Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 95

 

Б.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга Б.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 168 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр магадлалтай, Б.Б-т холбогдох 1835000870164 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1947 онд төрсөн, 72 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, А овогт Б-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын малыг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 4,500,000 төгрөгийг эзэмшигч Б.Б-аас гаргуулж, улсын орлогод оруулахаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн гаргасан гомдолдоо “Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн нутгаас 2017 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хохирогч Х.С-гийн цагаан зүстэй 18 настай гүү, саарал зүстэй охин унага хулгайд алдагдсан байна. Уг гүү унагын хамт 2017 оны 10 сарын эхээр тус аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг гэх газарт оторлож байсан Завхан аймгийн Сантмаргац сумын иргэн Б.Б-ын адуунд очиж нийлсэн бөгөөд тухайн үед Б.Б-ын адуунаас 4 тооны үрээ алга болсон талаар адууг нь маллаж байсан Ц, П нар Б.Б-т мэдээлсэн байдаг. Адуугаа хайхаар ирсэн Б.Б нь 4 үрээгээ олоогүй бөгөөд үрээ нь алга болох үед ирж нийлсэн цагаан гүүг унагын хамт ямар нэг байдлаар алдсан адуутай нь холбоотой гэж үзсэний үндсэн дээр 2017 оны 10 дугаар сарын 04-нд өөрийн машинд ачиж авч явж сумандаа очоод цагдаагийн байгууллагад тэмдэглүүлсэн байдаг. Гэтэл прокуророос Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хөнгөрүүлэн мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдсан боловч шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн болно.

Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэхдээ Б.Б нь хурдан удамтай цагаан гүүг хээлийг нь авах зорилгоор хулгайлсан нь гэрч А.П, Г.Л, Б.Бн нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж дүгнэсэн. Б.Б нь энэ гүү, унага хоёрыг хувьдаа завших ямар нэг санаа агуулаагүй бөгөөд өөрийн хулгайд алдсан 4 үрээгээ олохын тулд авч явсан энэ нь гэрч П-ын “...энэ цагаан зүсний ногттой гүү, унагыг хүн асууж ирвэл намайг аваад явсан гэж хэлээрэй гэж хэлээд аваад явсан” гэх мэдүүлэг болон Завхан аймгийн Завхан мандал сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн дарга Н, Сантмаргац сумын хэсгийн төлөөлөгч Г.Д нарт бүртгүүлсэн байдаг. Н гэрчээр мэдүүлэг өгөхдөө би хувийн дэвтэр дээрээ бичиж авсан сумдад зарлан мэдээлээгүй гэсэн бол Д алдуул малын бүртгэл дээр бүртгэж авсан байдаг үүнийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүй нь хэт нэг талыг барьж өөр аймгийн хүнийг гадуурхах маягаар шийдсэн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн “алдуул мал завших санаа зорилго байхгүй байхад, авч явснаа гэрч нарт хэлсэн, цагдаагийн байгууллагад тэмдэглүүлсэн байхад алдуул мал завших гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, яллагдагчид ашигтай нотлох баримтыг үнэлэхээс татгалзсан” гэж тогтоол, магадлалыг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна. Иймд гомдлыг хүлээн авч тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна. Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна. Шүүгдэгч өөрийнхөө хулгайд алдагдсан 4 адууны талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн болохоос хохирогч Х.С-гийн 2 тооны адууны талаар мэдэгдээгүй байдаг. Мөн шүүгдэгч хохирогчийн 2 тооны адууны тамгыг өөрчилсөн нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, тээврийн хэрэгслийн үнийг Б.Б-аас гаргуулж улсын орлогод оруулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 05-наас 06-ны хооронд Увс аймгийн Баруунтуруун сумын Баян айраг багийн нутаг “Хар хад” гэх газраас алдагдсан хохирогч Х.С-гийн 2 тооны адууг завшиж 820,000 төгрөгийн хохирол учруулсан  болох нь  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн прокуророос “мал хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Алдуул мал завших” гэмт хэрэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ын бусдын алдуул малыг завшихдаа ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахгүйгээр эзэмшигчид нь буцаан олгосон нь үндэслэлгүй болжээ.

Учир нь шүүгдэгч Б.Б- нь сүрэгт нийлсэн Х.С-гийн 2 тооны адууг өөрийн өмч хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж холбогдох байгууллагад мэдэгдэж тэмдэглүүлэхгүйгээр оторлож байсан Увс аймгийн Зүүнхангай сумын Баянгол багийн нутаг Баян-Айраг гэх газраас өөрийн оршин суудаг Завхан аймгийн Сантмаргаз сум руу 110-120 км газар өөрийн эзэмшлийн 26-76 ЗАН улсын дугаартай “Ниссан Датсун” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байх бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу уг тээврийн хэрэгслийн үнэ болох 4,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлогод оруулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 168 дугаар шийтгэх тогтоол, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН