Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 353

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,  

           улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Д-д холбогдох 2017 2400 0353 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ... төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, “...” ХХК-д жолооч ажилтай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-н Д, РД:...

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 14 цаг 00 минутын орчим ... 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилтын 1 дүгээр буудлын автобусны буудлын замд “...” ХХК-ний эзэмшлийн Hyundai Aero City-540 маркийн  .... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-т заасан... “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч /59 настай, эмэгтэй/ Г.Д-г унагаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар нотлох баримтуудыг шинжлэн судлахад:   

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 14 цаг 00 минутын орчим ... 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилтын 1 дүгээр буудлын автобусны буудлын замд “...” ХХК-ний эзэмшлийн Hyundai Aero City-540 маркийн  .... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч /59 настай, эмэгтэй/ Г.Д-г унагаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

   - 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-13/

- хохирогч Г.Д-нмөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 14 цагийн орчим би Тахилтын эцсийн буудалд суусан автобуснаасаа ганцаараа буухаар хойд хаалган дээр очсон. Автобусны хаалга нээгдэх үед би баруун талынхаа хөлийг шатнаас буулгаад таягаа газар буулгаад зүүн гараараа хаалганы бариулаас бариад зүүн хөлөө буулгах гэж байтал миний суусан автобус гэнэт овс хийж хөдлөх үед би газар унасан. Жолооч бууж ирээд та өндийгөөд суучих гэж хэлэхэд нь баруун талын хөл эвгүй болсон байсан...Би өөрийн эмчилгээнд одоогоор 3.274.369 төгрөгний эмчилгээг хийж баримтыг гаргаж өгсөн. Гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-14-18/,

-  шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн №4574 дугаартай шинжээчийн:... Г.Д-нбиед баруун дунд чөмөгний далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-38/,

- техникийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн №109 дугаартай:...hyundai ario city-540 маркийн  .... УНС улсын дугаартай автобусны жолооч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2. жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зорчигч Г.Днь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна...гэх дүгнэлт /хх-40/,

- гэрч С.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 13 цаг 40 минутын орчимд миний утас руу Д залгаад ээжийг чинь унагачихлаа хурдан гараад ирээч гэж хэлсэн. Тахилтын 1 дүгээр буудал дээр буюу хот руу явах тал автобус зогссон ээж Д сууж байсан. Би өөрөө 102, 103 руу дуудлага өгсөн. ...Би өөрийнхөө ээжийг машиндаа суулгаад жолооч Дгийн хамт гэмтлийн эмнэлэг орж эмчид үзүүлсэн холбогдох шинжилгээ зургийг өгсөн баруун хөлөнд хугарал гэмтэл үүссэн байна хэвтэж эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд шууд ээж хэвтсэн...гэх мэдүүлэг /хх-32-34/,

- шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн:...2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрйин 14 цагийн орчим би өөрийн байгууллагын эзэмшлийн hyundai ario city-540 маркийн  .... УНС улсын дугаартай автобусыг жолоодон Тахилт-3 дугаар эмнэлгийн чиглэлд явсан. Тахилтын 1 дүгээр буудал дээр ирж автобус зогсох үед голын толиндоо харахад таягтай настай эмээ автобусны дунд хаалгаар бууж харагдсан, би уг нь зорчигчийг буулгачихлаа гэж бодоод хөдлөн хаалгаар бууц байсан таяг тулсан эмээг унагаасан...гэх мэдүүлэг /хх-52-54/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.            

 

            Иймд шүүгдэгч Б.Дг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

   Практикал даатгалын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дугаар З0I1702528 нөхөн төлбөр олгосон тухай тушаал /хх-124/,

            Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Г.Днь 3.221.546 төгрөг /1х, хх-20-25, 64/ нэхэмжилсэн, түүнд жолоочийн хариуцлагын даатгалын байгууллагаас 3.690.396 төгрөг /х-124/ төлөгдсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.  

Хохирогч Г.Днь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.  

Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг  шүүгдэгчийн орлого олох боломж, ар гэрийн байдал зэргийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.       

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй болно.   

Эрх хасах нэмэгдэл ял оногдуулаагүй тул шүүгдэгч Б.Дгийн 025538 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                               

 

ТОГТООХ нь:       

 

            1. Шүүгдэгч Б.Дг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

            2. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүй.    

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.  

 

            4. Хохирогч Г.Днь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг болон уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.        

 

             5. Шүүгдэгч Б.Дгийн 025538 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.

 

            6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

            7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР