Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2185

 

С.T-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02290 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.T-ийн хариуцагч “О” ХХК-д холбогдуулан гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4558 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, “О” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн НR0063 хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , хариуцагчийн өмгөөлөгч О.М , Д.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Т  нь 2012 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “О” ХХК-д Хүнсний ахлах технологичийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Тус байгууллагад Уурхайн дэд бүтэц, үйлчилгээ Кемп болон сайт үйлчилгээний хэлтсийн Хүнсний ахлах технологич ажлын байранд ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн HR0063 дугаар тушаалаар ажлаас халагдсан. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “О” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 4558 тоот Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гарсан. Түүнийг эс зөвшөөрч сахилгын арга хэмжээг үндэслэлгүй, нотлогдоогүй, судалгааны ажлыг дутуу, хуурамчаар хийсэн гэж хүлээж аваагүй. Улмаар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус компанийн хүний нөөцийн менежер Л-д зөвхөн өөрийн гарт нь гэж хаяглан дахин шийдвэрээ харах, захиргааны арга хэмжээг буцааж татах тухай хүсэлтийг, гэрээт компанийн нууцлалтай холбоотой баримтуудыг хавсаргаж өгсөн. Гэтэл хүлээн авснаас хойш 9 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 5698/HR тоот өргөдлийн хариу гэсэн албан бичгийг гардуулсан. Үүнээс хойш ойролцоогоор 30-40 минутын дараа тус компанийн хүний нөөцийн хэлтсийн ажилтан Б.Б  уг тушаалыг техникийн алдаа гарсан байна гэж хэлээд буцааж авсан. Ийнхүү буцааж авсны дараа 3 хоногийн дараа 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 5698/HR тоот өргөдлийн хариу гэсэн албан бичгийг өгсөн. Гэтэл энэ 2 албан бичгийг харьцуулбал техникийн алдаа бус, харин агуулгын зөрүүтэй албан бичгүүд байсан. Тодруулбал, өмнөх албан бичиг нь өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн агуулгатай албан бичиг байсан бол дараагийнх нь таны өргөдлийн уян хатан байдлаар авч үзэхэд бэлэн байна гэсэн агуулгатай албан бичгийг өгсөн. Ийнхүү сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаа эргэн харахыг хүссэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх гэж байгаа юм байна гэсэн хүлээлттэй байсан тул шүүхэд хандаагүй. Улмаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хариу өгөөгүй тул тус өдөр сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандах гэж бэлтгэж байтал 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлын Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай HR0063 тоот тушаалыг гардуулсан. Сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаал нь нотлогдоогүй, үндэслэлгүй тушаал гэж гомдол гаргасан байхад уг тушаалыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн давтан зөрчил гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл өмнөх сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах өргөдөл гаргасан байхад түүнийг ажил олгогчийн зүгээс эцэслэн шийдвэрлэсэн хариу өгөөгүй атлаа давтан зөрчил гэж үзсэн.

Иймд дээрх үндэслэлүүдээр “О” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4558 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, “О” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №HR 0063 хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөлт хийлгэж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж нэхэмжлэлийг шаардлага гаргаж байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн С.Т ийн “О” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

“О” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4558 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын талаар.

С.Т нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр уурхайн талбарын Мазаалай хоолны газарт гэрээт компанийн ажилтнуудтай бүдүүлэг, зохисгүй үг хэллэг ашиглан боловсон бус харьцаж компанийн дүрэм журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн тул түүнд бичгээр өгөх сануулах шийтгэлийг “О” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4558 дугаар тушаалаар сахилгын сануулах шийтгэлийг ногдуулсан байдаг. Нэхэмжлэгч С.Т сануулах шийтгэл ногдуулсан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4558 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу нэхэмжлэлийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.

С.Т нь “О” ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүнээр 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй, үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олоных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нъ холбогдуулан сахилгын шийтгэл хүлээлгэхийг хориглоно гэж заасны зөрчиж ажлаас халсан, мөн Улмаар С. Т би 2012 оноос эхэлж тус компанид ажиллаж байх хугацаандаа “О” ХХК, “О” ХХК-ийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээ 2013 оноос 2015 он, 2016 оноос 2017 он, 2018 оноос 2023 оны Хамтын хэлэлцээ, хамтын гэрээнд биечлэн 3 удаа оролцсон. Улмаар сүүлд 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хамтын хэлэлцээрт оролцож, хамтын гэрээг байгуулсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт Хэлэлцээнд оролцож байгаа, үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн ажилтан, зохих дээд шатны байгууллагаас нь урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр тухайн сонгуульт ажилтай нь холбогдуулж сахилгын шийтгэл ногдуулах, тэднийг хэлэлцээнд оролцсоных нь төлөө өөр ажилд шилжүүлэх буюу ажил олгогчийн санаачилгаар хэлэлцээний туршид болон хэлэлцээр дууссанаас хойш нэг жилийн дотор ажлаас халахыг хориглоно гэж заасныг зөрчиж ажлаас халсан гэх үндэслэлийн талаар ажлаас халах гэдэг бол Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан сахилгын шийтгэлийн нэг төрөл болно. “О” ХХК нь С.Т  хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухайн Монгол улсын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг буюу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр цуцалсан болно. Түүнээс биш ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халаагүй.

Өнөөдрийг хүртэл буюу 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар “О” ХХК Үйлдвэрчний эвлэлийн хорооноос “О” ХХК-д Хөдөлмөрийн тухай хуулийн 115-р зүйлд зааснаар тавьсан нэг ч шаардлага байхгүй. Гэтэл Сүхбаатар дүүргийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/385 дугаар захирамж гаргаж хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн тул тухайн захирамжийг хүчингүй болгуулахаар “О” ХХК-аас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хамтын маргаан үүсгэх шаардлага тавигдаагүй тул маргааныг шийдвэрлэсэн гэх үйл баримт, хууль зүйн факт бас байхгүй. Мөн нэхэмжлэгч ямар хамтын маргаан шийдвэрлэхэд оролцож халагдсан гэж байгаа нь огт ойлгомжгүй төдийгүй тодорхойгүй.

“О” ХХК нь С.Т тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр цуцалсан болохыг дахин дурдах нь зүйтэй болов уу. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ч мөн хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага байгаа бөгөөд энэхүү шаардлагын нотлох баримтаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг нэхэмжлэлдээ хавсарган өгсөн байна. Дээр дурдсаныг дүгнэхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хууль зүйн үндэслэлүүд нь үндэслэлгүй, зарим шаардлага, хууль зүйн үндэслэлүүд нотлох баримтгүй байна. Иймд нэхэмжлэгч С.Т ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д зааснаар хариуцагч “О” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4558 тоот тушаалаар нэхэмжлэгч С.Т т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Т ийг “О” ХХК-ний хүнсний ахлах технологичийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “О” ХХК-аас 77 775 028 төгрөг /далан долоон сая долоон зуун далан таван мянга хорин найман/ гаргуулж, нэхэмжлэгч С.Т т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Т ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу нөхөн бичилт хийхийг хариуцагч “О” ХХК-д даалгаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 зүйлийн 41.1.5-д зааснаар С.Т  нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, “О” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 546 825 төгрөг гаргуулан төсвийн дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э  давж заалдах гомдолдоо:

… Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх талуудын мэтгэлцэх эрхийг хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлдэг. Мэтгэлцэх эрх нь хэргийн оролцогчдын үндсэн эрх бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим байдаг. Гэтэл анхан шатны шүүх уг үндсэн зарчмыг зөрчиж, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 9 цагт товлогдсон байсан бөгөөд уг шүүх хуралд хариуцагч “О” ХХК-аас шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , өмгөөлөгч Д.Э , О.М  нар тус шүүхийн үндсэн байранд 8 цаг 35 минутад ирсэн байсан. Шүүхийн байранд ирээд шүүх хуралдааны зарыг харахад зар дээр хуралдааны танхимыг заагаагүй байсан тул шүүхийн цагдаагаас лавлаж асуухад нарийн бичгийн дарга дуудна хүлээгээд сууж байгаарай гэсэн. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь тухайн хэрэгт шинээр оролцож байгаа тул шүүгчийн туслахын утасны дугаарыг мэдээгүй. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хуралдааны ирцийг бүртгэж. хэргийн оролцогчдыг хурлын зааланд оруулдаг тул нарийн бичгийн дарга биднийг дуудна гэж бодоод шүүхийн үндсэн байрны хүлээлгийн зааланд сууж байсан. Гэтэл шүүх хурлын цаг болох гээд байхад нарийн бичгийн дарга дуудахгүй болохоор нь тэнд байсан өөр шүүгчийн туслахаас А.Мөнхзул шүүгчийн туслах хаана суудаг вэ гэж асуухад шүүхийн 3 дугаар байранд суудаг гэж хэлсэн. Тиймээс шууд гараад шүүхийн 3 дугаар байранд очиход 9 цаг 02 минут болж байсан. Шүүхийн цагдаа шүүгч дөнгөж сая хурлын танхимдаа орчихсон гэж хэлсэн. Шүүхийн 3 дугаар байрны хүлээлгийн заалны бичлэгээс харахад шүүгч хурлын танхимд ороод 27 секундийн дараа хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн 3 дугаар байранд орж ирсэн байдаг. Биднийг шүүхийн 3 дугаар байранд орж ирэхэд А.Мөнхзул шүүгчийн туслах н.Гатдандагва цагдаагийн хажууд байсан тул түүнд учир байдлаа тайлбарлаж, бид шүүх хуралдаа оролцох хүсэлтэй байгааг шүүгчид уламжилж өгөхийг хүссэн боловч тэрээр шүүх хурал цагтаа эхэлсэн. Та нар мэдсээр байж яах гэж нөгөө байранд суугаад байсан юм. Надад тэр асуудал чинь хамаагүй гээд гараад явчихсан. Бид шүүхийн цагдаагаар дамжуулан шүүх хуралд оролцох хүсэлтэй байгаагаа шүүх хуралдааны нарийн бичигт дамжуулсан боловч шүүгч зөвшөөрөөгүй гээд оруулаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд оролцохыг хүссэн хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид хэргийн маргаантай үйл баримтын талаар хоорондоо хэлэлцэх буюу шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг танилцуулж эхэлснээр шүүх хуралдаан эхэлдэг. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө талууд шүүхэд хүсэлт, нотлох баримт гарган өгөх эрхтэй бөгөөд шүүх гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэдэг. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн 3 дугаар байранд ирэх үед шүүгч шүүх хуралдааны танхимд ороод 27 секундийн хугацаа өнгөрч байсан буюу шүүх хуралдаан эхлээгүй, дөнгөж талуудын ирцийг бүртгэж байсан. Энэ тохиолдолд шүүх хэргийн оролцогчийн үндсэн эрхийг хангаж, шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангах үүрэгтэй байсан боловч хүсэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан байна. Ингэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим зөрчигдсөн төдийгүй шүүх хэргийн үйл баримтыг тал бүрээс нь, бүрэн дүүрэн судлах боломжийг хязгаарласан байна. Хариуцагчийн эзгүйд түүний тайлбарыг сонсохгүйгээр хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй буюу гагцхүү нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, судлуулсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүх хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдыг танхимаас тусгаарлаагүй. Хүсэлт шийдвэрлэсэн захирамж гаргаагүй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх шийдвэрээ гагцхүү зөвлөлдөх тасалгаанд гаргах үүрэгтэй. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахаас гадна хэргийн талаар гадны нөлөөгүй, бодитой шийдвэр гаргах нөхцөлийг хангах зорилготой. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд ороогүй. Шүүх хуралдааны оролцогчдыг тусгаарлаагүй шийдвэр гаргасан байдаг. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил төдийгүй шүүх аливаа нөлөөлөлд автахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ төрөхөд хүргэж байна.

Шүүх нөлөөллийн мэдүүлэгт талуудаар гарын үсэг зуруулаагүй тухайд

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлгийг хөтөлнө мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт шүүгч нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар хэрэг үүсгэсэн даруйд тухайн хэргийн оролцогчид тайлбарлан, энэ тухай баримтжуулна гэж тус тус зохицуулсан байдаг. Уг зохицуулалтуудын дагуу анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул нь хэргийг хүлээн авмагцаа хэргийн оролцогчдод нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж, гарын үсэг зуруулах үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх уг үүргээ зөрчиж, талуудаар нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулаагүй байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил төдийгүй шүүх аливаа нөлөөлөлд автахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн эсэх татаар үндэслэл бүхий эргэлзээ төрөхөд хүргэж байна.

Нотлох баримтыг буруу үнэлсэн. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ажил олгогч нь ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалаа Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан байх боловч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5698/НК дугаартай тушаалд холбогдох гомдлыг бүрэн шийдвэрлээгүй байхад сахилгын давтан зөрчил гаргасан үндэслэлээр ажилтныг ажлаас халсан нь үндэслэлгүй байна гэж үзжээ.

Шүүх гагцхүү 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5698/НR дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал болон 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №НR0063 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал үндэслэлтэй эсэхийг тогтоох замаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхийг тогтоох ёстой. Гэтэл уг тушаалуудын үндэслэлийн нотлох баримтуудыг огт үнэлэхгүйгээр гагцхүү сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал хүчин төгөлдөр болоогүй гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтуудад тус тус нийцээгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байх тул шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.

 

            Нэхэмжлэгч С.Т  нь “О” ХХК-д холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4558 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, “О” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн НR0063 хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч талын шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх боломжийг хангаагүй гэсэн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэв.

 

            2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Навчаад 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр мэдэгдсэн баримтад шүүх хуралдааны танхимын байршлыг заагаагүй байх бөгөөд хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн 1 дүгээр байранд товлосон цаг буюу 09 цаг 00 минутаас өмнө ирсэн нь давж заалдах гомдолд хавсаргасан бичлэгээр тогтоогдож байна.

 

Бичлэгээс үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаан товлосон 09 цаг 00 минут болоход жижүүрээс асууснаар хуралдаан болж буй 3 дугаар байр руу ирсэн, тэднийг ирэхээс 37 секундийн өмнө шүүгч хуралдааны танхимд орсон нь харагдаж байна.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл 09 цаг 00 минутад хуралдаан эхэлсэн байх бөгөөд нэгэнт хүрэлцэн ирсэн хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах боломжтой байсан гэж үзнэ.

 

Шүүх хуралдааныг нээх, ирцийг бүртгэх, шүүх бүрэлдэхүүн, оролцогчдыг танилцуулж, татгалзлыг асуух, эрх үүргийг тайлбарлах ажиллагаа 37 секундэд буюу 1 минут хүрэхгүй хугацаанд дуусч хэргийг хэлэлцэж эхэлсэн байх боломжгүй.

 

Иймд шүүх хариуцагч талын шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж хэргийг түүний эзгүйд шийдвэрлэснийг зөвтгөх үндэслэлгүй, хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан зохигчийн эрхийг зөрчсөн, шүүхийн өмнө талууд эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх тухай мөн хуулийн 6 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Шүүх хуралдааны даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай Ерөнхий шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 181/ЕШ2019/01594 дугаар захирамжаар А.Мөнхзул шүүгчийг томилжээ.

 

Хэрэгт А.Мөнхзул шүүгч нь нөлөөллийн мэдүүлгийг хэргийн оролцогч нарт танилцуулсан талаарх баримт авагдаагүй байх тул Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар нөлөөллийн мэдүүлгийг хөтлөөгүй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцээж хийх, хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Харин хүсэлт шийдвэрлэсэн захирамж бичгээр гаргаагүй гэх гомдол үндэслэлгүй, шүүх хуралдааны үед гарсан хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шийдвэрлэсэн талаар хуралдааны тэмдэглэлд тусгасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг зөрчихгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02290 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 687 225 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

А.ОТГОНЦЭЦЭГ