Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01123

 

Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн

ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02335 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2119 дүгээр магадлалтай,

Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй,

Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-д холбогдох

Ажлын хөлс, алданги 87,638,235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг              

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амармөнх, хариуцагчийн төлөөлөгч С.Сүхтөмөр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай байгууллага хариуцагч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-тай 2012.11.05-ны өдөр Улаанбаатар хотын 220/110/35 кв-ын Сонгино дэд станц, 220 кв-ын ЦДАШ-ын зураг төслийн ажлын гэрээ байгуулан зураг төсөл боловсруулах даалгавар болон техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэсэн. Гэрээт ажлыг 2014.10.03-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 58,425,490 төгрөг, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу алданги 29,212,745 төгрөг болсон. Иймд хариуцагч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-иас гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 58,425,490 төгрөг, алданги 29,212,745 төгрөг, нийт 87,638,235 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Бид Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнд төлөх зургийн үлдэгдэл 58,245,490 төгрөгийг хуулийн дагуу төлөх ёстой бөгөөд харин төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн зүйл үгүй юм. Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нь Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газартай 2012.10.03-ны өдөр ИТЗТБУ-2012/01 тоот Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кв-ын 2х125 мва чадалтай дэд станц, 220 кв-ын 10 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээ, 2012.06.18-ны өдөр ИТЗТБУ-2012/02-3 тоот Улаанбааатар хотын 220 кв-ын Сонгино дэд станцаас 110 кв-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км  хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд хэдийгээр ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байгаа боловч уг ажлуудын ажлын санхүүжилт 2015 оноос хойш хийгдээгүй. Захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус компанид үүссэн хохирол, нэмэгдэл ажил болон валютын ханшийн зөрүүд 0.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр авахаар шинжээчийн дүгнэлт гарсан боловч захиалагч тал уг асуудлыг биелүүлээгүй тул бид шүүхэд хандаад эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2019.06.05-ны өдрийн хуралдаанаар Сонгино дэд станцийн барилга угсралтын ажилтай холбоотой үүссэн шүүхийн маргааныг шуурхай шийдвэрлүүлэх талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг зохих албан тушаалтнуудад үүрэг болгосон, 2019.07.19-ний өдрийн Нийслэлийн засаг даргын зөвлөлийн 16 дугаар хуралдаанаар дээрх асуудалтай холбоотойгоор эвлэрч, төлбөрийг 4,000,000,000 төгрөгөөр тохирох, уг төсөл хэрэгжиж буй газруудыг ажил гүйцэтгэхэд саадгүй болгон чөлөөлөх, ажлын хэсэг байгуулах зэрэг олон жилийн маргаантай асуудлуудыг шийдвэрлэсэн. Энэ дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат 2019.07.22-ны өдрийн 2/2103 албан тоотоор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кв-ын 2х125 мва чадалтай дэд станц, 220 кв-ын 10 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажилтай холбоотой Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-ийн нэхэмжилсэн мөнгө болон зарим маргаантай ажлуудыг эцэслэн шийдвэрлэсэн тухай мэдэгдсэн болно. Иймд дээрх нөхцөл байдлын улмаас бид нэхэмжилж буй төлбөрийг төлөх боломжгүй болсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрийн тухайд маргахгүй, талууд нэгэнт тооцоо нийлсэн байгаа, харин алданги 29,212,745 төгрөгийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02335 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8 дахь хэсгийг баримтлан хариуцагч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-иас 87,638,235 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 596,141 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 596,141 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2119 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02335 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.04-ний өдрийн 183/ШШ2019/02335 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.16-ны өдрийн 2119 тоот магадлалын 29,212,745 төгрөгийн алданги шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. ЭХБУТрест ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцийн барилга угсралтын ажил бөгөөд харамсалтай нь төрийн зарим байгууллагуудын алдаатай, харилцан уялдаагүй үйл ажиллагаа, улс төрийн тогтворгүй байдал зэргээс шалтгаалан бид өнөөдөр хүртэл гүйцэтгэсэн ажлын хөлсөө төрөөс авч чадахгүй шүүхээр маргалдсаар 4 жил боллоо. Үүнээс болж тус компанийн үйл ажиллагаа доголдож, бусдад төлөх төлбөрөө цаг хугацаанд нь өгч чадахгүй байна.

Бид Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнд төлөх зургийн үлдэгдэл 58,425,490 төгрөгийг гэрээний дагуу төлөх ёстой бөгөөд харин төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн зүйл үгүй юм. ЭХБУТрест ХХК Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газартай 2012.10.03-ны өдөр ИТЗТБУ-2012/01 тоот Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2x125 мВа чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээ (үнийн дүн 18,197,889,825 төгрөг), 2012.06.18-ны өдөр ИТЗТБУ-2012/02-3 тоот Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээ (үнийн дүн 8,739,498,905 төгрөг) байгуулан ажиллаж байгаа бөгөөд хэдийгээр ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байгаа боловч биднээс үл хамаарах шалтгаанаар уг ажлуудын ажлын санхүүжилт 2015 оноос хойш хийгдээгүй байна. Захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас ЭХБУТрест ХХК-д үүссэн хохирол болох нэмэгдэл ажил болон валютийн ханшийн зөрүүд нийт 10,6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр авахаар хөндлөнгийн магадлан шинжээчийн дүгнэлт гарсан боловч Захиалагч тал уг асуудлыг шийдвэрлэхгүй хойшлуулж байснаас болж бид шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн маргаан эцэслэн шийдэгдэлгүй өнөөдрийг хүрсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2019.06.05-ны өдрийн хуралдаанаар Сонгино дэд станцийн барилга угсралтын ажилтай холбоотой үүссэн шүүхийн маргааныг шуурхай шийдвэрлүүлэх талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн засаг дарга С.Амарсайханд, дэд станцийн барилга угсралтын ажлыг дуусгахад шаардлагатай хөрөнгийг 2020 оны улсын төсөвт тусгаж санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан нарт үүрэг болгосон. 2019.07.19-ний өдрийн Нийслэлийн засаг даргын зөвлөлийн 16-р хуралдаанаар дээрх асуудалтай холбоотойгоор Нийслэлийн засаг даргын тамгын газар (Э.Содномжамц), Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар (Б.Мөнхбат) -уудад, ЭХБУТрест ХХК-тай эвлэрч 4,000,000,000 төгрөгөөр тохирох, уг төсөл хэрэгжиж буй газруудыг ажил гүйцэтгэхэд саадгүй болгон чөлөөлөх ажлын хэсэг байгуулах зэрэг олон жилийн маргаантай асуудлуудыг шийдэх үүрэг өгөгдсөн. Энэ дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат 2019.07.22-ны өдрийн 2/2103 албан тоотоор Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2x125 мВа чадалтай дэд сгранц, 220 кВ-ын 10 км ЦДАШ-ын ажлын зураг төсөл барилга угсралтын ажилтай холбоотой ЭХБУТрест ХХК-ийн нэхэмжилсэн мөнгө болон зарим маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн тухай мэдэгдсэн болно. Иймд уг маргаантай асуудлууд бодитоор шийдэгдсэн даруйд Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ-ын гэрээний дагуу үлдэгдэл 58,425,490 төгрөгийн төлбөрийг төлөх боломжтой болох бөгөөд өнөөдрийн байдлаар асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа тул төлөх боломжгүй байна. Дээр дурдсан үйл явдал, бодит нөхцөл байдал зэргээс манай компанийн гэм буруугаас Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ-т төлөх төлбөрийг төлөөгүй гэж үзэх үндэслэл тогтоохгүй байх тул ИХ-ийн 222.2-т заасны дагуу шүүхээс алданги төлөх үүргээс чөлөөлж шийдвэрлэх ёстой байсан. Иймд шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, 29,212,745 төгрөгийн алданги шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ нь хариуцагч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-д холбогдуулан ажлын хөлс, алданги 87,638,235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-иас 87,638,235 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ-т олгож шийдвэрлэсэн ба Нийслэлийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Сүхтөмөр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч зохигчид 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Эвлэрлийн гэрээнд Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 87,638,235 төгрөгөөс гэрээний үндсэн төлбөр болох 58,425,490 төгрөгийг Улсын дээд шүүхэд гомдол гаргасны дараа буюу 2020.05.22-ны өдөр нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны 406001061 тоот дансанд шилжүүлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөв. Хариуцагч гэрээний үндсэн төлбөрийг төлсөнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь гэрээний алданги болох 29,212,745 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа дараах үндэслэлээр татгалзав.

Үүнд: Хариуцагч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нь үндсэн
төлбөрөө бүрэн барагдуулсан. Нэхэмжлэгч Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨААТҮГ нь алданги болох 29,212,745 төгрөгийн үнийн дүнтэй ажлыг хариуцагчаар гүйцэтгүүлнэ. Талууд энэ гэрээний 2.2-т заасан нөхцлөөр харилцан тохиролцсон тул
үндсэн төлбөрийг төлж барагдуулсан нь баримтаар нотлогдох бөгөөд алдангид заасан төлбөрийг хариуцагч тал алданги төлөх санхүүгийн чадваргүй нөхцөл үүссэн тул уг үнийн дүнд дүйцэх ажил үйлчилгээг үзүүлэхээр талууд тохиролцсоноор энэхүү нэхэмжлэлийн шаардлага бүрэн дуусгавар болсон. гэжээ.

Эвлэрлийн гэрээнд зохигчид болох нэхэмжлэгч Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ-ын захирал М.Түмэнжаргал, хариуцагч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-ийн ерөнхий захирал С.Сүхтөмөр нар гарын үсэг зурж, тамга дарсан байх тул эрх бүхий этгээд гэрээ байгуулсан гэж үзнэ. Түүнчлэн талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах боломжтой байна.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02335 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2119 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үндсэн төлбөр болох 58,425,490 төгрөг төлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, үндсэн төлбөрийг төлсөнтэй холбогдуулан алданги 29,212,745 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, алдангийн үнийн дүнд дүйцэх ажил үйлчилгээг хариуцагч байгууллага үзүүлэхээр талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ-ын Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-д холбогдуулан гаргасан ажлын хөлс, алданги 87,638,235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 304,014 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.УНДРАХ

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН