа хүлээн мэдүүлсэн. Миний эх Бямбацэрэн нь өндөр настай бөгөөд хүнд хагалгаанд орсон. Том охин Дэлгэржаргал нь 17 настай, 12 дугаар ангид суралцдаг. Дунд хүү Бүрэнжаргал нь 15 настай, 9 дүгээр ангид суралцдаг. Тэд цаашдаа их, дээд сургууль, лицейд суралцах хүсэлтэй байгаа. Бага охин Мөнхцэлмэг нь 1 нас 9 сартай. Би эдгээр 3 хүүхэд, өндөр настай эхийнхээ хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй. Би хүүхдүүдийнхээ шилжилтийн насан дээр тэдний хажууд байж чадалгүй гэмт хэрэгт холбогдож, ял эдлэж байгаадаа харамсаж байна. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Д.С-гийн өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.С- нь өрх толгойлсон эмэгтэй бөгөөд 1-17 насны 3 хүүхэдтэй. Бага охин нь 1 нас 9 сартай. Төрсөн эх Бямбацэрэн нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүнд хагалгаанд орж, одоо хэвтрийн дэглэмд, бусдын асаргаанд байгаа билээ. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаар Д.С-д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэв.

            Прокурор А.Дэлгэрмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй болсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

            Д.О- нь 2015 оны 9 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 19,26 гр “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис, мөн конвенцийн жагсаалтад орсон тетрагидроканнабинолын агууламж бүхий 0,34 гр “шавар” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-01-77а тоот гэртээ болон биедээ хууль бусаар хадгалсан,

            Б.Ш- нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудлын 403 тоот өрөөнд Д.О-гээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 1,28 гр “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр авч, улмаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар Палас”-ын орчимд өөрийн өмсөж явсан хөхөвчиндөө хууль бусаар хадгалсан,

            Д.С- нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудлын 403 тоот өрөөнд Д.О-гээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 5 ширхэг уутанд савласан нийт 5,69 гр бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр авч, өөрийн гар цүнхэндээ хууль бусаар хадгалсан,

            Д.А-, Б.А- нар нь 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Д.О-гийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-01-77а тоотод байрлах гэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 0,7 гр “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 10 дугаар гудамжны 1110 тоот гэртээ болон өөрийн биедээ хадгалсан,

             Мөн Б.А- нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Д.О-гийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-01-77а тоотод байрлах гэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 7,3 гр сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр авч, биедээ хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдлоо.

            Шүүгдэгч Д.О-, Б.Ш-, Д.С-, Д.А-, Б.А- нар нь “мөс”, “шавар” гэх зэрэг нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх зорилгоор олж авч, өөрийн гэртээ болон биедээ хадгалж байсан талаар тус тусын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн бөгөөд энэ нь гэрч Н.Мөнхбаатар /1хх-ийн 92-93/, Д.Оюунчимэг /1хх-ийн 94-96/, Н.Энхжаргал /1хх-ийн 112-114/ нарын мэдүүлгүүд, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Либерти” зочид буудлын 403 тоот өрөө, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 10 дугаар гудамжны 1110 тоотод тус тус үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 7-8, 30/, шүүгдэгч нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 9, 33-34, 40-43, 46-59/, дээрх үзлэгийн явцад хураан авсан бодист химийн шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9328, 9507 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 124-131, 136-139/, шүүгдэгч нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /1хх-ийн 12-13, 16-17, 20-21, 33-34, 40-41/ зэргээр нотлогдсон байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, дахин шалгах зүйлгүй байх ба мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Д.О-, Д.С-, Б.Ш-, Д.А-, Б.А- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

Буцаан хэрэглэгдэж буй хөнгөн хууль гэдэгт гэмт хэргийн шинж, онцлогийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл, ял шийтгэлийн төрөл, хэмжээнд орж буй өөрчлөлтийг ойлгохоос гадна, хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг.

Прокуророос Д.О-г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн хэмээн, Д.С-, Б.Ш-, Д.А-, Б.А- нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэмээн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан бол 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт “...сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ. Үүнээс үзвэл 2015 оны Эрүүгийн хуулиар дээрх гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн хэмжээ хүндэрсэн байх тул шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордохоор байна.

Дээрх байдлыг үндэслэн, анхан шатны шүүх прокуророос Д.С-, Б.Ш-, Д.А-, Б.А- нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн, тэдгээрийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус бүр харгалзан үзэж хуульд заасан хэмжээний дотор ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн шүүгдэгч нарын асран хамгаалж, харгалзан дэмжиж байсан хүүхдүүдэд харъяа дүүргийн Засаг даргаас асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох хүртэл тэднийг төрөл, садангийн хүмүүст нь хариуцуулсан нь хуульд нийцсэн байна.  

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.С-, Б.Ш-, Д.А-, Б.А- нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь, мөн шүүгдэгч Д.О-г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 2 жилийн хорих ял оногдуулсан нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцээгүй гэж үзлээ.

Учир нь 2015 онд батлагдсан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа бөгөөд энэ хуулиар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар “олж авсан” гэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсноос гадна, уг хуулийг дагаж мөрдөж эхэлсэн өдрөөс сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар “бусдад өгсөн” тохиолдолд тухайн үйлдлийг гэмт хэргийн шинжид харгалзан үзэхээр байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт үйлдлүүдэд буруутгасан нь үндэслэлгүй ба энэ нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй юм.

Иймд прокуророос Д.О-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, шүүгдэгч Д.О- болон Д.С-, Б.Ш-, Д.А-, Б.А- нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.О-гийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, түүнд тухайн зүйлд зааснаар 1 жил 8 сарын хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нар нь “...ар гэр, хувийн байдлыг харгалзан үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэж, шүүгдэгч Д.С-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нар нь “...ар гэр, хувийн байдлыг харгалзан үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэж тус тусын давж заалдах гомдлоо гаргажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж болно.”, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан “Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.” гэх заалтууд нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш болохыг дурьдах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Д.А- нь урьд хулгайлах, бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт, шүүгдэгч Д.С- нь урьд хулгайлах, хүн худалдаалах гэмт хэрэгт тус тус ял шийтгүүлж байсан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмын үүднээс тэднийг эдлээгүй үлдсэн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан хэдий ч тэд энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, өмнө нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь тэдний хувийн байдлыг харуулах хүчин зүйл гэж үзнэ. 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхийн зэрэгцээ, нийгэмшүүлэхэд оршдог тул шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн эрх ашиг, сонирхолд нийцүүлэх шаардлагагүй юм.

Иймд шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч Д.С-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын “ял шийтгэлийн талаар” гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, дээр дурьдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтад “Нийслэлийн прокурорын газраас Долгорсүрэнгийн О-г /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар өөрчилсүгэй.” гэж нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Долгорсүрэнгийн О-г мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр гэртээ болон биедээ хууль бусаар хадгалсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар Баярцогтын Ш-, Даваабатын С-, Батзамын Ан-, Дамдингийн А- нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Долгорсүрэнгийн О-, Баярцогтын Ш-, Даваабатын С-, Батзамын Ан-, Дамдингийн А- нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

- 3 дахь заалтын “Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Долгорсүрэнгийн О-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар...” гэснийг “Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хорих ялаар...” гэж,

- 4 дэх заалтын “...Долгорсүрэнгийн О-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг...” гэснийг “...Долгорсүрэнгийн О-д оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч Д.С-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                   Д.МЯГМАРЖАВ

                                                                                                     Н.БАТСАЙХАН