Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00461

 

Даймонд очир ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/02592 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2038 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: Даймонд очир ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Ариунболдод холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 53,693,190 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төмөрсүх, М.Баярцэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбасүрэн нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Даймонд очир ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Д.Ариунболдтой 2017.04.13-ны өдөр 00001123 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 10 сая төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж БГД-н 7-р хороо, 4-р хороолол, 29-р байрны 184 тоот Ү-2205004780 дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч Д.Ариунболд 2017.06 сард хүсэлт гаргаснаар 2017.06.14-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт оруулж, хугацааг 14 сараар сунгаж, 40,000,000 төгрөгийг нэмж зээлдүүлэн, нийт 48,600,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 15,261,169 төгрөг, зээлийн хүү 21,855,465 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 131,355 төгрөг, нийт 37,347,989 төгрөг төлсөн. 2018.03.15-ны өдрийг хүртэл хуваарийн дагуу гэрээний үүргээ биелүүлж байсан боловч үүнээс хойш үүргээ биелүүлэхээс санаатай зайлсхийсэн. Иймд үндсэн зээл 34,738,831 төгрөг, хүүд 14,358,414 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,407,400 төгрөг, мөн нэхэмжлэл гаргасан 2019.07.30-с 2019.09.13-ны өдөр хүртэл 45 хоногийн хүү 1,823,788 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 364,757 төгрөг, нийт 53,693,190 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ариунболдын шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Гэрээний дүн 48,600,000 төгрөг байхад нэхэмжлэлд үндсэн зээлээс 15,261,169 төгрөг төлсөн, үлдэгдэл 34,738,831 төгрөг гэж тусгасан нь нийт 50 сая төгрөг болж, 1,400,000 төгрөгөөр зөрж байна. 2018.03.15-ны өдөр хүртэл зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлсөн. Үндсэн төлбөр 34,900,836 төгрөгийн үлдэгдлээс 05 дугаар сараас 10 дугаар сард төлсөн 7,600,000 төгрөгийг хасахад үлдэгдэл төлбөр 30,897,109 төгрөг болох тул энэ дүнг зөвшөөрнө. Мөн нэхэмжлэгчид нийт 20 сая гаруй төгрөгийн хүү төлсөн байдаг. Миний бие өндөр настай ээж, түүний дүү, 2 хүүхэд, охин зэргийг асран халамжилдаг. 2019 оны эхээр цагдаагийн ажилтны буруугаас болж хийн буу алдаж зүүн гуяны дотор талд буудуулж, хөдөлмөрийн чадвараа алдаж хуулийн байгууллагад хохирогчоор шалгагдаж байгаа. Энэ нөхцөл байдлаа нэхэмжлэгч талд хэлэхэд ойлгохыг хүсээгүй. Иймд 30,897,109 төгрөгийг төлөх шийдвэр гаргаж өгнө үү. Нэхэмжлэгч талаас зээлийн хурлын тэмдэглэлийг гаргуулах тухай хүсэлтийг гаргасан боловч байхгүй гэсэн. Тухайн байгууллага нь зээлдэгчийн орлогыг судалсны үндсэн дээр зээл олгох ёстой. Зээлийн гэрээнд зээлийн зориулалтыг тусгаагүй байна. Зээлийн эргэн төлөлтийн бодолтыг бодсон аргачлал нь ойлгомжгүй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 102/ШШ2019/02592 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ариунболдоос үндсэн зээл 34,738,831 төгрөг, хүүнд 16,182,202 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,772,157 төгрөг, нийт 53,693,190 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Даймонд очир ББСБ ХХК-д олгож, талуудын хооронд байгуулсан 2017.04.13-ны өдрийн 00001123 тоот барьцааны гэрээний 3.1, 3.2-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 184 тоотод байрлах 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 535,642 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, хариуцагчаас 535,642 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2038 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/02592 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ариунболдоос зээлийн гэрээний үүрэгт нийт 51,098,093 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Даймонд Очир ББСБ ХХК-д олгосугай гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 535,642 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 413,440 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Ариунболд давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370,200 төгрөгийн 56,471 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбасүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Д.Ариунболд нь 2017.04.13-ны өдөр Даймонд очир ББСБ ХХК-тай харилцан тохиролцож 10,000,000 төгрөг, 2017.06.14-ний өдөр 40,000,000 төгрөгийг тус тус авсан бөгөөд нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг барьцаа хөрөнгөөр барагдуулахаар шаардсан. Магадлалд 102/ШШ2019/02592 тоот шийдвэрийн ... хариуцагч Д.Ариунболдоос үндсэн зээл 34,738,831 төгрөг, хүүнд 16,182,202 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,772,157 төгрөг, нийт 53,693,190 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Даймонд очир ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ гэж шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн нийт үнийн дүнгээс 2,595,097 хасаж тооцсоныг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч байна. Үүнд: МУ-ын Иргэний хуулийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 451.3-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна хэмээн заасан байдаг. Нарийвчилсан зохицуулалт бүхий хууль буюу МУ-ын Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1-т Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид зээлдэгч гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид зээл гэх/ гэнэ, 21.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно, мөн хуулийн 22.2-т Зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана гэжээ. Гэвч нэхэмжлэгч Даймонд очир ББСБ ХХК нь хуулийн энэхүү шаардлагуудыг зөрчиж, Нэгдүгээрт зээлийн зориулалтыг зээлийн гэрээнд заалгүйгээр гэрээ байгуулсан, Хоёрдугаарт Зээлийн дансанд зээлийг шилжүүлэлгүйгээр бэлнээр олгосон зөрчил гаргасан. Хавтаст хэрэгт Д.Ариунболдод 10,000,000 төгрөгийн зээл олгосныг нотлох баримт байдаггүй боловч хариуцагч талаас энэхүү 10,000,000 төгрөгийг хүлээн авсан болохоо үгүйсгэдэггүй. Мөн 40,000,000 төгрөгийн зээлийг олгохдоо зээлийн дансаар дамжуулалгүй бэлнээр өгсөн байдаг. Дээрх зөрчлүүдээс үзэхэд Талуудын хооронд байгуулсан 2017.04.13-ны өдрийн 00001123 тоот барьцааны гэрээний 3.1, 3.2-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу 184 тоотод байрлах 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж шийдвэрлэсэн бөгөөд талуудын хооронд 2017.04.13-ны өдөр байгуулсан 00001123 тоот барьцааны гэрээний 2.1-т Барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг дараах байдлаар тогтооно. 2.1.1. 10,000,000 төгрөг гэсэн байдаг. Гэвч нэхэмжлэгч талаас Зээлийн гэрээнд нэмэлт оруулж, нэмж 40,000,000 сая төгрөг зээлэхдээ мөн Барьцааны гэрээнд нэмэлт оруулж, барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг ихэсгэх ёстой атал барьцааны нэмэлт гэрээ байгуулаагүй нь дээрх 2017.04.13-ны өдөр нэхэмжлэгч ба хариуцагч талуудын хооронд байгуулсан гэх Зээлийн болон Барьцааны гэрээ нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс 2017.04.13-ны өдөр болон 2017.06.14-ний өдөр Даймонд очир ББСБ ХХК-иас авсан 50,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийн төлөгдөөгүй үлдэгдэл болох 11,252,011 төгрөгийг төлөх саналтай байгаа бөгөөд талуудын хооронд байгуулсан Зээлийн болон Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Магадлалын 39,846,082 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Даймонд-Очир ББСБ ХХК, Д.Ариунболдод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51,504,645 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн үүрэг шаардсан нэхэмжлэлээ нэмэгдүүлж, үндсэн зээл 34,738,831 төгрөг, хүү 16,182,202 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,772,157 төгрөг, нийт 53,693,190 төгрөг гаргуулахыг хүссэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус, хэлцлээр шилжүүлсэн мөнгөний үлдэх хэсгийг төлнө гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Харин анхан шатны шүүх зээлийн гэрээний нэмэлт үүрэг шаардсан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой зөв баримтлаагүй, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулаагүйгээс гадна тус шүүх төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрт өөрчлөлт оруулсан боловч нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоогүйг засаж зөвтгөн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулав.

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо, ...зээлийн зориулалтыг гэрээнд заагаагүй, мөнгийг дансанд бус бэлнээр олгосон нь банк эрх бүхий этгээдийн үйл ажиллагааг зохицуулсан хуулийг зөрчсөн тул зээлийн гэрээ, нэмж мөнгө авахдаа барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй тул барьцааны гэрээ тус тус хүчин төгөлдөр бус гэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан 2017.04.13-ны өдрийн №00001123 тоот зээлийн гэрээгээр Н.Ариунболд Даймонд Очир ББСБ ХХК-аас 10,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлэх, хугацааг хэтрүүлбэл үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, мөн өдөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 184 тоотод байрлах 3 өрөө орон сууцаар хангуулахаар барьцааны гэрээ, 2017.06.14-ний өдөр өмнөх зээлийн гэрээний үлдэх төлбөрийг тооцон нэмж 40,000,000 төгрөг авч, үндсэн зээлийг 48,000,000 төгрөг болгож, хугацааг 24 сараар сунгаж нэмэлт гэрээ тус тус байгуулсан нь тогтоогджээ.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээж, бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж болно.

Зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ байгуулагдсан тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасантай нийцсэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээг бичгээр байгуулахаас гадна улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хуулийн дээрх шаардлагыг хангажээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.4-т банк зээлийг тодорхой зориулалтаар олгохоос гадна зээлийн мөнгийг зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийж олгохыг заасан, нэхэмжлэгч Даймонд Очир ББСБ ХХК-ийн санал болгож буй зээлийн гэрээнд зээлийн зориулалтыг тусгаагүй, мөнгөн хөрөнгийг дансаар бус бэлнээр олгосон нь зөрчилтэй хэдий ч уг зөрчил гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлүүдэд хамаарахгүй юм.

Талууд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 2017.04.13-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байх нөхцөлийг харилцан тохирсон байх тул барьцаагаар хангагдах үүргийн хэмжээг өөрчилж нэмэлт гэрээ байгуулаагүйгээс гэрээ хүчин төгөлдөр бус гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бөгөөд гэрээний талуудын хэн аль нь үүргийн гүйцэтгэлийг харилцан шаардах эрхтэй.

2. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгч зээлийн тооцооллыг алдаатай хийж 406,552 төгрөгийг илүү нэхэмжилснийг анхан шатны шүүх анхаараагүй гэж уг мөнгийг хасаж тооцсоныг үгүйсгэх үндэслэлгүйгээс гадна үндсэн зээлийн төлөөгүй хэсэг, гэрээний хугацааны дутуу төлсөн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тус шүүхийн дүгнэлт гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцжээ. Түүнчлэн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан өдрөөр үүргийн хэмжээг тодорхойлоход үүрэг үүсэх зарчимд харшлахгүй гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн 2,188,545 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийт 51,098,093 төгрөгийн шаардлагыг хангасанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. Анхан шатны шүүх хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагыг шийдвэрлэхдээ тухайн нэмэлт үүргийн шаардлага гаргах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүйгээс гадна нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосноо шийдвэрлээгүй нь алдаатай болсныг залруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй ба хариуцагч Д.Ариунболд үүргээ сайн дураар гүйцэтгээгүй бол үүргийн гүйцэтгэлийг түүний өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэх нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцнэ. Анхан шатны шүүх барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлэхдээ дээрх хуулийн зохицуулалтыг баримтлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасантай нийцээгүйг давж заалдах шатны шүүх засаагүй байна.

 Дээр дурдсанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2038 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/02592 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 452.2 гэсний дараа 453 дугаар зүйлийн 453.1 гэж нэмж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс 2.595.097 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтад Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 184 тоотод байрлах 40 м/к талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж, 3 дахь заалтад хариуцагчаас 535.642 төгрөгийг гаргуулж гэснийг хариуцагчаас 413,440 төгрөгийг гаргуулж гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т, 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 357,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД