Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2019/01817

 

              

 

 

 

2019 оны 10 сарын 22 өдөр

   Дугаар 182/ШШ2019/01817

      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: “ББФ” ХКК

Хариуцагч: “ИК” ХХК  

ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 13.600.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн алдангид 4.760.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ББФ” ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “ИК” ХХК-тай харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүргийн “Эм Эм Эс” ХХК-ийн оффис, засвар үйлчилгээ агуулахын барилгын ажлыг гүйцэтгэх, захиалагч нь гэрээнд тохирсон хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон. “ИК” ХХК нь урьдчилгаа болох 17.000.000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, хоёр дахь төлбөр болох 17.000.000 төгрөгийг мөн оны 05 дугаар сарын 31-ний өдөр, гурав дах төлбөр болох 17.000.000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төлсөн. Үүнээс хойш манай компани нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлын гүйцэтгэлээ 96 хувь гүйцэтгэж, талууд харилцан тохиролцож акт үйлдсэн. Гэтэл “ИК” ХХК нь манай компанийн 20 хувийн ажлын гүйцэтгэлийн төлбөр болох 13.600.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байна. Иймд “ИК” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн дагуу үлдэгдэл төлбөр болох 13.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2019 оны 07 дугаар сарын 05-нд ажлын гүйцэтгэл 75 хувьд хүрсэн тул хоёр дахь дундын санхүүжилт олгох хүсэлтийн дагуу хариуцагч компанийн захирал М.Анхзаяа ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж ажлын гүйцэтгэлийг 75 хувьд хүрсэн гэж тооцон гэрээний 17.000.000 төгрөгийг тухайн өдөрт нь шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч танилцаагүй. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ИК” ХХК нь “ББФ” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу “Эм Эм Си” ХХК-ийн оффис, засвар үйлчилгээ агуулахын барилгын ажлыг, тухайлбал,

1. Настель дээрх шалны цутгалтын ажил /арматуртай/ - 2.946 м.кв,

2. Газар дээрх шалны цутгалт /дам нуруутай/ - 2451м.кв

3. Парпетны цутгалтын ажил-149 м.кв гэсэн ажлуудыг “ББФ” ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх 36 хоногийн дотор хийж гүйцэтгэх, ажлын хөлсөнд “ИК” ХХК 68.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

Төлбөр төлөх графикийг тус гэрээний 2.4 дэх хэсэгт тусгайлан заасан ба сүүлийн буюу 4 дэх санхүүжилтийг ажил гүйцэтгэл 100 хувь хүрэхэд олгоно гэж тодорхой тусгасан. Гэрээт ажлын хүрээнд манай компанийн зүгээс санхүүжилтийг гэрээнд заасны дагуу цаг тухай бүр нь олгож байсан бөгөөд “ББФ” ХХК-ийн хүсэлтээр 2019 оны 07 дугаар сарын 05-нд ажлын гүйцэтгэл 75 хувьд хүрсэн тул хоёр дахь дундын санхүүжилт олгох хүсэлтийн дагуу компанийн захирал М.Анхзаяа ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж ажлын гүйцэтгэлийг 75 хувьд хүрсэн гэж тооцон гэрээний 17.000.000 төгрөгийг тухайн өдөрт нь шилжүүлсэн юм.

Гэтэл нэхэмжлэгч “ББФ” ХХК нь үндэслэлгүйгээр гэрээний сүүлийн санхүүжилтийг нэн даруй олгохыг шаардсан ба ажил гүйцэтгэл 100 хувьд хүрэхэд санхүүжилтийг олгоно гэдэг хариуг өгөхөд “ББФ” ХХК нь барилгын талбай дээрх ажлаа зогсоож, 2019 оны 07 дугаар сарын 07-ны өглөө хүндэтгэх шалтгаангүйгээр ажлын талбайгаас тоног төхөөрөмжөө хураан авч, ажлаа хаяж явсан тул тус компанитай байгуулсан гэрээг цуцалсан. “ББФ” ХХК нь анхнаасаа гэрээнд заасан хугацаанаас хоцорч ажил гүйцэтгэл удааширч байсан ба ажлаа орхиж явсан тул “Өлзийт хангайн бүрд” ХХК-иар үлдэгдэл ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Одоо ч зарим нэг зүйл дуусаагүй байгаа. Манай компанийн зүгээс “ББФ” ХХК-тай ажлын үр дүнг дүгнэж “гүйцэтгэлийн тайлан” гэх баримтуудыг үйлдэж байгаагүй ба нэхэмжлэлд хавсаргаж өгсөн тус баримтуудад захиалагч тал гэх хэсэгт гарын үсэг зурсан Х.Эрдэнэцэцэг гэгч нь манай компанид ажилладаггүй ба тус компанийг төлөөлж ажил гүйцэтгэлийн актад гарын үсэг зурах эрхгүй этгээд юм. 3 тайлан байгаа нь бидэнд танилцуулагдаж байгаагүй, сүүлд хийгдсэн байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу 2019 оны 05 дугаар сарын 31-ний болон 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэл дүгнэсэн гэх актууд нь хүчин төгөлдөр бус байна.

Нэхэмжлэгчийн хийгээгүй ажил шууд нүдээр хараад мэдэгдэх ажил юм. Барилгын 00 түвшний цутгалт бүр хийгдээгүй байсан, энэ нь шалны цутгалт. Үүнийг хүн хараад шууд л мэдэх юм.

Нэхэмжлэгч “ББФ” ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ба ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ 75 хувь хүртэлх хэмжээнд хийж гүйцэтгэсэн ба манай “ИК” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлд тохирсон хэмжээний хөлсийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талуудын харилцан тохиролцож байгуулсан 2019 оны 05 сарын 07-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээ дуусгавар болгох мэдэгдэл хүргүүлсэн огноогоор эцэслэж, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй хугацааны буюу 2019 оны 06 сарын 05-ны өдрөөс 2019 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэлх нийт 70 хоногийн алданги, гэрээний нийт үнийн дүнгийн 7 хувиар тооцож, нийт 4.760.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх ажил гүйцэтгэх гэрээ, ажлын гүйцэтгэлийн хуудас, мөнгө шилжүүлсэн баримт, ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай мэдэгдэл, гэрээт ажлыг дуусгавар болгож, актаар хүлээлцэх тухай мэдэгдэл, гүйцэтгэлийн тайлангууд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 13.600.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нэхэмжлэгчээс гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж алдангид 4.760.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргахдаа нэхэмжлэгч ажлаа хүлээлгэн өгөөгүй ба 75 хувийн гүйцэтгэлд хүрч санхүүжилт хийгдсэнээс хойш ажил хийгээгүй гэрээ цуцлагдсан, харин ч ажлыг хугацаа хэтрүүлж хохироосон, гэрээ цуцлагдах хүртэл үеийн алдангийг нэхэмжилнэ гэж марган мэтгэлцэж байна.

           

“ИК” ХХК нь “Эм Эм Си” ХХК-ийн оффис, засвар үйлчилгээ агуулахын барилгын ажлыг гүйцэтгэхээр түүнтэй тохиролцож, дээрх ажлыг “ББФ” ХХК-иар хийлгүүлэхээр цааш 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “ажил гүйцэтгэх гэрээ”-г “ББФ” ХХК-тай байгуулж, гэрээгээр “ББФ” ХХК нь Хан-Уул дүүргийн “Эм Эм Си” ХХК-ийн оффис, засвар үйлчилгээ агуулахын барилгын ажлыг гүйцэтгэх, ажлын хөлсөнд “ИК” ХХК 68.000.000 төгрөг төлөх, ингэхдээ гэрээний үнийн дүнгийн 25 хувь буюу 17.000.000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурахад, 25 хувь буюу 17.000.000 төгрөгийг ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрэхэд, 25 хувь буюу 17.000.000 төгрөгийг ажлын гүйцэтгэл 75 хувьд хүрэхэд, сүүлийн 25 хувь буюу 17.000.000 төгрөгийг ажлын гүйцэтгэл 100 хувьд хүрэхэд олгох, гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2019 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл 36 хоног байхаар, гүйцэтгэгч хугацаандаа хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бол, захиалагч төлөх ёстой төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөхөөр тус тус тохиролцсон байна.

 

 Захиалагчаас гүйцэтгэгчид 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэрээний урьдчилгаа 17.000.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дундын санхүүжилт1-д 17.000.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дундын санхүүжилт2-д 17.000.000 төгрөгийг тус тус төлсөн нь мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна.

 

“ББФ” ХХК гүйцэтгэгчээр 2019 оны 07 сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж, барилгын талбайгаас өөрсдийн багаж тоног төхөөрөмжийг зөөвөрлөн авч явж, ажлыг орхиж явсан байдал тогтоогдож байна. Хариуцагч нэхэмжлэгчид 2019 оны 08 сарын 15-ны өдрийн албан бичгээр гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд энэ хүртэл нэхэмжлэгчийг ажлаа дуусгахыг хүлээж байсан гэж тайлбарлаж байна. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дундын санхүүжилт 17.000.000 төгрөг шилжсэнээс хойш талбай дээр ажил хийгдээгүй болон гэрээ цуцалсан асуудал дээр нэхэмжлэгч маргахгүй байна.

 

Талууд гүйцэтгэлийн хувь дээр маргаж, өөр өөрийн нотлох баримтыг ирүүлсэн ба түүнийг мэргэжлийн этгээдээр тогтоолгох хүсэлтийг хэн аль нь гаргахгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ, гүйцэтгэлийн тайлангууд, мөнгө хэдийд төлөгдсөн байдал, мөн талуудын тайлбар зэрэгт үндэслэн дүгнэлтийг хийж байна.

 

Ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажлын гүйцэтгэл 52 хувьтай, 06 дугаар сарын 20-ны өдөр 81 хувьтай, 07 дугаар сарын 01-ний өдөр ажлын гүйцэтгэл 96 хувьтай байгаа тухай гүйцэтгэлийн тайланг захиалагч буюу “ИК” ХХК-ийн талаас Х.Эрдэнэцэцэг гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг шүүхэд ирүүлжээ. “Ажил гүйцэтгэх” гэрээг ажил гүйцэтгэгчтэй “ИК” ХХК-ийн талаас ерөнхий инженер Н.Баттулга, төсөвчин Х.Эрдэнэцэцэг нар байгуулж, захирал М.Анхзаяа баталсан байна.

 

Захиалагч буюу хариуцагч эдгээр актыг тухайн үедээ үйлдэгдээгүй, танилцуулагдаж байгаагүй, М.Анхзаяа захирал өөрөө талбайгаар явж үзэж байж санхүүжилтийг шилжүүлж байсан, хамгийн сүүлд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр талбайгаар явж үзээд 75 хувийн гүйцэтгэлд мөнгийг шилжүүлэхийг зөвшөөрч шилжүүлсэн, “ИК” ХХК  “Эм Эм Си” ХХК-иуд ажлын гүйцэтгэлийг 77 хувь гэж дүгнэн акт үйлдсэн гэж тайланг ирүүлж, түүнээс хойш ажил хийгдээгүй гэж тайлбарлаж байна.

 

Шүүх гэрээний дагуух ажлын гүйцэтгэл 77 хувь болсон гэсэн гүйцэтгэлийн тайланг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь:

 

  1. 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажлын гүйцэтгэл 81 хувьтай гэсэн

тайланг нэхэмжлэгч байгууллага гаргасан атлаа гэрээнд зааснаар ажлын гүйцэтгэл 75 хувьд хүрсний санхүүжилт2 болох 17.000.000 төгрөгийг аваагүй, ажлыг цааш үргэлжлүүлсэн байна. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ажлын гүйцэтгэл 77 хувь болсон гэж санхүүжилт2 болох 17.000.000 төгрөгийг захиалагч гүйцэтгэгчид шилжүүлсэн байдаг.

 

  1. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлын гүйцэтгэл 96 хувь байсан

бол гүйцэтгэгч ажлыг дуусгаж санхүүжилтээ бүрэн авах боломж байсан.

 

  1. “ИК” ХХК  “Эм Эм Си” ХХК-иуд ажлын гүйцэтгэлийг 77 хувь

гэж дүгнэсэн тайланд А блокийн 4500, 8100, 11700 түвшний бетон цутгалт бага зэрэг дутуу, уг блокийн 00 түвшний шал цутгалт /12 хувь/ огт байхгүй тухай тэмдэглэгдсэн ба ажлын гүйцэтгэлийг 96 хувь гэж дүгнэсэн тайлангаас харахад ч А блокийн 00 түвшний шал цутгалт хийгдээгүй нь харагдаж байна.

 

            Дээрх байдлуудаас ажлын гүйцэтгэлийг шүүх 77 хувь гэж үзсэн ба 75 хувийн гүйцэтгэлийн хөлсийг нэхэмжлэгч авсан байх тул 2 хувийн гүйцэтгэлийн хөлс 1.360.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулж олгон, нэхэмжлэгчийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

                Сөрөг нэхэмжлэлийн хувьд, талуудын гэрээний дагуух ажил 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дуусах байсан боловч 06 дугаар сарын 20 гэхэд ажлын 50 хувь хийгдэж байсан, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ажлыг дүгнэж, захиалагч холбогдох төлбөрийг шилжүүлсэн, түүнээс хойш гүйцэтгэгч ажиллалгүй талбайгаас нүүсэн гэдэг тул энэ үеэс гүйцэтгэгч ажиллахгүй нь тодорхой, хугацаа тогтоогоод үр дүнгүй байсан байна. Гэрээ цуцлагдсан бөгөөд ажлын гүйцэтгэлийн 50 хувийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл гүйцэтгэж хүлээлгэн өгөлгүй хугацаа хэтрүүлсэн гэж үзэж ажлын хөлсний тал болох 34.000.000 төгрөгөөс алданги 30 хоногоор тооцож 1.020.000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид гаргуулж олгон, сөрөг нэхэмжлэлээс үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-ийг баримтлан “ИК” ХХК-аас 1.360.000 төгрөгийг гаргуулж “ББФ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 12.240.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4-ийг баримтлан “ББФ” ХХК-аас 1.020.000 төгрөгийг гаргуулж “ИК” ХХК-д олгож “ИК” ХХК-ийн 3.740.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 226.000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 91.110 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ИК” ХХК-аас 36.710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ББФ” ХХК-д, нэхэмжлэгч “ББФ” ХХК-аас 29.030 төгрөгийг гаргуулж хариуцагч “ИК” ХХК-д тус тус олгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                    С. БУД