Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2119

 

“ЭХЭЗХ” ТӨҮГ-ын                                                       нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг              даргалж, шүүгч  Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02335 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ЭХЭЗХ” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ЭХБУТ” ХХК-д холбогдох

Ажлын хөлс, алданги 87 638 235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Балган, Ш.Сарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Намсрайжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч ЭХЭЗХ ТӨҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Балган, Ш.Сарантуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай байгууллага хариуцагч ЭХБУТ ХХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын 220/110/35 кв-ын Сонгино дэд станц, 220 кв-ын ЦДАШ-ын зураг төслийн ажлын гэрээ байгуулан зураг төсөл боловсруулах даалгавар болон техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэсэн. Гэрээт ажлыг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 58.425.490 төгрөг, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу алданги 29.212.745 төгрөг болсон. Иймд хариуцагч “ЭХБУТ” ХХК-иас гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 58.425.490 төгрөг, алданги 29.212.745 төгрөг, нийт 87.638.235 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “ЭХБУТ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Намсрайжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид ЭХЭЗХд төлөх зургийн үлдэгдэл 58.245.490 төгрөгийг хуулийн дагуу төлөх ёстой бөгөөд харин төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн зүйл үгүй юм. “ЭХБУТ” ХХК нь Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газартай 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр № ИТЗТБУ-2012/01 тоот Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кв-ын 2х125 мва чадалтай дэд станц, 220 кв-ын 10 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээ, 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр № ИТЗТБУ-2012/02-3 тоот Улаанбааатар хотын 220 кв-ын Сонгино дэд станцаас 110 кв-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км  хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд хэдийгээр ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байгаа боловч уг ажлуудын ажлын санхүүжилт 2015 оноос хойш хийгдээгүй. Захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус компанид үүссэн хохирол, нэмэгдэл ажил болон валютын ханшийн зөрүүд 0.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр авахаар шинжээчийн дүгнэлт гарсан боловч захиалагч тал уг асуудлыг биелүүлээгүй тул бид шүүхэд хандаад эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Сонгино дэд станцийн барилга угсралтын ажилтай холбоотой үүссэн шүүхийн маргааныг шуурхай шийдвэрлүүлэх талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг зохих албан тушаалтнуудад үүрэг болгосон, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн засаг даргын зөвлөлийн 16 дугаар хуралдаанаар дээрхи асуудалтай холбоотойгоор эвлэрч, төлбөрийг 4.000.000.000 төгрөгөөр тохирох, уг төсөл хэрэгжиж буй газруудыг ажил гүйцэтгэхэд саадгүй болгон чөлөөлөх, ажлын хэсэг байгуулах зэрэг олон жилийн маргаантай асуудлуудыг шийдвэрлэсэн. Энэ дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат 2019 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн 2/2103 албан тоотоор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кв-ын 2х125 мва чадалтай дэд станц, 220 кв-ын 10 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажилтай холбоотой “ЭХБУТ” ХХК-ийн нэхэмжилсэн мөнгө болон зарим маргаантай ажлуудыг эцэслэн шийдвэрлэсэн тухай мэдэгдсэн болно. Иймд дээрх нөхцөл байдлын улмаас бид нэхэмжилж буй төлбөрийг төлөх боломжгүй болсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрийн тухайд маргахгүй, талууд нэгэнт тооцоо нийлсэн байгаа, харин алданги 29.212.745 төгрөгийн хэмжээг багасгаж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8 дахь хэсгийг баримтлан хариуцагч “ЭХБУТ” ХХК-иас 87.638.235 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ЭХЭЗХ” ТӨҮГ-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 596.141 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 596.141 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “ЭХБУТ” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Бид нэг салбарт 30 орчим жил хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийнх шиг ийм асуудал гаргаж байгаагүй бөгөөд хийсэн ажлын хөлсийг цаг тухайд төлж явсан байдаг. Үйл явдал, бодит нөхцөл байдал зэргээс манай компанийн гэм буруугаас болж төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт заасны дагуу шүүхээс алданги төлөх үүргээс чөлөөлж шийдвэрлэх ёстой байсан. Иймд шийдвэр өөрчлөлт оруулж 29.212.745 төгрөгийн алданги шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тодорхойлон, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

 

 Нэхэмжлэгч “ЭХЭЗХ” ТӨҮГ нь хариуцагч “ЭХБУТ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсний төлөгдөөгүй 58.425.490 төгрөг, алданги 29.212.745 төгрөг, нийт 87.638.235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ажлын зураг төсөл боловсруулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч буюу “ЭХЭЗХ” ТӨҮГ нь Улаанбаатар хотын 220/110/35 кв-ын Сонгино дэд станц, 220 кв-ын ЦДАШ-ын ажлын зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч “ЭХБУТ” ХХК нь уг ажлын үр дүнг хүлээн авах, ажлын хөлсөнд 197.750.700 төгрөгийг төлөх үүрэг хүлээхээр  тус тус тохиролцсон ба ажлын хөлсний урьдчилгаа 30 хувь болох 59.385.000 төгрөгийг гэрээ батлагдсанаас хойш ажлын 5 хоногт, 50 хувь болох 98.875.000 төгрөгийг зураг төслийн нийт ажлын 70 хувь хийгдсэнээр санхүүжүүлж, үлдэх 20 хувь болох 39.490.700 төгрөгийг зураг төсөл иж бүрнээр нь гүйцэтгэгчээс хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан төлөхөөр тохиролцжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон хариуцагч нь ажлын хөлсний үлдэгдэл 58.425.490 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь “...4 жил төлбөрөө авч чадаагүй тул алдангийг бууруулах боломжгүй...” гэсэн бол хариуцагч нь “...санаатай төлбөр төлөхөөс зайлсхийсэн зүйл үгүй,  Нийслэлийн хөрөнгө оруулалтын гараас ажлын санхүүжилтийг 2015 оны оноос хойш хийгээгүй тул алдангийг багасгах үндэслэлтэй...”  гэж  маргажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээний 4.1 дэх заалтад “...аль нэг тал үүргээ зөрчвөл зураг төслийн үнийн 0.2 хувьтай тэнцэх торгуулийг хоног тутамд төлнө” гэж тохиролцсон гэрээний заалтын агуулгыг шүүх  алданги тооцохоор тохиролцсон гэж үзсэн нь үндэслэлтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт “анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан нь нэгдүгээрт, алдангийн зөвхөн хэмжээтэй холбоотой, хоёрдугаарт, алдангийн хэмжээг багасгах хэргийн нөхцөл байдлыг шүүх тогтоосон байх учиртай.

Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлдөг ба талууд гэрээндээ хуульд заасан хэмжээгээр алдангийн хувь тогтоосныг шүүх анзын хэмжээг илт их гэж үзэхгүй гэснийг буруутгах үндэслэлгүй.

Алдангийн хэмжээг багасгах хэргийн нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдоогүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан нөхцөл бүрдээгүй тул  алдангиас бүрэн чөлөөлөх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02335 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг  хангахгүй хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304 014 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ОТГОНЦЭЦЭГ           

                                                          ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД 

                                                                                                      Н.БАТЗОРИГ