| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0380/Э |
| Дугаар | 101 |
| Огноо | 2019-03-01 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 101
Р.Х, Б.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1458 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1107 дугаар магадлалтай, Р.Х, Б.Б нарт холбогдох 1706003930500 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Р.Х, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1968 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт Р-ийн Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт,
2.Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, гуталчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Р.Х-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Х-д 3 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж, 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х-ид 3 жил хорих ял шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн шүүгдэгч Р.Х, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Р.Х гаргасан гомдолдоо “Миний бие анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэдгээ илэрхийлсэн бөгөөд хэрэг гарсан үеэс хойш хохирогч М.Г гуайгаас уучлалт гуйж, яаралтай эмчилгээнд шаардлагатай байсан мөнгийг гаргаж өгч байсан. Мөн дүү Р.Х-ийн хамт түүнийг эмнэлэгт болон эмнэлгээс гарсны дараа гэр орноор нь орж эргэж тойрч, шинэ шөл уулгачих юмсан гээд бүтэн хонины мах хүртэл аваачиж өгсөн. М.Г гуай тухайн үед “би одоо та нартай юу ярих вэ дээ миний хүү Б-тэй уулзаарай” гэсэн. Харамсалтай нь хохирогчийн хүү Г.Б нь “...би олон эрэгтэй дүүтэй хүн шүү манай гэрээр битгий дахиж ир, зодуулж гай болов оо хохь чинь шүү. Бузартай мах шөл чинь ч хэрэггүй, 30,000,000 төгрөг бэлэн өг” гэх зэргээр хэрүүл маргаан хийж, дарамталсаар намайг хохирогчтой огт уулзуулаагүй юм. Миний бие анхан шатны шүүх хуралдаан дээр ч хохирогчийн биед хүнд хохирол учруулсандаа маш их харамсаж байгаагаа хэлж, түүнээс дахин уучлалт гуйсан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ талаар өөрөө маргаагүй байхад намайг “гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй” гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Би хохирогч М.Г-г хэл амаар доромжлоогүй бөгөөд энэ талаар хохирогч өөрөө болон гэрчүүд удаа дараа “...хэрүүл, маргаан болоогүй” гэж мэдүүлсэн байдаг. Түүнчлэн шүүхээс тогтоосон бодит хохирол болох 3,031,230 төгрөгөөс илүү буюу 3,500,000 төгрөгийг сайн дураараа, нэн шаардлагатай үед буюу хагалгааны өмнө хохирогчид төлсөн бөгөөд энэ талаар талууд маргаагүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үүнээс илүү бодит хохирол одоогоор тогтоогдоогүй байгаа тул хохирлоо төлсөн гэж үзэж байна. Би энэ жил 51 настай, өндөр настай ээжийн хамт мал маллаж амьдардаг, манай гэр бүлд надаас өөр насанд хүрсэн эрэгтэй хүнгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урд нь автын осолд орсноос зүүн гар хатингаршсан, шүүгдэгч Б.Б-д зодуулж толгойдоо гэмтэл авснаас одоо үе үе толгой, нуруугаар өвддөг болсон. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бодит хохирлоо төлсөн, хувийн болон эрүүл мэнд, ар гэрийн нөхцөл байдлыг маань харгалзан надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, эсхүл торгох ялаар шийтгэж өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт Р.Х-ийн өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэдгийг дурдсан боловч “... шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд эргэлзээтэй” гэж хоорондоо зөрчилтэй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүх “...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй,... өмгөөлөгчийн гомдолтой танилцан хүлээн зөвшөөрсөн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д “... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүн” гэсэн нь зөвхөн тухайн гэмт хэргийг үйлдсэн хүнд л хамааралтай заалт болохоос түүнд эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа бие даасан хэргийн оролцогч болох өмгөөлөгчид хамааралгүй гэж үзнэ. Өмгөөлөгч давж заалдах гомдол гаргаж, уг гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2-т “Өмгөөлөгч давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулсан байна” гэснийг хэрэгжүүлсэн нь өмгөөлж байгаа хүн нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй” гэж үзэх, эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэл болохгүй бөгөөд аливаа зүйлтэй “танилцах” нь түүнийг “хүлээн зөвшөөрсөн” гэсэн утгыг илэрхийлэхгүй юм.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “...Хохирогч М.Г 17,537,970 төгрөг нэхэмжилсэн боловч хагалгаа, шинжилгээ, эм тариа, эмчилгээний төлбөр, сахиур, эргэлт, амралт рашаан сувилал унааны зардал зэрэг 3,031,230 төгрөгийн нэхэмжлэлээс бусад буюу хоол хүнсний үнэ 4,400,000 төгрөг, сувилагчийн хөлс 2,000,000 төгрөг, бариа заслын төлбөр 8,106,740 төгрөг нийт 14,506,740 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхисон бөгөөд шүүгдэгч Р.Х хохиролд 3,500,000 төгрөг нөхөн төлжээ ... хохирол, хор уршгийн зардлаа ... жич нэхэмжлэх эрхтэй... шүүгдэгч нь ... хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлоос нотлох баримтаар тогтоогдсон хэсгийг сайн дураар нөхөн төлсөн боловч бусад хохирлыг нөхөн төлөхөө бодитойгоор илэрхийлээгүй учир торгох ял оногдуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм” гэсэн зөрчилтэй, ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох 3,031,230 төгрөгөөс илүү буюу 3,500,000 төгрөгийг төлсөн байхад тогтоогдоогүй “бусад хохирол” гэгчийг “төлөхөө илэрхийлээгүй гэсэн” нь зөрчилтэй, үндэслэлгүй дүгнэлт болсон. Дээрх байдлаар анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-т заасан “шүүхийн шийдвэр нь ойлгомжтой байх ёстой” шаардлагыг хангаагүй, уг хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт буюу ял оногдуулахад нөлөөлснийг давж заалдах шатны шүүх зөвтгөж чадаагүй гэж үзнэ. Иймд Р.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлтэй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлгүй, одоо 51 настай, биеийн эрүүл мэнд байдал сайнгүй, гэр бүлийн гишүүдийн амин зуулга, амьдралын хэв маяг нь бэлчээрийн мал аж ахуйн эрхэлдэг өрхийн ганц эрэгтэй хүнд хорих шийтгэл оногдуулсан нь бусад гишүүдийг “давхар шийтгэсэн” шинжтэй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулахгүйгээр, торгох ялаар шийтгэж өгнө үү” гэв.
Мөн хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Р.Х, Б.Б нарт холбогдох хэргийг шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зүйлгүй. Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зөвхөн ялын талаар гомдол гаргаж байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял, тэдний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдалд нь тохирсон. Тийм учраас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.Х, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн Р.Х, Б.Б нарт холбогдох холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Р.Х нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хөлийн гол” гэх газар иргэн М.Гомбосүрэнгийн толгой руу цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хөлийн гол” гэх газар иргэн Р.Х-ийг “хөгшин настай хүн зодлоо” хэмээн цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Р.Х-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Б-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Харин анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй бөгөөд гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг арилгах зорилгоор уламжлалт эмчилгээ хийлгэхэд гарсан эмчилгээний төлбөр болон унаанд зарцуулсан 3,894,560 төгрөгийн зардлыг тооцож гаргах боломжтой байтал нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь буруу байх тул дээрх зардлыг шүүгдэгч Р.Х-оос гаргуулж хохирогч М.Гомбосүрэнд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Р.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснөөс гадна цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрч буйг эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгч Р.Мэндсайхан илэрхийлсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн гар хатингаршсан эрүүл мэндийн байдлыг ял оногдуулахдаа харгалзах үзэх нь зүйтэй.
Мөн 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэх харилцааг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж байсан тул шинээр хуульчлагдсан торгох ялыг сонгон оногдуулах нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтүүдийг оруулж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4, 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1458 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1107 дугаар магадлалд:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х-ийг 10,000 нэг буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй”,
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х-оос 3,894,560 төгрөг гаргуулж хохирогч М.Г-д олгосугай”,
“Шүүгдэгч Р.Х-ийг нэн даруй сулласугай” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч Р.Х-ид хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэм болон цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан 3, 4, 5 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгон, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН