Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00490

 

С.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02290 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2185 дугаар магадлалтай,

С.Т-ийн нэхэмжлэлтэй,

О” ХХК-д холбогдох,

Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4558 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах нь HR0063 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Банзрагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Гүрбадам нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангарав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Банзрагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмаа, хариуцагчийн өмгөөлөгч О.Майцэцэг, Д.Энхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Банзрагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Содном овогтой Туяацэцэг нь 2012 оны 08 сарын 05 нд “О” ХХК-д Хүнсний ахлах технологич ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Тус байгууллагад Уурхайн дэд бүтэц, үйлчилгээ-Кемп болон сайт үйлчилгээний хэлтсийн Хүнсний ахлах технологич ажлын байранд ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 сарын 22-ны өдрийн HR0063 дугаар тушаалаар ажлаас халагдсан.

2018 оны 11 сарын 21-ний “О” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 4558 тоот Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гарсан. Түүнийг эс зөвшөөрч Сахилгын арга хэмжээ-г үндэслэлгүй, нотлогдоогүй, судалгааны ажлыг дутуу, хуурамчаар хийсэн гэж хүлээж аваагүй.

Улмаар 2018 оны 12 сарын 03-ны өдөр тус компанийн хүний нөөцийн менежер Лаура Томас-д зөвхөн өөрийн гарт нь гэж хаяглан Дахин шийдвэрээ харах, захиргааны арга хэмжээг буцааж татах тухай хүсэлтийг, гэрээт компанийн нууцлалтай холбоотой баримтуудыг хавсаргаж өгсөн. Гэтэл хүлээн авснаас хойш 9 хоногийн дараа буюу 2018.12.19-ны өдөр 5698/ HR тоот Өргөдлийн хариу гэсэн албан бичгийг гардуулсан. Үүнээс хойш ойролцоогоор 30-40 минутын дараа тус компанийн хүний нөөцийн хэлтсийн ажилтан Б.Байгальмаа уг тушаалыг техникийн алдаа гарсан байна гэж хэлээд буцааж авсан. Ийнхүү буцааж авсны дараа 3 хоногийн дараа 2018.12.19-ны өдөр 5698/ HR тоот Өргөдлийн хариу гэсэн албан бичгийг өгсөн. Гэтэл энэ 2 албан бичгийг харьцуулбал техникийн алдаа бус, харин агуулгын зөрүүтэй албан бичгүүд байсан. Тодруулбал, өмнөх албан бичиг нь Өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн агуулгатай албан бичиг байсан бол дараагийнх нь Таны өргөдлийг  уян хатан байдлаар авч үзэхэд бэлэн байна. гэсэн агуулгатай албан бичгийг өгсөн.

Ийнхүү сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаа эргэн харахыг хүссэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх гэж байгаа юм байна гэсэн хүлээлттэй байсан тул шүүхэд хандаагүй. Улмаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийг хүртэл хариу өгөөгүй тул тус өдөр сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандах гэж бэлтгэж байтал 2019 оны 01 сарын 22-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлын Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай HR 0063 тоот тушаалыг гардуулсан.

Сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаал нь нотлогдоогүй, үндэслэлгүй тушаал гэж гомдол гаргасан байхад уг тушаалыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн давтан зөрчил гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл өмнөх сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах өргөдөл гаргасан байхад түүнийг ажил олгогчийн зүгээс эцэслэн шийдвэрлэсэн хариу өгөөгүй атлаа давтан зөрчил гэж үзсэн.

С.Т нь “О” ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүнээр 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй, үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл хүлээлгэхийг хориглоно.” гэж заасныг зөрчиж ажлаас халсан болно.

Улмаар С.Т би 2012 оноос эхэлж тус компанид ажиллаж байх хугацаандаа “О” ХХК, “О” ХХК-ийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээ 2013-2015, 2016-2017, 2018-2023 оны Хамтын хэлэлцээ, хамтын гэрээнд биечлэн 3 удаа оролцсон. Улмаар сүүлд 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хамтын хэлэлцээрт оролцож, хамтын гэрээг байгуулсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8. дахь хэсэгт “Хэлэлцээнд оролцож байгаа, үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн ажилтан, сонгуультанд зохих дээд шатны байгууллагаас нь урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр тухайн сонгуульт ажилтай нь холбогдуулж сахилгын шийтгэл ногдуулах, тэднийг хэлэлцээнд оролцсоных нь төлөө өөр ажилд шилжүүлэх буюу ажил олгогчийн санаачилгаар хэлэлцээний туршид болон хэлэлцээ дууссанаас хойш нэг жилийн дотор ажлаас халахыг хориглоно.” гэж заасныг зөрчиж ажлаас халсан.

Иймд дээрх үндэслэлүүдээр “О” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 4558 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, “О” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №HR 0063 хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөлт хийлгэж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж нэхэмжлэлийг шаардлага гаргаж байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Навчаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“О” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4558 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын талаар.

С.Т нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр уурхайн талбарын Мазаалай хоолны газарт гэрээт компанийн ажилтнуудтай бүдүүлэг, зохисгүй үг хэллэг ашиглан боловсон бус харьцаж компанийн дүрэм журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн тул түүнд бичгээр өгөх сануулах шийтгэлийг “О” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4558 дугаар тушаалаар сахилгын сануулах шийтгэлийг ногдуулсан байдаг.

Нэхэмжлэгч С.Т сануулах шийтгэл ногдуулсан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4558 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг гаргаж өгөөгүй байхад шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу нэхэмжлэлийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.

“О” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №НК0063 хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал болон Сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаал нь нотлогдоогүй, үндэслэлгүй тушаал гэж гомдол гаргасан байхад уг тушаалыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн давтан зөрчил гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, өмнөх сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах өргөдөл гаргасан байхад түүнийг ажил олгогчийн зүгээс эцэслэн шийдвэрлэх хариу өгөөгүй атлаа давтан зөрчил гэж үзсэн гэх үндэслэлүүдийн талаар.

Дээр дурдсанчлан С.Тийн 2018 оны оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан зөрчилтэй нь холбогдуулан сахилгын сануулах шийтгэлийг Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4558 дугаар тушаалаар ногдуулсан.

Гэтэл сахилгын эцсийн сануулах шийтгэлийн хүчинтэй байх хугацаанд “О” ХХК-ийн Кэмп, уурхайн талбарын үйлчилгээ хариуцсан менежер Ж.Чинбаттай харилцахдаа сүрдүүлсэн, заналхийлсэн үг хэрэглэсэн сахилгын зөрчлийг сахилгын эцсийн сануулах шийтгэлийн хүчинтэй байх хугацаанд гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Түүнээс С. Туяацэцэгийн ... өргөдөл ... шийдвэрлэх хариу өгөөгүй атлаа давтан зөрчил гэж үзсэн ... гэх зүйл биш болно.

С.Т нь “О” ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүнээр 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй, үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл хүлээлгэхийг хориглоно” гэж заасны зөрчиж ажлаас халсан болно, мөн улмаар С. Туяацэцэг би 2012 оноос эхэлж тус компанид ажиллаж байх хугацаандаа “О” ХХК, “О” ХХК-ийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээ 2013-2015, 2016-2017, 2018-2023 оны Хамтын хэлэлцээ, хамтын гэрээнд биечлэн 3 удаа оролцсон. Улмаар сүүлд 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хамтын хэлэлцээрт оролцож, хамтын гэрээг байгуулсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Хэлэлцээнд оролцож байгаа, үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн ажилтан, сонгуультанд зохих дээд шатны байгууллагаас нь урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр тухайн сонгуульт ажилтай нь холбогдуулж сахилгын шийтгэл ногдуулах, тэднийг хэлэлцээнд оролцсоных нь төлөө өөр ажилд шилжүүлэх буюу ажил олгогчийн санаачилгаар хэлэлцээний туршид болон хэлэлцээр дууссанаас хойш нэг жилийн дотор ажлаас халахыг хориглоно” гэж заасныг зөрчиж ажлаас халсан гэх үндэслэлийн талаар Ажлаас халах гэдэг бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан сахилгын шийтгэлийн нэг төрөл болно. “О” ХХК нь С.Т хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг буюу Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр цуцалсан болно. Түүнээс биш ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халаагүй.

Мөн “О” ХХК нь С.Тт түүний сонгуульт үүрэгтэй холбогдуулан, мөн хамтын гэрээний хэлэлцээнд оролцсоных нь төлөө ямар ч сахилгын шийтгэл ногдуулаагүй бөгөөд ногдуулж байгаагүй болно. Нэхэмжлэгч мөн ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэл-ийн шаардлага болон шаардлагынхаа хууль зүйн үндэслэлээ андуурсан байна гэж ойлгогдож байна.

“О” ХХК нь ажилчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж “О” ХХК болон тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд хамтын маргаан үүссэн байгаа болно. Ийнхүү хамтын маргаан үүссэн байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэхэд оролцсон ажилтны төлөөлөгчдийг хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх үед сахилгын шийтгэл ногдуулах, өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халахыг хориглоно гэж заасныг зөрчиж ажлаас халсан гэх үндэслэлийн талаар.

Өнөөдрийг хүртэл буюу 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар “О” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос “О” ХХК-д Хөдөлмөрийн тухай хуулийн 115-р зүйлд зааснаар тавьсан нэг ч шаардлага байхгүй.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээс 2018 оны 12 дугаар сарын 11 -ний өдрийн А/385 дугаар захирамж гаргаж хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн тул тухайн захирамжийг хүчингүй болгуулахаар “О” ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хамтын маргаан үүсгэх шаардлага тавигдаагүй тул маргааныг шийдвэрлэсэн гэх үйл баримт, хууль зүйн факт бас байхгүй. Мөн нэхэмжлэгч ямар хамтын маргаан шийдвэрлэхэд оролцож халагдсан гэж байгаа нь огт ойлгомжгүй төдийгүй тодорхойгүй байна.

“О” ХХК нь С.Ттэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр цуцалсан болохыг дахин дурдах нь зүйтэй болов уу.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ч мөн хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага байгаа бөгөөд энэхүү шаардлагын нотлох баримтаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг нэхэмжлэлдээ хавсарган өгсөн байна.

Дээр дурдсаныг дүгнэхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хууль зүйн үндэслэлүүд нь үндэслэлгүй, зарим шаардлага, хууль зүйн үндэслэлүүд нотлох баримтгүй байна. Иймд нэхэмжлэгч С.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02290 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д зааснаар хариуцагч “О” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4558 тоот тушаалаар нэхэмжлэгч С.Тт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Тийг “О” ХХК-ийн хүнсний ахлах технологчийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “О” ХХК-иас 77 775 028 төгрөг /далан долоон сая долоон зуун далан таван мянга хорин найман/ гаргуулж, нэхэмжлэгч С.Тт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч С.Тийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу нөхөн бичилт хийхийг хариуцагч “О” ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 зүйлийн 41.1.5-д зааснаар С.Т нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 546 825 төгрөг гаргуулан төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2185 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02290 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 687 225 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Банзрагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Гүрбадам нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2019 оны 12 сарын 20-ны өдөр С.Тийн нэхэмжлэлтэй “О” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь уг магадлалыг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн давж заалдах шатны шүүхэд хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа хавсаргаж өгсөн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас гаргасан СD бичлэгийг зөв үнэлээгүйгээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 он 11 сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02290 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаасанд гомдолтой байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 2185 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02290 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Т нь “О” ХХК-д холбогдуулан Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4558 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах нь HR0063 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, “...давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хариуцагчаас гомдолд хавсаргаж өгсөн баримтыг зөв үнэлээгүйгээс магадлал үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү....” гэжээ.

Давж заалдах шатны шүүх: “... анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, ...шүүгч нөлөөллийн мэдүүлгийг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй зөрчил гаргасан” гэх үндэслэл зааж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2., 167 дугаар зүйлийн 167.1.5.-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2.-т шүүх хэргийн болон шүүх хуралдааны оролцогчид шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх үүрэгтэй.

Энэ нь хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2.-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлэх, улмаар шүүхэд хандаж өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээр үг хэлэх, тайлбар өгөх, нотлох баримт гаргах зэрэг мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх тэгш боломжийг зохигчид олгосон, шүүх хуралдааныг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх үндэслэл болно.

Шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад шүүх хуралдаан болох танхимыг тодорхой заагаагүйгээс хариуцагч шүүх хуралдаанаас хоцорсон нь шүүхийн ажлын зохион байгуулалт, хариуцлагагүй байдлаас шалтгаалжээ.

Иймд хариуцагчид шүүх хуралдаанд оролцож, эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийг оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д заасан шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх тухай зохицуулалт нь хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар хэрэг үүсгэсэн даруйд тухайн хэргийн оролцогчдод тайлбарлан таниулах зорилготой, энэ ажиллагааг хэрэг үүсгэсэн даруйд хэрэгжүүлэх бөгөөд тухайн хэрэгт нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн бол дахин хөтлөх шаардлагагүй.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй боловч энэ нь магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2185 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Банзрагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Гүрбадам нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД