Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2019/02335

 

2019 оны 11 сарын 04 өдөр

    Дугаар 183/ШШ2019/02335

Улаанбаатар хот

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,       

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, Х.Чингүнжавын гудамж, өөрийн байранд байрлах, Э  ТӨҮГ /рд:000000/-ийн нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дулаан гуравдугаар цахилгаан станц ТӨХК-ийн урд байрлах, Э трест  ХХК /рд:000000/-д холбогдох,

 

            Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт  87 638 235 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Э  ТӨҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Манай байгууллага хариуцагч Э трест  ХХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын 220/110/35 кв-ын Сонгино дэд станц, 220 кв-ын ЦДАШ-ын зураг төслийн ажлын гэрээ байгуулан зураг төсөл боловсруулах даалгавар болон техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэсэн. Гэрээт ажлыг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 58 425 490 төгрөг, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу алданги 29 212 745 төгрөг болсон. Иймд хариуцагч Э трест  ХХК-иас гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 58 425 490 төгрөг, алданги 29 212 745 төгрөг, нийт 87 638 235 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.   

 

            Хариуцагч Э трест  ХХК шүүхэд гаргасан хариу тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид Э д төлөх зургийн үлдэгдэл 58 245 490 төгрөгийг хуулийн дагуу төлөх ёстой бөгөөд харин төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн зүйл үгүй юм. Э трест  ХХК нь Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газартай 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр № ИТЗТБУ-2012/00 тоот Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кв-ын 2х125 мва чадалтай дэд станц, 220 кв-ын 10 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээ, 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр № ИТЗТБУ-2012/00-0 тоот Улаанбааатар хотын 220 кв-ын Сонгино дэд станцаас 110 кв-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км  хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд хэдийгээр ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байгаа боловч уг ажлуудын ажлын санхүүжилт 2015 оноос хойш хийгдээгүй. Захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус компанид үүссэн хохирол, нэмэгдэл ажил болон валютын ханшийн зөрүүд 0,6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр авахаар шинжээчийн дүгнэлт гарсан боловч захиалагч тал уг асуудлыг биелүүлээгүй тул бид шүүхэд хандаад эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Сонгино дэд станцийн барилга угсралтын ажилтай холбоотой үүссэн шүүхийн маргааныг шуурхай шийдвэрлүүлэх талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг зохих албан тушаалтнуудад үүрэг болгосон, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн засаг даргын зөвлөлийн 16 дугаар хуралдаанаар дээрхи асуудалтай холбоотойгоор эвлэрч, төлбөрийг 4 000 000 000 төгрөгөөр тохирох, уг төсөл хэрэгжиж буй газруудыг ажил гүйцэтгэхэд саадгүй болгон чөлөөлөх, ажлын хэсэг байгуулах зэрэг олон жилийн маргаантай асуудлуудыг шийдвэрлэсэн. Энэ дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат 2019 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн 2/2103 албан тоотоор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын Сонгино 220/110/00 кв-ын 2х125 мва чадалтай дэд станц, 220 кв-ын 10 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажилтай холбоотой Э трест  ХХК-ийн нэхэмжилсэн мөнгө болон зарим маргаантай ажлуудыг эцэслэн шийдвэрлэсэн тухай мэдэгдсэн болно. Иймд дээрх нөхцөл байдлын улмаас бид нэхэмжилж буй төлбөрийг төлөх боломжгүй болсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрийн тухайд маргахгүй, талууд нэгэнт тооцоо нийлсэн байгаа, харин алданги 29 212 745 төгрөгийн хэмжээг багасгаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э  ТӨҮГ нь хариуцагч Э трест  ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үндсэн төлбөр 58 425 490 төгрөг, алданги 29 212 745 төгрөг нийт 87 638 235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Ажлын зураг төсөл боловсруулах гэрээ” гэж нэрлэсэн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч буюу Э  ТӨҮГ нь Улаанбаатар хотын 220/110/00 кв-ын Сонгино дэд станц, 220 кв-ын ЦДАШ-ын ажлын зураг төсөл боловсруулах ажлыг 197 750 700 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр, захиалагч Э трест  ХХК нь урьдчилгаа 30 хувь болох 59 385 000 төгрөгийг гэрээ батлагдсанаас хойш ажлын 5 хоногт, 50 хувь болох 98 875 000 төгрөгийг зураг төслийн нийт ажлын 70% хийгдсэнээр санхүүжүүлж, үлдэх 20 хувь болох 39 490 700 төгрөгийг зураг төсөл иж бүрнээр нь гүйцэтгэгчээс хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан төлөхөөр тус тус талууд тохиролцжээ.   

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд зохигчид уг гэрээний хүчин төгөлдөр эсэхэд болон хариуцагч нь гэрээний үндсэн үүрэг 58 425 490 төгрөг төлөх талаар маргаагүй, харин алдангийг багасгаж өгнө үү гэж маргасан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байх бөгөөд талууд дээрх гэрээний 4.2 дахь заалтад “...аль нэг тал үүргээ зөрчвөл зураг төслийн үнийн 0.2 хувьтай тэнцэх торгуулийг хоног тутамд төлнө” гэж тохиролцсоныг алданги тооцохоор тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д алдангийг багасгаж болохоор зохицуулсан байх боловч талууд алдангийг хуульд зааснаас доогуур хэмжээгээр тохиролцсон байх тул алдангийг багасгах тухай хариуцагчийн хүсэлтийг хангах боломжгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 596 141 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 596 141 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8 дахь хэсгийг баримтлан хариуцагч Э трест  ХХК-иас 87 638 235 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э  ТӨҮГ-т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 596 141 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 596 141 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ