Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2019/02592

 

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2019/02592

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, Жуулчны гудамж, Урт цагааны ... дугаар корпус, ... тоот хаягт байрлах Д.О ББСБ ХХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, .... дугаар хороолол, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух Б овогт Д-ийн А /РД: 0000000/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 53,693,190 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, М.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, М.Т нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Д.А нь манай байгууллагатай 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 00001123 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байрны ... тоот Ү-2205004780 дугаарт бүртгэлтэй 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч Д.А 2017 оны 6 дугаар сард хүсэлт гаргасны дагуу 2017 оны 6 дугаар сарын 14-нд зээлийн гэрээнд нэмэлт оруулж, хугацааг 14 сараар сунгаж, 40,000,000 төгрөгийг нэмж зээлдүүлэн, нийт 48,600,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 15,261,169 төгрөг, зээлийн хүүнд 21,855,465 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 131,355 төгрөг, нийт 37,347,989 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хуваарийн дагуу гэрээний үүргээ ямар нэг асуудалгүй төлж байсан боловч үүнээс хойш үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж ирлээ. Иймд үндсэн зээл 34,738,831 төгрөг, хүүнд 14,358,414 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,407,400 төгрөг, нийт 51,504,645 төгрөг гаргуулж өгнө үү, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргасанаас хойш буюу 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх 45 хоногийн хугацаанд зээлийн хүү 1,823,788 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 364,757 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 53,693,190 төгрөг болгож байна гэв.

Хариуцагч Д.А-ын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Миний гэрээ хийсэн зээлийн дүн 48,600,000 төгрөг байхад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд үндсэн зээлээс 15,261,169 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр 34,738,831 төгрөг гэж тусгасан нь нийт 50,000,000 төгрөг болж байна. Энэ миний зээлээс 1,400,000 төгрөгөөр зөрж байна. Д.А миний хуваарийн дагуу төлж явсан 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үндсэн төлбөр 34,900,836 төгрөгийн үлдэгдлээс 5-10 дугаар сард төлсөн 7,600,000 төгрөгийг хасахад үлдэгдэл төлбөр 30,897,109 төгрөг болж байна. Энэ төлбөрийг зөвшөөрнө. Мөн энэ байгууллагад 20 гаран сая төгрөгийн хүү төлсөн байдаг. Би өөрийн хөгшин настай ээж, түүний дүү болон 2 хүүхэд, өөрийн охин зэргийг асран халамжилдаг. Мөн 2019 оны эхээр цагдаагийн ажилтны буруугаас болж хийн буу алдаж зүүн гуяны дотор талд буудуулж, хөдөлмөрийн чадвараа алдаж хуулийн байгууллагад хохирогчоор шалгагдаж байгаа. Энэ байдлаа тус байгууллагад хэлэхэд ойлгохыг хүсээгүй. Иймд 30,897,109 төгрөгийг төлөх шийдвэр гаргаж өгнө үү. Мөн манайхаас нэхэмжлэгч талаас зээлийн хурлын тэмдэглэлийг гаргуулах тухай хүсэлтийг гаргасан боловч нэхэмжлэгч талаас хурлын тэмдэглэл байхгүй гэсэн хариу өгсөн. Тухайн байгууллага нь зээлдэгчийн орлогыг судалсны үндсэн дээр зээл олгох ёстой байдаг. Зээлийн гэрээнд зээлийн зориулалтыг тусгаагүй байна. Зээлийн эргэн төлөлтийн бодолтыг бодсон аргачлал нь ойлгомжгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Д.О ББСБ ХХК нь хариуцагч Д.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 53,693,190 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.А нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд татгалзлын үндэслэлээ ... миний хуваарийн дагуу буюу 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үндсэн төлбөр 34,900,836 төгрөгийн үлдэгдлээс 5-10 дугаар сард төлсөн 7,600,000 төгрөгийг хасахад үлдэгдэл төлбөр 30,897,109 төгрөг болж байна. Энэ төлбөрийг зөвшөөрнө. Мөн энэ байгууллагад 20 гаран сая төгрөгийн хүү төлсөн. Би өөрийн хөгшин настай ээж, түүний дүү болон 2 хүүхэд, өөрийн охин зэргийг асран халамжилдаг. Мөн 2019 оны эхээр цагдаагийн ажилтны буруугаас болж хийн буу алдаж зүүн гуяны дотор талд буудуулж, хөдөлмөрийн чадвараа алдаж хуулийн байгууллагад хохирогчоор шалгагдаж байгаа. Нэхэмжлэгч байгууллага зээл олгохдоо тухай этгээдийн зээлийг эргэн төлөх чадварыг судлах ёстой, мөн зээлийн зориулалтыг гэрээнд тусгаагүй гэж маргажээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Д.О ББСБ ХХК нь хариуцагч Д.А-тай 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 00001123 тоот зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр 00001123 тоот барьцааны гэрээ байгуулж, Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байрны ... тоотод байрлах 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалжээ. Талууд 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 00001123-1 тоот гэрээг байгуулж, өмнөх 00001123 тоот гэрээгээр зээлдүүлсэн 10,000,000 төгрөгийн зээлээс төлөөгүй үлдсэн 8,600,000 төгрөгийн зээл дээр нэмж 40,000,000 төгрөгийн зээлийг олгож, нийт зээлийн үлдэгдэл 48,600,000 төгрөг, хугацааг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 24 сарын хугацаатай буюу 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл сунгаж өөрчлөлт оруулсан ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.2-д 30 хоногт үндсэн зээлийн 3.5 хувийн хүүтэй гэж заасан тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.4-д Зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү нэмж төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.О ББСБ ХХК нь гэрээний эргэн төлөлтийн график зөрчигдсөн үеэс нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

Гэрээний хугацаа 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон бөгөөд тухайн өдрөөс хойш нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны үндсэн зээлд 34,738,831 төгрөг, хүүнд 16,182,202 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,772,157 төгрөг, нийт 53,693,190 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 00001123 тоот барьцааны гэрээний 3.1, 3.2-д заасан барьцаа хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Хариуцагч Д.А нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 34,900,836 төгрөгийн үлдэгдлээс 5-10 сард төлсөн 7,600,000 төгрөгийг хасахад 30,897,109 төгрөгийн үлдэгдэлтэй байх ёстой гэж маргажээ. Хэрэгт авагдсан Хаан банкны дипозит дансны хуулгаас харахад хариуцагч нь 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 3,042,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 3,100,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 14-нд 3,100,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 13-нд 3,100,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 14-нд 3,100,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 14-нд 3,100,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 15-нд 3,100,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 14-нд 2,800,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 15-нд 3,100,000 төгрөг, нийт 27,542,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн ба 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 34,900,836 төгрөг байжээ, үүнээс хойш буюу 2018 оны 5 дугаар сарын 16-нд 1,600,000 төгрөгийг төлсөн ба хариуцагч 2018 оны 3 дугаар сарын 15-наас хойш 7,600,000 төгрөг төлсөн гэх тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Мөн хариуцагч нь нэхэмжлэгч зээлдэгчийн зээлийг эргэн төлөх чадварыг судлаагүй зээл олгосон, зээлийн зориулалтыг гэрээнд тусгаагүй, өндөр настай ээж, бага насны хүүхдээ асардаг, гуяндаа буудуулж хөдөлмөрийн чадвараа алдсан гэх тайлбарыг гаргасан ба зээлийг төлөх чадваргүй байх, гэрээнд зориулалтыг тусгаагүй, бусдыг асардаг байх, хөдөлмөрийн чадвараа алдсан нь гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Иймд хариуцагч Д.А-аас үндсэн зээл 34,738,831 төгрөг, хүүнд 16,182,202 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,772,157 төгрөг, нийт 53,693,190 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.О ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.1.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч Д.А-аас үндсэн зээл 34,738,831 төгрөг, хүүнд 16,182,202 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,772,157 төгрөг, нийт 53,693,190 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.О ББСБ ХХК-д олгосугай.

 

2.Талуудын хооронд байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 00001123 тоот барьцааны гэрээний 3.1, 3.2-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байрны ... тоотод байрлах 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 535,642 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 535,642 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.МӨНХТӨР