Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/15

 

*******, ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                   Хэргийн индекс 166/2020/0212Э 
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ч.Мядагбадам

Шүүгдэгч *******, *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал

Хохирогч , түүний өмгөөлөгч Б.Чинбаатар

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Б.Ихтамир, Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох 1918007880576 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Боржигон овгийн *******, 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, “*******” ХХК-нд гутал бүрдүүлэгч ажилтай, ам бүл 5, эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,*******,

Монгол Улсын иргэн, Тугчин овгийн *******, 1995 оны 09 дүгээр сарны 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *******, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан. *******,

Шүүгдэгч *******, ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цаг 50 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол 3 дугаар байрны гадна иргэн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “баруун талын дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний зовхи, бүсэлхийнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт" бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь дээрх зодооныг салгах гэсэн иргэн ы эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний зовхи, цээжний зүүн хажуу хэсэг, баруун тохойд зулгаралт, цус хуралт, уруулын язралт, дух, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалт, *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Боржигон овогт *******ыг бүлэглэж, хүний хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан,

Шүүгдэгч Тугчин овогт *******ыг бүлэглэж, хүний хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тугчин овогт *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт *******, Тугчин овогт ******* нарт тус бүр 5 жилийн /таван жил/ хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 302 /гурван зуун хоёр/ хоног, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 145 /нэг зуун дөчин тав/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий си ди 1 ширхгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2 ууттай компьютер томографын зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч д буцаан олгож, хохирогч 3000000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялын хэмжээг тус бүр 3 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

..Эхнэр маань 8 сартай жирэмсэн бөгөөд хүүхдүүд 8, 6 настай, мөн эх 56 настай тархины хялгасан судасны харвалт оношоор Улаанбаатарт эмчлэгдэж байгаа. Хохирогч д 7.605.000 төгрөгийн хохирол гарсныг бүрэн төлсөн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийг хэрэглэн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлттэй... гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

... Би эхнэр болон 1-9 настай 4 хүүхдийн хамт амьдардаг. Би гэм буруугаа ойлгож харамсаж байна. Би гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хохирол барагдуулсан болон ар гэрийн нөхцөл байдлыг минь харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоно... гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд ******* нь эхнэр, бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг, ******* нь мөн бага насны 2 хүүхэдтэй, эхнэр нь одоо жирэмсэн /холбогдох нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан/, шүүгдэгч нар нь гэмт хэрэгт холбогдохоос өмнө ажил төрөлтэй гэр бүлээ тэжээн тэтгэн амьдардаг байсан. *******, ******* нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрдөг, учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ гэмшдэг.

Иймд *******, ******* нар гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Б.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т “...ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах гэж заасны дагуу ялыг хөнгөрүүлж оногдуулах бүрэн боломж байна гэж шүүгдэгч нарын өмгөөлөгч үзэж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэж шүүгдэгч нарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Хэргийн зүйлчлэл гэм буруугийн тал дээр маргаагүй. Шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглээгүй тул давж заалдах гомдол гаргасан. Энэ гэмт хэрэг хохирогчийн буруу үйлдлээс болсон. Хохирогчийн хувьд өмнө тархиндаа гэмтэлтэй байсан нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Шүүгдэгч *******ын хувьд 1-9 насны 4 хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хохирогчоос уучлалт гуйсан. *******ын хувьд бага насны 2 хүүхэдтэй одоо эхнэр нь жирэмсэн. Мөн анхан шатны шүүхээс суллагдах өдөр аав нь нас барсан, ээж нь хорт хавдартай зэрэг ар гэрийн байдал нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний ар гэрийн байдлыг харгалзан надад холбогдуулан ял шийтгэлийн хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:

Миний үйлчлүүлэгчийн хувьд одоо хүртэл тухайн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан   гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч тайлбартаа:

Шүүгдэгч нар хохирлыг сайн дураар төлөөгүй. Тэдний хувьд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж байна. Миний биеийн байдал муу байгаа өдөр болгон толгойны эм маш ихээр ууж байгаа. Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Мөн ачаалал дааж чадахгүй саажилттай болсон. Тухайн сорви өмнө хагалгаанд ороход байсан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Шүүгдэгч нар хохирлыг 4 жилийн дараа төлсөн. Энэ байдлаас харахад гэм хор бүрэн арилаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч *******, ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цаг 50 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол 3 дугаар байрны гадна иргэн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “баруун талын дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний зовхи, бүсэлхийнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт" бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч “...нэг залуу миний нүүр рүү гараа атгаж байгаад цохисон. Тэнд байсан залуучууд намайг Үеэлийн минь хамтаар зодсон. Нэг нь гартаа тэлээ ороож байгаад толгой руу 3-4 удаа цохисон. Би тэр залууд толгойдоо гэмтэлтэй, битгий цохиоч гэж хэлэхэд “чамайг ална” гээд цохиод байсан. /хх 62-63,71-72/,

Гэрч “...******* гартаа тэлээ барьчихсан байсан бөгөөд нэг өндөр залууг ******* гараараа цохиход газар унаж байсан. ...дээр нь гараад 2-3 удаа цохисон. ...*******ыг цохисон. Тэгэхэд ******* хойшоо гишгэл алдаж ухарснаа буцаж очоод хөл рүү өшиглөсөн. Тэр үед *******ыг цохиод унагасан. *******, ******* нар той зууралдаад 3 болон 4 дүгээр байрны голын зам дээр очсон. ...******* тэлээгээр суга орчим нэг удаа цохиод дараа хөл рүү 2 удаа өшиглөөд газар унагасан. ...ыг ******* хавираад газар унагачихсан. ...тэр үед ирчихсэн *******ын хөлөөс зуурсан байдалтай байсан. Харин ******* хөлөөрөө жийгээд барьсан байсан гарын нь тавиулаад орц руу орсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 74, 215-216 хуудас/,

Гэрч “...2 хөгшин бололтой залууг 3 залуу нийлээд зууралдаад байсан. Тэгж байгаад яаж цохиулаад унасныг мэдэхгүй нэг хөгшин бололтой залуу газар дээшээ хараад унасан. Тэгэхэд тэдгээр залуугийн 2 нь тэлээгээ сугалаад нөгөө залууг тэлээгээр хаа хамаагүй нь тэлээгээр цохиж зодсон тэгээд ээлжилж толгой руу нь хэд хэдэн удаа өшиглөж зодчихоод 3 дугаар байрны 5 давхар руу гарч байгаа харагдсан, газар унасан ухаангүй хэвтээд байсан залуугийн найз нь бололтой нэг намхан залуу мяраалаг залуугийн хөлөөс тэвэрч суучхаад явуулахгүй гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 хуудас/,

“.. биед хүнд зэргийн гэмтэл учирсныг тогтоосон тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны байх, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

..Эхнэр маань 8 сартай жирэмсэн бөгөөд хүүхдүүд 8, 6 настай, мөн эх 56 настай тархины хялгасан судасны харвалт оношоор Улаанбаатарт эмчлэгдэж байгаа. Хохирогч д 7.605.000 төгрөгийн хохирол гарсныг бүрэн төлсөн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийг хэрэглэн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлттэй... гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

... Би эхнэр болон 1-9 настай 4 хүүхдийн хамт амьдардаг. Би гэм буруугаа ойлгож харамсаж байна. Би гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хохирол барагдуулсан болон ар гэрийн нөхцөл байдлыг минь харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоно... гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд ******* нь эхнэр, бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг, ******* нь мөн бага насны 2 хүүхэдтэй, эхнэр нь одоо жирэмсэн /холбогдох нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан/, шүүгдэгч нар нь гэмт хэрэгт холбогдохоос өмнө ажил төрөлтэй гэр бүлээ тэжээн тэтгэн амьдардаг байсан. *******, ******* нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрдөг, учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ гэмшдэг.

Иймд *******, ******* нар гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Б.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т “...ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах гэж заасны дагуу ялыг хөнгөрүүлж оногдуулах бүрэн боломж байна гэж үзээд шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүхээс, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлах шаардлагагүй талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* анх удаа гэмт хэрэг холбогдсон, гэмт хэрэг гаргахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөсөн, шүүгдэгч нарын ар гэр, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэх хэдий ч энэ гэмт хэргийн улмаас хохирогч цаашид хэвийн байдлаар ажиллаж, хөдөлмөрлөх боломжгүй болж хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, энэ гэмт хэрэг 2019 онд үйлдэгдсэнээс 3 жилийн дараа анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт ял, хариуцлага оногдуулахын өмнө хохирогчийн нэхэмжилсэн хохирлын төлбөр болох 4 605 000 төгрөгийг шүүгдэгч нар хуваан төлсөн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байсан хэдий ч шүүгдэгч нар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлдэггүйгээс тус хэрэг анхан шатны шүүхээр 8 удаа хэлэлцэгдсэн, давж заалдах шатны шүүхээр 4 удаа, хяналтын шатны шүүхээр 2 удаа хэлэлцэгдэж байсан байдал зэргүүдийг харгалзан үзэж шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх  боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэргийг давж заалдах журмаар хянах явцад тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч П.Батжаргалаас давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.АМАРЖАРГАЛ

                         ШҮҮГЧ                                Б.ЭРДЭНЭХИШИГ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.МАНЛАЙБААТАР