Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 70

 

“Х” ХХК болон Г.Х-эд

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 204 дүгээр цагаатгах тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 70 дугаар магадлалтай, “Х” ХХК, уг компанийн захирал Г.Х-эд холбогдох 1714001440043 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуулын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.2017 онд улсын бүртгэлийн ...................., регистрийн ........... дугаартай, мэргэжлийн байгууллагын ................ дугаартай гэрчилгээтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 1-17-47 тоотод байрлах “Х” ХХК нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын механик инженер мэргэжилтэй, “Х” ХХК-ийн захирал ажилтай, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял шийтгүүлж байсан, П овогт Г-ийн Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч “Х” ХХК, уг компанийн захирал Г.Х-эд холбогдох хэргийг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Баянхонгор аймгийн прокурорын газрын прокурорын 45а, 45б дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарласан гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч “Х” ХХК, уг компанийн захирал Г.Х-эд холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул гаргасан гомдолдоо “Х” ХХК нь газрын хэвлийн нөхөн сэргээлт, эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий аж ахуй нэгж бөгөөд Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 79 дугаартай нөхөн сэргээлтийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол гарсан. Уг тогтоолд “...Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө гарган нөхөн сэргээх боломж хомс байгаагийн дээр хаягдал нөөцийг авалгүй нөхөн сэргээсэн тохиолдолд гар аргаар алт олборлогчид иргэд тухайн газрыг дахин ухах асуудал гарч, хаягдал нөөцийг ашиглах замаар нөхөн сэргээлт хийх эрх зүйн нарийвчилсан зохицуулалт байхгүй байгаатай холбоотойгоор аймгийн хэмжээнд эвдэрсэн газрууд нэмэгдэх хандлагатай байна...” гэж тэмдэглээд улмаар тус аймгийн Засаг дарга Г.Б-д “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч эзэн холбогдогч нь тогтоогдох боломжгүй болж орхигдсон, багийн Иргэдийн нийтийн хурлаар нөхөн сэргээх шаардлагатай гэж үзэж санал болгосон талбайд орон нутгийн татварын албанд бүртгэлтэй, нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжтэй нөхөн сэргээлтийн гэрээ байгуулан хамтарч ажиллаж, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах” талаар даалгасан. “Х” ХХК нь уг тогтоолын дагуу аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжүүдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалтад зохих журмын дагуу оролцон шалгарч Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Түүхий хөндий” гэх газарт эвдэгдсэн 11.6 га газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах эрх авч, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн нсс2017/01 дугаартай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулан ажилласан. Гэрээгээр нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахдаа тухайн эвдэгдсэн газрыг үйлдвэрийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй болсон, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд хөрсийг нь дахин боловсруулалгүйгээр нөхөн сэргээлтийг хийсэн тохиолдолд хууль бус аргаар алт олборлогч нараас нөхөн сэргээлт хийсэн газрыг дахин ухаж, ашигт малтмал хайх, олборлох, ашиглах үйл ажиллагааг явуулан дахин хөрсний эвдрэл үүсдэг тул дээрх асуудлыг гаргуулахгүй байх зорилгоор нөхөн сэргээлтийг хийх явцад эвдэгдсэн газрын хөрс шороог дахин боловсруулж, уг ажиллагаанаас олсон орлогыг нөхөн сэргээлтийн зардалд зарцуулах талаар эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл өгсөн болно.

Тухайн газар буюу Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Түүхий хөндий” гэх 11.6 га газар нь өмнө “МАК” ХХК нь ашигт малтмал олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээлгүй үйлдвэрийн аргаар ашиглаад орхисон, мөн гар аргаар алт олборлогч нар ухаж эвдэж орхигдсон эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбай юм. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 79 дугаартай нөхөн сэргээлтийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол болон 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн нсс2017/01 дугаартай нөхөн сэргээлт хийх гэрээ зэргийг нягталж үзэлгүйгээр “нөхөн сэргээлт хийх нэрийн дор ашигт малтмал хайх, олборлох, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах эрхгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгохдоо үндэслэлийг нь тодорхой заалгүйгээр хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн нсс2017/01 дугаартай нөхөн сэргээлт хийх гэрээг нэг талаас Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Баянхонгор аймгийн Заг сумын засаг дарга, нөгөө талаас “Х” ХХК нь байгуулж гэрээг Баянхонгор аймгийн Засаг дарга баталгаажуулсан бөгөөд нөхөн сэргээлт хийх талбайн хэмжээг өөрчлөх, гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээг сунгах, цуцлах зэрэг аливаа асуудлыг талууд бичгээр нөгөө талдаа мэдэгдэж харилцан тохиролцсоноор нэмэлт өөрчлөлт оруулж болохоор гэрээнд тусгасан. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар “Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно” гэжээ. “Х” ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулах болон нэмэлт өөрчлөлт оруулах эрх Г.Х-эд л байгаа нь улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэнээр тодорхой харагдаж байна. Гэтэл гэрээнд хамааралгүй, шийдвэр гаргах эрхгүй этгээдүүд болох “Х” ХХК-ийн уурхайн дарга Г.О, “Х” ХХК-ийн зөвлөх ажилтан Д.Д, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга Д.М, орлогч дарга н.У, Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Н, Баянхонгор аймгийн Заг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.З зэрэг гэрээнд хамааралгүй этгээдүүд харилцан ярилцаж нөхөн сэргээлт хийх талбайн хэмжээг өөрчлөх, гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээг ажлын өдөр байгуулах, газар ухах ажлыг эхлүүлэх зэргээр харилцан тохиролцсон байсан бөгөөд нөхөн сэргээлт хийх гэрээнд тусгасан цэг солбилцолтой талбайгаас илүү гаргаж ухах зөвшөөрлийг Баянхонгор аймгийн Заг сумын удирдлагууд амаар өгсний улмаас “Х” ХХК-ийн уурхайн дарга Г.О нь нөхөн сэргээлт хийх гэрээнд тусгасан цэг солбилцолтой талбайгаас илүү гаргаж газар ухах үүргийг холбогдох уурхайн ажилтнуудад даалгасан байсан. “Х” ХХК-ийн зүгээс тухайн цэг солбилцол нь таарахгүй маргаантай байсан учраас цэг солбилцлыг сольж өгөхийг нутгийн удирдлагуудад хүсэлт гаргаж байсан бөгөөд “Х” ХХК-ийн захирлын хувьд нөхөн сэргээлт хийх гэрээнд тусгасан цэг солбилцолтой талбайгаас илүү гаргаж ухах үед Улаанбаатар хотод байсан ба нөхөн сэргээлт хийх гэрээнд тусгасан цэг солбилцолтой талбайгаас илүү гаргаж ухах үүрэг чиглэл “Х” ХХК  болон захирлын зүгээс огт өгөөгүй бөгөөд гэрээнд тусгасан цэг солбилцолтой талбайгаас илүү гаргаж ухсан гэх газарт ямар ч ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй, тухайн газруудыг буцааж тэгшилсэн болно. “Х” ХХК нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс зарласан нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжүүдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож холбогдох гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулсан бөгөөд “Х” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн аливаа хууль бус үйлдэл хийгээгүй, “Х” ХХК болон уг компанийн захирлын зүгээс нөхөн сэргээлт хийх гэрээнд тусгасан цэг солбилцолтой талбайгаас илүү гаргаж ухах зөвшөөрлийг өгөөгүй тул энэ хэрэгт “Х” ХХК болон уг компанийн захирал хамааралгүй гэж үзэж байна. Иймд “Х” ХХК болон уг компанийн захиралд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бат-Эрдэнэ хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Ц.Мөнхтуул өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. 2 дугаар хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н-ын өгсөн зөвшөөрөлтэй талбайгаас өөр талбай дээр олборлолт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон, энэ нь тав дахь өдөр байсан гэх, мөн хавтаст хэргийн 22 дугаар хуудаст сумын Засаг дарга М-ийн өгсөн тухайн өдөр нь тав дахь өдөр байсан бөгөөд нэг дэх өдрөөс гэрээ байгуулан, 4.04 га газарт “Х” ХХК үйл ажиллагаа явуулъя гэж амаар харилцан тохиролцсон гэх мэдүүлгүүд байдаг. Өөрөөр хэлбэл энэ мэдүүлгүүд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар яллагдагч талд ашигтай нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. “Х” ХХК нь аман байдлаар зөвшөөрөл олгосны дагуу үйл ажиллагаа явуулсан. Гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд субъектив талын шинж нь бүрдээгүй гэж үзэж байгаа. Энэ хэргийг шийдвэрлэх явцад байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ хийгдсэн. Шинжээчийн дүгнэлтээр 1,678,000 төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлт гарсан. Хохирол учруулсан үйлдэл нь тав дахь өдөр амаар зөвшөөрөл олгож, үйл ажиллагааг хагас сайн өдрийн өглөө эхэлж, үдээс хойш дууссан. Бүтэн сайн өдөр асуудал үүссэний дараа тухайн газар дээр нөхөн сэргээлтийн ажиллагаа явуулж, өнөөдрийн байдлаар хохирол учирсан зүйл байхгүй. Баянхонгор аймгийн прокурорын зүгээс гэмт хэрэг үйлдсэн мэтээр хууль буруу тайлбарласан. Ийм учраас өмгөөлөгч Ц.Мөнхтуулын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Х-эд холбогдох хэргийг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Г.Х нь “Х” ХХК гэх хуулийн этгээдийн нэрийн өмнөөс Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн “Түүхий хөндий” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулсан байна. Хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж үндэслэлгүй цагаатгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг шалгаагүй байна гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан дүгнэлт үндэслэлтэй байна. Прокуророос “Х” ХХК болон Г.Х-ийг яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хууль бусаар ашигт малтмалыг олборлоход хуулийн этгээдийг зүйлчлэхээр заасан байдаг. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлаагүй байна гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан энэ зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн заалтыг баримтлалгүй Г.Х-ийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар татсан нь үндэслэлгүй учраас яллах дүгнэлт хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна. Ийм учраас давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуулын гаргасан гомдлыг үндэслэн “Х” ХХК болон Г.Х-эд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос “Х” ХХК-ийг Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг, “Түүхий хөндий” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан, Г.Х-ийг мөн газарт тусгай зөвшөөрөлгүйгээр  ашигт малтмал олборлох гэмт хэргийг “Х” ХХК-ийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “Х” ХХК, уг компанийн захирал Г.Х-ийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдоогүй байхад үндэслэл муутай хууль зүйн дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч “Х” ХХК, уг компанийн захирал Г.Х-эд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал болох “гэмт хэрэг гарсан байдал”, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэргийг бүрэн гүйцэд шалгаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэсэн нь үндэслэлгүй болно.

“Х” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргатай байгуулсан “Түүхий хөндий” гэх газрын 11.6 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэх тухай гэрээнд зааснаас илүү 4.04 га газарт үйл ажиллагаа явуулахдаа тус сумын удирдлагатай, тухайлбал Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Н, сумын Засаг дарга Д.М нартай тохиролцож нөхөн сэргээлт хийх зөвшөөрлийг амаар авсан байсан эсэхийг шалган тогтоох шаардлагатай.

Энэ нь “Х” ХХК-ийн зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүй 4.04 га газарт үйл ажиллагаа явуулсныг зөвтгөх шалтгаан болохгүй боловч гэм буруугийн хэлбэр, хэмжээ, улмаар хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээнд зүй ёсоор нөлөөлөх нөхцөл байдал юм. Мөн сумын удирдлагын зүгээс буруутай үйл ажиллагаа явуулсан эсэхэд дүгнэлт өгөх үндэслэл болно. Энэ талаар орон нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлагууд, гүйцэтгэх албан тушаалтнуудын хэрэгт авагдсан мэдүүлгүүд харилцан зөрүүтэй, нэгнийгээ үгүйсгэсэн байгаа нь хэргийн нөхцөл байдлыг нэг мөр эргэлзээгүй тогтоож чадаагүй байна гэж үзэхэд хүргэж байна.

Гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдийн хамт албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий байх, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл, эс үйлдэхүйг үйлдсэн, эсхүл бусдаар үйлдүүлсэн байх учиртай. Тухайн аж ахуйн нэгжийн албан тушаалтанд дан ганц албан тушаалынх нь байдал эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй тул уг компанийн захирал Г.Х-ийн зөвшөөрөлгүй талбайд үйл ажиллагаа явуулахад шийдвэр гаргаж зохион байгуулсан, эсхүл гардан оролцсон үйлдлийг заавал тогтоож байж эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэнэ. Нөгөө талаас зөвшөөрөөгүй талбайд нөхөн сэргээлт буюу олборлолт явуулсан гэх уурхайн дарга Г.О, “Х” ХХК-ийн зөвлөх ажилтан Д.Д болон бусад ажилтан, албан хаагчдын хувьд тэдгээр нь “Х” ХХК-ийг төлөөлөх эрхтэй эсэхийг /шийдвэр гаргах эрх мэдэлтэй эсэхийг/ баримттай тогтоож шийдвэрлэхгүйгээр зөвхөн явуулсан үйл ажиллагаанд нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэх мөн л боломжгүй юм. Иймээс Эрүүгийн хуульд тусгасан хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаарх зохицуулалтын агуулгыг зөв ухан ойлгож хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй дээр дурдсан хүмүүсийн хувьд тогтоогдсон эсэхэд анхаарч холбогдох этгээдийг “Х” ХХК-ийн хамт эрүүгийн хариуцлагад татах асуудлыг шийдвэрлэвэл зохино.

Дээрх байдлыг нэгтгэн дүгнэвэл, “Х” ХХК-иас сумандаа хөрөнгө оруулалт авах нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүй компанид газар ухах зөвшөөрлийг амаар олгосон гэх сумын удирдах болон уг компанийн холбогдох албан тушаалтнуудын үйлдэл хууль, журамд нийцсэн эсэхийг тогтоох зэрэг ажиллагаа хийлгэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны байх зарчимд нийцсэн гэж үзэв.  

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуулын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1.Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 70 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуулын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН