Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 02038

 

 “Д-О ББСБ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/02592 дугаар шийдвэртэй, “Д-О ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А-од холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 53 693 190 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярцэнгэл, М.Төмөрсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Иргэн Д.А-той 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 00001123 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 184 тоот Ү-2205004780 дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч Д.А- 2017 оны 6 дугаар сард хүсэлт гаргаснаар 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт оруулж, хугацааг 14 сараар сунгаж, 40 000 000 төгрөгийг нэмж зээлдүүлэн, нийт 48 600 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 15 261 169 төгрөг, зээлийн хүү 21 855 465 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 131 355 төгрөг, нийт 37 347 989 төгрөг төлсөн. 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хуваарийн дагуу гэрээний үүргээ биелүүлж байсан боловч үүнээс хойш үүргээ биелүүлэхээс санаатай зайлсхийсэн. Иймд үндсэн зээл 34 738 831 төгрөг, хүүд 14 358 414 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 407 400 төгрөг, мөн нэхэмжлэл гаргасан 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 45 хоногийн хүү 1 823 788 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 364 757 төгрөг, нийт 53 693 190 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Гэрээний дүн 48 600 000 төгрөг байхад нэхэмжлэлд үндсэн зээлээс 15 261 169 төгрөг төлсөн, үлдэгдэл 34 738 831 төгрөг гэж тусгасан нь нийт 50 000 000 төгрөг болж, 1 400 000 төгрөгөөр зөрж байна. 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлсөн. Үндсэн төлбөр 34 900 836 төгрөгийн үлдэгдлээс 5 дугаар сараас 10 дугаар сард төлсөн 7 600 000 төгрөгийг хасахад үлдэгдэл төлбөр 30 897 109 төгрөг болох тул энэ дүнг зөвшөөрнө. Мөн нэхэмжлэгчид нийт 20 000 000 гаруй төгрөгийн хүү төлсөн байдаг. Миний бие өндөр настай ээж, түүний дүү, 2 хүүхэд, охин зэргийг асран халамжилдаг. 2019 оны эхээр цагдаагийн ажилтны буруугаас болж хийн буу алдаж зүүн гуяны дотор талд буудуулж, хөдөлмөрийн чадвараа алдаж хуулийн байгууллагад хохирогчоор шалгагдаж байгаа. Энэ нөхцөл байдлаа нэхэмжлэгч талд хэлэхэд ойлгохыг хүсээгүй. Иймд 30 897 109 төгрөгийг төлөх шийдвэр гаргаж өгнө үү.

Нэхэмжлэгч талаас зээлийн хурлын тэмдэглэлийг гаргуулах тухай хүсэлтийг гаргасан боловч байхгүй гэсэн. Тухайн байгууллага нь зээлдэгчийн орлогыг судалсны үндсэн дээр зээл олгох ёстой. Зээлийн гэрээнд зээлийн зориулалтыг тусгаагүй байна. Зээлийн эргэн төлөлтийн бодолтыг бодсон аргачлал нь ойлгомжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.А-оос үндсэн зээл 34 738 831 төгрөг, хүүнд 16 182 202 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 772 157 төгрөг, нийт 53 693 190 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Даймонд Очир ББСБ” ХХК-д олгож, талуудын хооронд байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 00001123 тоот барьцааны гэрээний 3.1, 3.2-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 184 тоотод байрлах 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 535 642 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, хариуцагчаас 535 642 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ,  451 дүгээр зүйлийн 451.3. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан.

Дээрх нарийвчилсан зохицуулалт бүхий хууль буюу банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ”, 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дах хэсэгт зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч “Даймонд Очир ББСБ” ХХК нь хуулийн дээрх шаардлагуудыг зөрчиж, зээлийн зориулалтыг гэрээнд заагаагүй, зээлийн дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй зэрэг зөрчил гаргасан. Хэрэгт Д.А-од 10 000 000 төгрөгийн зээл олгосныг нотлох баримт байдаггүй боловч хариуцагч талаас энэхүү 10 000 000 төгрөгийг хүлээн авсан болохоо үгүйсгэдэггүй. Мөн 40 000 000 төгрөгийн зээлийг олгохдоо зээлийн дансаар дамжуулалгүй бэлнээр өгсөн байдаг. Түүнчлэн, нэхэмжлэгчээс зээлийн үйл ажиллагааны дотоод журам, зээл олгох хурлын тэмдэглэл, шийдвэр зэргийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн. “Дайманд Очир ББСБ” ХХК нь зээлийн үйл ажиллагааны дотоод журмаа шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд харин зээл олгох тухай шийдвэр огт гаргаагүй байдаг. Учир нь гүйцэтгэх захирлын таньдаг хүн учраас зээл шууд гаргасан гэж тайлбар өгсөн.

Нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагааны дотоод журмынхаа зээлдэгчийн хүсэлтийг мэргэжлийн өндөр түвшинд судалж шийдвэрлэх..., ашиг сонирхлын зөрчил үүсгэхийг хатуу хориглох..., зээлийн хувийн хэрэг бүрдүүлэх..., зээл олгохдоо тухайн зээлдэгчийн санхүүгийн чадвар шалгаж үзэх үүрэгтэй..., зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй..., эргэн төлөгдөх найдваргүй гэж үзвэл уг зээлийг зогсоож хугацаанаас нь өмнө түдгэлзүүлнэ... зэрэг заалтуудыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан нь анхнаасаа зээл олгох процесс хууль тогтоомжид нийцээгүй болохыг илэрхийлж байгаа. Энэ талаар шүүхээс ямар нэгэн хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийгээгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодсон талаарх дэлгэрэнгүй тооцооллыг гаргуулах хүсэлт гаргасан ч шүүх хангахаас татгалзсан. Улмаар шүүх хуралдааны явцад зээлийн төлөлт, хүү бодсон аргачлалын талаар тодруулахад нэхэмжлэгч “...ямар ч хүн зээлийн тооцооллыг бодож чадна...” гэх мэтээр тодорхой тайлбарлахаас зайлсхийсэн. Үүнийг шүүх анхаараагүй, зөвхөн нэхэмжлэгч талын гаргасан тооцооллыг баримталж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь, шүүхээс хэргийн бүх бодит байдал, нотлох баримт, тооцооллыг судлан үзсэний үндсэн дээр тал бүрээс нь үнэлж дүгнэн бодитой шийдвэр гаргах ёстой.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “гэрээний хугацаа 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон, тухайн өдрөөс хойш нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны үндсэн зээлд 34 738 831 төгрөг, хүүд 16 182 202 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 772 157 төгрөг, нийт 53 693 190 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй...” гэж дүгнэсэн бөгөөд хэрхэн тооцоолж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол гаргасныг дурдаагүй, зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол үндэслэлтэй гэж дүгнэлт хийсэн.

Шийдвэрийн тогтоох хэсэгт талуудын хооронд байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 00001123 тоот барьцааны гэрээний 3.1, 3.2-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 184 тоотод байрлах 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн ишйдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн ба талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 00001123 тоот барьцааны гэрээний 2.1.1-д барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг 10 000 000 төгрөг гэсэн байдаг. Зээлийн гэрээнд нэмэлт оруулж, нэмж 40 000 000 төгрөг зээлэхдээ мөн барьцааны гэрээнд нэмэлт оруулж, барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг ихэсгэх ёстой байсан атал барьцааны нэмэлт гэрээ байгуулаагүй нь дээрх 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр талуудын хооронд байгуулсан гэх зээл, барьцааны гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр болон 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Даймонд Очир ББСБ” ХХК-иас авсан 50 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийн төлөгдөөгүй үлдэгдэл болох 11 252 011 төгрөгийг төлөх саналтай байгаа ба талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Д-О ББСБ” ХХК нь хариуцагч Д.А-оос зээлийн гэрээний үүрэгт 51 504 645 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн /хх1-2/ ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа 53 693 190 төгрөг болгон нэмэгдүүлж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ. /хх56/

 

Хариуцагч нь дээрх шаардлагаас 30 897 109 төгрөгийн дүнг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрсөн тайлбараа /хх29-30/ хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад өөрчлөн, талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ нь хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул өгсөн, авснаа харилцан буцааж, үндсэн зээлийн үлдэгдлийг төлнө гэж маргажээ. /хх94/ 

 

Талууд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 00001123 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Д-О ББСБ” ХХК нь 10 000 000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай Д.А-од зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээний хавсралт ёсоор зээл болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээсэн, мөн өдөр талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах нөхцөл бүхий барьцааны гэрээг тус тус байгуулсан нь хэрэгт авагдсан байна. /хх12-15/

 

Улмаар дээрх 00001123 дугаар гэрээний 8.2-т заасныг үндэслэн талууд 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлдэгчийн үлдэгдэл төлбөр 8 600 000 төгрөгийн үүрэгт 40 000 000 төгрөгийг нэмж, нийт 48 600 000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэх, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байх нөхцлүүдийг харилцан тохиролцсон үйл баримт тогтоогджээ. /хх16/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрх гэрээ ёсоор нэхэмжлэгч нь гэрээний гүйцэтгээгүй үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

 

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын нэг үндэслэлээ, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээл авах зориулалтыг тусгаагүй, гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг бэлнээр авсанд маргахгүй боловч зээлийн дансаар дамжуулаагүй, зээл олгох талаарх хурлын тэмдэглэл, шийдвэр байхгүй байхад зээл олгосон тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, үндсэн зээлийн үлдэгдэл 11 252 011 төгрөгөөс бусад төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлах боловч тэрээр зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан нь тогтоогдсон. Иймд зээлдэгчийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 2.1.1-д зааснаар зээлийн мөнгөн хөрөнгө, түүний хүүг хавсралт №1-д заасан хуваарийн дагуу буцаан төлөх үүргийг Д.А- хүлээнэ.

 

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан ёсоор зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардахад дээр дурдсан зээлийн зориулалтыг гэрээнд тусгаагүй, зээлийн дансаар мөнгийг дамжуулаагүй, зээл олгох хурлын тэмдэглэл, шийдвэр бичгийн хэлбэрээр авагдаагүй гэх хэлбэрийн шаардлага саад болохгүй. Учир нь, зээлдэгч гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг хүлээн авснаа зөвшөөрсөн бөгөөд зээлдүүлэгч “Д-О ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан ... мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 3.2-т. 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 00001123 тоот барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэвээр үргэлжлэх талаар тусгаж, талууд уг нөхцлийг зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулжээ. Иймд уг гэрээг хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу барьцааны гэрээнд өөрчлөлт оруулаагүй гэж үзэхгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй юм.

 

Харин зээлийн үүргийн тооцооллын талаарх давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал, хариуцагч Д.А- нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан нэмэлт өөрчлөлт оруулсан зээлийн гэрээний зээл болон хүүг буцаан төлөх хуваарь ёсоор 1 сарын төлбөрт 3 041 931 төгрөг төлөх үүрэг хүлээсэн /хх16/ ба хэрэгт авагдсан банкны дансны хуулга, зохигчдын тайлбараар 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байжээ. Ингэхдээ 7 удаагийн төлөлтийг 3 100 000 төгрөгөөр, 1 удаагийн төлөлтийг 3 042 000 төгрөгөөр буюу нийт 8 удаагийн гүйлгээгээр 406 552 төгрөгийн илүү төлөлт хийсэн байна. Зээлдүүлэгч нь гэрээ болон хуульд зааснаар энэхүү илүү төлөлтийг үндсэн зээлээс хасч, уг үнийн дүнгээс зээлийн хүүг тооцох байсан атал үүнийг тооцоонд оруулаагүй байх тул 406 552 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасах нь зүйтэй.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 2018 оны 5 дугаар сараас хойш биелүүлээгүй талаар маргаагүй бөгөөд талуудын байгуулсан гэрээ 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон, нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэл гаргасан байна.

 

Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгээр гэрээний дагуу үүсэх төлбөрийн хэмжээг тогтоох нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан гэрээний дагуу үүрэг үүсэх зарчимд нийцэх юм. Харин нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойш буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн хэмжээгээр 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож 2 188 545 төгрөг шаардсаныг хангах үндэслэлгүй болно.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагчийн илүү төлсөн 406 552 төгрөг, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох 2 188 545 төгрөг, нийт 2 595 097 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын 53 693 190 төгрөгөөс хасч, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг зохих хэмжээгээр хуваарилах  нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/02592 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.А-оос зээлийн гэрээний үүрэгт нийт 51 098 093 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Д-О ББСБ” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн,

Тогтоох хэсгийн 3 дах заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 535 642 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 413 440 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.А- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370 200 төгрөгийн 56 471 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Т.ТУЯА